Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 181/2019/02340/И |
Дугаар | 001/ХТ2021/01351 |
Огноо | 2021-11-04 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2021/01351
Б.Бямбаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02602 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 451 дүгээр магадлалтай,
Б.Бямбаагийн нэхэмжлэлтэй,
С.Баатарт холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх, ашиглалтын зардалд 436,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Баатарын хүсэлтээр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 8-3-т байгаа ажлын байрыг 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс зүсвэр тавилгын үйлдвэрийн зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн. С.Баатар түрээсийн төлбөрийг хугацаанд нь өгдөггүй, 2-7 сараар хугацаа алдаж өгдөг, төлбөр авах, байр чөлөөлж өгөх шаардлага тавихад хэл амаар доромжлон элдвээр айлган сүрдүүлдэг. 2018 оны 6 сараас эхлэн өнөөг хүртэл ямар ч түрээсийн гэрээгүй байрыг эзэгнэн сууж тэвчихэд бэрх үг хэл үйлдлээр доромжлон дарамтлах боллоо.
Иймд 2019 оны 11 сар хүртэлх түрээсийн төлбөр гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 436,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Баатар шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 11-р сарын 10-ны өдрөөс түрээсэлсэн ба бичгээр гэрээ байгуулж 6 жил гаруй хугацаанд түрээсэлсэн. 1 сарын төлбөрт 1.900.000-2.400.000 төгрөгийг төлж байсан. Энэ гэрээ болон гэрээний сунгалтуудаа Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлдэггүй. Мөн дулааны мөнгө, түрээсийн мөнгөний баримт шаардахад 1 ч баримт үзүүлэхгүй тэр чамд хамаагүй гэж хэлдэг. Би түрээсийн гэрээгээр олон жил үйл ажиллагаа явуулсан ба байрыг чөлөөлж өгөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02602 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-д зааснаар хариуцагч С.Баатарын ашиглалтаас Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 8-3 тоот хаягт байрлах 94 мкв төвийн дулаан цэвэр ус бүхий 24 мкв ажлын байр, 96 мкв материалын агуулахыг хашааны хамт чөлөөлж, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбаад тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 436,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 298,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 451 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492.3-д гэснийг 106 дугаар зүйлийн 106.1-д гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягдагбадам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02602 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 21-ны өдрийн 451 тоот магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй. Хавтаст хэргийн 8-9 хуудсанд Ажлын байрны түрээсийн гэрээ нь 2016 оны 11 сарын 01-нээс 2017 оны 10 сарын 30 хүртэл 1 жилээр, 10-11 хуудсанд 2018 оны 05 сарын 01- нээс 2018 оны 06-р сарын 01 хүртэл бичгэн гэрээтэй байхад 2019 оны 4 сар гэж буруу дүгнэсэн. Магадлалын 4 хуудсанд 492-р зүйлийг баримталсныг өөрчилсөн мөртлөө 5 хуудсанд анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 492-р зүйлийг хэрэглэсэн нь зөв гэж эсрэг шийдвэр гаргасан. Талуудын хооронд бичгэн гэрээ байхгүй байхад 2019 оны 5 сараас 11 сар хүртэл 7 сарын хугацааны 14.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 172 зүйл, 172.2.1 зүйлд зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02602 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 21-ны өдрийн 451 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Бямбаа нь С.Баатарт холбогдуулан 2019 оны 5-11 сарын түрээсийн төлбөр, ашиглалтын зардал 436,000 төгрөг нийт 14,436,000 төгрөг гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээний сунгалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй... гэж маргажээ.
Зохигчийн хооронд байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээгээр хугацааг 2016.11.01-нээс 2017.10.30-ны өдөр хүртэл байхаар тохирсон, 2018.05.01-нээс 2018.06.01-ний өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан, С.Баатар нь одоог хүртэл уг байранд үйл ажиллагаа явуулж байгаа талаар маргаангүй.
Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ болгон маргаж буй гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т ...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ болохыг шүүхүүд зөв дүгнэсэн байна.
Иймд хариуцагчийг хууль болон гэрээний үндсэн дээр бусдын эд хөрөнгийн эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, С.Баатар нь ашиглах, эзэмших талаар өмчлөгч Б.Бямбаатай харилцан тохиролцсон аливаа гэрээ хэлцэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг нь эзэмшилдээ байлгаж, үргэлжлүүлэн ашиглаж байгаа нь тогтоогдсон.
Шүүх ...хөрөнгийг гэрээгүйгээр ашигласан... гэж дүгнэн, 14,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна гэж заасанд нийцсэн байна.
Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар түрээсийн хөрөнгө ашиглалтын зардал 436,000 төгрөг гаргуулах шаардлага, үндэслэлээ өөрөө нотлоогүй, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
Анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй алдааг залруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг баримталсныг 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг болгон өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болно.
Шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 451 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН