Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01407

 

 

                                               Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00157 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 463 дугаар магадлалтай,

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

СММС ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38,937,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагчийн төлөөлөгч Н.Содном, түүний өмгөөлөгч Д.Бүрнээ, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банк ХХК нь СММС ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2 тоот зээлийн гэрээгээр 50,000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан.

Зээлийн барьцаанд зээлдэгч СММС ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Н.Содномын нэр дээр байдаг Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянгол ам Найрамдлын зам гудамж 68/7 хаягт байрлах хувийн сууцыг барьцаалсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банк ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлийн авлага барагдуулах нэгжид шилжиж ирсэн. Ирснээс хойш олон удаагийн уулзалт, утсаар ярих ажиллагааг хийсэн боловч нэг ч удаа төлөлт хийгээгүй.

Банкны зүгээс шат дараалсан арга хэмжээ аваад үр дүн гараагүй учраас шүүхийн журмаар шийдвэрлэж хүү зогсоох зээлдэгчийг хариуцлагажуулах зорилготой шүүхэд нэхэмжлэл гаргасан. СММС ХХК-аас зээлийн гэрээний үүргийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18,911,346.05 төгрөг, зээлийн хүү 17,064,976.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,960,879.07 төгрөг, нийт 38,937,201.59 төгрөгийг гаргаж, Төрийн банк ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СММС ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Би 50,000,000 төгрөгийг хувьдаа ашиглаагүй, Цагаанхайрхан ажилд зарцуулсан. Сонгуулиар Засаг дарга солигдоод би нэмэлт санхүүжилт авч чадаагүй. Эрчим хүчний зориулалттай авсан санхүүжилтаар 2014 онд цэцэрлэгийн барилга барьж 2017 онд ашиглалтад өгөөд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 88,000,000 төгрөгийг Засаг даргаас шаардахад би өмнөх асуудлыг мэдэхгүй гээд мөнгө өгөөгүй.

2019 оны 08 дугаар сард Завхан аймаг дахь шүүхэд өргөдөл гаргасан, энэ хэрэг маргаан шийдвэрлэгдээд мөнгөө авчихвал Төрийн банк ХХК-д өгнө. Би өөрт байгаа мөнгөө сар болгон хийгээд байсан, сүүлийн үед хийж чадахаа больсон. Зуслангийн байшинг зарах саналыг банкинд гаргаж байсан. Би өөрөө зарах гэхээр гэрчилгээ байхгүй, банкинд байгаа учраас зарах боломжгүй байсан. Зээлийн муу жагсаалтад орсон учраас надад зээл олгохоо больсон. Зээл авсан нь үнэн учраас төлнө. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүг зогсоох хүсэлт өгсөн.

Шүүхээс зээлийн хүүнээс багасгах хууль журам байдаг бол хасч өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00157 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СММС ХХК-аас 31.181.581,16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,755,620.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СММС ХХК-аас 313,858 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 463 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,040 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00157 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 463 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хууль, бусад хууль тогтоомжоор зээлдүүлэгчид гэрээг цуцлах эрх олгогдсоноос бус гэрээг цуцлах үүрэг хүлээлгээгүй. Гэрээ цуцлах үндэслэл шалтгаан ноцтой байх ёстой байдаг. Энэ нь 2 талтай бөгөөд талуудын аль нэгэнд гэрээний давуу нөхцөл олгоогүйгээс гадна зээлдэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн, хамгаалсан байдаг. Мөн эрх олгогдсоноор шууд гэрээг цуцлах боломжгүй зөвхөн санал гаргаад шүүхэд хандаад явдаг.

Шүүхээр гэрээ цуцлуулдаг практик ач холбогдол нь хүү, нэмэгдүүлэн хүү зогсохоос гадна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж нээгддэг. Нэг үгээр Төрийн албадлагын арга хэрэглэлээр үүргийг хангуулдаг. Гэрээнд дурдагдсан цуцлах үндэслэл бол гэрээнээс татгалзах нөхцлийг талууд тохирсон хэлбэр болохоос гэрээг цуцлах болзол биш. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрх олгогдсоны дагуу шүүхэд хандсан. Талууд гэрээндээ зээлдэгчийн санхүүгийн байдал буурсан, муудаж доройтсон, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон нөхцөл үүссэн үүсэж болзошгүй нь нотлогдсон тохиолдолд Банк зээлийн гэрээг цуцлахаар тохирч санал нэгдсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлагдахыг шууд зогсооно гэсэн үг биш. Зээлж авсан мөнгөн хөрөнгийн ашиглалт үргэлжилж байгаа энэ тохиолдолд хуулийн /ИХ-ийн 204,1/ тохирохгүй заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Угтаа бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар бүрэн зохицуулагдаж болохоор байдаг. Хариуцагчид үүссэн нөхцөл байдал дээрх үндэслэлд хамаарч байгааг дан ганц 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18/58 тоот бичгийн агуулгаар тодорхойлж байгаа нь учир дутагдалтай бөгөөд Зээлдэгчийн төлөөлөгчийн Төрийн банкны Тусгай активын хэлтэст гаргасан хүсэлт, харилцааны хүрээнд явагдсан.

Харин ТАХэлтэс, зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд шат дараалсан арга хэмжээг хуулийн хүрээнд авахаа илэрхийлэхээс гадна гэрээг цуцлах ноцтой байдал, бодитой үйл баримт үүссэнээ баримтжуулах шаардлагыг тавьж байсан. Гэрээнээс татгалзах хүсэл зоригоо зээлдэгч тал тайлбарын хүрээнд илэрхийлсэн гэж үзсэн нь буруу жишиг, хор уршигтай юм. Харин ИХ-ийн 204,2 дах заалт бол шууд утгаараа хэрэглэж болох заалт бөгөөд Зээлдэгчийн тайлбарыг гэрээг цуцлах санал гэж тооцвол цуцлах хугацааг тогтоох эрхийг банк эдэлнэ. Энэхүү эрхээ эдэлж шүүхэд хандсан. Мөн Нийслэлийн Шүүх энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэстэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00157 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг өөрчилж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 7.755.620,43 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

Төрийн банк ХХК болон  СММС ХХК-ийн хооронд 2014. 02.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгчээс хариуцагчид 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн буюу жилийн 25.2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч гэрээний хугацаанд үндсэн зээлд 31,088,653.95 төгрөг, зээлийн хүүд 19,721,353.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,808.12 төгрөг нийт 50,825,815.73 төгрөг төлж, 2016.04.28-ны өдрөөс хойш зээл төлөгдөөгүй үйл баримтын тухайд маргаангүй, харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх буюу 2019.11.07-ны өдрөөр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн, хариуцагч нь 2018.06.18-ны өдрөөр хүүг зогсоох хүсэлтээ гаргаж байсан гэж хүүгээс багасгуулах хүсэлт гаргажээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацааны зээл, хүүг, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаандаа төлөөгүй нөхцөлд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017.02.27-ны өдөр дууссан, зээлийн гэрээг цуцлах нь зөвхөн гэрээний хугацаанд аль нэг талын санаачлагаар хийгдэх ажиллагаа бөгөөд талуудын хэн аль нь гэрээний хугацаанд гэрээг цуцлах тухай санал гаргаагүй, зохигч гэрээг цуцлах эсэх асуудлаар маргаагүй.

 

Шүүхүүд хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь бурууг дурдах нь зөв, хяналтын шатны шүүхийн энэ дүгнэлт хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

 

Хариуцагч нь төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцагч компанид үүссэн асуудлаас үүдэн зээлээ төлөх чадваргүй болж байгаагаа мэдэгдэж, нэхэмжлэгчид албан бичгээ хүргүүлж байсан боловч, банк энэ асуудлыг шийдвэрлэлгүй хугацаа алдсанаас өр төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэх нөхцөл байдлыг харгалзан 2018.06.30-ны өдрөөр тасалбар болгон, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, 31,181,581 төгрөг болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Харин хуулийг оновчтой зөв хэрэглэж чадаагүй, энэ маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 463 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...225 дугаар зүйлийн 225.1 гэснийг хасч, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д ЦОЛМОН