Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01196

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01196

 

Ж.Нямжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02206 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,

 

Ж.Нямжавын нэхэмжлэлтэй,

Я.Цэрэндэндэвт холбогдох

 

Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12,700,000 төгрөг, алданги 6,350,000 төгрөг, нийт 19,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн гаргасан гомдлоор

 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл барагдуулах үүргийн гүйцэтгэлд 12,700,000 төгрөг, алданги 6,350,000 төгрөг, нийт 19,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг 2019.03.14-ний өдөр шүүхэд гаргасан. Баясгалант өргөө констракнш ХХК-ийн хөнгөн бетон блокны үйлдвэрт цахилгааны ажил хийж гэрээний дагуу тодорхой төлбөрийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлбөр барагдуулах хэлцэл хийгээд нотариатаар баталгаажуулсан. Хэлцлээр Я.Цэрэндэндэв нь ажил гүйцэтгэх ажлын хөлсний үлдэгдэл болох 12,700,000 төгрөгийг төлөөгүй байгааг баталгаажуулж, үүнийг 2016.12.31-ний өдрийн дотор төлнө гэж хэлцэл байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,700,000 төгрөгийг төлсөн гэх баримтыг хэрэгт өгөөгүй. Өмнөх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Алтангэрэл гэх хүн баримт гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. Гэтэл тус баримтыг одоо болтол гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь 12,700,000 төгрөгийг хүлээж аваагүй. Талууд төлбөр барагдуулах хэлцэлд 2016.12.31-ний өдрийн дотор үлдэгдэл мөнгийг өгнө гэж заасан ч хариуцагч Я.Цэрэндэндэв нь одоо болтол өгөөгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1, 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу алданги тооцсон. Иймд хариуцагчаас 19,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2016.03.18-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн бөгөөд тус хэлцэлд ажил гүйцэтгэхээр 37,000,000 төгрөгийг төлөхөөр, 2015.09. 07-ны өдөр 24,300,000 төгрөгийг төлсөн гэж заасан. Үлдэгдэл 12,700,000 төгрөгийг 2016.12.31-ний өдрийн дотор багтаан төлөхөөр тохиролцсон. Я.Цэрэндэндэв нь үлдэгдэл төлбөр 12,700,000 төгрөгийг төлбөр барагдуулах хэлцэл байгуулснаас хойш 1 жилийн дотор төлсөн гэж хэлсэн ба төлбөрийг 3 хувааж төлсөн. Эхний 2 төлбөрийг тус бүрд нь 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд төлбөр төлөхдөө гарын үсэгтэй баримт бичиг авсан. Үлдэгдэл төлбөр болох 2,700,000 төгрөгт ямар нэгэн баримт бичиг аваагүй гэж хэлсэн. 12,700,000 төгрөгийг Ж.Нямжавыг ажил дээрээ дуудан бэлнээр төлсөн гэж хэлсэн. Иймд төлбөрийг төлж дуусгасан учраас баримт шаардлагагүй гэж үзээд баримт бичгийг үрэгдүүлсэн гэсэн. Нотлох баримт байхгүй учраас манай талаас төлбөр төлөх ёстой гэж харагдаж байгаа хэдий ч Ж.Нямжавыг нэхэмжлэл гаргахыг мэдсэн бол Я.Цэрэндэндэв нь тус баримтыг хадгалдаг байж гэж хэлсэн. Баримт бичиг байхгүй ч гэсэн Ж.Нямжав нь 12,700,000 төгрөгийг хүлээн авсан гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02206 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан Я.Цэрэндэндэвээс нийт 15,875,000 төгрөгийг гаргуулан Ж.Нямжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,175,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.Нямжав улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Я.Цэрэндэндэвээс улсын тэмдэгтийн хураамжид 237,325 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 124 дүгээр зүйлийн 124.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Я.Цэрэндэндэв нь Ж.Нямжавтай 2016.03.18-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг хийж, тус хэлцэлд Баясгалант өргөө констракшн ХХК-ийн хөнгөн бетон блокны үйлдвэрт цахилгаан тоног төхөөрөмжийн бүх угсралтыг нийт 37,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд үүнээс 2015.09.07-ны өдөр 24,300,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба үлдэгдэл 12,700,000 төгрөгийг 2016.12.31-ний өдрийн дотор багтаан төлөхөөр тохиролцсон. Тухайн үед Я.Цэрэндэндэв нь Баясгалант өргөө констракшн ХХК-ийн захирал байсан тул хэлцлийг компаниар бус өөрийн нэрээр байгуулсан байдаг. Тус хэлцлийг байгуулснаас хойш компанийн анхны эзэн болох Т.Баясгалан гэх хүн өөрийн найз н.Батзоригийн нэр дээр Я.Цэрэндэндэвээс компанийг шилжүүлэн авсан юм. Ж.Нямжавын нэхэмжилж буй хэлцэл барагдуулах үүргийн гүйцэтгэлд 12,700,000 төгрөг, алданги 6,350,000 төгрөг, нийт 19,050,000 төгрөг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь зориуд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Учир нь тус хэлцлийг байгуулснаас хойш Ж.Нямжав нь 2016.09.07-нд 5,000,000 төгрөг, 2016.10.31-ний өдөр 5,000,000 төгрөг, үлдэгдэл 2,700,000 төгрөгийг 2017 оны эхээр өгсөн байдаг. Үнэхээр төлбөр барагдуулах хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй байсан бол Ж.Нямжав нь хэлцлийн хугацаа дууссаны дараа шүүхэд хандах хангалттай боломжтой байсан. Нэхэмжпэгчийн төлөөлөгчийн дурдсанаар бие муутай тул гарах боломжгүй байсан гэж тайлбарласан хэдий ч үнэхээр мөнгө шаардлагатай болсон бол 3 жилийн хугацаанд шүүхэд хандах хугацаа байсан. Өөрөөр хэлбэл Ж.Нямжав нь өөрийн биеэр очих боломжгүй байсан ч гэр, эмнэлгийн байгууллагаар очиж үйлчилгээ үзүүлдэг нотариатчаар дамжуулан итгэмжлэл байгуулж шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах бүрэн боломжтой байсан ч хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнө нэхэмжлэл гардуулсан нь өөрөө эргэлзээтэй юм. Хариуцагч талд мөнгө төлсөн гэх баримт байхгүйн улмаас 15,875,000 төгрөг төлөх болчихоод байна. Нэхэмжлэгч нь тус мөнгийг баримт нотолгоотой шаардаж байгаа бол мөнгийг Я.Цэрэндэндэвээс бус Баясгалант өргөө констракшн ХХК-иас шаардах ёстой юм. Учир нь Ж.Нямжавын хийж гүйцэтгэсэн ажил нь Я.Цэрэндэндэвийн хувийн хэрэгцээнд огт зарцуулагдаагүй бөгөөд 37,000,000 төгрөгийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил нь цэвэр Баясгалант өргөө констракшн ХХК-ийн хөнгөн бетон блокны үйлдвэрт зориулагдан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс юм. Мөн төлбөр барагдуулах хэлцэлд заасан 37,000,000 төгрөгийг Я.Цэрэндэндэв нь Ж.Нямжаваас аваагүй, гагцхүү хийж гүйцэтгэсэн ажлын цалин хөлсийг баталгаажуулах зорилгоор 2016.03.18-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Ж.Нямжав нь Я.Цэрэндэндэвт холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12,700,000 төгрөг, алданги 6,350,000 төгрөг, нийт 19,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Ж.Нямжав, Баясгалант өргөө констракшн ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр төлөх үүргийг иргэн Я.Цэрэндэндэв өр барагдуулах хэлцлээр өөртөө шилжүүлж авчээ.

 

Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах 2016.03.18-ны өдрийн гэрээнд ...Я.Цэрэндэндэв нь Баясгалант өргөө констракшн ХХК-ийн хөнгөн бетон блокны үйлдвэрт цахилгаан тоног төхөөрөмжийн бүх угсралтыг нийт 37,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд үүнээс 2019.09.07-нд 24,300,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба үлдэгдэл 12,700,000 төгрөгийг 2016.12.31-ний дотор багтаан төлөхөөр тохиролцов гэж заажээ.

 

Төлбөр барагдуулах гэрээтэй холбогдуулж талууд маргаагүй бөгөөд уг гэрээ Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Гэрээгээр хүлээсэн үүргээ Я.Цэрэндэндэв зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Ж.Нямжав Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

 

Я.Цэрэндэндэв үлдэгдэл төлбөр 12,700,000 төгрөг төлсөн болохоо нотлоогүй, хэрэгт энэ тухай нотлох баримт авагдаагүй тул түүнийг 2016.03.18-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

3. Төлбөр барагдуулах 2016.03.18-ны өдрийн гэрээнд Я.Цэрэндэндэвийг төлбөр буцааж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор талууд тохиролцсон байна.

 

Шүүхээс зохигчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэж, алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар 50 хувиар бууруулан тогтоосныг буруутгах боломжгүй байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1- заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

              ШҮҮГЧИД              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД