Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 174

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Я.Б-д холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, хариуцагч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт 1988 оноос хойш боловсролын үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байгаа ба аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/328 дугаар захирамжаар 060704001 дугаар бүхий 20551.0 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар олгон, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ашиглаж байна. Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшиж байгаа газрын хашаа руу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоотод оршин суух иргэн Я.Б 32 метр урттай хашаагаа 2.7 метрээс 7.4 метрээр сунган хатгасан юм. /Нийт 161.6 м.кв/ Иргэн Я.Б-д эзэмшлийн газрыг /хашааны/ чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл тухайн газрыг чөлөөлж өгөөгүй байна. Иймд иргэн Я.Б-ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоот хашааны газраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хашаагаа сунгаж хатгасан, Я.Б гуай мөн хашаа хатгасан гэдэг асуудал сүүлийн жилүүдэд маргаантай хэвээр байгаа. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргаж эцэслэн шийдвэрлүүлье гэсэн хүсэлттэй байгаа юм. Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв аймгийн Засаг даргын захирамжаар олгосон газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүрээнд эзэмшил газраа тодотгох, өнгөрсөн онд төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос зохион байгуулсан ажлын хүрээнд газар, үл хөдлөх хөрөнгө шугам сүлжээг төрийн өмчид дахин бүртгэх ажил хэрэгжиж эхэлсэн. Энэ зүйлийн хүрээнд маргаантай асуудлыг шийдвэрлэх талаар хүсэлт гомдол гаргаад явж байгаа. Гомдолтой холбоотой асуудал дээр хашаа түрүүлж хатгасан гэдэг зүйл ярьдаг. Манай хашаа, Я.Б-ын хатгасан хашаа хоёрын хооронд зөрүү байхгүй. Гэхдээ хэн нь хууль ёсны газар эзэмшиж байгаа, хэн нь газар эзэмшихгүй байгаа гэдэг асуудлыг тодруулъя гэсэн үүднээс шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа. Хэн нэгэн дуртай этгээд нь газар авч хашаа хатгадаг. Тэрийг далимдуулж хашаа хатгадаг улмаар төрийн өмчийн сургууль цэцэрлэг рүү дайрдаг зүйл байхгүй. Я.Б гуайгаас тусдаа хашаа хатгах гээд зураас татсан хүмүүс байгаа учир үүнд санаа зовж энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Манайх 1988 оноос хойш газар эзэмшээд 2013 онд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших гэрчилгээ сунгаад ашиглаж байгаа. Хашаа сунгасан хатгасан гэдэг асуудал 2013 онд хийгдсэн асуудал. 2013 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн автомашин засвар дадлагын газраа хэмжүүлж аваад 2014 онд барилга баригдаж эхэлсэн. Энэ хэмжээгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар барилгын зөвшөөрөл өгдөг ажил хийсэн. Я.Б нь 2008 оноос хойш энэ газарт хашаа хатгаж амьдарсан гэж хэлдэг ч гэсэн газар эзэмших гэрчилгээг нотлох баримтаар ирүүлснийг харахаар зөвхөн барилгын хэмжээгээр газар өгсөн байдаг. Хэрэв нотлох баримт дээр харагдаж байгаа шиг газар өгсөн бол бид нар сунгасан хэмжээгээр газар эзэмшинэ гэдэг санал тавьсан. Аймгийн удирдлагууд ямар нэгэн хүний эрх ашиг хөндөгдөхгүй байгаа тохиолдолд бид дэмжинэ гэдэг хариу өгсөн. Иймээс хуулийн хүрээнд, нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл Я.Б-г энэ газрын газар эзэмшигч гээд нотлох баримт байхгүй. Мөн орон сууцны хэмжээгээр эзэмшиж байгаа газар нь хүчингүй болсон. Иймээс хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Я.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 2008 оноос хойш Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдалын 4-3 тоотод байрлах газарт хашаа барьж амьдарсаар өдийг хүрсэн. 2013 онд МСҮТөвийн бохирын шугамын ажил шинээр хийгдэх болсноос иргэн Б, Д нарт, мөн МСҮТөвийн хашааг ажил явуулах зорилгоор чөлөөлөх мэдэгдэл өгөн МҮСТөв хашаагаа буулгасан. Я.Б миний бие барилга барихаар хураасан палк модоо зөөж холдуулсан. Буцааж хашаа хатгахад би хуучин хашааны суурийн дагуу бетон хашаа барьсан. МСҮТөв манай зүүн талаар гадагш нь 2.7 метр сунгаж баруун талаар 7.4 метр сунгаж манай хашаанд тулгаж барьсан. Иймд миний зүгээс МСҮТөвийн газарт оруулж бариагүй болно. Харин МСҮТөв өөрөө дур мэдэн хашаагаа хойш нь сунгаж барьсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь намайг өөрсдийнх газар руу оруулж хашаа хатгасан гэж үзэн шүүхдэж эхэлсэн. Есөнбулаг сумын захиргаанаас тухайн газрыг анх надад Б зэрэглэлийн газраар олгосон байсан. Холбогдох баримтыг өмнөх захиралд нь хуулгаар гаргаж өгч байсан. Миний газар 2 удаа хүчингүй болж цуцлагдаж байгаа. Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн кадастрын зурагтай газар руу ороогүй гэдэг тайлбараа хэлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Я.Б-д холбогдуулан газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ иргэн Я.Б-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлнэ гэжээ. 
Хариуцагч Я.Б нь миний зүгээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн газарт оруулж бариагүй, харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв өөрөө дур мэдэн хашаагаа хойш нь сунгаж барьсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ. 
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь тус аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/328 дугаартай захирамжаар нэгж талбарын 060704001 дугаар бүхий 20551.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай боловсролын үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон болох нь төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/328 дугаар захирамж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаар тогтоогдож байна. /хх-ийн 3-12-рт/
Хариуцагч Я.Б-д Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар Жаргалант багийн нутаг дэвсгэрт 77.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 40-46-рт/
Улмаар тус аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/446 дугаар захирамжаар Я.Б-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. /хх-ийн 47-48-рт/
Хэргийн зохигчид нь хариуцагч Я.Б-ын газар эзэмших эрхийн бүртгэл дээр маргадаггүй бөгөөд харин маргаан бүхий 161.6 м.кв газрыг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь эзэмших эрхтэй эсэх, хэрэв эрхтэй бол уг газар руу хариуцагч Я.Б нь хашаа хатгасан эсэх нь маргааны зүйл болж байна. 
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар “...Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ...” гэж, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй...” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй...” гэж, 106.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна...” гэж, 106.4 дэх хэсэгт “...Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна...” гэж тус тус заажээ. 
Өөрөөр хэлбэл хууль ёсны эзэмшигч өмчлөгчийн нэгэн адил эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна. Ингэхдээ эхлээд эрх зөрчсөн этгээдээс үйлдлээ зогсоохыг шаардах, хэрэв шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 
Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн маргаж буй 161.6 м.кв газарт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, хариуцагч Я.Б нарыг оролцуулан үзлэг хийж, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр хэмжилт хийлгэсэн болно.
Маргаан бүхий 161.6 м.кв газрын давхцаж байгаа гэх магадлалтай эргэлтийн 4 цэгийн координат /UTM – WGS1984 -46N 10049 цэг x- 5141069.151 y-750068.289 h-2160.060, 
10050 цэг x-5141062.523 y-750071.039 h-2159.930
10051 цэг x-5141076.349 y-750099.569 h-2159.694
10052 цэг x-5141078.685 y-750098.529 h-2159.717
UTM- WGS1984- 47N
10049 цэг x- 5139600.251 y-288649.485 h-2160.060, 
10050 цэг x-5139593.452 y-288651.721 h-2159.930
10051 цэг x-5139605.060 y-288681.161 h-2159.694
10052 цэг x-5139607.505 y-288680.282 h-2159.717/. /хх-ийн 92-93-рт/
Уг хэмжилтээр нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь тус аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/328 дугаартай захирамжаар олгосон газраас илүү сунгаж хашаагаа  хатгасан болох нь тогтоогдож байна. 
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...” гэж, 27.3 дахь хэсэгт “...Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна...” гэж, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно...” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь маргаан бүхий 161.6 м.кв газрыг эзэмших эрхгүй, өөрөөр хэлбэл өөрт олгогдсон газраас илүү гаргаж хашаагаа сунгаж хатгасан байх тул нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн газар чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хангах нь үндэслэлгүй байна. 
Учир нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн газар эзэмших эрх нь зөрчигдөөгүй байна. 
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд “...Захирамжаар тавьсан кадастрын зураг өмнөх зураг гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд манай газрын эзэмшиж байгаа газрын хэмжээ барилгын зургаар 2013 онд барилгын ажил эхэлсэн байсан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь кадастрын хэмжээг өөрчлөөгүй байна гэж үзэж байгаа...” гэж тайлбарлаж байх боловч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшиж буй газрын хэмжээг өөрчилсөн, нэмэгдүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь “...Я.Б-г тухайн газрыг эзэмших хууль ёсны хүн нь биш...” гэж маргаж байх боловч маргаан бүхий газрыг зохигчдын хэн нь ч эзэмших эрхгүй тул газар чөлөөлүүлнэ гэж маргах эрхгүй байна. 
Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хариуцагч Я.Б-д холбогдуулан гаргасан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хариуцагч Я.Б-д холбогдуулан гаргасан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ