Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01427

 

 

А.Аззаяагийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00049 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаар магадлалтай, 

А.Аззаяагийн нэхэмжлэлтэй,

П.Баянмөнхөд холбогдох, 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 22,135,053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч А.Аззаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Аззаяа ээжийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг бөгөөд 2018 оны 08 сарын 08-ны өдөр түүний ээж Амарбаясгалант хийд рүү явж, А.Аззаяа гэрээ харж байсан. Гэтэл цонхийг нь хүчтэй тогшсон тул цонхныхоо хөшгийг нээхэд хойд хашааны буюу П.Баянмөнх нь эхнэрийнхээ хамт зогсож байсан ба хашаанд чинь морио идүүлж хонуулах, ээжээс чинь зөвшөөрөл авсан гээд морио хашаанд нь оруулж ирсэн байсан. Маргааш орой буюу 2018 оны 08 сарын 09-ний өдөр урьд талын хаалга тогшиход очиж нээхэд Баянмөнхийнд туслах хийдэг залуу морио хөтөлсөн зогсож байгаад Аззаяа нь хаалгаа нээгээд зогсож байхад туслах залуу морио хөтөлж хашаанд оруулсны дараа хаалгаа хаачхаад эргээд хартал морь нь Аззаяагийн нүүрэнд өшиглөсөн. Ингээд гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. Ингэж очиход гавлын ясны зураг авч, хамрын яс бяцарсан, нүдний ухархай хугарч цуурсан, тархинд их хэмжээний цус хурсан, хаван үүссэн гэсэн онош тогтоогдож улмаар морины өшиглөснөөс үүссэн ил шархыг оёж оёдол тавьсан. Гэмтлийн эмнэлэгт очиход Баянмөнхийн эхнэр ирсэн байгаад эмчилгээ хагалгаа хийлгэхэд шаардлагатай бүх төлбөр тооцоог төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Эхний ээлжид 2018 оны 08 сарын 17-ны өдөр Эм Би Жиэмнэлэгт хагалгаанд орсны төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлсөн. Хагалгаа эмчилгээ хийлгэсэн ч нүүрний хаван буухгүй, нүүрний яс толгой байнга өвдөх болсон. Хацрын мэдрэл алдагдаж унжсан байдалтай байснаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн боловч өөрчлөлт гараагүй. Эмчийн хяналтад байх хугацаандаа 2018 оны 09 дүгээр сард нүүр толгойн яс тэсэхийн аргагүй өвдөж байсан тул Эм Би Жи эмнэлэгт 2018 оны 09 сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний төлбөр 1,211,400 төгрөг болсон хэдий ч ажилгүй болсон тул төлбөрийн чадваргүй тул төлөөгүй байсан. Аззаяа нь нүүрэн хэсэгтээ хагалгаанд орж сорви үлдсэн, нүүрний хэлбэр өөрчлөгдөж хамар мурийсан тул өмнө эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй болсноор ажлаасаа халагдаж орлогогүй болсон. Ингэж моринд өшиглүүлснээс хойш 2019 оны 09 сарын сүүлээс нүдний өнцөгт өөрчлөлт орж баруун нүд нь дотогш татагдах болсон тул дахин Эм Би Жи эмнэлэгт үзүүлэхэд эмч нарын шийдвэрээр Солонгос улсад явж эмчлүүлэх шаардлагатай гэснээр 2019 оны 04 сарын 14-ний өдөр тус улс руу явсан. Онгоцны тасалбарт 1,227,400 төгрөг төлсөн. БНСУ-д очоод тус улсын Асан эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэгт үзүүлж, өөрийн хараагаа алдахгүйн тулд шаардлагатай мөнгийг өөрийн болон ээжийнхээ танил ах, эгч, найз нөхдөөсөө зээлж нүдний ухархайн доод ханыг нөхөн сэргээх ясны хэлбэр засах хагалгаанд 2019 оны 06 сарын 27-ны өдөр орсон.

Тиймээс Монгол Улсын MBG эмнэлэгт 2018-09-24-ний өдрөөс 2018-10-01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1,211,400 төгрөг, БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсантай холбогдон гарсан зардалд онгоцны тасалбар 1,227,400 төгрөг, эмчилгээний зардал нийтдээ 22,135,053 төгрөгийг Аззаяа нь Баянмөнхийн моринд өшиглүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээр дурдсан мэс засал буюу хагалгааны төлбөрт төлөөд байна. Дахин эмчилгээ мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд төлбөрөө нэмж нэхэмжилнэ. Хэрэв Баянмөнхийн морь Аззаяаг өшиглөж гэмтэл учруулаагүй бол тэрээр энэ хэмжээний эд хөрөнгийн болон сэтгэл санааны, эрүүл мэндийн хохирол амсахгүй байх байсан тул Баянмөнхөөс 22,135,053 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Баянмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 сарын 14-ны өдрийн байдлаар Аззаяагийн эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг төлснөөр хохирлыг бүрэн төлсөн гэж бодож явсан. Тухайн үйл явдал болсноос хойш Аззаяа нь БНСУ-д эмчлүүлсэн зардал нэхсэн байгаа. 2018 оны 09 сард Аззаяа нь Хан-Уул дүүргийн нутагт буюу нисэхийн цагаан хаалга орчим 2 адуу дайрсан, осол гаргасан. Үүнээс үүссэн бэртэл гэмтэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00049 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Борогчууд овогт Пүрэвийн Баянмөнх /ШЕ71120115/-с гэм хорын хохиролд 22,135,053 /хорин хоёр сая нэг зуун гучин таван мянга тавин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Аръяагийн Аззаяа /УЗ94092405/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс урьдчилан төлсөн 272,470 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 268,625 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 3844,7 /гурван мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг 7 мөнгө/ төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч П.Баянмөнхөөс 268,625 /хоёр зуун жаран найман мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Аззаяад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 508,905 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 183/ШШ2020/00049 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 506 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх тулаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагч нэхэмжлэгчийн ээжтэй Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан Хадгалалтын гэрээ-ний харилцаа үүссэн тул гэм хорын хохирлыг хариуцахгүй талаар тодорхой тайлбарлаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байхад хоёр шатны шүүх хадгалалтын гэрээний харилцаа үүссэн эсэх асуудлын талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүйд гомдолтой байна.

Хадгалалтын гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгийг хадгалах байдаг ба Хадгалагч нь шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг хадгалах өрөө, тасалгаа гаргаж өгөх болон эд хөрөнгийг хамгаалалтад авдаг онцлогтой. Хадгалуулагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх албагүй бөгөөд эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх ёстой байдаг ба хадгалагч нь эд хөрөнгийг өөрийн эрхшээлд авдаг. Мөн хадгалалтын гэрээг байгуулах тодорхой хэлбэрийг хуульд заагаагүй боловч тодорхой үйлдэл хийх замаар эсхүл дуугүй байх замаар байгуулах боломжтой тул морийг хашаанд оруулах зөвшөөрөл олгосон нэхэмжлэгчийн ээж хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Хэрэв нэхэмжлэгчийн ээж хашаандаа морь оруулахыг зөвшөөрөөгүй бол А.Аззаяа ямар нэгэн бэртэл гэмтэл биедээ авахгүй байх байсан. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийх нь гэм хор учрах болсон бодит нөхцөл байдал, шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох ач холбогдолтой юм. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт: ...амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.. гэж хууль тогтоогч хуульчилсан байна.

Амьтны үйлдлээс гэм хор учирсан бол амьтны учруулсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар байх ба хэрэгт авагдсан баримтуудаар адууны өмчлөгч нь П.Баянмөнх гэснийг баттай нотолсон бичгийн нотлох баримт байхгүй бөгөөд шүүх дүгнэхдээ эмнэлэгт хагалгаанд орсон зардал болох 5.000.000 төгрөгийг хариуцагч Баянмөнх төлсөн болох нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 397 дугаартай кассын орлогын ордерийн баримтаар тогтоогдож байна гэж үзсэн нь учир дутагдалтай юм. Харин хэрэгт Цэнд-Аюуш овогтой Оюунгэрэл гэх хүний депозит дансны хуулга нотлох баримтаар авагдсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5.500.000 төгрөгийг ...Гэрэлээс Аззаяа эмчилгээний төлбөр... гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Уг баримтаар П.Баянмөнх эмчилгээний төлбөр төлж байсан тул адууны өмчлөгч мөн гэж дүгнэсэн нь буруу байх ба энэ баримт адууны өмчлөгч нь П.Баянмөнх гэдгийг шууд нотлохгүй. Нэхэмжлэгч А.Аззаяа хоёр тооны адуу мөргөсөн гэх үйл баримт уг албан бичгээр нотлогдож байгаа, А.Аззаяа нь өөрт учирсан эд материалын хохирлоо өөрөө хариуцахаар зам тээврийн ослын материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байх ба адуу мөргөсний улмаас биедээ гэтэл авах, өмнөх гэмтэл нь сэдрэх бүрэн боломжтой байгаа тул түүний биед ослын улмаас гэмтэл учраагүй гэж дүгнэх нь эргэлзээтэй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч нь А.Аззаяа нь моринд өшиглүүлснээс гэмтэл авч, эмчилгээний зардал 22,135,053 төгрөгийг П.Баянмөнхөөс гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. 

Харин нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Аззаяагийн амьдардаг хашаанд 2018.08.09-ний өдөр П.Баянмөнхийн туслах гэх залуу морь оруулсан, А.Аззаяа нь хашаандаа морь оруулахыг зөвшөөрсөн, хашааны хаалга хаах үед моринд өшиглүүлж гэмтэл авсан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.  

Мөн хариуцагч П.Баянмөнх нь эмчилгээний зардалд 5 сая төгрөгийг тухайн үед төлсөн, нэхэмжлэгчээс эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээний зардалтай холбоотой хуульд заасан журмын дагуу бүрдүүлж ирүүлсэн баримтууд, тооцооны тухайд зохигч маргаагүй, харин хариуцагч нь ...П.Баянмөнхийн морь болох нь тогтоогдоогүй, ...нэхэмжлэгч 2018 оны 9 сард 2 адуу мөргөсөн авто осол гаргасан ..., үүнээс үүдэлтэй бэртэл, гэмтэл байх боломжтой... хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх  үүрэгтэй. 

...Нэхэмжлэгчийн хашаанд оруулсан морь нь хариуцагч П.Баянмөнхийн морь биш, нэхэмжлэгчийн ээжтэй харилцан тохиролцсоноор тэдний хашаанд байсан морь тул П.Баянмөнх, нэхэмжлэгчийн ээж нарын хооронд хадгалалтын харилцаа үүссэн тул нэхэмжлэгчийн ээж хариуцах үүрэгтэй... гэх татгалзлын үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүйг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дурджээ.  

Мөн А.Аззаяа нь Тоёота Приус-20 маркийн 20-04 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2018.11.25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт Наадамчдын гудамж, ерөнхий боловсролын 118-р сургуулийн урд замд 2 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хүний биед гэмтэл бэртэл учраагүй, 2 тооны адууны эзэн тодорхойгүй байсан, иргэн А.Аззаяа нь өөрт учирсан эд материалын хохирлоо өөрөө хариуцахаар зам тээврийн ослын материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас шүүхэд ирүүлсэн 2019.12.25-ны өдрийн 14-2И/539 дугаар албан бичигт дурдсан байна.  

А.Аззаяагийн нэхэмжилж буй эмчилгээний зардал нь дээрх зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтэлтэй шууд холбоотой гэж үзэх боломжгүйг шүүхүүд зөв дүгнэсэн.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь, нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 501 дүгээр зүйлийн 501.1-д Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж тус тус заасныг үндэслэн П.Баянмөнх нь гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.  

Харин моринд өшиглүүлснээс гэмтэл учрахад нэхэмжлэгчийн болгоомжгүй байдал нөлөөлсөн, түүнчлэн эрүүл мэндэд нь тухайн үед хохирол учирч, гэмтэл тогтоогдоогүй ч гэмтэл авснаас хойш 2 сарын дараа буюу эмчилгээ хийлгэх явцдаа зам тээврийн осол гаргасан нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нь нөлөөлснийг үгүйсгэхгүй гэх хариуцагчийн тайлбар зэргийг харгалзан гэм хорын хохирлын хэмжээг багасгах боломжтой гэж үзлээ.  

Хяналтын шатны шүүх энэ үндэслэлээр гэм хорын хохирлын хэмжээг 15,000,000 төгрөг болгон багасгаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 04-ний 506 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00049 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан П.Баянмөнхөөс 15,000,000 төгрөгийг гаргуулж А.Аззаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,135,053 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Баянмөнхөөс 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  А.Аззаяад олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ 

Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА 

Х.СОНИНБАЯР