Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 213/МА2018/00008

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00880 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч  *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-ийн захирал  *******-д холбогдох

Зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ 5.699.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч  *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч  *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч  *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК, захирал  ******* нь 2012 оны 01 дүгээр сарын 04 нөөс эхлэн хүнсний бүтээгдэхүүн, бараа материал зэргийг цувруулан авч, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд 5.699.870 төгрөг болсон байна. Би бараа материал өгөхдөө дэвтэрт хар данс хөтөлдөг ба тухайн үед авсан бүх зүйл огноотойгоо бичээстэй байгаа. Иймд ******* ХХК-ийн захирал  *******өөс хүнсний бүтээгдэхүүний үнэ нийт 5.699.870 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би  ******* ахаас мөнгөө авах гэж 1 жил гаруй хөөцөлдсөн. Утас руу нь залгахаар нь миний утсыг авдаггүй, мөнгийг чинь өгнө боломжгүй байна гэсээр байгаад удаашруулсан. Дүүгийнхээ утсаар хүртэл ярьсан. Удаа дараа гэрт нь очсон, гэрчлэх хүмүүс байгаа. Хамгийн анх 2012 оны 1 дүгээр сараас эхлэн  ******* ах бараа авч эхэлсэн. 2012 оны 5 дугаар сарын 16-ны байдлаар 3.625.170 төгрөгний тооцоотой байсан. Дараа нь 3.625.170 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг хасуулахдаа та гарын үсэг зураад өг гэсэн чинь  ******* ах би гарын үсэг зурахгүй. Чи хэзээ нэгэн цагт юун дээр ашиглаж мэднэ гэж хэлсэн. Тэгэхэд нь би та хугацаандаа мөнгөө төлчихвөл асуудал байхгүй гэж хэлсэн гэв.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал  ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2012 оноос эхэлж барааг зээлээр аваад сарын эцсээр мөнгийг нь төлдөг байсан. Тунгалаг баримт өгөхгүй байж байгаад дараа нь тооцоо хийхэд бараа материалынхаа үнийг нэмж бичдэг байсан. 2015 оны 09 дүгээр сард бараа авсан дахиж бараа аваагүй. Өмнө нь удаа дараа ирээд мөнгөө нэхсэн асуудал байхгүй. Тендерын юм хийгээд өгөөч туслаач гээд манайд 2-3 удаа дүүтэйгээ ирсэн. Өр нэхсэн гэж ирсэн байдлаар тайлбарлаж болохгүй. Солонгос улс руу явах гээд байна гарын үсэг зураад өгөөч гэсэн. Дэвтэрээ алдчихсан тэгээд баримтгүй болчихсон гэв.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал  ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

*******ийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би нэхэмжлэлд дурдсан мөнгийг аваагүй. Авсан барааны мөнгийг сарын сүүлээр төлдөг бид хоёрын дунд өр ширний асуудал байхгүй.  ******* нь 2016 оны сүүлээр би Солонгос улс руу явах гэсэн юм. Ийм баримт хэрэгтэй байна, гарын үсэг зураад өгөөч гэж өдөржин гуйгаад нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан би Солонгос улс руу явахад нь л хэрэг болдог юм байх гэж бодсон. Хэрэв хуурч мэхлэн гарын үсэг зуруулан гарын үсгийг далимдуулан ямар нэгэн зүйлд ашиглах гэж байгаа бол би холбогдох газарт нь гомдлоо гаргах болно.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, гүйцэтгэх захирал  *******өөс худалдах худалдан авах гэрээний үүргийн 5.699.870 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Софтвишн ХХК, гүйцэтгэх захирал  *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 ******* нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хүнсний бараа зээлээр худалдаж авдаг байсан ба байнга үнийг нь сүүлд нь цувуулан авах байдлаар үлдэгдэлтэй өгч үнийг нь үлдээсээр байгаад хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд  *******ийн надад төлөх нийт төлбөр нь 5.699.870 төгрөг үлдсэн байсан. Тухайн үед  ******* нь 2.000.000 төгрөгийг өгсөн, үүнийг хасмаар байна гээд байхаар нь хоёр сая төгрөгийг хасаад 3.699.870 төгрөгийг тодорхой хугацааны дотор төлнө гэж тохирсон.

Гэтэл  ******* болохоор намайг гүтгэж "Солонгос явах гэсэн юм, энэ дээр гарын үсэг зураад өгчих гэх мэтээр гүтгэж тайлбар өгснөөс өөрөөр энэ байдлаа нотлоогүй байхад шүүхээс эргэлзээтэй байна гэж дүгнэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Нөгөө талаар  ******* намайг Солонгос улс явуулах гэж дэвтэр дээр бичсэн бол би Солонгос явсан баримт нь хаана байгаа юм, төрийн байгууллага ямар нэгэн баталгаагүй зүйлийг энэ хүнээс авалтай юм байна гээд үнэлээд хүнийг Солонгос явуулах боломж байхгүй.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00880 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  *******аас ******* ХХК-ийн захирал  *******д холбогдуулан зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ 5.699.870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч  ******* нь сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч  *******аас хүнсний ногоо, бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, төлбөрийг нь дараа төлдөг байсан талаар зохигч талууд тайлбарладаг энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зохигч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах тогтвортой үйл ажиллагаа явагдаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэж үзвэл нэхэмжлэгч  *******аас нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж, хэрэгт хавсаргасан авлагын дэвтэрт “…3.699.870 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгана  *******, *******, 2016-09-15 нд..” гэсэн тэмдэглэл байдаг бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн захирал  ******* нь энэ авлагын дэвтэр гэсэн цагаан дэвтэрт  ******* гэж гарын үсэг зурсанаа хүлээн зөвшөөрдөг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хариуцагч  *******өөс “… ******* нь Солонгос улс руу явах гэсэн юм баримт хэрэгтэй байна гээд нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан..” гэж тайлбарладаг боловч энэ тухайгаа нотлох баримтаар нотолж чадаагүй, мөн нэхэмжлэгч талтай тооцоо нийлсэн тухай болон “…3.699.870 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгана..” гэсэн тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй тухайгаа нотлох баримтаар няцааж чадахгүй байна.

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч  *******өөс мөнгө авна гэж ярьдаг байсан болон мөнгөө нэхэж байсан тухай гэрч *******ийн мэдүүлэгээр /хх-ийн 132 дугаар тал/, “.. ******* нь  ******* ахаас мөнгө авна гэж ярьдаг байсан..” тухай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч П.Жавзандуламын мэдүүлэгээр тогтоогдсон байна.

******* ХХК-ийн захирал  *******өөс зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ 3.699.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Софтвишн ХХК, гүйцэтгэх захирал  *******т олгох үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч  *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106.147 төгрөгнөөс 74.147 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч  *******т олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00880 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын

“..Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, гүйцэтгэх захирал  *******өөс худалдах худалдан авах гэрээний үүргийн 5.699.870 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Софтвишн ХХК, гүйцэтгэх захирал  *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..” гэснийг

“…Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, гүйцэтгэх захирал  *******өөс худалдах худалдан авах гэрээний үүргийн 3.699.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Софтвишн ХХК, захирал  *******т олгосугай..” гэж өөрчилж,

2 дугаар заалтын “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй..” гэсний дараа “…хариуцагч ******* ХХК, гүйцэтгэх захирал  *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 74.147 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Софтвишн ХХК, захирал  *******т олгосугай..” гэсэн нэмэлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч  *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106.147 төгрөгнөөс 74.147 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж  *******т олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР