Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00895

 

 Ч.Батбэлэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1131 дүгээр магадлалтай,

Ч.Батбэлэгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.21-ний өдрийн 3538 дугаар шийдвэрээр 110,200,118 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу хариуцагч байгууллага нь хамтран өмчлөлийн 5 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, зах зээлийн үнээс бага үнэлсэн. Дээрх орон сууцанд 2019 оны 07 сард 35,000,000 төгрөгөөр иж бүрэн засвар хийсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний компанийн сонголт судалгаа хийлгэхгүй, санал болгохгүйгээр харилцагч компаниар үнэлгээ хийлгэсэнд гомдолтой байна. Иймээс шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.21-ний өдрийн 3538 дугаар шийдвэрээр Ч.Батбэлэг, Т.Батзаяа нараас 110,200,118 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Батбэлэг, Т.Батзаяа нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, VI хороо, XIII хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 29 дүгээр байр, 22 тоот 125.13 м.кв 5 өрөө орон сууцыг 2019.08.20-ны өдрийн 19261195/5 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019.12.20-ны өдрийн 19261195/5 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 312,500,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар үнэлүүлсэн. 2020.01.17-ны өдрийн 4/1753 дугаар мэдэгдлээр дээрх орон сууцыг үнэлсэн 242,900,000 төгрөгийн үнэлгээг төлбөр төлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2020.01.20-ны өдөр төлбөр төлөгч Ч.Батбэлэг нь бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ч.Батбэлэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026526 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, VI хороо, XIII хороолол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байр 22 тоот хаягт байрлах, 125.13 м.кв талбайтай, 5 өрөө бүхий орон сууцыг 242,900,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Батбэлэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Батбэлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1131 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дугаатай шийдвэр болон 2020.05.25-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх нэхэмжлэгч болон төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нарын хооронд орон сууцны үнэлгээний талаар маргаантай байгаа байдлыг харгалзан нягталж үзээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр нь орон сууцны үнэлгээ хийлгэхээр шинжээч томилохдоо нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдээгүй, үнэлгээний компанийн талаар сонголт хийлгээгүй, санал болголгүйгээр төлбөр авагч компанитай үгсэж өөрсдийн хамаарал бүхий үнэлгээний компаниараа /Мөнх-Оргил трейд ХХК/ үнэлгээ хийлгэж, манай орон сууцыг үнэгүйдүүлсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гарган маргаж байхад шүүх энэ талаарх нөхцөл байдлыг тодруулж хянан үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэлгээн дээр талууд маргаантай байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилохдоо талуудад мэдэгдэж, улмаар үнэлгээний компаниудын талаар мэдээлэл өгч саналуудыг нь авч, оролцогч нарт адил тэгш эрхийг нь эдлүүлж, талуудад хамааралгүй компанийг сонгож үнэлгээ хийлгэх, шинжээч томилох ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч талд энэ талаар огт мэдэгдэлгүйгээр төлбөр авагчтай үгсэн хуйвалдаж үнэлгээ хийлгэсэн нь нэг талд үйлчилсэн хууль зөрчсөн үйлдэл болсон, гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс бидний эрх ашиг ноцтой хөндөгдөж байгаад маш ихээр гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дугаартай шийдвэр болон 2020.05.25-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Батбэлэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026526 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, VI хороо, XIII хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 29 дүгээр байрны 22 тоот, 125.13 м.кв талбайтай, 5 өрөө бүхий орон сууцыг 242,900,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Ч.Батбэлэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03538 шийдвэрээр Ч.Батбэлэг, Т.Батзаяа нараас 110,200,118 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн, 2019.04.23-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч нь 2019.05.22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч нарт 2019.06.17-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн, улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, VI хороо, XIII хороолол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 125.13 м.кв талбайтай, 5 өрөө бүхий орон сууцыг хуульд заасны дагуу битүүмжилж, хураан авсан үйл баримт тогтоогджээ.

Төлбөр төлөгч дээрх үл хөдлөх эд хөрөнгөө 312,500,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй байх тул шийдвэр гүйцэтгэгч нь 2020.01.06-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчийн 242,900,000 төгрөгөөр тогтоосон  хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгчид 2020.01.17-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагчийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилохдоо үнэлгээчин Б.Эрдэнэбаатарт 2020.01.06-ны өдөр шинжээчээр ажиллахад татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар урьдчилан тодруулж, эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн ...шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилохдоо нэхэмжлэгчид мэдэгдээгүй, үнэлгээний компанийн талаар сонголт хийлгээгүй, санал болголгүйгээр төлбөр авагч компанитай үгсэж өөрсдийн хамаарал бүхий үнэлгээний компаниараа үнэлгээ хийлгэж, орон сууцыг үнэгүйдүүлсэнд гомдол гарган маргаж байхад шүүх энэ талаарх нөхцөл байдлыг тодруулж хянан үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн хамаарал бүхий компани гэснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1131 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН