Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00400

 

 

 

 

 

 

 

 

2020 оны  02 сары06 өдөр

                             181/ШШ2020/00400

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М  ХХК,

 

Нэхэмжлэгч: Г.З нарт нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т  холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/,  Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах  5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, гэрч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр “М ” ХХК-иас 3,359,706,060 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн 2 дахь заалтаар барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж 22 дугаар байр 5676.7 м.кв талбайтай барилга, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н Ш Ш Г Г т даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцаа хөрөнгө болох дээрх маргаан бүхий эд хөрөнгийг хотын А зэрэглэлийн бүсэд байрлах тодруулбал Засгийн газрын ордны баруун талд байрлах 1482 мкв газар, контор, орон сууцны зориулалттай 11 давхар барилгыг бүхэлд нь 22,295,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Учир нь нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий 1482 мкв талбайтай газар нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай уг газар дээр нэхэмжлэгч 11 давхар контор, орон сууцны зориулалттай барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн ханшаар 70,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарын ашиглах эрх бүхий газар, 11 давхар барилгыг ердөө 22,295,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Виннэр Вэй ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Ш-11/10 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий эд хөрөнгө нь Петровис ХХК-ийн төв байр Туушин зочид буудлын голд байрлалтай газрын хамт 11 давхар объекттой барилга юм. Үүний 5 давхар буюу 5676.6 мкв талбайтай барилгын талбайг газрын хамт барьцаалсан. Барьцааны гэрээнд 5676.6 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 11,000,000,000 төгрөгөөр үнэлж 3,000,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Гэтэл Виннэр Вэй ХХК үнэлгээ хийхдээ энэ барилгыг бүхэлд нь 22,000,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшийг хэт дордуулсан гэж үзэж байна. Тус үл хөдлөх эд хөрөнгөнд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. 1 мкв талбай нь 40,000 төгрөгөөр түрээслэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгийг хэт дордуулсан байна.

Шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүх хангаж шийдвэрлээгүйд нь харамсаж байна.

Шинжээчийг томилсон тогтоол дээр хэнийг томилсон нь тодорхойгүй, мөн эрх үүргийг танилцуулаагүй атлаа дүгнэлт гаргуулсан байна. Шинжээчид хууль сануулсан баримтад Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон мөртлөө иргэн Бат-Эрдэнэ гэх хүнээр гарын үсэг зуруулсан байна.

Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон юм уу? эсвэл тусдаа тамгатай Бат-Эрдэнэ гэх хүн үнэлгээ гаргасан юм уу энэ нь тодорхойгүй байна. Мөн шинжээчид хууль сануулахдаа хүчингүй хууль сануулсан байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр “М ” ХХК-иас 3,359,706,060 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч М  ХХК, С.Зориглон нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М  ХХК-ийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж. 22 дугаар байр 5676.7 мкв талбайтай барилга, эрхийн улсын бүртгэлийн 000515487 дугаар гэрчилгээтэй 1482 мкв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрын хамт битүүмжилж хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд Виннэр Вэй ХХК-иар үнэлгээг тогтоолгосон. Тус хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн томилоход төлбөр төлөгч М  ХХК-ийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж 22 дугаар байр 5676.7 мкв талбайтай барилга, эрхийн улсын бүртгэлийн 000515487 дугаар гэрчилгээтэй 1482 мкв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрын хамт шинжээчийн үнэлгээ болох 22,295,000,000 төгрөгийг үнэлсэн.

Төлбөр төлөгч М  ХХК, С.Зориглон нарт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/25675, 4/25673 дугаартай үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нар нь барьцаа хөрөнгөө 3,359,706,060 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хөндлөнгийн шинжээч томилоход хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнэ болох 22,295,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М  ХХК, С.Зориглон нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   Нэхэмжлэгч М  ХХК, Г.З  нар нь хариуцагч Н Ш Ш Г Г -т холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/,  Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах  5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр М  ХХК-иас  3,359,706,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний 1004 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19280046 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

2019 оны 3 дугаар сраын 22-ны өдрийн 19280046/153 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/,  Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах  5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19230046/153/01 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/,  Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах  5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр авагч болон төлбөр төлөгч нар нь үнийн санал гаргаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 368 дугаар тогтоолоор “Виннер Вэй ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Виннер Вэй ХХК” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/,  Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах  5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний хандлагаар 22,295,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шинжээчид Эрүүгийн хуулийн сануулахдаа хүчингүй хуулийг сануулсан нь процесс зөрчсөн” гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.”,Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэж, шинжээчид эрх, үүрэг, тайлбарласан атлаа 2002 оны Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарлан гарын үсэг зуруулсан байна. /хх-ийн 121 дэх тал/

 

2002 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон бөгөөд хүчингүй хуулийн зүйл, заалт тайлбарлаж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг зөрчсөн байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  заасныг баримтлан хариуцагч Н Ш Ш Г Г -ын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/,  Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах  5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Виннер Вэй ХХК” ХХК-ийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР