Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2018/00223/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж,...  тоотод байрлах СД ХХК/утас /-ий нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, дугаар байрны  тоотод оршин суух, Д.М /регистрийн дугаар ...

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..дугаар баг, .. тоотод оршин суух, Д.Э /регистрийн дугаар ... нарт холбогдох

 

 2,953,876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.ДХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлдээ:

... СД ХХ Кнд хариуцагч Д.М нь даатгалын менежерээр, хариуцагч Д.Э нь тус байгууллагын Дархан салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 61 даатгалын гэрээний хураамж болох 2,944,876 төгрөгийг байгууллагад өгөөгүй, иргэдийн мөнгийг тушаалгүй хувьдаа завшсан учир хариуцагч нараас 61 даатгалын гэрээний хураамж 2,944,876 төгрөг, шүүхэд нотлох баримт гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,953,876 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.М нь шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “ ... Миний бие 2016 оны 05-р сарын 17-нд тус компаний Дархан-Уул аймаг дахь салбарын даатгалын менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ороод 2016 оны 08-р сарын 28-ний өдрийн 14/16/12 тушаалаар үндсэн ажилтан болж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа би өдөр бүр салбарын эрхлэгч Д.Э тооцоо нийлж даатгалын хураамжинд төлсөн иргэдийн мөнгийг /Э/-д тоо ёсоор нь хүлээлгэн өгч орлогыг тушааж ирсэн. Миний бие ажлын хариуцлага алдаж мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй. Өдөр бүр орлогоо тушааж тэмдэглэл хөтөлж байсан миний хар дэвтрийг Д.Э хот явж төвийн санхүүтэй тооцоо нийлнэ гэж хэлж аваад буцааж өгөөгүй. Өр дутагдал гарлаа гэсэн үеэс би эрхлэгч Д.Э аас хар дэвтрээ удаа дараа нэхэж байсан. Тэр миний дэвтрийг хотод төвийн тооцооны нягтлан дээр орхисон авчирч өгнө гээд байдаг байсанаа сүүлдээ тэр нягтлан солигдсон байна дэвтрийг чинь авч чадсангүй гэж хэлээд өгөөгүй. Энэ дэвтрийг аваад би компаний баримттай тулган, тооцоо нийлье гэж бодож байсан ч дэвтэрийг Д.Э надад буцааж өгөөгүй. Нэхэмжлэлд холбогдуулан гаргасан шалгалтын баримттай нь танилцлаа. Энэ баримтаар даатгал хийгдсэн гэрээний жагсаалт гарчээ. Би Д.Э ын ажиллаж байх хугацаанд нь л гэрээ хийж түүнд ажлаа өдөр тутамд нь танилцуулж орлогоо өдөрт нь хүлээлгэж өгч байсан. У, О гэж хүнтэй хамт ажиллаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

“...СДХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 9000 төгрөгийн нотариатын зардал нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэг үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62068 төгрөг бол шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч шийдвэрлэгдэх учир хүлээн зөвшөөрөхгүй байна. 2.944.876 төгрөгийн хувьд бол СД ХХК-аас Д.Э Мандухай нарыг ажиллаж байх хугацаандаа 61 гэрээний хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжилж байгаа мөнгө байгаа. Энэ 61 гэрээтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг бөгөөд үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 7 гэрээ байгаа. Үүний хоёрыг нь 2017 оны 5 сарын 8-ны өдөр Д.Э гаргасан байдаг. Энэ мөнгөөрөө 109.000 төгрөг болж байгаа. 2017 оны 5 сарын 8 өдөр Д.Эаас С.ДХХК-ийн дансруу 133,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байгаа. С.ДХХК-аас гаргаж өгсөн Мэдээллийн аюулгүй байдал програм хангамжийн журмын 15.2-т зааснаар “Хэрэглэгч бүр өөрийн эрхтэй холбоотой үүссэн аливаа асуудал хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Бусад гэрээ нь гэрээний шаардлага хангахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор СД ХХКД.Эаас 9 сая гаруй төгрөг нэхэмжлээд Д.Э тодорхой хэмжээний мөнгө төлөхөөр шүүхийн шийдвэр гарчихсан байгаа.

Менежер Мандухай өдөр бүр Д.Эад орлогоо тушаадаг байсан гэсэн тайлбарыг гаргасан байгаа. Гэтэл СДХХК-ийн дансны хуулгаас харахад Д.Э, М, Г, Дархан салбар гэсэн хүмүүсээс өдөр бүр орлогоо тушааж байсан нь харагдаж байгаа. Тийм учраас Мандухай нь өдөр бүр Д.Эд орлогоо тушаадаг байсан гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна. Хавтаст хэргийн 109-154 дүгээр хуудаст байгаа 54 гэрээний хувьд бүртгэлийн програмаас хэвлэсэн хэн байгуулсан нь тодорхойгүй, гарын үсэггүй баримтууд байгаа. Даатгалын үйл ажиллагааны журамд зааснаар “Даатгагч болон даатгуулагч талын эрх бүхий хүмүүс гарын үсэг дарж баталгаажуулж даатгалын хураамж төлөгдсөн нөхцөлд даатгалын гэрээ нь хүчин төгөлдөр болсон гэж үзнэ” гэсэн байдаг бөгөөд эдгээр 54 гэрээ нь МИС програм дээр бүртгэгдсэн боловч 54 хүн нь даатгалын хураамжаа төлсөн тохиолдолд Санхүүгийн програм буюу Шар програмд шивэгдэж орсон байх ёстой. Энэ хүмүүс төлбөрөө төлөөгүй учир Шар програм руу ороогүй юм байна гэж ойлгоод байгаа. СД ХХК бол шар программ дээр бүртгэгдээд тэр 7 гэрээ шиг эх хувиараа байгаа гэрээнээс дутсан төлбөрөө нэхэмжлэх ёстой болохоос МИС програм дээр бүртгэгдсэн байдлаар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. МИС болон Санхүүгийн Шар програм дээр бүртгэгдсэн хураамжийг зөрүүг М, Д.Э нараас нэхэмжилж байгаа нь буруу гэж үзэж байна. Санхүүгийн програм дээр 9 сая төгрөг бүртгэгдсэн, харин МИС програм дээр 12 сая төгрөгөөр бүртгэгдсэн байгаа.  Тийм учраас Санхүүгийн програм дээр шивэгдсэн төлбөрийг л хариуцна. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээн гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн дотоод журам дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний талаар тусгасан боловч гэрээ байгуулаагүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СД ХХК нь хариуцагч Д.М, Д.Э нараас төлөөгүй даатгалын хураамж 2,944,876 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 2,953,876  төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

 Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Д.Э нь СД ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарын захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд, хариуцагч Д.М нь даатгалын менежерээр 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч СД ХХКнь хариуцагч Д.Э, Д.М нараас даатгалын гэрээний төлөгдөөгүй хураамжийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэдийгээр хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ”, 135 дугаар зүйлийн 135.1.2-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ”, 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч СД ХХКнь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...хариуцагч Д.Э, Д.М нар нь ажиллаж байх хугацаандаа 61 даатгалын гэрээ хийсэн боловч байгууллагад дээрх даатгалын хураамж 2,944,876 төгрөгийг төлөөгүй,” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нар нь “...ажиллаж байх хугацааны байгуулсан даатгалын гэрээний даатгалын хураамжийг төв байгууллага руу тухай бүр нь шилжүүлж байсан. Төлөх төлбөр байхгүй. Энэхүү даатгалын гэрээнүүд нь цуцлагдсан гэрээнүүд. Цуцлах хүсэлтийг төв байгууллага руугаа явуулсан. Хэрэв даатгуулагч даатгалын хураамжаа төлвөл Мист програмд биш нэгдсэн шар програмд бүртгэж, байгуулсан гэрээг оруулдаг. СД ХХКнь тухайн 61 ширхэг даатгалын гэрээ гэх баримтыг Мист програмаас гаргасан бөгөөд энэхүү гэрээнүүд нь хүчин төгөлдөр даатгалын гэрээ биш...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2087 дугаартай захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар нэхэмжлэгч СДХХК-иас Д.Э, Д.Мнартай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, салбарын захирал болон менежерийн ажил үүргийн хуваарь, ажлын байрын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргуулахаар...” шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тал нь дээрх нотлох баримтыг байхгүй гэх шалтгаанаар шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Өөрөөр хэлбэл Д.Э нь салбарын захирлаар, Д.М нь менежерээр тус тус ажиллаж байх хугацаандаа өөрсдийн буруугаас даатгалын хураамж 2,944,876 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч СДХХК-ий гаргасан хариуцагч Д.Э, Д.М нараас даатгалын хураамж 2,944,876 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 2,953,876 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч СДХХК-ий гаргасан хариуцагч Д.Э, Д.М нараас даатгалын хураамж 2,944,876 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 2,953,876  төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА