Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1410

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01061 дүгээр шийдвэртэй

 

С.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “В Ф ББСБ” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 785 744.46 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О-, өмгөөлөгч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр туршилтын хугацаа дуусч, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Улмаар байгууллагын ажиллагсдын ажил, албан тушаалын үндсэн цалинд өөрчлөлт орж, анх байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Т/19/03/05 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ямар нэгэн сахилгын зөрчилгүй ажиллаж байхад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын болон ноцтой зөрчил гаргаж байгаагүй юм. Иймд харилцагчийн үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 785 744.46 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийгдсэн дотоод аудитын шалгалтын тайлангаар болон өөрийнх нь тайлбар, холбогдох харилцагч нарын мэдүүлэг, тайлбар, ашиг сонирхлын зөрчлийн хуудас, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон. С.О- нь харилцагч н.Хүрэлбаатартай холбоотой зээл олгоход хууль бусаар оролцсон зөрчил байсан. Тус зээл нь манай байгууллагын дүрэм, журмын дагуу шаардлага хангах бололцоогүй барьцаа хангалтгүй зээл байсан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн зээлээс 2 000 000 төгрөгийг урамшуулалд авсан байсныг тогтоосон. Одоогоор н.Хүрэлбаатарын зээл бүрэн төлөгдөж дуусаагүй, үр дагавар нь арилаагүй, хугацаа хэтрэлтэй зээлийн ангилалд орсон. Түүнчлэн, н.Хүрэлбаатарын зээлийн эргэн төлөлтөд өөр харилцагчийн 550 000 төгрөгийг төлсөн асуудал гарсан. Гэхдээ С.О- өөрөө н.Хүрэлбаатар руу залгаж ингэж буруу орсон байна, ийм учраас хүсэлт гаргаад өг гэж хэлж оролцсон оролцоо байдаг.

Ашиг сонирхлын зөрчил дээр гэр бүлийн гишүүд нь зээл авсан гэдгийг мэдсэн хэрнээ байгууллагад зохих дүрэм, журмын дагуу мэдэгдээгүй зөрчил гаргасан. Түүний нөхөр н.Батмөнх нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, ээж н.Наранчулуун нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус манай байгууллагаас зээл авсан байдаг. Бидний зөрчил гэж үзэж байгаа нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авсан зээлээ байгууллагын дүрэм, журмын дагуу ашиг сонирхлын зөрчлийн маягт дээр мэдэгдээгүйг зөрчил гэж үзсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил. Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн хорооны хурлын тэмдэглэлийг нөхөж хийхэд оролцсон. Нөхөж хийсэн тэмдэглэлүүд нь салбарын захирал С.Энхчимэгтэй холбоотой залилан болон ашиглангийн шинжтэй зээлүүд. Одоо цагдаа дээр шалгагдаж байгаа. Эхнээсээ зээлийн хорооны хурал болоогүй, судалгаа хийгээгүй, хурал болоогүй учраас тэмдэглэл байхгүй зээл байсан. Гэтэл энэ зээлүүд зохих журам, хуулийн дагуу гарсан юм шиг баримтыг араас нь нөхөж хийсэн үйлдэлд нэхэмжлэгч оролцсон байсан. Энэ нь ноцтой зөрчилд тооцогдоно. Ийм зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хоёр тал тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тодорхой баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.О-ийг “В ББСБ” ХХК-ийн харилцагчийн үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 705 860 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 79 884.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар С.О-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “В ББСБ” ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.О- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Вишнфанд ББСБ” ХХК-аас 42 244 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажилтныг ажлаас халах тушаалд юу заах, бичих ёстойг, ямар формаль шаардлага тавьдаг болохыг тодорхойлсон хууль, эрх зүйн хэм хэмжээ огт байдаггүй бөгөөд анхан шатны шүүх “тушаал тодорхойгүй байна” гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгасан нь хуульд нийцээгүй дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохыгоо тайлбарлаж буй үндэслэл. гаргасан гэх зөрчлүүд нь тогтоогдсон эсэхэд шүүх анхаарч дүгнэлт хийх нь зүйтэй байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ээж, нөхөр зээл авсныг зөрчил гэж үзээгүй, үүнтэй холбоотой буруутгаагүй бөгөөд гагцхүү энэхүү зээлээ ашиг сонирхлын зөрчлийн маягт дээр дурдах ёстой, мэдүүлэх ёстой байсан гэж үзсэн болно. С Оюунцэцэг нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус бөглөсөн ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх маягтын 4 дэх “Өнгөрсөн 12 сарын хугацаанд би болон манай гэр бүлийн гишүүд Вишн фанд ББСБ-аас зээл авсан” гэх хэсэгт “үгүй” гэж мэдүүлсэн нь зөрчил юм. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон байгууллагад тогтсон соёлын хүрээнд энэхүү хэсгийг ажилтан тус байгууллагад ажиллаж байсан эсэхээс үл шалтгаалан асуулгын дагуу үнэн зөв бөглөх үүрэгтэй тул нэхэмжлэгч С.О-ийг ашиг сонирхлын зөрчлөө худал мэдүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй, энэхүү зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаардаг болно. Мөн нэхэмжлэгч С.О- нь зээлийн хорооны хурлын тэмдэглэлийг нөхөж, зохиомлоор бичдэг байсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар ч мөн үүнийг үгүйсгэдэггүй. Гэтэл тэмдэглэлүүдийг гаргаж өгсөнгүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн эдийн засагчийн зүгээс ямар ч судалгаагүй, зээлийн хорооны хурлаар оролгүйгээр гаргасан зээлүүддээ тэмдэглэл нөхөн оруулдаг байсан бөгөөд энэхүү тэмдэглэлийг нь зээлийн эдийн засагчийн даалгаснаар С.О- бичдэг байжээ. Ийнхүү судалгаагүй гарсан зээлүүдийн эргэн төлөлтийн байдал маш хангалтгүй, тус зээлүүд нь бүгд найдваргүй, хугацаа хэтэрсэн. чанаргүй зээлийн ангилалд орсон. Хариуцагчийн зүгээс аливаа зөрчлийг зөвхөн хэн нэг хүний ганц мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоосон болж асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд ажлын хэсгийн шалгасан аудитын дүгнэлт, баримт, бодит нөхцөл байдал, хамт ажиллагсад, зөрчилд хамтран оролцсон хүмүүсийн тайлбар, мэдүүлэг зэрэг зөрчлийг тогтоож болох бүх арга хэрэгслээр тогтоож асуудалд ул суурьтай хандаж, хуульд бүрэн нийцүүлж ажилласан болно. Дээрх байдлаар анхан шатны шүүгч хэргийг ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн талд хэт ашигтайгаар дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч “В ББСБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу 1 785 744.46 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан, байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ. /хх.1-2, 34/

 

Хариуцагч “В ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч С.О-ийг харилцагчийн үйлчилгээний ажилтны албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатайгаар томилж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн түүнийг жинхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Т19/03/05 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч С.О-ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл нь тогтоогдсон гэсэн үндэслэл заажээ. /хх.8/

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Т19/03/05 тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгчийг “нэр бүхий зээлдэгчийг зээл авахад нь зуучилсан, үүнтэй холбоотойгоор тус зээлдэгчээс 2 000 000 төгрөг авсан, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн буюу зээлийн хорооны тэмдэглэлийг бичсэн, мөн зээлийн хорооны хуралд суугаагүй атлаа тэмдэглэлийг нөхөн бичсэн, гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд нь хариуцагч ББСБ-аас зээл авсан талаар мэдээлэх хуудсаар мэдээлээгүй” гэх зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн тайлбарт дурдсан Б.Хүрэлбаатар нь “Вишнфанд ББСБ” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээл авсан нь түүний тайлбараар тогтоогдсон /хх124-126/, мөн нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох У.Батмөнх нь 2018 оны 02 дугаар сарын 28 /хх.199-203/, нэхэмжлэгчийн ээж Б.Наранчулуун нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр /хх.194-198/ тус тус хариуцагч ББСБ-аас зээл авсан үйл явдал нь нэхэмжлэгчийн ажилд орохоос өмнө болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ажилтны анкетад “үгүй” гэх байдлаар бөглөсөн нь талуудын хоорондын Хөдөлмөрийн гэрээнд заасан ашиг сонирхлын мэдүүлгийг худлаа бөглөсөн бол зөрчилд тооцох зохицуулалтад харшлахааргүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь буруу биш байна.

 

Түүнчлэн, зээлийн хорооны тэмдэглэлийг нөхөн бичсэн гэх агуулгаар гаргасан тайлбар болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил давтан гаргасан гэсэн тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч С.О-ийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил давтан гаргасан, байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл нь тогтоогдсон гэж түүнийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Т19/03/05 дугаар тушаал хуульд нийцээгүй гэж үзэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 705 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, үүнтэй холбоотой холбогдох дэвтрийн хуулбарт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 42 244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

 

                                             ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                               Ц.ИЧИНХОРЛОО