Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0048

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төмөрхуяг, нэхэмжлэгчийн тайлбар Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ба нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 112/2021/0041/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн Экоплант ХХК-д холбогдох хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй.

3.1.1. Хариуцагч Засаг дарга А/68 захирамжаар “Э” ХХК-ийн эзэмшлийн тариалангийн талбайн ихэнх хэсгийг хүчингүй болохоор шийдвэрлэхдээ уг тариалангийн талбай нь усалгааны сувгуудаар хэрсэн тогтолцоотой болохыг харгалзаагүй болно. Мөн анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг судалж, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн холбогдох нотлох баримтуудад үнэлэлт өгсөнгүй.

3.1.2. Усалгааны сувгууд нь нийт 284,086 метр үргэлжилсэн янз бүрийн өргөнтэй, гол ба хуваарилалтын, түгээх болон хаягдлын сувгуудаас тогтсон юм (х.х 16-35). Усалгааны сувгуудын дэвсгэр газар нь Тариалангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т зааснаар газар тариалангийн бусад газар гэх ангилалд хамаардаг ба эрх зүйн дэглэмийн хувьд тариалангийн газрынхаас өөр буюу ашиглалтын зориулалт нь дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулах, ашиглах зориулалттай болно. Иймээс эрх зүйн хувьд уг газар дээр усалгааны сувгуудын байгууламж байгаа нөхцөлд дэвсгэр газрыг нь зориулалтын дагуу ашиглаж байна гэж үзнэ.

3.1.3. Шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үзлэгийнхээ тэмдэглэлд үндэслэж хийсэн “сувгаар элс, шороо дүүрсэн, ус урсах боломжгүй болсон” гэсэн дүгнэлт нь өрөөсгөл бөгөөд усалгааны сувгуудын дэвсгэр газрыг ашиглаж байгаа.

3.1.4. Уг усалгааны суваг нь тухайн газар орны байгалийн нөхцөлд жилийн дөрвөн улиралд элс шороогоор байнга дүүрч байдаг бөгөөд усалгаа хийх үед л элс шороог нь зайлуулах арга хэмжээ авдаг, олон наст ургамал тариалсантай холбоотойгоор гол төлөв хаврын улиралд угтуулах усалгаа хийдэг нөхцөл байдлыг шүүх шаардлагатай гэж үзсэн бол санаачилгаараа нэмж нотлох баримт цуглуулах зэргээр судалж, үнэлэлт өгсөнгүй.

3.1.5. Нөгөө талаар усалгааны сувгийг ашиглаагүй байсан ч дэвсгэр газрыг нь эзэмших эрхийг дээр дурдсанчлан Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуульд зааснаар хүчингүй болох үндэслэл болохгүй юм.

3.1.6. Иймд усалгааны сувгуудын дэвсгэр газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад хариуцагч тариалангийн газраас нь ялгаж салгалгүй, хүчингүй болгосныг зөвтгөсөн анхан шатны шүүхийн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад зөв үнэлэлт өгөөгүй, мөн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.1.7. Түүнчлэн нэхэмжлэгч компани өөрийн эзэмшлийн тариалангийн газрын зарим хэсгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаагүй гэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэлж, шийдвэрээ гаргахдаа холбогдох хуулийг зөв хэрэглээгүй.

3.1.8. Гуулингийн усалгаатай газар тариалангийн бүсийн ердийн тариалангийн талбай биш болно. Социализмын үеийн тодорхой зориулалтаар байгуулагдсан, үйл ажиллагаа алдагдалтай явуулж, улсаас татаас авдаг аж ахуй байсан бөгөөд зах зээлийн тогтолцоонд шилжих үеэс тариалалт хийхээ больж талбай нь нэгэнт атаршсан байсан тул дан ганц нэхэмжлэгч компанийг атаршуулсан гэсэн дүгнэлт хийсэн нь буруу.

3.1.9. Нэхэмжлэгч компани уг газрыг эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой эмийн ургамлын тариалалт явуулахаар авч тариалалт явуулж эхэлсэн. Тариалалтын горим нь хэдэн жилийн давтамжтай өнжүүлж тариалдаг учир нөөц талбайтай байсан боловч мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар гадаад зах зээлд эмийн ургамлыг нийлүүлэх боломжгүй болсноор орчин үеийн бага зардалтай усалгааны технологиор өөр төрлийн тариалалт хийх шаардлагатай болж, бэлтгэл ажлыг хангаад байсан юм.

3.1.10. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа үнэлэлт өгсөнгүй, санаачилгаараа холбогдох нотлох баримтыг цуглуулаагуй болно.

3.1.11. Харин анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр хэрэгт хамааралгүй боловч нэхэмжлэгч талыг буруутгах нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан болно.

3.1.12. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшил газраа зориулалтаар нь ашиглаагүй гэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасангүй.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар

3.2.1. Хариуцагч Засаг дарга Г.Баасанмаагийн 2021 оны А/68 дугаар захирамжаар хүчингүй болгосон нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эзэмшил газар дээр иргэн нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Усалгааны суваг багагүй талбай эзлэн байршиж байгаа бөгөөд маргааны зүйл болох захиргааны актын улмаас эдгээр өмчлөгчид нь үл хөдлөх хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн улмаас эдгээр иргэдийн хууь ёсны эрх, ашиг сонирхол илт хөндөгдөж байгаа болно.

3.2.2. Гэтэл анхан шатны шүүх эдгээр иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, эрхийг нь хангалгүй хэрэг, маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр гаргасан тайлбартаа

4.1. “Эколлант” ХХК нь анх 2002 онд Гуулин тосгоны захирагчид хандан хүсэлт гаргаж, Гуулингийн усалгаатай тариалангийн талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр 1500 га талбайг эзэмших эрх авч, ХА-6 ХА-7, ХА-8 дугаартай 131 га-д зээргэнэ, чихэр өвс зэрэг ургамал тариалж эхэлсэн боловч 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, талбайг атаршуулсан болохыг, хариуцагч миний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ажлын хэсэг, сумын Газрын даамал, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж үзэн, үнэн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр анхан шатны шүүхээс бодит байдалд нийцсэн шийдвэрийг гаргасан болно.

4.2. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сүүлийн жилүүдэд ган, зудын давтамж ойртож, цөлжилт хүчтэй явагдан, аймаг, сумын эдийн засгийн гол тулгуур, малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг эрсдэлээс хамгаалах, аймаг орон нутгийн малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлж, хадлан, тэжээлийн хэрэгцээгээ хангадаг болоход Гуулингийн 1898 га усалгаатай тариалангийн талбайг сэргээн засварлаж, ашиглах зайлшгүй шаардлагатай байгаа боловч нэг компани их хэмжээний талбайг эзэмших эрх аваад, олон жил зориулалтын дагуу ашиглахгүй атаршуулсан нь холбогдох хуулийг зөрчсөн, мөн орон нутгийн иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаа зэргийг харгалзан үзэж, иргэдийн саналын дагуу “Э” ХХК-ний газар эзэмших эрхийг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд цуцалсан болно. Хавтаст хэрэгт “Э” ХХК-ийн бүрдүүлсэн нотлох баримтуудаас харахад анхнаасаа зөрчилтэй бичиг баримт бүрдүүлэх замаар хууль бусаар газар эзэмших эрхийг авсан байгаа болно. Үүнд:

4.2.1. Тэрээр уг талбайг 2001 онд “Ч” ХХК-ны захирал Л.Д, иргэн Г.Т нараас бэлэглэлээр авсан тухай нотлох баримт бүрдүүлж өгсөн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа “Гуулин тал хоршооноос 1500 га газар байрлах 2 хэсэг үл хөдлөх хөрөнгө болох услалтын системийн байгууламжийг худалдан авахад манай компанид дагалдан ирсэн талбай болно” хэмээн мэдүүлсэн нь Монгол улсын төр засгаас тариалангийн талбайг иргэн, хуулийн этгээд хоорондоо худалдах, бэлэглэх эрхийг олгосон ямар нэгэн шийдвэрийг өнөөдрийг хүртэл гаргаагүй учир анхнаасаа хууль бус үйлдэл болно.

4.2.2. “Э” ХХК нь аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээ Монгол улсын Улсын бүртгэлийн газраас 2006 оны 05 сарын 24-ний өдөр авсан байгаа нь анх 2002 онд газар эзэмших хүсэлт гаргах үедээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх эрх үүсээгүй байхдаа холбогдох бичиг баримтгүйгээр газар эзэмших эрх авсан болохыг нотолж байна.

4.2.3. Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдорж нь “Э” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо анх 2002 оны 06 сарын 28-ны өдрийн 36 дугаар захирамжаар Гуулингийн усалгаатай тариалангийн талбайгаас 1500 га талбайг “Э” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргаж, тухайн үед Гуулин багийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ч, газрын даамал Б.Д нарт газар эзэмших гэрээ байгуулахыг үүрэг болгосон боловч, 2003 оны 12 сарын 02-ны өдрийн № 37 тоот захирамжийнхаа хавсралтаар иргэн Г.Т /“Э” ХХК/-Д олгосон талбайн хэмжээг 1898 га болгож нэмэгдүүлэн, өөрт олгогдсон албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, “Э” ХХК-д хэт давуу эрх олгосон хууль бус шийдвэр болно.

4.2.4. Д.П нь 2000 онд сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаад 2004 оны сонгуулиар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч 2006 оны 11 сарын 16- ны өдөр 0007465 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Э” ХХК-д хуурамчаар бичиж олгосон байгаа ба уг хуурамч газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн “Э” ХХК нь 2008 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байгаа болно.

4.2.5. Тус сумын газрын даамлаар 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж, 2007 оноос Гуулин тосгоны газрын харилцааны асуудлыг давхар хариуцаж байгаа С.Н-ийн газар эзэмшигч нь эзэмшил газрын хувийн хэрэг бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тавьсан олон удаагийн шаардлагыг биелүүлээгүй нь дээрх зөрчил бүхий бичиг баримтуудаа өгөх боломжгүй байсантай холбоотой гэж үзэж байна.

4.3. “Э” ХХК нь Гуулингийн 382 га талбайн усалгааны ажлыг хийхээр 2004 онд 70 сая төгрөгийн дэмжлэг авсан боловч юу ч хийлгүй 16 жил болчхоод бид тариалангийн талбайг сэргээх гэж байтал эзэмших эрх цуцаллаа гэсэн үнэн байдалд нийцэхгүй гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

4.4. Нэхэмжлэгч гомдлын үндэслэлдээ “... уг тариалангийн талбай нь усалгааны сувгуудаар хэрсэн тогтолцоотой болохыг харгалзаагүй ... анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг судалж ... нотлох баримтуудад үнэлэлт өгсөнгүй” гэжээ.

4.4.1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” үүрэгтэй бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмшээгүй нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, шүүхээс газар дээр хийсэн үзлэг, сумын Засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлаас удаа дараа мэдэгдэж байсан мэдэгдлүүдээр нотлогддог.

4.4.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч компани 2003 онд “Газар эзэмших гэрээ”-г байгуулан 50 га цэцэрлэгт хүрээлэн, 200 га зээргэнэ, 5га тарваган шийр, 500 га чихэр өвс, 335 га малын тэжээл, 500 га хунчир гэж зориулалтын гэрээнд зааж эзэмшүүлсэн байдаг.

4.4.3. Мөн гэрээнд заасан нөхцөл, болзол нь хамгаалалтын бүс бий болгох, хөрсийг салхины элэгдлээс хамгаалах зурвас байгуулах, хөрсийг сүүлийн үеийн технологиор эдлэгжүүлэх, жил бүр тариалах талбайг нэмэгдүүлж 10 жилд 1590 га бүрэн эзэмшинэ гэсэн байдлаар тохирч байгуулсан.

4.4.4. Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээнд зааснаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд гэрээний нөхцөл, болзлыг биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн юм.

4.4.5. Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна” гэж заасны дагуу газар нь төрийн өмч бөгөөд газар дээрх услалтын систем, барилга байгуулж суваг нь компанийн өмч юм. Хариуцагчийн хувьд компанийн өмчийн талаар маргаан гараагүй бөгөөд зөвхөн газрыг хуулийг дагуу эзэмших, ашиглахтай холбоотой хуулиар олгосон эрхийн хүрээнд шийдвэр гаргасанд нь захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Хувийн өмчийн маргаан бус төрийн мэдлийн газар маргаан гэдгийг онцлох нь зүйтэй байна.

4.5. Нэхэмжлэгч нь гомдлын үндэслэлдээ “өөрийн эзэмшлийн тариалангийн газрын зарим хэсгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаагүй гэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэлж шийдвэрийг гаргахдаа холбогдох хуулийг зөв хэрэглээгүй” гэж дурджээ.

4.5.1. Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна” гэж заасан бөгөөд Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т тариалангийн газрын ангиллыг хуваасан байдаг. Үүнд тариалсан газар, уриншилсан газар, өнжөөсөн газар, атаршсан газар, тариалангийн талбайн эргэлт, ашиглалтын зурвас, тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас, тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газар зэрэг долоон төрөлд тодорхойлсон.

4.5.2. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг “ердийн тариалангийн талбай биш” гэсэн ойлголт холбогдох хууль, тогтоомжоор тогтоогоогүй, ялгамжтай зааглаж, тусгай эрх эдлүүлэхээр заагаагүй болно.

4.5.3. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно", 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй.

4.5.4. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаан байсан эсэхийг ойлгоно”. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг “газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Мөн энэхүү маргаан нь газрыг зөвхөн 2 жилийн биш өнгөрсөн 15 жилийн хугацаанд ашиглаагүй байгаатай холбоотой юм.

4.5.5. Нэхэмжлэгч уг нөхцөл, байдлаа нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” бүрэн эрхтэй боломжтой байсан боловч шүүх нотлох баримтыг цуглуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.5.6. “Хүчингүй болгосон газар дээр Н.Т, Ё.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох усалгааны суваг багагүй талбайг эзлэн байршдаг тул ... гуравдагч этгээдээр оролцуулж, эрхийг нь хангаагүй” гэж дурджээ.

4.5.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан. Харин энэхүү хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол Говь-алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн А/68 дугаар захирамж буюу “Э” ХХК-ийн эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан юм. Харин иргэн Н.Т, Ё.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох усалгааны сувагтай холбоотой шийдвэрийг гаргаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Тариалангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/68 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

2.2.1. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.

2.3. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч “Э” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу маргаан бүхий газрыг 2 жил дараалан ашиглаагүй тухайд маргаж байх ба тус тариалангийн талбайд байх маргаан бүхий тариалангийн талбайтай салшгүй холбоотой услалтын систем байрлах газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэхэд маргааны гол үйл баримт оршиж байна.

2.4. Гэтэл анхан шатны шүүх “...”Э” ХХК тухайн тариалангийн талбайг зориулалтын дагуу олон жил ашиглаагүйн улмаас тариалангийн газар атаршсан, өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах, тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх зэрэг тариалан эрхлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” хэмээн дүгнэн хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ бүхий усалгааны систем нь маргаан бүхий газартай ямар хамааралтай болохыг тодруулж, энэ талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

2.5. Түүнчлэн нэхэмжлэгчээс “маргаан бүхий газрын эзэмших эрх нь “Гуулин тал” хоршооноос нийт 1500 га газар дээр байрлах 2 хэсэг үл хөдлөх эд хөрөнгө болох услалтын системийн байгууламжийг худалдан авахад манай компанид дагалдаж ирсэн ... иймд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн өмчлөлийн зүйл болох улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй салшгүй холбоотой газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бидний хувийн өмчлөх эрхэд халдсан хууль бус шийдвэр” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар тайлбарлаж байхад маргаан бүхий газар дээр байрлах услалтын системийн бусад өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд захиргааны байгууллагын шийдвэр хэрхэн халдаж байгаа талаар тодруулж, хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

2.5.1. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-0506000006, Ү-0506000007 дугаар бүхий гэрчилгээнээс үзвэл маргаан бүхий газарт байрлах услалтын системийн байгууламж нь “Э” ХХК, Н.Т болон Б.Б нарын нэр өмчлөлд байх бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж буй тохиолдолд Б.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэх нь ойлгомжгүй, анхнаасаа анхан шатны шүүх өмчлөгч Б.Б-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тодруулах ажиллагааг хийгээгүй, үүнээс хамаарч хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

2.6. Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ