Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2020/0009/з |
Дугаар | 27 |
Огноо | 2021-11-30 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн Я.Ц, Ч.С нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАУБХ-т холбогдуулан гаргасан
“2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-10-04 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Г.Ц-д шилжүүлж,өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0009/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.С, Б.Д, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАУБХ 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг бүртгүүлсэн тухай мэдүүлэг, 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаалбар чөлөөлөх тухай мэдүүлгүүдийг тус тус бүртгэсэн. Тухайн байр нь 2 өмчлөгчтэй буюу Ч.С болон миний өмчлөлийн орон сууц юм. Гэтэл зөвхөн миний барьцааны гэрээг чөлөөлүүлэх тухай мэдүүлгийг улсын бүртгэлийн хэлтэс бүртгэсэн. Иймд уг 2 мэдүүлгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий байр нь Я.Ц бид хоёрын өмчлөлийн буюу 2 өмчлөгчтэй байр юм. Гэтэл УБХ-ээс байрны өмчлөгч намайг үл харгалзан Я.Ц-оор гарын үсэг зуруулж, байрыг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлгээр өмчлөгч миний нэрийг оруулахгүйгээр бүртгэсэн учраас уг мэдүүлгийг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн Я.Ц-ын хүсэлтээр зээлийн гэрээнээс гадна барьцааны гэрээг чөлөөлүүлж, Я.Ц-оор худалдах худалдан авах гэрээгээр бидний өмчлөлийн байрыг худалдаалсан байсан. Миний зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах гэрээг хийснийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна.” гэв.
Нэхэмжлэгч Ч.С-гийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан буюу улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн барьцааны гэрээний мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн барьцаалбар чөлөөлүүлэх тухай мэдүүлгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.
Нэхэмжлэгч Я.Ц-ын өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргасан. Уг мэдүүлэг засвартай буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аль эсвэл 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн аль өдөрт нь гаргасан нь тодорхойгүй, засвартай байдаг. Дээрх мэдүүлгийг Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэж, Я.Ц, Ч.С нарын өмчлөлийн орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.Ц-гийн гаргасан хүсэлтийг үндэслэн Г.С-ийн нэр дээр өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бүртгэсэн. Дээрх бүртгэлийг бүртгэхдээ хуулиар тусгайлан зохицуулсан журмыг зөрчсөн байдаг. Энэ нь өмчлөгч нарын Үндсэн хуульд заасан эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус эрхийн шилжилтийг бүртгэхээр зохицуулсан, уг зохицуулалтаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжсэн тохиолдолд шийдвэрийн он сар өдрийг тодорхой заахаар бичсэн. Эрх бүхий этгээд өмчлөх эрхийг шилжүүлэх асуудлаар Ч.С-гаас зөвшөөрөл авалгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлж, Г.Ц нь Ч.С-гийн өмнөөс улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж бүртгэл хийж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаалбар чөлөөлөх, худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлэх тухай 2 мэдүүлгийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Дээрх асуудлыг Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх зохицуулалтаар зохицуулна.” гэв.
Хариуцагч ОАУБХ-ийн дарга М.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Улсын бүртгэлийн Ү-2101002169 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 10 байрны 04 тоот орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар иргэн Б.Х бүртгэлтэй байна.
Нэхэмжлэгчид уг орон сууцыг барьцаалан иргэн Г.Ц-тай 2019 оны 11 сарын 25-ны өдөр 33 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 2019 оны 12 сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2019 оны 12 сарын 13-ны өдөр дээрх гэрээний үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийж барьцааны гэрээг дуусгавар болгох бүртгэл хийлгэсэн байна.
2019 оны 12 сарын 26-ны өдөр дахин Г.Ц-тай зээлийн гэрээ байгуулан уг орон сууцанд үүрэг ногдуулсан бүртгэл хийлгэж, 2020 оны 01 сарын 02-ны өдөр орон сууцыг барьцааны үүргээс чөлөөлсөн бүртгэл, 2020 оны 01 сарын 02-ны өдөр нотариатч Д.Э-ын гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр өмчлөх эрхийг Г.С-д, 2020 оны 01 сарын 09-ний өдөр нотариатч Б.Б-ийн гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.Х-д өмчлөх эрхийг тус тус шилжүүлэн бүртгүүлсэн байна.
Дээрх бүртгэлүүд нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйл, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6 дугаар зүйлийн дагуу холбогдох нотлох баримтыг үндэслэн бүртгэгдсэн байна.
“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.7 “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна.” гэсэн заалтын дагуу дээрх бүртгэлээс үүсэх эрх зүйн үр дагаврыг мэдүүлэг гаргагч хариуцах үүрэгтэй.
Иймд дээрх бүртгэл нь бүртгэлийн тухай хууль, журмын дагуу бүртгэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ.
Хариуцагч ОАУБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАУБХ нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 518 дугаартай хариу тайлбарыг шүүхэд гарган өгсөн. Уг хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч талаас барьцааны гэрээ дуусгавар болгосон бүртгэлийн талаар ярьж байна. Мэдүүлэг дээр өмчлөгч тус бүр гарын үсэг зурахаар зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С эрх бүхий байгууллагын шийдвэрийн талаар ярьж байна. Уг асуудал нь тусдаа өөр ойлголт буюу эрх бүхий байгууллага гэдэгт шүүх, арбитр, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гаргасан тушаалын дагуу бүртгэлд өөрчлөлт оруулах тухай ойлголт юм. Тухайн маргаж буй бүртгэлүүдийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэсэн. Өөрөөр хэлбэл итгэмжлэлийг үндэслэн нотариатч Э дээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж худалдан авагч тал мэдүүлгээ гаргасны үндсэн дээр бүртгэсэн бүртгэл юм. Барьцааны гэрээний бүртгэлийн тухайд барьцааны гэрээг чөлөөлснөөр дуусгавар болсон. Эхлээд худалдах, худалдан авах гэрээгээр Г.С гэрээ байгуулж, үүний дараа Б.Х гэх хүний өмчлөлд шилжилт хийгдсэн байна. Дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, журмын 6 дугаар зүйлд заасан нотлох баримтуудын шаардлагуудыг хангасан тул бүртгэл хийгдсэн байна.” гэв.
Гуравдагч этгээд Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Х нь 2020 оны 01 сард орон сууц худалдах зар хараад холбогдож, таалагдсан тул Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-10-4 тоот 1 өрөө орон сууцыг 44.000.000 төгрөгөөр авахаар тохиролцон хуулийн дагуу худалдах-худалдан авах гэрээ хийж, улсын бүртгэлд бүртгүүлэн, 2020 оны 01 сарын 09-ний өдөр 000732875 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Худалдан авснаасаа хойш орон сууцандаа орох гэтэл Я.Ц, гэх эмэгтэй “миний орон сууц, хууль бусаар худалдсан байна” хэмээн чөлөөлж өгөхгүй байсан тул 2020 оны 02 сард Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4.10.4 тоот орон сууцыг Я.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.
Гэсэн ч Я.Ц нь мөнгө зээлдүүлсэн гэх Г.Ц-г шүүхэд өгч, тэр иргэний хэргийг шийдэгдтэл миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлсэн. 2020 оны 4 сарын 06-ны өдрийн 47 дугаартай Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Г.Ц-д хариуцагдах иргэний хэрэг нь хэрэгсэхгүй болж, миний нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээгдэн шийдвэрлэгдэх гэтэл дахин УБХ-ийг хариуцагчаар татаж захиргааны хэргийн шүүхэд хандан, миний нэхэмжлэлтэй хэргийг бас л түдгэлзүүллээ. Я.Ц нь хууль бусаар 4-10-4 тоот орон сууцанд амьдрах сонирхолтой, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх явцыг удаашруулахын тулд тодорхой асуудлаар дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрт нь холбогдуулан гаргасан миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг санаатайгаар түдгэлзүүлж байна гэж үзэж байна. Би хууль ёсны дагуу худалдан авсан орон сууцандаа амьдарч чадахгүй, нялх хүүхэдтэйгээ айлд 5 сар амьдарч байна.
ОАУБХ нь хууль хэрэгжүүлэгч төрийн байгууллага. Хуулийн дагуу зохих ажиллагааг хийж, бүртгэлийн ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа тул энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь тухайн орон сууц хоёр өмчлөгчтэй байхад нэг өмчлөгчийн мэдүүлгийг үндэслэн бүртгэл хийгдсэн гэж ярьж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмчлөгч тус бүр мэдүүлэгт гарын үсэг зурах шаардлагагүй тухай тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Я.Ц мэдүүлэгт гарын үсэг зурсан учраас хуулийн дагуу ажиллагаа явагдсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Гэрч Орхон аймгийн тойргийн нотариатч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 988 дугаарт бүртгэж гэрчилсэн итгэмжлэлийг би баталсан. Хоёр гаран жилийн өмнө учраас сайн санахгүй байна. Иргэн Я.Ц, Ч.С нарт Нотариатын хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хүсэл зоригий нь асууж эрхийг нь, үр дагаврыг нь тайлбарладаг. Тухайн үед хурууны хээг нь уншуулсан, хурууны хээгээ уншуулна гэдэг нь тухайн иргэний хувийн мэдээллийг хардаг эрх нь хязгаарлагдсан субъектууд биш байсан. Энэ нь өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нар ОАУБХ-т холбогдуулан “2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-10-04 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Г.Ц-д шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Я.Ц, Ч.С бидний хууль ёсны эрх ашиг, өмчлөх эрхийг сэргээж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.Ц-гийн төрсөн эгч Г.С-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилсөн,
“ОАУБХ-т 2019 оны 12 дугаар сарын 24 /засвартай/-ний өдөр бүртгэсэн барьцааны гэрээг бүртгүүлсэн бүртгэл, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаалбар чөлөөлүүлэх тухай мэдүүлгийг бүртгэсэн бүртгэлүүд нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилсөн,
хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагуудаа “ОАУБХ-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.
Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С, тэдгээрийн өмгөөлөгч нар ОАУБХ-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай мэдүүлгүүд Үндсэн хууль, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтууд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, журам, болон нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, сөргөөр нөлөөлсөн учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
ОАУБХ Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг Хүрэнбулаг, 4 хороолол 10 байр 4 тоот 1 өрөө байрыг барьцаалсан болон барьцаалбараас чөлөөлсөн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “барьцаалбар чөлөөлөх” тухай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүдийг бүртгэхдээ тухайн орон сууцыг 2 хүн өмчилж байхад нэг өмчлөгчөөр мэдүүлэг бичүүлэн бүртгэл хийлгэсэн учраас хууль бус гэж нэхэмжлэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчид тайлбарласан.
Иргэн Я.Ц, Ч.С нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн тойргийн нотариатч Б.А-ээр гэрчлүүлсэн бүртгэлийн 988 дугаарт бүртгэсэн 6 сарын хугацаатай “итгэмжлэл”-ээр “ ...иргэн Г.Ц-д өөрсдийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол 10 дугаар байр 04 тоот, 1 өрөө, 18 мкв орон сууцаа худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрх”-ийг олгосон байдаг.
Нэхэмжлэгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Ц-тай “зээлийн гэрээ” болон “барьцааны гэрээ” байгуулан 2019 оны 12 дугаар сарын 24-ний /өдөр засвартай/ өдөр барьцааны гэрээ бүртгүүлэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасан ба 2020 оны 01 дүгээр сарын сарын 02-ны өдөр барьцаалбараас чөлөөлөх мэдүүлэг гарган эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тухайн өдөр “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” мэдүүлгийг Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Э-ын гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн бүртгэсэн байна.
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаарт бүртгэсэн иргэн Г.С, Б.Х нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг захиргааны байгууллага бүртгэсэн байна.
Дээрхи байдлуудаас дүгнэхэд захиргааны байгууллага болох ОАУБХ маргаан бүхий мэдүүлгүүдийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /шинэчлэн найруулсан/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно.”, 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй ...” 20 дугаар зүйлийн 20.1-д “Барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчилсэн бол барьцаалуулагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаалбарыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг гаргана.” гэж заасны дагуу бүртгэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 21 дүгээр зүйлийн 21.2-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ.” гэж заасан ба маргаан бүхий захиргааны актууд болох эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүдийн эрх зүйн үр дагавар дуусгавар болсон болох нь дараа дараагийн худалдах худалдан авах гэрээ бүртгэсэн мэдүүлгүүд, мөн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/00726 дугаар хүчин төгөлдөр болсон шийдвэрээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл иргэний хэргийн анхан шатны шүүх Ч.С, Я.Ц, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байгаа нь дээрхи гэрээний дагуу бүртгэсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүд дуусгавар болсон нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нар ОАУБХ-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүд хүчингүй болсноор зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол болох өмчлөх эрх сэргэнэ гэж тайлбарласан ба Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/00726 дугаар шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Г.С-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Х-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-10-04 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Я.Ц, Ч.С нарын өмчлөлд сэргээх тухай нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Иймээс үйлчлэл нь дуусгавар болсон ОАУБХ-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.С нь шүүх хуралдаанд онлайнаар оролцсон ба биечлэн оролцох, хэргийн материалтай танилцаагүй учраас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан ба түүнд хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан учраас хүсэлтийг хүлээн аваагүй болохыг, түүний өмгөөлөгч Б.Д хэргийн материалтай бүрэн танилцсан, шүүх хуралдаанд оролцож байгаа, шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /шинэчлэн найруулсан/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.7, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нарын ОАУБХ-т холбогдуулан гаргасан “ОАУБХ-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА