Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 560

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183ШШ2017/02671 дүгээр шийдвэртэй, Д.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5 644 981 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, П.Мөнхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн операторын албан тушаалд түр хугацаагаар томилогдон, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Шуурхай төлөвлөлтийн хэлтэс олон эмэгтэй ажилтантай бөгөөд жирэмсэн болон амаржих хугацаанд нэгийгээ нөхөх байдлаар ажилладаг. Тэр үед намайг Т.Энхчимэгийн оронд түр томилсон нь үнэн. Ажлаас халах тушаал гарсан талаар сонсоод асууж лавлахад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гарсан байсан. Уг тушаалаар үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Учир нь Т.Энхчимэгийг ээлжийн мэргэжилтнээр ажиллах хугацаанд нь оператораар ажиллаж байсан ба түүнийг ажлаа хэвийн гүйцэтгэж байхад ээлжийн мэргэжилтнээс операторын ажилд шилжүүлж, орны хүн чинь ирлээ, та ажилгүй боллоо гэж халсан. Гэтэл тэр үед Т.Энхчимэг нь ээлжийн мэргэжилтний ажлаа хийж, операторын ажил огт хийгээгүй нь ээлжийн хуваарь болон ээлж хүлээлцэх дэвтэр зэргээр нотлогдоно.

Түүнчлэн хариуцагч тал Т.Энхчимэгийг операторын ажлыг давхар гүйцэтгэж байсан гэж тайлбарлах боловч операторын дэвтэрт гарын үсэг зураагүй байгаа нь дээрх ажлыг хийгээгүйг давхар нотолно. Ээлжийн хуваарьт ээлжийн мэргэжилтэн гэж оруулсан зэргээс харахад 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс Т.Энхчимэг операторын ажлыг хийх ёстой байсан ч хийгээгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн албан тушаалд жинхэлж, дараа нь жирэмсний амралтаа авсан байдаг. Тэгэхээр намайг ажлаас халахын тулд Т.Энхчимэгийг ээлжийн мэргэжилтнээс операторын ажилд шилжүүлсэнд гомдолтой. Мөн орон тооны илүүдэлтэй, таны гэрээний хугацаа дууссан гэх боловч өөр хүмүүс авсан нь баримтаар нотлогдож байгаа.

Иймд операторын ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалин олговорт 5 644 981 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал байнгын ажлын байранд түр хугацаатай гэж гарсан. Хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд нөхөж ажлуулах үүднээс ийм тушаал гаргадаг. Байнгын ажлын байр гэж байгаа боловч хүүхэд асрах чөлөөтэй хүнийг халж, оронд нь өөр хүн томилох боломж байдаггүй. Тиймээс ажилтантай тохиролцож түр тушаал гаргаж ажиллуулдаг. Аудитын дүгнэлтээр манайх орон тооны илүүдэлтэй, илүүдлийг арилгах, нисэхийн төлөвлөгөөнд орсон зардлыг хэмнэх, 2016 оны тогтоолыг биелүүлж ажиллах талаар дүгнэлт хийсэн.

Т.Энхчимэгийг ажилд эгүүлэн тогтоохоос нэг сарын өмнө нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг мэдэгдсэн. Т.Энхчимэгийг тухайн ажлаа хийгээгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа ч энэ нь байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал. Тэгээд ч Т.Энхчимэгтэй тохиролцсон. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/161 тоот тушаал нь үндэслэлтэй гарсан. Ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж нэхэмжлэгч нь  Т.Энхчимэгийн оронд түүний ажлыг түр хийхээр харилцан тохирч гарын үсэг зурсан. Т.Энхчимэг яагаад эргээд ажлаа хийх болсон нь байгууллагын дотоод журмын 3.4.5-д ... ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлж болно гэсний дагуу эргэж операторын ажлаа хийхийг хүссэн. Түүнийг мэргэжилтэн хийж байсан гэж тайлбарлаж байгаа ч операторын цалингаар уг ажлыг хийхийг зөвшөөрсөн юм. Мэргэжилтэн нь операторыг бодвол илүү цалинтай байдаг, үүнийг 2016 оны тогтоолоор төсөв хэмнэж ажиллах, орон тоог батлагдсан хэмжээнд барьж ажиллахыг үүрэг болгосноор хийсэн. Байнгын орон тоонд түр ажиллуулж байсан, үүнийг буруу гэж үзсэн бол Д.Н нь 2016 оны тушаалд 3 сарын дотор гомдлоо гаргах эрх байсан. Тушаалыг хууль тогтоомжийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Нийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Шуурхай төлөвлөлтийн хэсэгт нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн операторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газраас 5 644 981 төгрөгийг гаргуулж Д.Нт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний нисэхийн ерөнхий газраас 105 270 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг бодит байдалд нийцэхгүй байдлаар үнэлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрөө хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл байгууллагын дотоод зохион байгуулалтын үйл ажиллагаанд нөлөөлж, өөрийг нь ажлаас чөлөөлсний дараах байгууллагын удирдлагын үйл ажиллагааг шүүмжилж гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь ажил олгогчийн эрх ашгийг хөндсөн байгууллагад буруу жишиг тогтоох шийдвэр болсон.

Ажил олгогчийн хувьд Д.Нийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж 1 сарын илүү цалин өгч ажилтны эрх ашгийг бодсон байхад шүүх 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нислэгийн бүртгэл, гүйцэтгэлийн оператороор шилжүүлэн ажиллуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр ажиллаж байсан ажилтан ажлын байрыг суллаж өгөхгүй, өөрийн ажил гэж уг ажлын байрыг үлдэх боломжтой гэсэн яриаг үүсгэж байгаа нь байгууллагын эрх ашгийг илтэд хөндсөн, бодит байдалд нийцэхгүй шийдвэр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Н нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Шуурхай төлөвлөлтийн хэсэгт нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн оператороор түр томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулж, оператор Т.Энхчимэгийг ээлжийн мэргэжилтнээр ажиллах хугацаанд уг гэрээ үйлчлэх нөхцлийг тохиролцсон байна. Ажил олгогч 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/161 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь  чөлөөлжээ. /хх15, 19-24,/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон буюу дээрх тушаалд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцэж байна.

 

Хариуцагч байгууллага нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/128 дугаар тушаалаар Шуурхай төлөвлөлтийн хэсэгт мэргэжилтнээр түр хугацаагаар ажиллаж байсан Т.Энхчимэгийг ажлын шаардлагаар нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн оператороор шилжүүлэн ажиллуулах болсон учраас Д.Нийг тухайн ажлын байрнаас чөлөөлөх талаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан уг гэрээг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн гэж үзжээ.

 

Хэргийн баримтаас үзвэл тухайн ажлын байранд Т.Энхчимэгийг томилсон дээрх тушаал бодитойгоор хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/128, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаалуудад дурдсан үндэслэлээр тус хэсгийн ээлжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Энхчимэг нь Д.Нийг ажлаас чөлөөлсөн хугацаанаас хойш нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн оператороор ажилласан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд ээлжийн мэргэжилтэн Т.Энхчимэгийг операторын ажилд нь шилжүүлсэн гэх үндэслэлээр Д.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь гэрээ болон хуульд нийцээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх хариуцагч байгууллагын хэвийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтад нөлөөлсөн дүгнэлт хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр ажиллаж байсан ажилтан ажлын байрыг суллаж өгөхгүй байхад нөлөөлсөн шийдвэр гаргасан гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах гэснийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт орхигдуулсныг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02671 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА