Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2019/00367/И |
Дугаар | 00939 |
Огноо | 2019-04-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 00939
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Д” ХХК/РД: /-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энх-Амгалан, шүүх хуралдаанын нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Балгансүрэнгийн А би “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн Дотоод хяналтын албаны гишүүнийг томилох тухай 11/17 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг туршилтын 3-н сарын хугацаатай хийж, Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч ахин 3-н сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.
Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацааг сунгасан хугацаа дуусч “Д” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Дотоод хяналтын албаны хянагчийг томилох тухай 21/18 дугаар тогтоолыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 22-ноос эхлэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 3-н сарын хугацаагаар байгуулан Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 3-н сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.
2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 2/158 албан тоотыг надад өгч Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгосныг мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд улирал бүр гэрээг сунгаж байсан ба тухай бүр тайлан гаргаж, Дотоод хяналтын албаны ахлах хянагчаар дүгнүүлэн Төлөөлөн удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий захиралд тайлагнаж байсан ба ажлын үр дүнгийн үзүүлэлт 98 хувиас дээш үзүүлэлттэй байсан. Ажиллаж байх хугацаанд зөрчил дутагдал гаргаж, байгаагүйн зэрэгцээ хамт олон байгууллагын зүгээс зохион байгуулж буй олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцдог байсан. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйл 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй;” гэж зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй.
Мөн Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тайлбарласнаар энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж тайлбарласан байна.
Эдгээр Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн гэрээг дуусгавар болгосон тул ажилд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн томилогдох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгүүлж өгнө үү.
Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 18-нд оны эцсийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр миний гэрээний хугацаа дуссантай холбоотойгоор гэрээг хэлэлцэж, ажлын үр дүн, тайланг маань дүгнээгүй. Ахлах хянагчаар хянуулаад 98%-тай үнэлүүлсэн ба хамгийн сүүлийн ТУЗ-ийн хурлаар оруулах байсан боловч түүнийг үнэлж өгөөгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр миний гэрээг цааш үргэлжлүүлэх талаар хэлэлцээгүй. ТУЗ-өөс ямар ч шийдвэр гараагүй. Дотоод дүрэм журам дээр ТУЗ-ийн шийдвэр гарах хэлбэр нь тогтоол байдаг. Тийм байхад ямар ч албан ёсны тогтоол шийдвэр гараагүй. Миний асуудлыг хэлэлцээгүй гэрээг дуусгавар болсон гэсэн хуудас өгсөн. Үүнийг би хүчинтэй хуудас гэж үзэхгүй байна. Нэгдүгээрт ажлын цаг дууссан байхад өгсөн, хоёрдугаарт ТУЗ-өөс гарсан шийдвэр биш. Би ажилдаа дур сонирхолтойгоор, хариуцлагатайгаар ажилладаг байсан. Иймд буцаж ажилдаа орохыг хүсэж нэхэмжлэл гаргасан байгаа.” гэв.
Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энх-Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Ааас “Д” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгасан байх гол нөхцөлийг тодорхой заажээ. Тодруулбал, ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл тус тус хамаарч байна. Мөн зүйлийн 21.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж заасан байна.
Иргэн Б.А болон “Д” ХХК-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.1 дэх хэсэгт заасан бүх нөхцөлүүд туссан, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан тул гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуульд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурсан, мөн тодорхой асуудлаар саналаа зохих хугацаанд /үед/ гаргаагүй буюу илэрхийлээгүй бол гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна” гэж, мөн зүйлийн 23.2.2-т “хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулахаар тус тус хуульчилсан байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар тогтоолын 6-д “... хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, cap, өдррөр” тооцож болохоор заасан байна.
Иргэн Б.А нэхэмжлэлдээ “... ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй” гэж дурдсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажил олгогчийн эрх, үүрэгтэй хэрхэн нийцэж байгааг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа харгалзан үзэх шаардлагатай юм. Хуульд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах эрхийг талуудад олгосон байна.
Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01/18 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2.5-д “Энэхүү Гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Талууд харилцан тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулав” гэж заасан байна. Энэ Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар тогтоолд заасан тайлбартай мөн нийцэж байна. Өөрөөр хэлбэл, талуудын харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.А нь 2015 онд Монголын хуульчдын холбоонд гишүүнээр элссэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй тул дээрх заалттай холбоотой аливаа үл ойлголцол гараагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлтэй гэж заасан байна. Хуулийн хүрээнд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах, холбогдох чиг үүргийг Б.Ааар гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан тул Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон өдрөөс хойших хугацаанд ногдох цалин хөлс, зрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг тус компани хариуцахгүй болно.
Иймд иргэн Б.Ааас “Д” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбараа бүрэн дэмжиж байгаа. ТУЗ-ийн үйл ажиллагаагаар хэлэлцэх шаардлагатай асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргаад явдаг. Хэлэлцэх асуудлыг ТУЗ-ийн гишүүдэд урьдчилаад цахимаар хүргүүлдэг. Гарсан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Д” ХХК нь талууд харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан болох нь нотлогдож байна гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн Дотоод хяналтын албаны хянагчийн албан тушаалд ажиллаж байсан болох нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний болон ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн № 21/18 Дотоод хяналтын албаны хянагчийг томилох тухай тогтоолын хуулбар, № А000180575 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 05/19 дугаар Б.Аын Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 05/19 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эрхгүй гэж маргаж байна.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь ... компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад ... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж заасан.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн компанийн дүрмийн 12-т Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг заасан болох нь дүрмийн хуулбараар нотлогдож байна.
Хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дүрмийн 12-ын 12.1.6-д “дотоод аудитыг томилох, чөлөөлөх, түүнтэй байгуулах гэрээний нөхцөл ... хариуцлагын хэмжээг тогтоож, тогтоосон нөхцөлийн дагуу гэрээ байгуулах зөвшөөрлийг Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад олгох;” гэж заасан болох нь дүрмийн хуулбараар нотлогдож байна.
Хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дүрмийн 12-ын 12.1.6-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулах, сунгах, цуцлах эрх олгосон болох нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн № 21/18 тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна.”, 23.2.2-т “... хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчийн ТУЗ-ийн дарга 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчтэй 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.
01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний 2-ын 2.5-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл буюу хугацаатай байгуулсан байх ба 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 3/гурав/ сараар сунгасан болох нь 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2 дахь заалтад зааснаар зохигчид 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулсан болох нь 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ТУЗ-ийн даргад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах эрх олгогдоогүй гэх тайлбар 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн № 21/18 тогтоолын болон 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар үгүйсгэгдэж байна.
2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан болох нь 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн № 2/158 Мэдэгдлээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;” гэж заасан.
Хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь нэхэмжлэгчтэй байгуулсан 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй байх эрхтэй болох нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн № 21/18 тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй талаар мэдэгдсэн болох нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн № 21/18 тогтоолын болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн № 2/158 Мэдэгдлийн хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн дуусгавар болгосон гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/18 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-ийн Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ