Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 12 өдөр

Дугаар 223

 

Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0255 дугаар магадлалтай, Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний  өдрийн 1071 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” 03 дугаар тушаалын Д.Даваадоржид холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоож, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Батхүүг урьд эрхэлж байсан Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Батхүүд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,117,800 ( дөрвөн сая нэг зуун арван долоо найман зуу) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0255 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахбат, Т.Мөнхбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл эмчийн магадлагаатай, албан ёсны чөлөөтэй байсан бөгөөд Давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулж, өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т заасан "... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй...” гэснийг баримтлан хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь процессын алдаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа Д.Даваадоржийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг гаргаагүй мэтээр тэмдэглэлд бичсэн талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүх хангахгүй орхисон нь ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийн эрхийг эдлүүлэлгүй процессын алдаа гаргасан бөгөөд цаашлаад шүүх нотлох баримтыг дутуу дүгнэсэн гэж үзэж байна.

Шүүхээс ижил нөхцөл байдалтай Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргыг томилсонтой холбоотой асуудлыг хэлэлцэхдээ одоо томилогдон ажиллаж байгаа этгээдийг гуравдагч этгээдээр татсан байх тул шүүхээс Д.Даваадоржийг гуравдагч этгээдээр томилон оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “...хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэрэгт тус яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат нь томилогдон ажиллаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасны дагуу “...хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж зааснаар шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргах хүсэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу 221/МА2017/0255 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын Д.Даваадоржид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоох, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Батхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Батхүү нь Уул уурхайн яамны /хуучнаар/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан, тус яам нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон өөрчлөгдсөнөөр түүний албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн үйл баримтын тухайд маргаангүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг  хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасны дагуу Б.Батхүү нь шинээр байгуулагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өмнө нь эрхэлж байсан албан тушаалыг үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болно.

Иймээс нэхэмжлэгч Б.Батхүүгийн албан тушаалын орон тоо хасагдаагүй байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Даваадоржийг түр томилсон тус яамны сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаал болон Б.Батхүүг Уул уурхайн яам /хуучнаар/-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 тушаал зэрэг нь дээр дурдсан холбогдох хуульд нийцээгүй болохыг шүүхүүд зөв дүгнэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахбат, Т.Мөнхбаяр нар нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо ”...шүүх  хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг бүрэн шинжилж судлаагүй...” гэх боловч, ямар хуулийг хэрхэн буруу тайлбарласан, маргааны үйл баримтад хамааралтай ямар нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан талаар тодорхой дурдаагүй, зөвхөн хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Д.Даваадоржийг гуравдагч этгээдээр татаагүй гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдол гаргасан байна.  

Д.Даваадорж нь төрийн жинхэнэ албан хаагч биш, компанийн захирлаар ажиллаж байсан, маргаж буй албан тушаалыг түр эрхлэхээр томилогдсон байсан зэргээс үзвэл түүний эрх зүйн байдлыг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хууль зүйн үндэслэл байхгүй юм. 

Мөн 2017 оны 03 дугаар сарын 07, 03 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтийг тус шүүх хүлээн авч, хуралдааныг хойшлуулсан, харин 03 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнзул ирж, “...хэргийн материалтай танилцаагүй, ...итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэг Т.Мөнхбаяр өвчтэй” гэх шалтгаанаар хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах боломжгүй, үүнийг шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Учир нь, давж заалдах шатны шүүх хэргийн материалтай танилцах, боломжийг хариуцагчид олгож, хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг удаа дараа хангасан, дээрх хугацаанд хэргийн материалтай танилцаагүй болохыг магадлалд тодорхой дурдсан, “...шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэхэд саад болохгүй”-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн117 дугаар зүйлийн 117.2-т заасан байна.

  Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0255 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Л. АТАРЦЭЦЭГ