Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 125/2016/0039/З |
Дугаар | 224 |
Огноо | 2017-06-12 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 224
З.Лхамхүүгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч З.Лхамхүү нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0199 дүгээр магадлалтай, З.Лхамхүүгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 24.1.1, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Лхамхүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар З.Лхамхүүг албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, З.Лхамхүүг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Байгаль, орчин аялал жуучлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 3467760 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга долоон зуун жар/ төгрөгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас гаргуулж З.Лхамхүүд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0199 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 гэснийг хасч, 2 дахь заалтын 3467760 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга долоон зуун жар/ гэснийг 3433574 /гурван сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуун далан дөрөв” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан, давж заалдах шатны шүүхүүд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэлээ.
1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол заалтад төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөх үндэслэл байхаар, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эмэгтэй даатгуулагч 55 нас хүрснээр өндөр настны тэтгэвэр тогтоон авах эрх үүсэхээр заажээ.
Иймээс нэхэмжлэгч З.Лхамхүүг тэтгэвэр тогтоолгоход нь хуулийн дагуу олгогдох нэг удаагийн тэтгэлэг нь 2016-2018 оны төсвийн төсөөлөл, 2017 оны төсөвт урьдчилан суугдсан байдаг.
Дээрхээс үзэхэд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэл бүрдсэн байх тул З.Лхамхүүг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.
Ийм байхад давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэлээ.
2. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана” гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч З.Лхамхүү нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байдаг. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан тул захиргааны санаачилгаар түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн.
3. Төсвийн тухай хуулиар аймгийн хэмжээнд дараа онд өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх төрийн албан хаагчдын судалгааг өмнөх онд гаргаж, төсвийн төсөөлөлд урьдчилсан тусгасны үндсэн дээр ирэх оны төсөвт суугддаг болно.
Энэхүү журмын дагуу нэхэмжлэгч З.Лхамхүүд олгох нэг удаагийн тэтгэлэг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 1 улирлын төсвийн хуваарьт суугдсан.
Өндөр настны тэтгэвэрт гарах үндэслэлээ хүлээн зөвшөөрч нэг удаагийн тэтгэлгээ байгууллагынхаа 2017 оны төсөвт урьдчилан тусгуулж, 60 насанд хүрсэн, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нэхэмжлэгч З.Лхамхүүг ажилд эгүүлэн тогтоосон нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан зохицуулалтын агуулгатай нийцэхгүй байна.
4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч З.Лхамхүүгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, дундаж цалин хөлсийг алдаатай тооцоолжээ.
Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо хуулийн дагуу тооцох суутгалыг хассан дүнгээр гарт олгогдох дүнг нарийвчлан тооцдог.
Гэтэл анхан, давж заалдах шатны шүүхүүд хуулийн дагуу хийгдэх суутгалыг оруулж, нийт олгогдох дүнгээр нэхэмжлэгч З.Лхамхүүгийн дундаж цалин хөлсийг тодорхойлсон буруу юм.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзэв.
Хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр З.Лхамхүүг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын албан тушаалаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тус аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасантай нийцээгүй байна.
Нэхэмжлэгч З.Лхамхүү нь 1957 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, ажлаас чөлөөлсөн захирамж гарах үед Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан насанд хүрээгүй буюу 59 нас 6 сартай байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
Харин хариуцагч нь дээрх хуульд “... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасныг үндэслэн “...55 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсдэг...” хэмээн өөрийн гаргасан шийдвэрийг зөвтгөн тайлбарлаж, хуулийг буруу ойлгон хэрэгжүүлж, хуульд заасан 60 буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад, захиргааны санаачлагаар З.Лхамхүүг ажлаас чөлөөлсөн нь даатгуулагч, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар баталгаажсан эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр байна.
Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой нөхцөл, шалгуурыг хангасан даатгуулагч нь 60 нас хүрэхээс өмнө тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болохыг хууль тогтоогч тодорхойлжээ.
Үүний нэг нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “өөрөө хүссэн байх” шаардлага бөгөөд нэхэмжлэгч хүсэлтээ гаргаагүй байхад 55 нас хүрсэн нь түүнийг дээрх хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүйг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
Түүнчлэн нэгэнт тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй тул З.Лхамхүүг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
Иймд хууль бус захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх, нэхэмжлэгч З.Лхамхүүгийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцох нийт дүнд хоолны үнийн хөнгөлөлтийг оруулан тооцсон алдааг давж заалдах шатны шүүхээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт ”Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн зөвтгөж, шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.
Хуулийн дагуу хийгдэх суутгалыг шүүх тооцох шаардлагагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлж, холбогдох суутгалыг хийх нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг тул “...суутгалыг оруулж, нийт олгогдох дүнгээр дундаж хөлсийг тодорхойлсон нь буруу...” гэх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах боломжгүй.
Дээр дурдсаныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатаас ирүүлсэн “шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлтийг тус шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж дууссаны дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цагт хүлээн авсан тул уг хүсэлтийг хэлэлцээгүйгээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх хуралдааны зарыг хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчдод мэдэгдэж, хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0199 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ