Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 998

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Н.Уд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Гансүлд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1866 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сансарсайханы бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Уд холбогдох эрүүгийн 1908029761071 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1987 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1а хэсэг Мамбадацан 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1
дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 520
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1,
181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял
шийтгэж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны
шүүхийн 871 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153
дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил
6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хорих ял болгон өөрчилж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан;

 

Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 01-04 тоотод иргэн Г.Цэдэнбалыг гэртээ байх үед нь орж "мотоциклын түлхүүр гаргаж өгсөнгүй, архи уусангүй" гэх шалтгаанаар маргалдан, нүүр, цээжин тус газар нь гар, хөлөөрөө цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдалд үндэслэн мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно: гээд, 1.6-д гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл" гэж тус тус үүрэг болгон заасан байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоогоогүй буюу шүүгдэгч Н.Угийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх, мөн дахин жолоодох гээд байсан гэх хэргийн нөхцөл байдлыг шалгалгүй орхиж, прокурорын хянавал зохих асуудал бүрэн хянагдсан эсэх нь тодорхойгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн байгаа нь прокурор хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг үүрэг болгон хуульчилсан бөгөөд уг зүйлийн 1.9 дэх заалтад "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах арга хэмжээ авсан эсэх" гэж заасан атал энэ талаар прокурорын мэдэгдэл, эсхүл хууль зүйн дүгнэлт бүхий бусад шийдвэр хэрэгт алга.

Хэрэв шүүгдэгч Н.У нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол, мөн түүнийг согтуурсан үедээ дахин жолоо барихаас сэргийлсэн өндөр настныг зодсон нөхцөл байдал тогтоогдвол уг шалтгаан, нөхцөлийг арилгах буюу эрүүгийн хариуцлагад үл хамаарах хуулийн бусад хариуцлагыг хүлээлгэх, цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бодитой арга хэмжээ авах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, нэг хэргээр нөгөө хэрэг дарагдах, нэг хариуцлагаас нөгөө хариуцлага завшигдах нөхцөл үүсэж болохгүй.

Түүнчлэн, эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлох үүрэг нь яллагдагч, шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран заавал хэрэгжүүлэх ажиллагаа болохыг мөн дурдъя.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, улмаар зөрчлийг арилгах, шаардлагатай бол зохих арга хэмжээ авах асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сансарсайхан бичсэн эсэргүүцэлдээ “...Дээрх хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр прокурорт буцаасан нь учир дутагдалтай байна.

Хавтас хэрэгт цугларсан хохирогч Г.Цэдэнбалын "...2019 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 1-4 тоот гэртээ ганцаараа байхад 02 цагийн үед гадаа мотоциклийн дуу гарсан, удалгүй зүс таних Улаанхүү гэх залуу хаалга тогшоод согтуу манайд орж ирээд надтай хэсэг юм ярьж байгаад мотоциклын түлхүүр хаана байна, чи авсан гээд миний дээр дараад гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унагаагаад хөлөөрөө өшиглөөд байсан, хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд намайг зодож байгаад үүрийн 04 цагийн үед Улаанхүү унтахаар нь би гэрээс гараад айлд очсон. ... Би гэртээ ганцаараа орон дээр хэвтэж байхад Улаанхүү гэх залуу орж ирээд намайг архи уу гэхээр нь уухгүй гэж хэлэхэд намайг зодсон. Хажууд бид хоёроос өөр хүн байгаагүй. ..." гэх мэдүүлэг /хх 8-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6575 дугаартай шинжээчийн "...Г.Цэдэнбалын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн зовхи, цээжинд цус хуралт, зүүн зовхины арьсан доор хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ..." гэх дүгнэлт,

Н.Угийн "...Би 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хадны ам гэх газар ээжийн хамт амьдардаг бөгөөд тэр өдөр Ар гүнтэд байдаг өвөө Цэдэнбалынд очиж хонох гээд гарсан. ... Би Цэдэнбал өвөөгийнд авчирсан архиа гаргаж өгөөд архиа ууж байгаад би харилаа гээд явах гэхэд мотоциклийн түлхүүр хайгаад олохгүй байсан. Би Цэдэнбал өвөөг авчихлаа гэж бодоод түлхүүр хаана байна гэж хэлээд хоолой руу нь тохойгоороо тулж байгаад баруун гараараа зүүн нүд хавьцаа нь цохисон. Тэгтэл Цэдэнбал өвөө миний урдаас бариад авахаар нь бид хоёр ноцолдож байгаад би дээр нь дараад унасан. Цэдэнбал нь манай нутгийн өвөө байгаа юм. ..." гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Угээс "...Бид хоёр мотоциклийн түлхүүрээс болж маргалдсан, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ..." гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд яллагдагч Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 01-04 тоотод оршин суух иргэн Г.Цэдэнбалын гэрт орж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Г.Цэдэнбалтай "мотоциклийн түлхүүр гаргаж өгсөнгүй, архи уусангүй" гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүр, цээжин тус газар нь гар, хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй буюу шүүгдэгч Н.Угийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх, мөн дахин жолоодох гээд байсан гэх хэргийн нөхцөл байдлыг шалгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн хувьд яллагдагч Н.У нь иргэн Г.Цэдэнбалыг "мотоциклийн түлхүүр гаргаж өгсөнгүй, архи уусангүй" гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хохирогч Г.Цэдэнбалын биед гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй, харин хохирогч Г.Цэдэнбал нь шүүгдэгч Н.Уг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, мотоциклийн түлхүүр чинь байхгүй, өгөхгүй гэж маргалдан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаргуулахгүй байх арга хэмжээ авсан боловч түүнийг шүүгдэгч Н.У нь "мотоциклийн түлхүүр гаргаж өгсөнгүй, архи уусангүй" гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар маргалдан зодож, биед нь гэмтэл учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх асуудал нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл биш байтал шүүхээс гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгтэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана” гэж заасан боловч Н.Угийн үйлдсэн гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 01-04 тоотод оршин суух иргэн Г.Цэдэнбалын гэрт үйлдэгдсэн, иргэд хоорондоо маргаж эхэлснээр гэмт хэрэг гарах болсон.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар иргэнд мэдэгдэл бичих хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд прокурорын үүргийг тодорхой зааж өгсөн ба эрүүгийн хэрэг бүрт заавал мэдэгдэл бичих талаар үүрэгжүүлсэн заалт байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1866 дугаартай, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд эрүүгийн 1908029761071 дугаартай хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1866 дугаартай захирамжийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Прокурор М.Сансарсайханы бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Н.Угийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх үйлдлийг тусад нь шалгаж шийдвэрлэх боломжтой байх бөгөөд энэ нь хохирогч Н.Цэдэнбалыг зодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг шийдвэрлэхэд саад болохгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж,

3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ... нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж тус тус зааснаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгах, үнэлэх замаар шүүгдэгч Н.Угийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.    

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг дуудан оролцуулах хүсэлт гаргаж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэргийг прокурорт буцаах буюу зайлшгүй хийгдэх ажиллагаа биш байна.

 

Иймд прокурор М.Сансарсайханы бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1866 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Уд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                   ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ