Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 01130

 

 

 

 

    2019 оны 06 сарын 17 өдөр

       Дугаар 182/ШШ2019/01130

Улаанбаатар хот

                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                             

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зардал, засвар үйлчилгээтэй холбоотой зардал, алдангид 546.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн даргаар С.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 34-67 тоотод оршин суух Б.М нь 2018 оны 01 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөрөө төлөөгүй, үүнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Иргэний хуулийн 149.1.2-Т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Бид зохих ёсны холбогдох  бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Б СӨХ нь  холбооны гишүүдээс санхүүждэг. 2015.05.29-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны хурлыг хийж хөлс мөнгө, байрны СӨХ-ны төлбөрийг тохирч тогтсон. Үүний дагуу нэхэмжилж байна. Үүнээс хойш Б.М 2018 оны 01 дүгээр сар хүртэлх СӨХ-ны төлбөрөө төлж байсан ч төлөхөө больсон. Нийт 546.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэсэгчилж тодорхой хэмжээнд зөвшөөрөх боломжтой. Нийт 546.000 төгрөг нэхэмжилснээс 182.000 төгрөгийг алданги гэж нэхэмжилж байгаа ч төлөх боломжгүй. Иргэний хуульд заасны дагуу алдангийг гэрээний үндсэн дээр гэрээгээр тохиролцсон тохиолдолд төлдөг. СӨХ-ны зүгээс оршин суугчидтайгаа гэрээ байгуулах үүрэгтэй ч гэрээ байгуулагдаагүй учраас алданги төлөх боломжгүй гэж үзэж байна. Үндсэн үнийн дүнд 364.000 төгрөг нэхэмжилсэн. Сар бүр 28.000 төгрөгийг нэхэмжилдгээс сар бүрийн 10.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь 10.000 төгрөгийн утга харуул хамгаалалтын зардал гэж орж ирдэг. Өмнө нь тус СӨХ нь мэргэжлийн харуул хамгаалалтын компанитай хамтран ажилладаг байсан. Тухайн үед 10.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй байсан ч 2017 оны 04 дүгээр сараас харуул хамгаалалт ажиллахаа больсон байна. Харуул хамгаалалт ажиллахаа больсон байхад харуул хамгаалалтын зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гаргаж өгсөн баримтуудтай танилцахад харуул хамгаалалтын оронд 2 жижүүр ажиллуулсан учраас харуул хамгаалалтын зардал авах ёстой гэж үзэж байгаа юм байна. 2 жижүүр ажиллуулсан асуудлын хувьд тухайн 2 жижүүрийн нийгмийн даатгалын тайлан, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас харахад 2016 оны 01 дүгээр сараас тус СӨХ-нд үйлчлэгч нэрээр сарын 500.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан. 2017 оны 06 дугаар сард жижүүр гэх албан тушаалд шилжүүлсэн гэх боловч үндсэн цалин өөрчлөгдөөгүй. СӨХ-ны төлбөрийн задаргаа нь юу байдаг вэ гэвэл ажилчдын цалинд 5.000 төгрөг, нэмэх нь харуул хамгаалалтын зардал 10.000 төгрөг гэж байна. 5.000 төгрөгт нь юу багтаж байна вэ гэвэл өнөөдрийг хүртэл жижүүр гэж ажиллаж байгаа хүний цалин анхнаасаа үүнд багтчихсан байсан. Өнөөдрийг хүртэл 5.000 төгрөг нь багасаагүй. 5.000 төгрөгөөс 2 жижүүрийн цалин төлөгддөг гэж үзэж байна. Харуул хамгаалалтын зардал цэвэр ямар нэгэн зүйлд зарцуулагдахгүйгээр төлөгдөж байна гэж ойлгосон. Иймд 2018 оны 01 дүгээр сараас нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл харуул хамгаалалтын зардал төлөх боломжгүй гэж үзэж байна. Нийт 154.000 төгрөгийг төлөх боломжтой. 2018 оны 01 дүгээр сараас нэхэмжлэл гаргах хүртэл нийт 13 сарын төлбөрөөс сар бүрийн 10.000 төгрөгийг төлөх боломжгүй. 2017 оны 06 дугаар сараас хойш харуул хамгаалалтын зардалд 10.000 төгрөг төлсөн. Нийт 80.000 илүү төлсөн байгаа тул 154.000 төгрөг төлөх боломжтой гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Өмнө нь энэ байранд мэргэжлийн харуул хамгаалалтын алба ажилладаг байсан. Гэвч 2017 оны дундуур тухайн компани ажиллахаа больсон. Үүнтэй холбогдуулж Б.М гэдэг хүн тухайн харуул хамгаалалтын газраас лавлахад 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллахаа больсон гэдэг албан бичиг өгсөн. Үүнийг ямар нэгэн байдлаар хуурамчаар хийгээгүй. Ажиллахаа больсон харуул хамгаалалтад зориулж төлбөр төлөх нь хуульд нийцэхгүй, эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзсэн учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. 2017 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл уг асуудлыг мэдээгүй, харуул хамгаалалтын зардлыг төлсөн. 2017 онд 80.000 төгрөг төлсөн. 2018 оноос хойш төлөхөө больсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол 80.000 төгрөг гаргуулах. Үүнийг үндсэн дүнгээс харилцан тооцож гаргаж болох болов уу. Үндэслэлийн тухайд харуул хамгаалалт байхгүй, жижүүр гэж байхгүй ажилладаггүй. Жижүүр гэдэг албан тушаалтай боловч үйлчлэгчийн ажил хийдэг. Ажилчдын цалин гэдэг хуваарьт төлбөрөөс тэр хүмүүс цалинждаг. Ажилчдын цалинд зориулж тусдаа 5.000 төгрөг төлсөн. Харуул хамгаалалтын зардлаар камер суурилуулсан гэдэг асуудал ярьж байх шиг байна.  Камер суурилуулах нь засвар үйлчилгээ, зардал гээд тусдаа зардал авч байгаа түүнээс гарах ёстой. Харуулын мөнгө гэж хүмүүсийг хуурч байгаа юм шиг авчхаад камер суурилуулсан гэж хэлээд байж байх боломжгүй. Тийм учраас 240.000 төгрөгөө багасгаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 80.000 төгрөг гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Олонхи нь асуудлыг зөвшөөрсөн тохиолдолд цөөнх нь олонхоо дагана гэсэн хуулийн заалт байдаг юм байна лээ. 5.000 төгрөг 2 жижүүрийн цалинд хүрэхгүй. Манайх 160 гаруй айлтай. 160 айлыг 5.000 төгрөгөөр бодоход 800.000 төгрөг болдог. Гарах зардал өндөр байдаг. Камерын зардал гэж тусдаа гардаггүй. Камер, харуул хамгаалалтын зардал гэж нэг л байдаг. Харуул хамгаалалтын зардалд камерын зардал ч багтана. Үйлчлэгчийн зардал гээд 5.000 төгрөг, материалын зардал гээд 5.000 төгрөг, лифтний 8.000 төгрөг байдаг. Харин ч манай СӨХ-ны төлбөр харьцангуй бага авагдаж байгаа. Тиймээс манай СӨХ-ны зардал хүрдэггүй. Ерөнхийдөө үнэ нэмэхгүйгээр болгоод яваад байгаа. Миний хувьдаа хэрэглэх гэж байгаа мөнгө биш оршин суугчдад өөрсдөд нь зарцуулагдаж байгаа мөнгө. Өөрсдөө орон байрандаа оршин сууж аятай тухтай байхын тулд оршин суугчдын ихэнхи нь өгчихсөн байж байгаа. Ганц нэг хүмүүс өгөхгүй байгаа. Энэ нь хэр үндэслэлтэй эсэхийг мэдэхгүй. Харуул хамгаалалтын зардлыг СӨХ-ны төлбөрөө өгөөгүй байхад нь СӨХ-с гаргаад харуул хамгаалалтын компанид мөнгийг нь өгчихсөн. Эргээд мөнгөө авна гэж юу яриад байгааг нь ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бүх зүйл данс тооцоотой гарч байгаа. Харуул авч ажиллуулах уу гэхэд жижүүр авч ажиллуулах нь зөв гээд оршин суугчдын 98.2 хувийн саналаар шийдэгдсэн асуудал. Өөрөө бүх зүйлийг шийдсэн зүйл байхгүй, удирдах зөвлөл оршин суугчдаас санал асуулга аваад гарын үсгээр баталгаажуулсан асуудал. Харуул хамгаалалт гэрээгээ сунгахгүй гээд бид удирдах зөвлөлөөр ярилцаж оршин суугчдаас санал аваад жижүүр авч ажиллуулсан. Одоо хүртэл үйлчилгээ хийгээд явж байгаа. Харуул хамгаалалтын зардлын 10.000 төгрөг бол  камерын урсгал засвар харуул хамгаалалтын мөнгөтэй хамт явж байсан юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэв.

 

         Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбооны гаргасан хариуцагч Б.Мт холбогдох Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зардал, засвар үйлчилгээтэй холбоотой зардал болон алдангид 546.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.Б сууц өмчлөгчдийн холбооны гаргасан нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоо Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зардал, засвар үйлчилгээтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуусталхи 13 сарын зардалд 364.000  төгрөг, хугацаанд нь төлбөрөө төлөөгүй гэж алдангид 182.000 төгрөг, нийт 546.000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

            Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаас Дундын өмчлөлийн  эд хөрөнгийн хамгаалалтын зардалд сар тутам нэхэмжилсэн 10.000 төгрөгийг төлөхгүй, 2017 оны 4 дүгээр сараас хойш харуул хамгаалалтгүй байгаа гэж маргасан.

           

            Гэтэл  хариуцагч Б.М нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 34 дүгээр байрны 67 тоот орон сууцны өмчлөгч байх ба, сар бүрийн зардал 28.000 төгрөгийг нэхэмжилж буй 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуусталхи 13 сарын зардалд 364.000  төгрөгийг  төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаарх лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ гэх/ нь Төгөлдөр харуул ХХК-тай харуул хамгаалалтын гэрээтэй байсан гэх ба, 2017 оны 6 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч СӨХ 34 дүгээр байрны харуул хамгаалалтыг ээлжийн жижүүр ажиллуулж гүйцэтгүүлж ирсэн болох нь зохигчийн тайлбар, СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2015.06.08-ны 05 тоот тогтоол, 2017.06.16-ны өдрийн 17/09 тоот тогтоол, жижүүр ажиллуулах эсэх талаар оршин суугчдаас авсан саналууд, Төгөлдөр харуул ХХК-ийн Б СӨХ-д үзүүлсэн харуул хамгаалалтын авлагын тооцоо, СӨХ-ийн жижүүрүүдийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

 

            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.5-д Орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийлгэхээс бусад асуудлаар санал өгөөгүй өмчлөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зүйлийг ашиглахаар шаардах эрхгүй.

 

Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй,

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3.-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох;

 

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэжээ.

 

            Хариуцагч Б.М СӨХ-ийн харуул хамгаалалтыг гүйцэтгэж байсан Төгөлдөр харуул ХХК нь 2017.04.01-нээс үйл ажиллагаагаа зогсоож орон сууц харуул хамгаалалтгүй болсон тул уг зардалд сар тутам нэхэмжилж буй 10.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж Төгөлдөр харуул ХХК-ийн огноогүй 33/27 дугаартай ирүүлсэн албан бичиг нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдсэн Л.О холбогдох хэргээс зохигчийн хүсэлтээр авсан тус компанийн 2019.05.15-ны өдрийн 38 дугаартай албан бичигт “харуул хамгаалалтын үйлчилгээг 2017.06.01-нээс зогсоосон” гэсэн албан бичиг, “СӨХ-д үзүүлсэн харуул хамгаалалтын авлагын тооцоо” гэх баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр няцаагдаж байна.

 

            Иймд нэхэмжлэгч СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 364.000 төгрөгийг  хариуцагч Б.М төлөх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч тал анзын гэрээг бичгээр хийгээгүй тул нэхэмжилсэн 182.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

            Хариуцагч Б.М нь 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх 24 сарын харуул хамгаалалтын зардалд  төлөх 240.000 төгрөгийг нэхэмжилсэн ба, хариуцагч тал шүүх хуралдааны шатанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2017 оны 04 дүгээр сараас хойш төлсөн харуул хамгаалалтын зардлын мөнгө 80.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

            Хариуцагч Б.М нь сууц өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй тул харуул хамгаалалтын/жижүүр ажиллуулсан/ зардалд төлсөн гэх 80.000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй ба, тэрээр уг зардлыг төлсөн талаарх холбогдох нотлох баримтаа мөн ирүүлээгүй байна.

 

            Иймд хариуцагч Б.Мийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Мээс 364.000 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 182.000 төгрөгийг, хариуцагч Б.Мийн  240.000 төгрөгийг Б сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй  болгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбооноос төлсөн 17.030 төгрөг, Б.Мийн төлсөн 7.850 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс 11.570 төгрөг гаргуулж Б сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.АЛТАНЦЭЦЭГ