Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2019/01068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                        

Нэхэмжлэгч:  дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Ггийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Нд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч Х.Мөнхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г шүүхэд болон төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нтэй хамтран 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх ТС 1002/2012 дугаар гэрээг байгуулж Туул Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын судалгаа үнэлгээ дүгнэлт, ус зүйн нөхцөл тооцооны үндэслэл болон төлөвлөлтийн шийдлийн хэсгийн боловсруулалтын ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохирсон. Уг гэрээгээр ажлын хөлсийг гэрээний 7.1-д зааснаар нийт 310,000,000 төгрөг байхаар, төлөх нөхцөлийг 7.2-т зааснаар  төлөгдөхөөр тохиролцсон. Гэвч төрийн санхүүжилт хийгдээгүй хүлээгдсэн. Гэрээний талууд ажлыг дүгнэж, төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцож, баталгаа бүхий баримт үйлдсэн ба төлбөр шаардсан албан бичигт хариу ирэхгүй удаж, мөн захиалагч талын удирдлага санхүүгийн ажилтнаас шалтгаалан төлбөр төлөгдөөгүй. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний аудитын газраас Аудитын хяналт шалгалт хийгдсэн бөгөөд үүгээр дээрх авлагын асуудлыг шийдвэрлэхийг зөвлөж, зөрчил болж тогтоогдсон. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээний зүйл болох ажлын үр дүнгийн талаар өнгөрсөн хугацаанд ямар нэг доголдол дутагдлын асуудал яригдаагүй, ажлаа бүрэн гүйцэтгэж үүргээ биелүүлсэн. Харин Н нь ажлын үр дүнг бүрэн хүлээн авсан атлаа ажлын нийт хөлсний 310,000,000 төгрөгөөс 240,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 69,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, санхүүгийн тайлангийн 2017 оны данс бүртгэлд өглөг бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн үндэслэлээр тайлбарлах болсон. Нгийн нягтлан бодогч Л.Бямбасүрэнтэй тооцоо нийлж, 69,500,000 төгрөгийн өр төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгана гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үйлдэж, байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан. Иймд Нгээс гэрээний төлбөрийн үлдэгдэл 69,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н шүүхэд болон төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд ТС1002/2012 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээгээр гүйцэтгэгч нь Туул, Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын судалгаа, үнэлгээ, дүгнэлт, ус зүйн нөхцөл, тооцооны үндэслэл болон төлөвлөлтийн шийдлийн хэсгийн боловсруулалтыг хийж гүйцэтгэн, гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгсний дараа гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Гүйцэтгэгч тал гэрээнд заагдсан ажлаа гүйцэтгэн эцсийн тайлангаа захиалагчид өгч гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч улсын экспертизээр баталгаажуулах ажил хийгдээгүй. Тухайн үеийн гэрээ байгуулсан удирдлагууд тооцоо нийлсэн баталгаан дээр тусгагдсан 69,500,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэгт суутган тооцож гэрээг хаасан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээ дүгнэж протокол үйлдсэнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өр авлагын талаар яригдаагүй байдаг. Энэхүү нөхцөл байдлаас харахад гүйцэтгэгч нь гэрээний дагуу гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд энэхүү хугацаа дууссан байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй. Н Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгт зааснаар ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө, Гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн даалгасан ажлыг улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн өгсний дараа захиалагч нь гүйцэтгэгчид үлдэгдэл төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг 155,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлаа улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тул 69,500,000 төгрөгийг талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд аман хэлцлээр суутган тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г нь хариуцагч Нд холбогдуулан 69,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гүйцэтгэгч нь захиалагчийн даалгасан ажлыг улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн  өгөөгүй 69,500,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэгт суутган тооцож гэрээг хаасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

Талууд 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Туул Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын судалгаа үнэлгээ дүгнэлт, ус зүйн нөхцөл тооцооны үндэслэл болон төлөвлөлтийн шийдлийн хэсгийн боловсруулалтын ажил хийж гүйцэтгэх Ажил гүйцэтгэх ТС 1002/2012 дугаар гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээгээр ажлын хөлсийг гэрээний 7.1.Зураг төсөл, төсвийн ажлын нийт үнэ 310,000,000 төгрөг ба энэ дүнд Улсын экспертизийн зардал, НӨАТ болон бусад татвар хураамж бүгд орсон болно. Гэрээ батлагдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 62,000,000 төгрөгөөр санхүүжүүлнэ. Ажлын явцын тайланг өгсний дараа гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох 93,000,000 төгрөгөөр санхүүжүүлнэ. Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгасан ажлыг улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл төлбөр болох  гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь 155,000,000 төгрөгийг ажлын 5 хоногийн дотор бүтнээр нь бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт  зааснаар  ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

Талууд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Гэрээг дүгнэсэн протокол үйлдэж уг тэмдэглэлийн 4 дэх заалтаар үлдэгдэл санхүүжилт болох нийт үнийн дүнгийн 50 хувийг НЗДТГ-ын СТСХ-ээс захиалагчид санхүүжилт орж орсны дараа болон гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчийн дансанд /хх-ийн 44 тал/ шилжүүлнэ” гэж, Тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй  хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 69,500,000 төгрөг гарсныг харилцан батлав” гэж  гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-ийн 122 тал/ байна.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй байх ба энэ үүргээ биелүүлээгүй болох нь гүйцэтгэгч Ггийн төлөөлөгчийн “хийж гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөөгүй” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Нд холбогдох Ггийн нэхэмжлэлтэй ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Шинжлэх ухааны технологийн сан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/80 тоот албан бичгээр “Ггийн 2015 оны авлагын тайлан бүртгэгдээгүй”, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/14 тоот албан бичгээр” Ггийн 2015 оны хаалтын бланс олдоогүй” гэх хариу ирүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69,500,000 төгрөг гаргуулах тухай Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НАРАНГЭРЭЛ