Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 112/ШШ2021/0041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

           Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдох Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах шаардлага бүхий хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Б, хариуцагч Г.Б, гэрч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Г.Бгийн 2021 оны 5 сарын 22-ны өдрийн А/68 дугаар захирамжийн холбогдох заалтаар тус "Э” ХХК-ийн ******* сумын Гуулин багийн нутагт эзэмшдэг 1590 га талбай бүхий газар тариалангийн газрын зарим хэсэг болох 1459 га талбайн эзэмших эрхийг зориулалтын  дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ. Уг захирамжийн тус компанид холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч  хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

          Үүнд:  Уг 1459 га газрын эзэмших эрх нь Гуулин тал хоршооноос нийт 1500 га газар байрлах 2 хэсэг үл хөдлөх эд хөрөнгө болох Услалтын системийн байгууламжийг  худалдан авахад манай компанид дагалдаж ирсэн болно. Иймд тус компанийн хувьцаа эзэмшигч иргэдийн өмчлөлийн зүйл болох ҮХХ-ийн улсын бүртгэлийн ******* ба ******* дугаар бүхий гэрчилгээтэй эдгээр үл хөдлөх эд хөрөнгөтэй салшгүй холбоотой газрын эзэмших эрхийг хүчингүй болгох нь Монгол Улсын Үндсэн Хуулиар хамгаалагдсан бидний хувийн өмчлөх эрхэд халдсан хууль бус шийдвэр болжээ.

          Сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 22-ны өдрийн А/68 дугаар захирамжаар хүчингүй болгосон эзэмшил газар нь зориулалтын дагуу дараах байдлаар ашиглагдаж байгаа учир Засаг даргын захирамж үндэслэлгүй юм.  Э ХХК энэхүү эзэмшил газар дээрээ “Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон эмийн ургамал тариалах төсөл” хэрэгжүүлж ирсэн бөгөөд ******* сумын *******тай байгуулсан Газар эзэмших, ашиглах гэрээндээ уг нөхцлөө тусгаж ирсэн болно. Уг төслийн хүрээнд зарим нэр төрлийн олон наст ховордсон ургамлуудыг аймаг, орон нутгаас ажиллах хүч авч тариалан, ургацыг дотоод гадаадын зах зээл дээр борлуулсаар ирсэн ба Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуульд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй юм. Тарьж буй эмийн ургамлын онцлог, төрөл, хэмжээнээс шалтгаалан газрыг хэсэгчилж олон төрлийн эмийн ургамлын тариалалт хийдэг бөгөөд шинж, онцлогоос шалтгаалж газар ашиглалт, ургац хураалт харилцан адилгүй байдаг. Тус сумын ******* энэхүү эмийн ургамлын тариалалтын онцлог шинж чанарыг харгалзахгүйгээр газрын зарим хэсэгт тариалалт хийгдсэн бусад хэсэгт хийгдээгүй гэж үзэж манай компанийн эзэмшлийн газрын дийлэнх хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Одоогоор тус компани уг газар дээр “Гуулин усалгаатай газар тарилангийн төсөл” боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн ба Азийн хөгжлийн банкаар уг төсөл дэмжигдэн зарим ажлуудыг хийгээд байна. Тухайлбал, Пивот усалгааны систем суурилуулахаар усалгааны систем, тоног төхөөрөмжөөр дэлхийд нэг номерт ордог АНУ-ийн “Р” компанитай гэрээ байгуулаад манай талаас хүлээсэн үүргийн дагуу 2019 онд “Г и” ХХК-иар газрын байр зүйн зураглалын ажил хийлгэн, 1500 га газарт усалгааны систем суурилуулах дэд бүтцийн зураг төслийн тооцоог америкийн талаар хийж гүйцэтгүүлсэн болно. Мөн төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг гадаад дотоодын хөрөнгө оруулагч талуудтай хэлэлцээр хийж байгаа ба цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ асуудал түр хойшилсон боловч ойрын үед шийдвэрлэгдэхээр байгаа зэргээр газар ашиглалт буюу манай компанийн газар тариалангийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

          Манай компани өөрөө түр ашиглаагүй байгаа эзэмшил газрынхаа хэсгийг орон нутгийн иргэдэд өрхийн газар тариалан эрхлэх зориулалтаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүйгээр ашиглуулж ирсэн болно. Харин эдгээр иргэд манай эзэмшил газрыг үнэ төлбөргүйгээр ашиглаж байгаа атлаа газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж өөрсдийн нэр дээр авах зорилгоор санал, хүсэлт гаргасныг ******* сумын ******* хууль зүйн үндэслэлийг нь нягтлалгүйгээр хууль бус захирамж гаргасан байна.

          ******* сумын *******ас газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн 1490 га газар нь Газар эзэмших эрхийн 0007465 тоот гэрчилгээтэй нэг нэгж талбар (нэгж талбарын дугаар нь 01) бүхий газрын нэг хэсэг тул хэсэгчлэн ашиглаагүй гэх үндэслэлгүй болно. 

          ******* сумын ******* дээрх захирамжаа гаргахдаа Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Гэрээг Газрын тухай хуулийн 34.8-д заасны дагуу жил бүр дүгнэхдээ сум, дүүргийн тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний санал, дүгнэлтийг тусгана” гэж заажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай эзэмшлийн талбайтай холбоотой ямар ч мэргэжилтний дүгнэлт гараагүй. Энэ талаар манай компанид мэдэгдээгүй болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.4-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг зөрчсөн байна.

         Түүнчлэн, хариуцагч ******* Сумын ******* Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчин тус захиргааны актыг гаргахдаа хуульд заасан дээрх буюу сонсох ажиллагааг уг хуулийн 27 дугаар зүйлд заасан журмыг хийлгүй захиргааны акт гаргажээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан нь уг хуультай зөрчилдсөн байна. Манай эзэмшил газар нь нэг нэгж талбар бүхий нэг эзэмших эрхийн гэрчилгээтэй болно.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хууль бусад тооцож хүчингүй болгуулах гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Гуулингийн услалтын системтэй тариалангийн талбай гэж социализмын үед Засгийн газрын ихээхэн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хэд хэдэн аж ахуйн нэг юм. Зах зээлд шилжээд хуучны зардал өндөртэй тариалангийн талбай учраас хувьчилсан байдаг. Тэр үл хөдлөх хөрөнгийг тодорхой этгээдүүд услалтын системтэй нь хамт хувьчилж авсан байсан нөхцөл одоогийн нэхэмжлэгч Э ХХК өөртөө шилжүүлж авсан байдаг. 2 дахь асуудал бол Засаг даргын захирамжид заасан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийн хувьд маргаж байгаа. Говь нөхцөлд усалгаатай малын тэжээлийн тариаланг хөгжүүлэх баруун аймгуудыг хангах зориулалттай байсан. Энэ бол ердийн тариалангийн талбай биш. Хангай нөхцөлд энгийн байгалийн жамаар ургадаг биш. Услахгүй бол тариалангийн үйлдвэрлэл явуулах боломжгүй талбай. Ашиглагдаагүй нөхцөл байдал бол эртнийх, Монгол Улсын зах зээлд шилжиж хувьчлал явагдсан үеэс ашиглагдаагүй байдаг. Өртөг зардал өндөртэй, үйлдвэрлэлийн зардлаа нөхөж чадахгүй болсон. Э ХХК эзэмшилдээ авсан гол зорилго нь бол эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий эмийн ургамлыг тарих зорилго байсан. Үүнийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн гэхдээ энэ төсөл цаашид явахгүй болсон нь Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал, гадаад орны нөхцөл байдалтай шууд хамааралтай байсан. Дотооддоо эдгээр ургамлыг тариалж зах зээлд нийлүүлэхэд өртөг зардлаа дийлэхгүй байсан. Гадаад түншийн хувьд Япон зэрэг оронтой харилцаж анхны борлуулалтаа хийж эхэлсэн боловч Япон, Хятад улс үгсэн нийлж Монгол улсаас эмийн ургамлын түүхий эд авахыг зогсоосон. Тэгээд энэ төсөл явахгүй болсон. Дашрамд хэлэхэд үйлдвэрлэлтэй холбоотой асуудал учраас зовлон бэрхшээлийг шүүхэд ярьж тайлбарлаж ойлголт өгөхийг хичээж байна. Хэд хэдэн тэжээлийн аж ахуйгаас ганцхан Баруун турууны тэжээлийн аж ахуй л саяхнаас өөр төслүүдийн дэмжлэгтэй хавсарга байдлаар Түмэн шувуут компани хувьцаа нийтэд зарлах байдлаар ашиглалтыг нь явуулж байна бусад нь элгээрээ хэвтсэн. Төр засгийн тодорхой түвшинд төр засгийн бодлогоор  дэмжиж хөгжүүлэх санал санаачлагууд явж байгаа юм билээ. Энэ ашиглагдаагүй байдал Э ХХК-иас шууд хамаараагүй, төр засаг нь ч дийлээгүй, өөр хэн нэгэн этгээд ч дийлэх боломжгүй улсын эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотой асуудал байсан. ******* захирамжаа гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг нягтлах байсан. Тариалангийн тухай хууль 2016 онд батлагдаад явсан. Хөдөө аж ахуйн яамнаас санаачилсан хууль, гэхдээ энэ бол Засаг даргын үндэслэл болгосон зүйл заалт нь Газрын тухай хууль тогтоомжийн бүрэлдэхүүн хэсэг. Газрын тухай хуульд газрын хууль тогтоомж маань Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэж байдаг. Тэгэхээр Газрын тухай хуулийн Засаг даргын өөрийнх нь үндэслэсэн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил ашиглаагүй бол зохих хариуцлага тооцохоор байгаа. Гэтэл Тариалангийн тухай хууль дээр хүндэтгэн үзэх гэдэг заалтыг заагаагүй ч Газрын тухай хуулийг баримтлах ёстой байсан. Тийм учраас энэ захиргааны акт эрх зүйн зөрчилтэй. Э ХХК нөхцөл байдал ийм болмогц төслөө өөрчилж энэ талбай дээр усалгаатай орчин үеийн малын тэжээлийн ургамал, буурцагт ургамал тариалах төсөл боловсруулж, улмаар хөрөнгө оруулалт татаж хэрэгжүүлэх шатандаа явж байсан. Энэ үед Засаг даргын захирамж гарснаар энэ төсөл зогсоод байна. Тариалангийн тухай хуульд тариалангийн үйлдвэрлэл гэж заасан. Тариалалт яваагүй гэх ойлголт нь тухайн тариалангийн талбайд ургамлыг тариалахтай холбоотой үйл ажиллагааг тусгасан. Гэтэл үйлдвэрлэл гэдэг бол судалгаа, төсөл боловсруулалт, хөрөнгө оруулалт татах цогц үйл ажиллагаа байдаг. Гэнэт нэг этгээд ирээд тариалан явуулах боломжгүй. Тэр Гуулингийн талбайнаас эрс өөр энгийн тариалангийн бүсийн зориулалт зааж байгаа. Тэр хэсгийн тариаланд энэ болох байх. Гуулин бол онцлог тусгай зохицуулалт шаардсан тариалан үйлдвэрлэл явуулах талбай байгаа. Э ХХК ашиглалт явуулах талаар эс үйлдэхүй санаатай үйлдэл гаргаагүй. Энэ үйлдвэрлэлийг явуулахыг хичээж тодорхой ажиллагаа явуулж байсан гэдгийг нотлох баримтаар бидний өгсөн баримтууд нотолж байгаа. Тодорхой хөрөнгө мөнгө зарсан. Бивот гэдэг дугуй маш ашиглалтын зардал багатай Америкийн Нэгдсэн улсын дэлхийд тэргүүлэх технологитой санамж бичиг байгуулж, суурилуулж ажиллуулахаар хөөцөлдөж байх үед харамсалтай нь захиргааны журмаар зогсоох нөхцөл байдал үүсгэсэн. Хоёр гол үндэслэл нь үл хөдлөх хөрөнгийн тухай асуудал. Тариалангийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан. Үл хөдлөх хөрөнгө дэд бүтцийн байгууламжууд бол тариалан ба эрчимжсэн хөдөө аж ахуйн бусад ангилалд гэдэгт орно гээд заасан. Тэгэхээр суваг шуудуу бол маркшедрийн хэмжилтээр тодорхойлно уу гэхээс бид нарын өгсөн мэдээллийн зураг планаар бол уртууд нь гарсан. Талбайн хэмжээ гараагүй. Тэгэхээр энэ талбай бол бүхэлдээ суваг шуудуугаар хэрсэн байгууламж гэж бид үзэж байгаа. Усалгааны суваг шуудуу ашиглагдаж байсан. Зориулалтын дагуу ашиглагдаж байсан. Тэрийг ялгаж салгалгүй шууд захиргааны аргаар хүчингүй болгосон. Захиргааны байгууллага бол иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагааг дэмжиж хор хөнөөлттэй байх юм бол таслан зогсоох арга хэмжээ авна уу гэхээс ингэж болохгүй. Суваг шуудууг ялгаж салгах боломжгүй гэж үзэж байна. Захиргааны акт эрх зүйн хувьд зөрчилтэй, судалгаа хийгээгүй, хүчингүй болгох үндэслэлийг зориудаар бий болгосон ажиллагаа юм билээ бид нар судалсан. Э ХХК бүх газарт тариагүй нь үнэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудал нэлээн төвөгтэй, газрын зориулалтаас хамаардаг юм шиг байсан. Барилга байгууламж барих зориулалттай газар хашаа амбаар барьчих юм бол ашиглагдаж байна гэж үзээд яваад байдаг. Тариалангийн хууль нэг өнцгөөр хийсэн эвгүй хууль байсан. Би Тариалангийн тухай хуулийг холбогдох хууль, Үндсэн хууль зөрчсөн хууль байна гэж үзэж байгаа юм. Газрын тухай хуулийн зарим хэсэг ч гэсэн Үндсэн хууль зөрчөөд байна. Үндсэн хуульд өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хязгаарлаж болохгүй гэж байгаа. Энэ бол шууд халдсан байгаа юм. Хязгаарлалт байж болно, сервитутын эрх байж болно, тэгэхэд шууд халдсан. Үндсэн хуульд харш хуулийг хэрэглэсэн байгаа тул Засаг даргын захирамжийг хууль бус байна, хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Энэ компанийн эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна. Хориод жилийн хөдөлмөр, хөрөнгө оруулалт, их бага ч бай ялгаж болохгүй. Үндсэн хууль бол хувийн өмчийг дээдэлнэ гэсэн хууль байгаа. Олон Улсын практикт хувийн өмчийн эрхийг зөрчсөн, дээдлээгүй тохиолдлуудыг Үндсэн хуулийн агуулга зарчмыг баримтлаад шийддэг юм билээ. Бид нар гол нь Үндсэн хуулиа баримталж шүүх хүчингүй болгох, хүчингүй болголоо гээд энэ асуудал зогсоно гэсэн үг биш. *******д бодох, ялгаж салгах боломж олгоно, компанитай харилцан ажиллах боломж олгоно. Их нухацтай авч үзнэ үү, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

         Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон  хуралдаанд хэлсэн тайлбартаа:   Экоплант”ХХК-ийн захирал Н.Т нь 2002 оны 06 дугаар сарын 22-нд Гуулин тосгоны захиргаанд, өөрийн үндсэн хөрөнгө болох Гуулингийн 1898 га-гийн инженерийн хийцтэй услалтын системийг өргөтгөхөд 2500 га эзэмших хэрэгтэй байгаа тул уг газрыг эзэмшүүлж өгөх хүсэлт гаргасан байдаг. Э ХХК-иас ирүүлсэн албан бичигт тариалангийн газар эзэмших талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад тухайн үед сумын *******ар ажиллаж байсан Д.П нь багийн иргэдийн Нийтийн Хурлын  санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэргүйгээр, Монгол улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 32.3.1-32.3.3 дахь заалтууд, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.2 дахь заалтуудыг зөрчин, 2002 оны 06 сарын 28-ны өдрийн 36 дугаар захирамжаар Гуулин тосгоны услалтын системийн 1500 га талбайг Э ХХК-д 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байна.

          ******* П нь, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 06 сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолыг үндэслэн гаргасан, “Тариалангийн талбайгаас өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай” 2003 оны 12 сарын 08-ны өдрийн 57 дугаар захирамжийн хавсралтаар Э ХХК-д олгосон тариалангийн талбайн хэмжээг 1580 га болгон нэмэгдүүлжээ.

         Э ХХК нь анх 2002 онд Гуулингийн услалтын системийг түшиглэн 131 га-д эмийн ургамал тариалсан боловч түүнээс хойш тариалалтаа нэмэгдүүлээгүй, ургацаа хураалгүй байсаар тариалангийн талбайг атаршуулсан бөгөөд 2004 оноос хойш нэг ч удаа сумын *******ар гэрээгээ дүгнүүлээгүй байгаа ба газар эзэмших гэрээгээ сунгуулж, эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх талаар сумын газрын даамлаас тавьсан удаа дараагийн шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа болно. Иймд сумын Засаг даргын 2020 оны 01 сарын 22-ны өдрийн А/05 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 02 дугаар албан тоотоор ирүүлсэн хүсэлт, Гуулин багийн 319 иргэдийн гарын үсэг бүхий хүсэлтийг уламжилсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Батжаргалын бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг үндэслэн Гуулингийн усалгаатай тариалангийн талбайгаас эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглалгүй олон жил болж атаршуулсан нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хуулийн хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн.

          Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх 4 чиглэлийн нэг болох “Газар тариалан - жимс, жимсгэнэ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон жил ашиглагдахгүй байгаа Гуулин, Дагналтайн голын усалгаатай тариалангийн талбайг орон нутгийн эзэмшилд авч, хүнсний ногоо, жимс-жимсгэнэ, малын тэжээл тариалан аймаг, сумын дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан болно. Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуй анх 1962 онд байгуулагдсан. Баруун таван аймгийг малын тэжээлийн ургамлаар иргэдийн хэрэгцээг хангах зориулалттай байгуулагдсан. 1990-ээд онд зах зээлийн харилцаанд шилжсэн үед тодорхой хэмжээнд хувьчлагдаж техник тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгүүд нь хувьчлагдаж алга болоод талбай нь үлдсэн байдалтай 10-аад жил болж байсан. 2002 онд Э гэдэг Улаанбаатар хотод байршилтай компани хүсэлт гаргаж ховор ургамал тариалж ашиглана гэсэн байдлаар анх Гуулин тосгоны захирагчид хандаж харилцаа үүссэн байдаг. 2001, 2002 онд 131 гаад зээргэнэ, чихэр өвс зэрэг ургамал тариалж байсан. 3, 4 жил тариалж байгаад гадаад зах зээлд борлуулж байгаад зогссон гэсэн мэдээлэл байгаа. Би 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ******* сумын *******ар томилогдон ажиллаж байна. Үүнээс өмнө 4 жил иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хийсэн. Гуулин тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурал хийх болгонд Э ХХК-ийн асуудал босож ирдэг. Иргэд Э ХХК-ийг дуудаад ир, тариалангийн талбай аваад 20, 30 жил боллоо, атаршуулаад элсэнд даруулаад дууслаа гэдэг. Анх эд нар сайхан юм ярьж байгаад авсан.

          Гуулинг хот болгоно бүгдийг нь ажилтай болгоно гэж байгаад авсан. Та нар дуудаад ирүүл гэхээр ирдэггүй гэдэг. Өмнөх Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ******* сумын газрын мэргэжилтэн, Гуулингийн иргэд Захирагчийн ажлын албаны хүмүүс хэсэг байгуулагдаад энэ асуудал дээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үнэлэлт дүгнэлт гаргасан байдаг. Энэ газар ашиглагдаагүй, Э ХХК 2004 оноос хойш ашиглаагүй, мөн 20-50 га газрыг аваад ашиглаагүй 6 иргэн, нэг хуулийн этгээд гээд 7 хүний асуудал яригдаад хүчингүй болгох талаар дүгнэлт гарсан байдаг. 2020 онд энэ хүмүүст болон Э ХХК-д мэдэгдэж дуудсан ирж уулзаагүй. 2021 онд Гуулингийн багийн иргэд, Гуулийн багийн иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчид 320 хүний гарын үсэг цуглуулж надад хүсэлт өгсөн. Дээр нь Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид гарын үсэг зураад хүчингүй болгож өгнө үү гэсэн албан хүсэлт ирсэн. Энэ дагуу судалж үзэхэд үнэхээр олон жил ирээгүй байсан. Газрын даамлаас энэ байгууллага хууль ёсны дагуу эзэмшиж байгаа юм уу, хувийн хэргээ бүрдүүлсэн юм уу, эргэж харилцаа байдаг юм уу гэхэд харилцаа байдаггүй гэсэн. Газрын даамал шаардлага тавихад ирдэггүй гэсэн. Гуулин багийн удирдлагууд ч шаардлага тавиад ирдэггүй гэсэн. Гуулингийн тариалангийн талбай элсэнд дарагдаад хогийн ургамалд хучигдсан. Энд байгууллагын ийм үндсэн хөрөнгө байж байгаа гэхэд хүнд үзүүлэх зүйл миний нүдэнд харагдахгүй байгаа. Энэ харилцааг би яах ёстой юм бэ гээд холбогдох хууль дүрмийг нь судалж үзсэн. Газрын тухай хуульд жил болгон сумын *******тай уулзаж ажлаа танилцуулж газар эзэмших гэрээгээ дүгнүүлж ажиллах ёстой юм билээ. Тариалангийн тухай хууль зөрчсөн нэлээн хэдэн зөрчил илэрсэн. Өөрөө сая хэлсэн. Энэ баруун таван аймгийг хангаж байсан малын тэжээлийн ургамлын тариалан. Сумд болон яамд хүсэлтээ гаргаад малын тэжээл биш өөр ургамал тариалах хүсэлт гаргасан байх ёстой юм билээ. Тэр талбайд хамгаалалтыг нь хийгээд харж хамгаалж байх ёстой. Тариалангийн талбайг хоёроос дээш жил зориулалтын дагуу ашиглаагүй, тариалангийн талбайг атаршуулсан байх юм бол эрх бүхий этгээд ******* нь хүчингүй болгох эрх нь хуулиар олгогдсон байдаг. Энэ дагуу би өөрт олгогдсон эрхийн дагуу хүчингүй болгосон. Би энэ асуудал явж байхад мэдээлэл цуглуулсан. Эднийх 2006 онд улсын төсвийн томоохон дэмжлэг авсан. Гуулинд 382 га талбайг усжуулж юм тарина гээд улсын төсвөөс 70,000,000 төгрөг авсан байдаг. Тэр мөнгөө хаана юунд зарцуулсан юм. Одоо бид нар хөөцөлдөж байгаа гэж яриад байна. Тэр зүйлээ газар дээр нь авч ирээд 382 га талбайд ийм зүйл хийнэ гэж үзүүлсэн зүйл байхгүй. Хэрэгт нотлох баримт иргэнээс бэлэглэлээр авсан гэсэн зүйл байсан. Хоорондоо шилжүүлсэн харилцааны талаар бүрхэг зүйлүүд гарч ирж байсан. Хамгийн гол нь энэ хүмүүс яагаад ингэж шахаж шаардаад байна гэхээр 2020 оны хавар, зун, намар Говь-Алтай аймгийн хэмжээнд бороо ороогүй ган гэдэг зүйл болсон. Өвлийн улиралд цас их орж цаг хүнд болсон. ******* сумын иргэд мал маллаж амьдардаг. Эдийн засгийн бааз суурь амьдралын үндэс нь мал байдаг. Мал нь идэш тэжээлээр хомсдсон. Манай иргэд тэрбум зургаан зуун сая төгрөгийн өвс тэжээл гаднаас худалдаж авсан. Бүх мөнгө нь гадагшаа явсан. Гэтэл Гуулинд газар, ус нь байж байдаг. Тэрийг нэг компани ингэж авчхаад хотод байрлачхаад тэнд байгаад байдаг. Энд байгаа хүмүүс нь хохироод байдаг нь учир дутагдалтай байсан. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаанд аймаг, сумын ******* байгаа боломжтой талбайг ашиглаж малын тэжээл болон хүнсний ногоо тариалж дотоодын хэрэгцээ хангах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахын тул бид талбайгаа ашиглая гэхээр хүн авчхаад хөдлөхгүй байгаад байдаг. Хуучин социализмын үед Говь-Алтай аймагт 6000 га тариалалт явуулдаг том жижиг 17 услалтын системтэй байсан түүхтэй. Тэр 6000 га талбайн 1890 га буюу гуравны нэг нь Гуулинд байдаг.

         Говь-Алтай аймгийн боломжтой талбайн гуравны нэгийг нь нэг компани ингэж авчхаад Говь-Алтайн ард түмэн ашиглаж чадахгүй асуудал хүндрэлтэй байсан. 2020 онд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх дэмжих чиглэлээр аймгийн ******* Засгийн газрын чиглэлийн дагуу Олон Улсын төсөл хөтөлбөрийн дагуу хандаж үзэхэд хэд хэдэн байгууллага Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн газар нь байвал бид нар хөрөнгө оруулалт хийе гэдэг асуудал тавьсан.  Манайд 2000 га байна усалгаатай, хажуудаа гол нь байж байдаг гэхэд танай Гуулин чинь аж ахуй нэгж, хувь хүн, хуулийн этгээдийн мэдэлд байна бид хувийн байгууллагын газарт хөрөнгө оруулахгүй гээд манайх хоцорсон. Гэтэл Халиун сум тариалангийн 380 га талбайтай сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд байсан. Азийн хөгжлийн банкнаас 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Манай сумын талбай элсэнд дарагдсан шороотойгоо байж байна. Энэ бол иргэдэд олдох маш том ажлын байр, сум орон нутагт орж ирэх маш том хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн зүйл болсон. Тийм учраас төр засгийн бодлого шийдвэрт хаалт саад болж байгаа асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх шаардлага гарсан. Би өөрийнхөө гаргасан актыг хууль эрх зүйн үндэслэлтэй. Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд мөн нутгийн ард иргэд ажилгүй, мал сүрэг нь өвс тэжээлгүй байж байдаг энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэхийн тул Э ХХК-иас талбайг авч олон түмний хэрэгцээнд зориулж эргэлтэд оруулж ашиглах шаардлагатай гэж үзэж байгаа гэв. Газрын даамал яриад та ирээд *******тай уулзаад гэрээгээ сунгуулаач, хувийн хэргээ бүрдүүлээч гэж ярьдаг. Энэ газар эзэмших хувийн хэрэг байхгүй, ирдэггүй, сүүлд нь хүний өмчид халдлаа чамайг шүүх цагдаад өгнө гэдэг хүн байдаг гэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүмүүст эзэмшүүлж ашиглуулаад байгаа гэж байна. Тийм зүйл байхгүй. 1898 гагаас 1580 гаг Э ХХК эзэмшдэг, үлдсэн гурван зуу гаран гаа нь хуулийн этгээд хүмүүсийн нэр дээр байж байгаа. Э ХХК манай хүмүүст ашиглуулаад байгаа зүйл байхгүй. Тэр дотроос 3-аас дээш жил ашиглаагүй 6 иргэний эзэмшдэг талбайг бүгдийг нь хүчингүй болгосон. Дандаа гадны хүмүүс ирээд авах гээд байгаа юм. Бид нөхөн сэргээж Төр засгийн болон гадна дотны хөрөнгө оруулалтыг татаж тариалангийн зориулалтаар ашиглаад аймгийн хэрэгцээг хангадаг хүнсний ногоо, малын тэжээл, жимс жимсгэнэ тариалах зорилготой ашиглах гээд байгаа юм. Манайд бас нэг 70 га-гийн систем байдаг. Тэнд төр засгаар бүрэн хэмжээний төр засгийн төсвийн төслийг нь хийлгээд бэлэн болгосон. Дэлхийн зөнгөөс 5 га-гийн тариалалт эхлүүлээд техник тоног төхөөрөмж аваад явж байгаа. Тэр бол бага шиг хэмжээний сум багийн хэмжээний зүйл байгаа. Гуулин бол Говь-Алтай аймгийн хэмжээний хэрэгцээг хангах томоохон талбай байгаа. Н.Т гэдэг хүнийг олон удаа Гуулингийн удирдлагууд, манай газрын даамал яриад дуудаад ирдэггүй гэсэн. Заримдаа өмнөөс нь янз бүрээр дарамталдаг гэсэн.

          Гэрч ******* сумын газрын даамал С.Н шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би Гуулингийн газрын даамлыг 2007 оноос хойш хийж эхэлсэн. Намайг ажил хүлээж авахад Э ХХК-ийн нэг гэрээ л байсан. Тэрний дагуу танайх газар эзэмшдэг юм байна хувийн хэргээ бүрдүүлээд өөрт байгаа материалыг надад явуулаач гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Жил болгон аж ахуй нэгж, иргэн гэрээ дүгнүүлдэг. Танайх материалаа бүрдүүлээд хувийн хэргээ бүрдүүлээд гэрээгээ дүгнүүлнэ үү гэдэг асуудлыг тавьсан. 2020 онд өмнөх Засаг даргыг байхад гэрээ дүгнүүлэх асуудлаар ярьсан байсан. Гэрээгээ өөрчилж, шинэчилсэн гэрээ байгуулмаар байна гэсэн байсан. Н.Т гуай та өөрөө ирээд Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурал дээр газар эзэмшлийн талаарх ерөнхий тайлангаа тавиад мэдээллээ хийгээд гэрээгээ шинэчилж байгуул гэсэн. Одоо хүртэл гэрээ байгуулсан, хувийн хэрэгт материал өгсөн зүйл байхгүй. Эхлээд Б гэж хариуцдаг хүн байсан. Б- тэй харьцаж байсан материалаа бүрдүүлж өг гэж хэлж байсан. Дараа нь Н.Т-тай харьцаж байсан. 17 жил газрын даамал хийхдээ Э ХХК-ийн захиралтай 1 удаа уулзсан. 2019 онд уулзаж байсан. Удаа дараа хувийн хэрэг бүрдүүлэх талаар ярьж хэлж байсан баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байна ямар тухай явж байна гэхэд гэрээгээ шинэчилнэ гэсэн. Гэрээ шинэчлэх асуудлаар ирж байгаа бол иргэдтэй уулзаад багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэр гаргаад ир гэсэн. Тэгээд дараа нь багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдахад хэлсэн чинь ирээгүй. 2007 оноос хойш манай ийм тариалалт хийсэн гэж ирээгүй. Түрүүчийн газар байгаа. Уг нь цагаан буюу цэнхэр гэрчилгээгээр эзэмшиж байсан. Түрүүчийн гэрчилгээ шинэчлүүл гэсэн шаардлага тавихад шинэчлээгүй. Материал бол байгаа гэсэн явуулчих гэхээр явуулдаггүй юм. Газрын төлбөрөө удаа дараа шаардуулж байж хийдэг. Ноднин татварын байцаагчаас данс аваад хийсэн байсан. Жилд 2-3, 4 удаа шаардлага тавиулж хийдэг байсан.

ҮНДЭСЛЭХ нь:

          ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсгүүд, Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар албан тоот, тус багийн нэр бүхий 319 иргэдээс ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй Э ХХК-ийн 1459 га /ХА-6, ХА-7, ХА-8-аас бусад талбай/ тариалангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

         Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын гуулин тосгоны нутаг дэвсгэрт орших услалтын системийг бэлэглэх гэрээ байгуулан бэлэглэгч “Ч А” ХХК-ны захирал Л.Д, иргэн Г.Т нар нь бэлэг хүлээн авагч Э ХХК-ийн өмчлөлд өөрсдийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн ******* сумын Гуулин тосгонд байрлах 65, 66 тоот гэрчилгээний дугаар, 0506000001, 0506000002 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий услалтын системийг шилжүүлсэн тул шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдож 2008 онд Ү-0506000007, Ү-0506000006 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн 000103053, 000103052 тоот гэрчилгээг гээгдүүлсэн тул дахин шинээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг авсан байна.  

           Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 36 дугаар захирамжаар Гуулин тосгоны усалгаатай системийн 1500 га талбайг Э ХХК-д 30 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан боловч мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Тариалангийн ХА-3 талбайгаас А Гуулин хоршоонд 50 га, эзэмшээгүй үлдсэн 1640 га талбайг ХА-1 талбайгаас эхлэн Э ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ******* сумын ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг үндэслэн 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаар захирамжийн хавсралтаар Э ХХК-д газар эзэмшүүлж, гэрээ байгуулсан.

         ******* сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа Э ХХК-ийн газар эзэмших хувийг хэрэгт 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээ байх бөгөөд газар өмчлөгчийг төлөөлж ******* сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан Б.Д, газар эзэмшигчийг төлөөлж Э ХХК-ийг төлөөлж Г.Т нар гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Газар эзэмших гэрээнд газар эзэмших зориулалт, хэмжээг цэцэрлэгт хүрээлэн байгуулах 50 га, зээргэнэ 200 га, тарваган шийр 5 га, чихэр өвч 500 га, малын тэжээл 335 га, хунчир 500 га нийт талбай 1590 га байхаар, газар эзэмшүүлэх хугацаа, газрын жилийн төлбөрийн хэмжээ, услалтын систем, барилга байгууламж суваг нь компаний өмч, сэргээн засаж тохижуулах талаар 1-т хамгаалалтын бүс бий болгох, 2-т хөрсийг салхины элэгдлээс хамгаалах зурвас байгууллах, 3-т хөрсийг сүүлийн үеийн технологоор эдлэгжүүлэх, 4-т жил бүр тариалах талбайг нэмэгдүүлж 10 жилд 1590 га бүрэн эзэмшинэ гэсэн байдлаар гэрээ байгуулсан байна.

          Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 34.8-т “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” 35.1.1-т “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасныг зөрчин Э ХХК нь газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу тухайн газрыг зориулалтын дагуу олон жил ашиглаагүй, газар эзэмших гэрээний биелэлтийг дүгнүүлж байгаагүй нь гэрч ******* сумын газрын даамал С.Нийн “...Гуулингийн газрын даамлыг 2007 оноос хойш хийж эхэлсэн. Намайг ажил хүлээж авахад Э ХХК-ийн нэг гэрээ л байсан. Тэрний дагуу танайх газар эзэмшдэг юм байна хувийн хэргээ бүрдүүлээд өөрт байгаа материалыг надад явуулаач гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Жил болгон аж ахуй нэгж, иргэн гэрээ дүгнүүлдэг. Танайх материалаа бүрдүүлээд хувийн хэргээ бүрдүүлээд гэрээгээ дүгнүүлнэ үү гэдэг асуудлыг тавьсан ...одоо хүртэл гэрээ байгуулсан, хувийн хэрэгт материал өгсөн зүйл байхгүй ...17 жил газрын даамал хийхдээ Э ХХК-ийн захиралтай 1 удаа уулзсан. 2019 онд уулзаж байсан ...2007 оноос хойш манай ийм тариалалт хийсэн гэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг, ******* сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн А/05 дугаар захирамжаар байгуулагдсан Гуулин тосгоны тариалан эрхлэгчдийн газар ашиглалтын байдалд үнэлэлт дүгнэлт гаргах, цаашид ашиглаж болох талбай судалгаа тооцоо гаргах ажлын хэсгийн тайлан, хариуцагч Г.Бгийн “...судалж үзэхэд үнэхээр олон жил ирээгүй байсан. Газрын даамлаас энэ байгууллага хууль ёсны дагуу эзэмшиж байгаа юм уу, хувийн хэргээ бүрдүүлсэн юм уу, эргэж харилцаа байдаг юм уу гэхэд харилцаа байдаггүй гэсэн. Газрын даамал шаардлага тавихад ирдэггүй. Гуулин багийн удирдлагууд ч шаардлага тавиад ирдэггүй ...Газрын даамал яриад та ирээд *******тай уулзаад гэрээгээ сунгуулаач, хувийн хэргээ бүрдүүлээч гэж ярьдаг...” гэсэн тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдож  байна.  

          Шүүхээс Э ХХК эзэмшлийн тариалангийн талбай болон услалтын системийн байгууламжид үзлэг хийхэд эвдэрч гэмтсэн бүрэн усаа хаадаг эсэх нь тодорхой бус усны сувагийн хуучин хаалт, бетон суваг нь элс шоороогоор дүүрсэн, сувагаар ус урсах боломжгүй болсон талбай дундуур байх усны суваг элс шороогоор дүүрсэн, тариалангийн талбай атаршиж мал бэлчсэн байдалтай тухайн услалтын системийн байгууламжийг тайлбарлаж мэдээлэл өгөх хариуцан хамгаалж байгаа ажилтан байхгүй /анх тухайн талбай дээр  2, 3 жилийн эмийн ургамал тариалж байхад ажиллаж байсан гэсэн нутгийн хүн хөндлөнгийн гэрчээр оролцов/ хуучин тариалж байсан зээргэнэ өвс байгалийн жамаар ургасан байгаа нь үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаар хэрэгт авагдсан байх тул Тариалангийн тухай хуулийн 3.1.2-т ““тариалангийн талбай” гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг”, 20 дугаар зүйлийн 20.3-т “Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно” гэж зааснаар Э ХХК тухайн тариалангийн талбайг зориулалтын дагуу олон жил ашиглаагүйн улмаас тариалангийн газар атаршисан, өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах, тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн *******д албан ёсоор мэдэгдэх зэрэг тариалан эрхлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”,  Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Гэрээг Газрын тухай хуулийн 34.8-д заасны дагуу жил бүр дүгнэхдээ сум, дүүргийн тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний санал, дүгнэлтийг тусгана”, 20 дугаар зүйлийн 20.3-т “Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно”, 20.4-т “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн ******* хүчингүй болгоно” гэж заасныг үндэслэн эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй Э ХХК-ийн 1459 га тариалангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамж нь  зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцэж байх тул захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй          байна.

          Мөн Захиргааны ерөнхий хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.3-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болохоор зохицуулснаар захиргааны байгууллагын зүгээс Э ХХК-тай газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэх, хувийн хэрэг бүрдүүлэх болон  тариалан  эрхлэлттэй холбоотой ямар үйл ажиллагаа явуулсан талаарх тайланг сонсох, уулзахаар удаа дараа хандаж байсан төдийгүй Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар  “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Б болон тус багийн нэр бүхий 319 иргэдээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэж Э ХХК-ийн “Тариалангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай”  А/68 дугаар захирамж гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.  

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ