Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1012

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б, Ц.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Бүжинлхам,

          шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1473 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 46 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч С.Б, Ц.С нарт холбогдох ........................ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. .........................., 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, ......................н, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ...............................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

 

2. .Ц.С, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./;

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 9 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч сууллагдсан;

 

С.Б нь Ц.Стай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

Ц.С нь С.Бтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий бус бүрэн хангасан байхыг заасан бөгөөд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасньг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь “...компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан...” гэх шинжийг нарийвчлан заажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Б болон хохирогч Б.Мын гар утасны дугаарын ярьсан болон илгээсэн мессежний жагсаалт авагдсан бөгөөд хууль бусаар илгээгдсэн мэдээлэл болон агуулгын талаар ямар нэг нотлох баримт авагдаагүй, мөн гар утасны дугаар нь компьютерийн систем гэх ойлголтод хамаарах эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заажээ. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 114 дугаартай яллах дүгнэлтэд “...Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч...” хэмээж хохирогчоор Б.Мыг тогтоожээ. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Мобиком Корпораци ХХК-ийн албан бичигт “... Дугаарын сим карт нь манай байгууллагын өмч болно...” /хх 2х 116/ гэх, мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичигт “...сим карт нь үйлчилгээ эрхлэгчийн хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу тухайн компанийн эзэмшилд хамаардаг...” /хх 2х 120/ гэх зэрэг нотлох баримтуудаас үзэхэд гар утасны дугаарын эзэмшигч нь хэн болох, улмаар гэмт хэргийн хохирогч хэн болох, гэмт хэргийн улмаас хэнд, ямар хохирол учирсан болох нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульчлан заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч С.Б, Ц.С нар нь хэрхэн яаж бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох хохирогч Б.Мын иргэний үнэмлэхний хуулбарыг хэн хэрхэн яаж олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийж тогтоох шаардлагатай.

- Гэрч Э.Галбадрал мэдүүлэхдээ “2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан, ...явахаасаа 2-3 хоногийн өмнө 351543045732094 IМЕI кодтой гар утас буюу шүүгдэгч С.Бын эхнэр М.Нарангаравын гар утсыг хохирогч Б.Мт өгсөн, түүнээс хойш дахиж энэ утсыг ашиглаагүй” /хх 2х 59-61/ гэж бодит байдлаас илтэд зөрүүтэй мэдүүлсэн болох нь 351543045732094 IМЕI кодтой гар утсанд өөрийн ашиглаж байсан 99113285 дугаарын сим картыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15 цагт хийж ашигласан баримт /хх 1х 82/ хэрэгт авагдсан байна. Мөн Э.Галбадралын ашиглаж байсан гэх 99113285 дугаар, шүүгдэгч Ц.Сын 91117570 дугааруудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд ярьсан талаар дэлгэрэнгүй лавлагаа авагдсан /хх1х132-133/ байх тул гэрч Э.Галбадралын мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны дараа дээрх нотлох баримтуудыг үнэлэх, дүгнэх бүрэн боломжтой.

- Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотлож чадаагүй энэхүү гэмт хэрэг үйлдэх ямар шалтгаан байсан нь тодорхойгүй учир мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.С, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1473 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль хэсэгт заасан үндэслэл, хуулийн зүйл, хэсгийг баримталж буцааж байгаа нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагатай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч С.Б болон хохирогч Б.Мын гар утасны дугаарын ярьсан болон илгээсэн мессежийн жагсаалт авагдсан бөгөөд илгээгдсэн мэдээлэл болон агуулгын талаар ямар нэг нотлох баримт авагдаагүй, мөн гар утасны дугаар нь компьютерийн систем гэх ойлголтод хамаарах эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Түүнчлэн энэ гэмт хэргийн хохирогч хэн болох, гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилсан ба 26.1 дүгээр зүйл “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл дамжуулж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан” байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинж гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын албан бичиг /хх-ийн 2-р хавтас 102, 121-р хуудас/ Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг /хх-ийн 2-р хавтас 116 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтаар гар утасны цахим төхөөрөмж буюу сим карт нь компьютерын төхөөрөмжид хамаарагдана гэснээс үзэхэд гар утасны цахим төхөөрөмж буюу сим карт нь эд хөрөнгө болохын хувьд Мобиком корпорацийн өмч болох нь батлагдаж байна.

Харин сим карт-д хадгалагдаж, агаарын орон зайгаар дамжин бусдад хүрч байгаа мэдээлэл нь хууль журам, гэрээний дагуу төлбөрийг төлж, сим картыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн Б.Мын хувийн мэдээ, мэдээлэл буюу эзэмшигчийн хувийн эрх болох нь тодорхойлогдсон.

Цахим төхөөрөмж, түүгээр дамжиж байгаа мэдээллийн аюулгүй байдал алдагдсанаар Б.Мын “халдашгүй байх” хувийн, салшгүй эрх ашигт хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирол нь эд хөрөнгийн өмчлөгчийн эрх бус, хувь хүний “халдашгүй байх эрх” гэж хэрэгт нотлогдсон үйл баримтад прокурор хууль зүйн дүгнэлт хийсэн, “гар утасны дугаар нь компьютерын систем гэх ойлголтод хамаарах эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай” гэсэн зарчмын өөр агуулга бүхий дүгнэлтийг шүүх хийсэн нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”-н зэрэгцээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр Мобиком компаниас 99190099 дугаарыг утсанд эзэмшигчийн харилцаа холбооны цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын утас /сим карт/-наас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гадагш ямар агуулгатай мэдээлэл /мессеж/ дамжуулсныг тогтоох боломжгүй талаар тодорхой дурьдсан баримт хэрэгт авагдсан байхад дамжуулсан мэдээллийн агуулгын талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэргийн хэд хэдэн шинж буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын системд санаатайгаар, хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэх шинжүүд С.Б, Ц.С нарын үйлдэлд нотлогдсон, мэдээллийн агуулга гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэдэгт анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн.

З. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг шүүгдэгч С.Б, Ц.С нар хэрхэн яаж бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох, хохирогч Б.Мын иргэний үнэмлэхний хуулбарыг хэн хэрхэн яаж олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэснийг мөн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын цахим төхөөрөмж /сим карт/-ийг сэргээхэд ашигласан иргэний үнэмлэхний хуулбар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шүүгчийн хувийн хэрэгт хадгалагдаж байсан хуулбар хувиас дахин хуулбарлагдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд энэ талаар холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авах, иргэний үнэмлэх, хувийн хэрэг хадгалагдаж байсан газарт үзлэг хийх зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг бүрэн явуулсан.

4. Шүүх хуралдааны явцад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг тодорхой нотлох баримт гаргаж өгөөгүй, зөвхөн өөрсдийн гэм бурууг зөвшөөрөхгүй талаар тодорхой нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүйгээр маргасан шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн, шүүгдэгчдийн “гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй” гэж дүгнэсэн үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх шүүгдэгчдийн “гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй” гэж дүгнэсэн тохиолдолд тэднийг цагаатгах эрхтэй байтал хэргийг прокурорт буцаасан нь илт үндэслэл муутай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх”, “гэм буруугүйд тооцох” зарчмыг ноцтой зөрчиж байна.

5. Шүүхээс гэрч Э.Галбадралын “бодит байдлаас илт зөрүүтэй мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, гэмт хэрэг үйлдэхэд оролцоо байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох” агуулга бүхий заалтыг захирамжид дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Учир нь:

Шүүх хуралдаанаар гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүгдэгч нар нь С.Б, Ц.С нар юм. Гэтэл шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчдээс өөр хүний гэм буруугийн талаар шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “тухайн шүүгдэгчийн хувьд” гэсэн “хэмжээ хязгаар”-ыг давсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж буй хэлбэр болохын зэрэгцээ шүүх яллах, өмгөөлөх талын мэтгэлцээнд дүгнэлт хийж шийдвэр гаргах дундын байр суурьтай байх зарчмыг алдагдуулж, яллах талыг баримталсан явдал гэж үзнэ.

Түүнчлэн яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй, прокуророос үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлаас илт зөрүүтэй мэдүүлсэн гэж шүүх өөрөө дүгнэлт хийсэн гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах гэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1473 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ... гэв.

 

Шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1473 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь техникийн хэллэг, мэдээлэлтэй холбоотой асуудал учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тусгай мэдлэг шаардлагатай тул шинжээч томилж, дүгнэлт гаргаж байж эцэслэн шийдвэрлэх боломжтой. Прокурорын зүгээс 2 дугаар хавтас хэргийн 120-121 дүгээр хуудсанд авагдсан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын албан тоотыг үндэслэж дээрх шүүгдэгч нарыг яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй. ... гэв.

 

Шүүгдэгч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэлэх зүйлгүй. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн С.Б, Ц.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл муутай байна. 

 

Нийслэлийн прокурорын газраас С.Б нь Ц.Стай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэмт хэрэгт,

Ц.С нь С.Бтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана... гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

 

Хэрэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасан зохицуулалтын хүрээнд талууд гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүх, С.Б, Ц.С нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокурорын шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон яллагдагч нарын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнээд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, С.Б, Ц.С нарт холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1473 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б, Ц.С нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч С.Б, Ц.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ