Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1038

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор И.Ариунсанаа,

          шүүгдэгч Ө.У, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн,

          нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ө.Уд холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө.У, 1995 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ........................... оршин суух бүртгэлтэй боловч ........................ тоотод оршин суух,

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:................../;

 

Ө.У нь 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 14 дүгээр гудамжны 10б-ийн 509а тоотод оршин суух гэртээ О.Төмөрцоожийг хэвлий хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харцага овогт Өлзийбаярын Ө.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Харцага овогт Өлзийбаярын Ө.Уг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө.Уд 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 209 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ө.У нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 хэмжээтэй “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шил 2 ширхэг, “Хараа” гэсэн бичиглэлтэй архины хагархай шил 1 ширхэг, “Ерөөл” гэсэн бичиглэлтэй 100 грамм хэмжээтэй шил 1 ширхэг, хар хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн алчуур, хивснээс хайчилж авсан тасархай хэсэг, бор шаргал өнгийн бойтог гутал 1 хос, хар хөх өнгийн жинсэн як, ягаан өнгийн туяатай орны даавуу, улаан өнгийн малгайтай цамц, “Пума” гэсэн бичиглэлтэй хар хөх өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, бор шаргал өнгийн пудволк 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Ө.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.Угийн өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” үндэслэлээр гомдол гаргаж байна.

Ө.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “... арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын ... доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж заасныг журамлаж, ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс “Ө.Угийн анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлсээр ирсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохиролд нэхэмжилсэн 13.927.945 төгрөгийг төлж, барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүх тус хүсэлтэд дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Иймд Ө.Угийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны буюу 0-2 насны 2 хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор хөнгөрүүлж дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ө.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч Ө.Угийн үйлдсэн хэрэгт тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй учраас хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

   Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч Ө.У нь 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 14 дүгээр гудамжны 10б-ийн 509а тоотод оршин суух гэртээ архи ууж согтууран хамт архи уусан О.Төмөрцоожийг хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Ө.Угийн яллагдагчаар өгсөн “...Тэгтэл талийгаач сэрж босож ирээд манай найзыг яаж байна гээд дайрахаар нь би гал тогтооны шүүгээнд байсан эрээн иштэй хутгыг нөгөө хоёрыг айлгах гээд бариад авсан. Ингээд Төмөрцоож намайг зодох гээд гараараа далайхаар нь би гартаа барьсан байсан хутгаараа биеийн хүйснийх нь ойролцоо хатгачихсан...” гэх /1 хх 237-238/ мэдүүлэг,

“...Талийгаачид хэвлийн зүүн доод хэсгээр нэвтэрч нарийн гэдэсний хана нэвт, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр өвдөгний зулгаралт, хоёр сарвууны хөлдөлт гэмтэл тогтоогдлоо, хэвлийн шарх 2,0см орчим өргөн, 6,0см-ээс дээш урттай, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр, хоёр өвдөгний зулгаралт нь унах үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Талийгаач нь хэвлий хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсний улмаас хэвлий хөндийд цус алдаж нас баржээ...” гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 319 тоот /1 хх 100-103/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 104-105/,

 “...Ө.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.У нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна, Ө.У нь үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна, Ө.У нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 350 тоот /1 хх 220-222/ дүгнэлтүүд,

гэрч Б.Нямсүрэнгийн “...Намайг гэрийн хаалгаар ороход манай нөхөр Ө.У нүүр гар угаадаг угаалтуурын урд хамар болон уруул хэсэг нь цус болчихсон нэг гартаа 0.5 литрийн тал шилтэй архи нөгөө гартаа манай гэрийн хоёр хутганы нэгийг нь бариад зогсож байсан юм. ...Баруун талын баганы ард талд нь Төмөрцоож гээд ах унтах гэж байгаа бололтой хэвтэж байсан. Зүүн талын орон дээр манай охин уйлаад сууж байсан ба хүү хэвтээд уйлж байсан. ...Орж ирэхэд зүүн талын орон дээр суулгачихсан өмд цамц нь урд хэсгээрээ цус шиг улаан болчихсон байсан. ...Төмөрцоож хэлэхдээ Ө.У чинь хутга бариад дайраад байна гэж хэлсэн чинь Ө.У пизда нар минь би та нарыг бүгдийг чинь ална шүү гэж хэлсэн...” /1 хх 75-76/,

гэрч Ч.Бямбасүрэнгийн “...Өдөр 13 цаг 30 минутын үед охин Б.Нямсүрэнгийн гэрт очиход хүргэн Ө.У зүс таних Төмөрцоож хоёр том савтай Боргио пиво хувааж уугаад, охин 2 хүүхэдтэйгээ тавуулаа байсан. ...Ө.У жорлонгийнхоо хажууд ална, пиздануудыг ална гээд гартаа тал архитай 500 граммын шил барьчихсан байсан, би гүйгээд гэр лүү орсон, ...миний араас Ө.У орж ирээд бүгдийг нь алаад өгнө, гараад ир пиздануудаа гээд орилоод байсан, ...Төмөрцоож баруун баганы цаад талд газарт хэвтээд танай Ө.У хутга шөвөг бариад ална гээд байна шүү дээ гэж хэлсэн. ...Би 2 зээгээ хурдан өлгийдөөд л гэрээс нь аваад гарсан, Ө.Угийн амнаас хөөс сахраад л бүгдийг чинь ална, чи наад гутлаа өмсөөд гараад ир алаад өгье гээд зуухны урд талд гутлаа өмсөж байсан залууд хэлсэн. ...Намайг орой 17 цаг өнгөрөөгөөд гэрт нь очих үед Ө.У нэлээн согтчихсон, газарт гутлаа өмсөж байсан залуу харин гайгүй их согтоогүй харагдаж байсан, Төмөрцоож нэлээн согтуу газарт хэвтээд наад тэнэг Ө.У чинь ингээд агсам тавиад хутга бариад ална гээд байх юм гэж хэлсэн...” /1 хх 85-89/,

гэрч А.Ганцоожийн “...бид хоёр тэр архийг ууж байхдаа би тамхи асаасан юм, тэгэхэд Ө.У хэлэхдээ хүүхдийн хажууд тамхи татлаа гэхээр нь чи түрүүн татаад байсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд түүнээс болж бид хоёр маргалдахад Ө.У миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд 2 удаа нүүр рүү нь цохисон бөгөөд Ө.У миний хамар руу цохиход хамарнаас цус гарсан. Би тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа бөгөөд би бодохдоо Ө.У намайг боож унагаасан юм болов уу гэж бодож байна, ...Тэгээд нэг мэдэхэд Ө.У намайг сэрээсэн бөгөөд би Ө.Угээс цаг асуухад 2 цаг өнгөрч байна гэж хэлсэн, тэгээд Ө.У надаас Төмөрцоож ах хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй байна, чамд ийш тийм явлаа гэж хэлсэн юм уу гэж хэлэхэд тийм юм яриагүй, би юу ч гэсэн гараад үзээд ирье гээд гарсан. Тухайн үед намайг сэрэхэд Ө.У 5-10 орчим минутын дараа Төмөрцоожийг цээжээр нь тэврээд гаднаас орж ирсэн бөгөөд Төмөрцоож ах үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн. Ө.Уг тэгж хэлэхээр нь би ойртоод очиход Төмөрцоожийн баруун гар нь татчихсан, нүд нь нээлттэй байсан. Тэгэхээр нь би гэр орныхонд нь мэдэгдье, дүүгийнх нь гэрийг мэдэх үү гэж Ө.Угээс асуухад мэднэ гэж хэлэхээр нь дуудаад ир гэж хэлсэн, тэгэхэд Ө.У байж бай гээд байсан. ...Тэгээд Ө.У Төмөрцоожийн куртик, малгайг өмсүүлж байсан, гутлыг нь хэзээ өмсгөснийг мэдэхгүй байна. Би тэдний орон дээр суугаад тамхи татаад сууж байгаад буцаад жоохон унтчихсан байсан. Тэгэхэд Ө.У дахин намайг сэрээгээд хүн үхчихсэн байхад унтаад байх юм, босооч гэхээр нь босоход хоёулаа хүн амины хэрэгт орж байгаа юм байна, осгож үхсэн юм шиг байна, хоёулаа буцаагаад гаргаад тавьчихъя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд би цээж хэсгээр нь, Ө.У хөл хэсгээр нь өргөөд гарсан. Би гадаа тавих юм боловч уу гэж бодсон, тэгтэл ийшээ явъя гээд баруун зүгт байх жалганы тийшээ аваачиж орхисон. Тэр үед миний бодлоор 5 цаг болж байсан байх гэж бодож байна...” /1 хх 94-96/

Шинжээч эмч Ц.Ганболдын “...Талийгаач уг гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хийж 5-6 цаг амьд байх боломжтой. ...Талийгаач уг шархыг авахад босоо байрлалд, түүнээс 200, 300 гр цус гадагш гарч өмсөж буй хувцсанд нэвчинэ. ...Талийгаачийн цогцост шинжилгээ хийх үед нас бараад 10-12 цаг болсон байсан. ...” /1 хх 108-110/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Ө.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж ялыг хөнгөрүүлэх, эсхүл  дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан баримтгүй, Ө.Угийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигт тохирсон, ял эдлэх дэглэмийг зөв тогтоосон байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорих байгууллагын дэглэмийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх Ө.Уд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1270 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                                           Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                                           Д.ОЧМАНДАХ

 

                                ШҮҮГЧ                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ