Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00898

 

******* ХХК, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00400 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 737 дугаар магадлалтай,

******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 3,359,706,060 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн 2 дахь заалтаар барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж 22 дугаар байр 5676.7 м.кв талбайтай барилга, Сүхбаатар дүүрэг, VIII хороонд байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцаа хөрөнгө болох дээрх маргаан бүхий эд хөрөнгийг хотын А зэрэглэлийн бүсэд байрлах тодруулбал Засгийн газрын ордны баруун талд байрлах 1482 м.кв газар, контор, орон сууцны зориулалттай 11 давхар барилгыг бүхэлд нь 22,295,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий 1482 м.кв талбайтай газар нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай уг газар дээр нэхэмжлэгч 11 давхар контор, орон сууцны зориулалттай барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн ханшаар 70,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарын ашиглах эрх бүхий газар, 11 давхар барилгыг ердөө 22,295,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Виннэр Вэй ХХК-ийн 2019.11.14-ний өдрийн Ш-11/10 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 3,359,706,060 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.12.06-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч ******* ХХК, С.Зориглон нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн VIII хороо, бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж 22 дугаар байр 5676.7 м.кв талбайтай барилга, эрхийн улсын бүртгэлийн 000515487 дугаар гэрчилгээтэй 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрын хамт битүүмжилж хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд Виннэр Вэй ХХК-иар үнэлгээг тогтоолгосон. Тус хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн томилоход төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж 22 дугаар байр 5676.7 м.кв талбайтай барилга, эрхийн улсын бүртгэлийн 000515487 дугаар гэрчилгээтэй 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрын хамт шинжээчийн үнэлгээ болох 22,295,000,000 төгрөгийг үнэлсэн. Төлбөр төлөгч ******* ХХК, С.Зориглон нарт 2019.11.14-ний өдрийн 4/25675, 4/25673 дугаартай үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нар нь барьцаа хөрөнгөө 3,359,706,060 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хөндлөнгийн шинжээч томилоход хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнэ болох 22,295,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ******* ХХК, С.Зориглон нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00400 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн VIII хороо, бага тойруу /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах 5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Виннер Вэй ХХК-ийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 737 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.06-ны өдрийн 181/ШШ2020/00400 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 737 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ хэмээн дүгнэжээ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2002 оны Эрүүгийн хууль нь 2017.07.01-ний өдрөөс хүчингүй болсон бөгөөд хүчингүй хуулийн зүйл, заалт тайлбарлаж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл 8.3-т заасныг зөрчсөн байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн дүгнэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага байдаг ба хууль ёсны байх гэдэг нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхийг ойлгоно. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дээр дурдсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл нь Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж үнэлгээг хүчингүй болгож буй нь хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй хэмээн үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур явагдсан тул шүүх шийдвэртээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хуулийг хэрэглэж дүгнэх ёстой байсныг дурдах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.06-ны өдрийн 181/ШШ2020/00400 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 737 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн VIII хороо, бага тойруу /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах 5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Виннер Вэй ХХК-ийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 3,359,706,060 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн, төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч болон төлөгч нар барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь 2019.11.04-ний өдрийн 368 дугаар тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцаа хөрөнгийг 22,295,000,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Шинжээчид Эрүүгийн хуулийг сануулахдаа хүчингүй хуулийг сануулсан нь процесс зөрчсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбар гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь 2019.11.04-ний өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэж, шинжээчид эрх, үүргийг тайлбарлахдаа 2002 оны буюу хүчингүй болсон Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарлан гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэж, Виннер Вэй ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгосон байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж, 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...шүүх шийдвэртээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хуулийг хэрэглэж дүгнэх ёстой гэсэн нь ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн гомдлыг хангах хууль зүйн боломжгүй, нөгөөтэйгүүр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч талаас хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлд зааснаас өөрөөр бичсэн байгааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 737 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...үнэлгээ тогтоох ажиллагааг... гэснийг ...үнэлгээг... гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН