Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 01146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Н/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Я:Ц/РД: /-т холбогдох,

 

19 050 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцлийг харилцан тохиролцож байгуулсан. Тус хэлцлээр хариуцагч болох Я.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл болох 12 700 000/арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлөхөөр зөвшөөрч, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн.

Гэтэл уг хөлсийг одоо болтол төлөөгүй байх тул хэлцэлд заасны дагуу Иргэний хуулийн 232.6, 232.4-д заасныг тус тус үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцож 6 350 000/зургаан сая гурван зуун тавин мянга/ төгрөг, нийт 19 050 000/арван есөн сая тавин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй юм.

Иймд хариуцагчаас “төлбөр барагдуулах хэлцэл”-ийн үүрэг 12 700 000/арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг, алданги 6 350 000/зургаан сая гурван зуун тавин мянга/, нийт 19 050 000/арван есөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүрэг гүйцэтгэхийн буюу 12,700,000 төгрөг болон алдангийн хамт нэхэмжлэх шаардах эрх үүссэн байна. Талууд алдангийн зохицуулалтыг тохиролцсон учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т тус тус заасныг баримтлан 6,350,000 төгрөгийн алданги тооцсон байгаа. Нэгэнт хэлцлийн үүргийг гүйцэтгээгүй байгаа нь тодорхой байгаа. Хариуцагчийн зүгээс хариуцагчийн төлөөлөгчийн хавтаст хэрэгт өгсөн хариу тайлбарт шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгнө гэдэг зүйл хэлсэн байсан учраас нэг талаараа нэхэмжлэгчийн мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, мөн нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг шүүхэд гаргах боломжийг хязгаарласан ийм зүйл байдаг. Тийм учраас хариу тайлбарыг сонссоны дараа нөхцөл байдал тодорхой болох байх гэж үзэж байна. Яг одоогийн байдлаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

 

Хариуцагч Я.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Цт холбогдох иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангэрэл би хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуралдаан зарлагдсан байх тул нэмэлт тайлбар болон нотлох баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгнө.

Одоо 10-р сарын 31, 9-р сарын 07-ны өдөр төлсөн төлбөрүүдийг нотлох баримтууд байхгүй гэж байгаа. Энэ мөнгөн дүнтэй холбоотой хийсэн ажлууд нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой. Өөр тайлбаргүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Ж.Н хариуцагч Я.Цт холбогдуулан төлбөрт 12 700 000/арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг, алдангид 6 350 000/зургаан сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг, нийт 19 050 000/арван есөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Я.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид хөнгөн бетон блокны үйлдвэрт цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэх Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 12 700 000/арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 12 700 000/арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ... үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.”, 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12 700 000/арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12 700 000/арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 6 350 000/12700000x0.5%=63500, 63500x365=23177500, 12700000:2=6350000/ /зургаан сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 19 050 000/12700000+6350000=19050000/ /арван есөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Цээс нийт 19 050 000/арван есөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Цээс нийт 19 050 000/арван есөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Я.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 253 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ