Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 104/2019/00396/И |
Дугаар | 001/ХТ2021/01187 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01187
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 104/ШШ2019/00431 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч:*******
Хариуцагч:*******
нэхэмжлэл: 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хяналтын журмаар нэхэмжлэгч *******н 2020.02.17-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч*******, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:*******тай сүүлийн 10 жилийн хугацаанд хамт амьдарсан бөгөөд 2019.04.08-ны өдөр нас барсан. 2019.03.14-ний өдөр Цэргийн госпитал дээр хагалгаанд орсон. Мэс заслын төлбөрийг ах дүү, хамаатан садангуудаас цуглуулан төлсөн. Нөхрийн ах Г.Батбилэг,******* нар миний нөхрийн нэр дээр байдаг Тоёота пробокс маркийн 2009 онд үйлдвэрлэсэн 85-29 УНӨ улсын дугаартай автомашиныг манай гэр бүлийн дундын өмч гэдгийг үл харгалзан борлуулсан. Тухайн үед эмчилгээний мөнгө олох санаатай борлуулсан гэх боловч миний өөрийн ах дүү нар болон нөхөр бид хоёрын цуглуулсан хөрөнгөнөөс эмчилгээний зардлыг төлж байсан. Автомашиныг худалдаж олсон мөнгөнөөс нөхрийн эмчилгээнд нэг ч төгрөг зарцуулагдаагүй. Эвлэрүүлэн зуучлагчийн 2019.09.05-ны өдрийн хуралдаанаар******* нь ахынхаа зөвшөөрөлгүйгээр автомашиныг нь өмнөөс нь гарын үсэг зурж бусдад зарсан.******* 7,000,000 төгрөгийг өөрийн дансанд авсан бөгөөд эмчилгээнд зарцуулагдаагүй. Иймд 2019.03.15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан автомашины үнэ 7,000,000 төгрөгийг*******ээс гаргуулж өгнө үү.*******ээс 7,000,000 төгрөгийг шаардахгүй гэжээ.
Хариуцагч нар тайлбартаа: Бидний төрсөн ах******* 2019.03.11-ний өдөр бие нь муудаж Цэргийн госпиталд хагалгаа хийлгэсэн. Эмчилгээ сувилгааны зардалд ахыг нас барах хүртэлх хугацаанд нийтдээ 10,000,000 гаруй төгрөг зарцуулагдсан. Эхний ээлжинд ах, дүү, хамаатан саднаасаа цуглуулсан боловч сүүлдээ боломжгүй болж, ахын зөвшөөрлөөр авто машиныг 7,000,000 төгрөгөөр зарж, эмчилгээнд нь бүрэн зарцуулсан. Ахыг нас барсны дараа нэхэмжлэгч хамтран амьдрагчаар тогтоолгосон байсан. Цаг хугацаа алдалгүй бидэнд мэдэгдэж, эмнэлгийн түргэн тусламж үзүүлсэн бол амьд сэрүүн байх боломжтой байсан. *******гийн нэхэмжлээд байгаа автомашиныг ах 2017 онд цэргийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог 36 сарын тэтгэмжийн мөнгөөрөө авсан. ******* нэг ч төгрөг оруулаагүй, оруулах боломж ч байхгүй. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь талийгаачтай гэр бүл биш тул авто машины үнийг ******* шаардах эрхгүй. Бидний зүгээс авто машиныг зараад өөрсдийн амьдралдаа зарцуулсан зүйл огт байхгүй. ******* 2019.03.05-ны өдөр нэг сарын тэтгэврийн зээл, 4 сарын тэтгэврийн зөрүү болох үлдэгдэл мөнгийг нь авсан хэрнээ эмчилгээнд нэг ч төгрөг өгөөгүй. Бид ахынхаа амь насыг аврахын тулд эмчийн зааврын дагуу гаднаас маш олон хүчтэй эм, тариаг өдөр бүр авч өгдөг, шаардлагатай шинжилгээ, аппаратанд оруулж төлбөр тооцоог өгч байсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 104/ШШ2019/00431 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан*******ээс 2,423,025 төгрөгийг гаргуулж *******д олгох, нэхэмжлэлээс 4,576,775 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор зааж, нэхэмжлэгч нь*******ээс 7,000,000 төгрөг гаргуулахаас татгалзсаныг баталж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж,*******ээс 53,722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаар магадлалаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 104/ШШ2019/00431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,722 төгрөгийг хариуцагчид буцаан олгохоор заажээ.
Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалд хэрэгт авагдаагүй баримтаар хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэж хууль хэрэглээний хувьд дутуу дулимаг шийдсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Угтаан бол анхан шатны шүүхийн ажиллагаа болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч талууд аль аль нь хүүхдийн тал дээр маргаагүй, өөрийн нөхрийн маань хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүнийгээ ч шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. ИХШХШТХ-р талууд маргаагүй зүйл дээр нотлох баримт зайлшгүй шаарддаггүй. Тиймээс энэ өнцгөөс шүүх харгалзаж шийдвэр гаргасан болохоос хэрэгт байхгүй баримтаар шүүх хэргийг шийдээгүй, тийм ч шаардлага байгаагүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүх тулхтай шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх тал дээр хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэх, хууль ёсны өвлөгч нарын баримт бичиг байхгүй талаар дурьдаж. Чухамдаа талууд талийгчийн эд хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрдөг төдийгүй хүүхдүүдтэй холбоотойгоор ямар нэгэн маргаан үүсгээгүй, үүгээрээ хууль ёсны өвлөгч нар болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх атал давж заалдах шатны шүүх зайлшгүй баримт хэрэгтэй гэж үзсэн нь нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэгт талийгчтай холбоотой баримтууд хавсаргагдаагүй талаар дурьдаж. Гэвч эмчлүүлж байсан эмнэлгээс байх боломжтой бүхий л баримтыг шүүхийн журмаар гаргуулж авсан. Өөр баримт гарахгүй гэдгийг албан ёсны байгууллагаас мэдэгдсээр байсан, өөр ямар ч эмчийн бичиг баримт гарахгүй. Тиймээс хэрэгт авагдах боломжгүй баримтыг гаргуулах ёстой гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхэд эргэлзээ төрөхүйц байна. Давж заалдах шатны шүүх нэгд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэсэн, хоёрт шүүх хуулиар тогтоосон ХХША-ны журам зөрчсөн байдлаар хэргийг шүүн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эцэст нь анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит үйл явдлыг бүрэн дүүрэн дүгнэн шийдсэн, харин давж заалдах шатны шүүх хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч******* тайлбартаа: Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна, хэргийн нөхцөл байдал тодорхой бус, нотлох баримт дутуу байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж зөв дүгнэжээ. Хариуцагчийн хүсэлтэд дурдаад байгаа сувилагчийн тэмдэглэл-ээр талийгаачийн эмчилгээнд зориулж гаднаас авсан эм тариаг тооцох боломжтой, хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна гэдгийг шүүхээс үнэн зөв дүгнэлт хийсэн байна. Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүхээс ХХША-ны журмыг ямар ч байдлаар зөрчөөгүй болно. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
******* 2019.09.24-ний өдөр*******,******* нараас 7,000,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа ...манай нөхрийн машиныг авч бусдад 7,000,000 төгрөгөөр худалдсан... гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.
Сувилагчийн тэмдэглэлийг гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг /хх1-н 210/ хангахгүй орхисон нь /хх1-н 218/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй бөгөөд баримт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримтгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 126,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ