Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00049

 

 

 


 

 

2020 оны 01 сарын 06 өдөр              Дугаар 183/ШШ2020/00049                                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, ..................... тоотод оршин суух, А -гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, ..................... тоотод оршин суух, Б -д холбогдох,

эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 22.135.053,50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., хариуцагчийн өмгөөлөгч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А нь ээжийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг бөгөөд 2018 оны 08 сарын 08-ны өдөр түүний ээж Амарбаясгалант хийд рүү явж, А гэрээ харж байсан. Гэтэл цонхийг нь хүчтэй тогшсон тул цонхныхоо хөшгийг нээхэд хойд хашааны буюу Хан уул дүүргийн .......... тоот оршин суудаг П.Б нь эхнэрийнхээ хамт зогсож байсан ба хашаанд чинь морио идүүлж хонуулах, ээжээс чинь зөвшөөрөл авсан гээд морио хашаанд нь оруулж ирсэн байсан. Агийн амьдарч байгаа тухайн хашаа нь урьд болон хойд талдаа хаалгатай тул Б нь хойд талын хашааг давж хашаанд орж ирэн хойд хаалгыг онгойлгон морио оруулсан байсан. Маргааш орой буюу 2018 оны 08 сарын 09-ний өдөр урьд талын хаалга тогшиход очиж нээхэд Бийнд туслах хийдэг залуу морио хөтөлсөн зогсож байгаад А нь хаалгаа нээгээд зогсож байхад туслах залуу морио хөтөлж хашаанд оруулсны дараа хаалгаа хаачихаад эргээд хартал морь нь Агийн нүүрэнд өшиглөсөн. Тухайн үед А гэртээ 2 найзтайгаа байсан ба түүний моринд өшиглүүлээд чангаар орилох чимээнээр найзууд нь гарч ирснээр найзуудынхаа хамт гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. Ингэж очиход гавлын ясны зураг авч, хамрын яс бяцарсан, нүдний ухархай хугарч цуурсан, тархинд их хэмжээний цус хурсан, хаван үүссэн гэсэн онош тогтоогдож улмаар морины өшиглөснөөс үүссэн ил шархыг оёж оёдол тавьсан. Гэмтэлийн эмнэлэгт очиход Бийн эхнэр ирсэн байгаад эмчилгээ хагалгаа хийлгэхэд шаардлагатай бүх төлбөр тооцоог төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Ингээд эхний ээлжинд 2018 оны 08 сарын 17-ны өдөр Эм Би Жи эмнэлэгт хагалгаанд орсны төлбөр болох 5.000.000 төгрөгийг төлсөн. Хагалгаа эмчилгээ хийлгэсэн ч нүүрний хаван буухгүй, нүүрний яс толгой байнга өвдөх болсон тул Эм Би Жи эмнэлэгийн эмч Дуламсүрэнгийн байнгийн хяналтанд байж өвчин намдаах эм тогтмол хэрэглэх болсон. Хацрын мэдрэл алдагдаж унжсан байдалтай байснаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн боловч өөрчлөлт гараагүй. Эмчийн хяналтанд байх хугацаандаа 2018 оны 09 дүгээр сард нүүр толгойн яс тэсэхийн аргагүй өвдөж байсан тул Эм Би Жи эмнэлэгт 2018 оны 09 сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний төлбөр 1.211.400 төгрөг болсон хэдий ч ажилгүй болсон тул төлбөрийн чадваргүй тул төлөөгүй байсан. Гэтэл эмнэлэгийн зүгээс эмчилгээний төлбөрөө нэхэж 2019 оны 06 сарын 03-ын өдөр төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн. А нь нүүрэн хэсэгтээ хагалгаанд орж сорви үлдсэн, нүүрний хэлбэр өөрчлөгдөж хамар мурийсан тул өмнө эрхэлж байсан ажлаа үргэлжүүлэн эрхлэх боломжгүй болсноор ажлаасаа халагдаж орлоггүй болсон. Ингэж моринд өшиглүүлсэнээс хойш 2019 оны 09 сарын сүүлээс нүдний өнцөгт өөрчлөлт орж баруун нүд нь дотогш татагдах болсон тул дахин Эм Би Жи эмнэлэгт үзүүлэхэд эмч нарын шийдвэрээр Солонгос улсад явж эмчлүүлэх шаардлагатай гэснээр 2019 оны 04 сарын 14-ний өдөр тус улс руу явсан. Онгоцны тасалбарт 1.227.400 төгрөг төлсөн. БНСУлсад очоод тус улсын Асан эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэгт үзүүлж, өөрийн хараагаа алдахгүйн тулд шаардлагтай мөнгийг өөрийн болон ээжийнхээ танил ах, эгч, найз нөхдөөсөө зээлж нүдний ухархайн доод ханыг нөхөн сэргээх ясны хэлбэр засах хагалгаанд 2019 оны 06 сарын 27-ны өдөр орсон.

Тиймээс Монгол Улсын MBG эмнэлэгт 2018-09-24-ний өдрөөс 2018-10-01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1.211.400 төгрөг, БНСУлсад эмчилгээ хийлгэхээр явсантай холбогдон гарсан зардалд онгоцны тасалбар 1.227.400 төгрөг, эмчилгээний зардал нь 2019-04-15-ны өдрийн 184.430 вон буюу 427.877,6 төгрөг, 2019-04-16-ны өдрийн 352.280 вон буюу 817.290 төгрөг, 2019-04-22-ны өдрийн 371.330 вон буюу 857.772 төгрөг, 2019-04-29-ний өдрийн 15.300 вон буюу 34.884 төгрөг, 2019-05-31-ний өдрийн 478.840 вон буюу 1.063.024,8 төгрөг, 2019-05-31-ний өдрийн 20.000 вон буюу 44.400 төгрөг, 2019-06-19-ний өдрийн 936.120 вон буюу 895.231,2 төгрөг, 2019-06-27-нд 4.660.000 вон буюу 10.718.000 төгрөг, 2019-06-28-ны өдрийн 2.103.380 вон буюу 4.837.774 төгрөг, нийтдээ 22.135.053 төгрөгийг А нь Бийн моринд өшиглүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээр дурьдсан мэс засал буюу хагалгааны төлбөрт төлөөд байна. Дахин эмчилгээ мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд төлбөрөө нэмж нэхэмжилнэ. Хэрэв Бийн морь Аг өшиглөж гэмтэл учруулаагүй бол тэрээр энэ хэмжээний эд хөрөнгийн болон сэтгэл санааны, эрүүл мэндийн хохирол амсахгүй байх байсан тул Бөөс 22.135.053 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 сарын 14-ны өдрийн байдлаар Агийн эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг төлснөөр хохирлыг бүрэн төлсөн гэж бодож явсан. Тухайн үйл явдал болсноос хойш А нь БНСУлсад эмчлүүлсэн зардал нэхсэн байгаа. 2018 оны 09 сард А нь Хан-Уул дүүргийн нутагт буюу нисэхийн цагаан хаалга орчим 2 адуу дайрсан, осол гаргасан. Үүнээс үүссэн бэртэл гэмтэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энд хоёр өөр асуудал яригдаж байгаа. Цаг хугацааны хувьд моринд өшиглүүлсэнийг үгүйсгээгүй. 2018 оны 08 сарын 08-ны өдөр Б морио оруулая гээд Агийн ээжтэй тохиролцож Б өөрөө эхнэрийн хамт очиж морио хашаанд нь оруулсан. 2018 оны 08 сарын 09-ний өдөр Бийн туслах залуу морь оруулсан. Энэ адуу нь Бийн адуу биш. Үүний дараа А нь Хан-Уул дүүрэгт 2 адуу мөргөснөөс болж үүссэн гэмтэл гэж үзэж маргаж байгаа. Аг моринд өшиглүүлж гэмтчихлээ төлбөр мөнгийг нь яах вэ гэж ээж нь ярьснаар Б төлсөн. Гэхдээ мөнгийг Б шилжүүлээгүй, .......... гэдэг хүн шилжүүлж, Б төлсөн. Иргэний хуулийн 501.1-д заасны дагуу Бөөс нэхэмжлээд байгаа гэж ойлгосон. Амьтан гэдэг ойлголтод амьтаны үйлдэлийг юу гэж ойлгож байна гэхээр байгал орчныг хамгаалах тухай хуулийн 4-д амьтан гэж Монгол улсын нутагт дэвсгэрт байнга буюу нутагшсан хөхтөн шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, шавьжийг хэлнэ гэж заажээ. 501.1-д зааснаар амьтаны үйлдэлийг яаж ойлгох вэ гэдэг нь морь нь амьтан мөн үү. Морь амьтан гэвэл Бийн эзэмшлийн мөн үү. 2018 оны 08 сарын 08-ны өдөр Б Агийн ээжээс манай дүүгийн морь гэж хэлээд оруулсан. Энэ хүмүүсийн хооронд хадгалалтын харилцаа үүссэн тул хашаанд байгаа адууг Агийн ээж хариуцах ёстой. А нь эмчилгээний зардалд БНСУлсад хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч П.Бөд холбогдуулан А.Агийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд Монгол Улсад “MBG” гэмтэл согогын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал, БНСолонгос улс руу зорчсон онгоцны зардал, тухайн улсад хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн зардалд нийтдээ 22.135.053 төгрөгийг гаргуулахаар шаардсан /хх-1-5, 160-161/.

 

Нэхэмжлэгч А.А нь өөрийгөө төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлж оролцох эрхийг 2019-05-31-ний өдөр БНСУлсын Сөүл хот дахь нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн итгэмжлэлийг .............. нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлж оролцох эрхийг 2019-09-23-ны өдрийн итгэмжлэлээр ........... нэг жилийн хугацаатай олгож /хх-84/, өмгөөлөгч .......... эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2019-08-27-ны өдөр байгуулсан байна /хх-74-75/.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хан уул дүүргийн 9-р хороо, 12-453 тоот оршин суудаг П.Б нь Агийн ээжээс зөвшөөрөл авч хашаанд нь морио оруулснаар тухайн морь нь иргэн Агийн нүүр рүү өшиглөсний улмаас хамрын яс бяцарч, нүдний ухархай хугарч цуурсан, тархинд их хэмжээний цус хурсан, хаван үүссэн гэсэн онош тогтоогдож, 2018 оны 08 сарын 17-ны өдөр Эм Би Жи эмнэлэгт хагалгаанд орж, тухайн эмнэлэгт 2018 оны 09 сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж, тухайн эмнэлгийн эмч наын шийдвэрээр Солонгос улс руу явж эмчлүүлэх шаардлагатай гэснээр 2019 оны 04 сарын 14-ний өдөр тус улс руу явж, БНСУлсын Асан эрүүл мэндийн нэгдсэн төвийн  эмнэлэгт үзүүлж, нүдний хагалгаанд 2019 оны 06 сарын 27-нд орж, эмчилгээ хийлгэж байгаа. Бийн морь Аг өшиглөж гэмтэл учруулаагүй бол тэрээр энэ хэмжээний эд хөрөнгийн болон сэтгэл санааны, эрүүл мэндийн хохирол амсахгүй байсан...” гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал татгалзлаа ...2018 оны 08 сарын 14-ны өдрийн байдлаар Агийн эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлснөөр хохирлыг бүрэн төлсөн гэж бодож явсан. Тухайн үйл явдал болсноос хойш А 2018 оны 09 сард А нь Хан-Уул дүүргийн нутагт буюу нисэхийн цагаан хаалга орчим 2 адуу дайрсан, осол гаргасан. Үүнээс үүссэн бэртэл гэмтэл гэж үзэж байна. Бийн туслах залуугийн хашаанд оруулсан морь нь Бийн адуу биш. Иргэний  хуулийн 501.1-д зааснаар амьтаны үйлдэлийг яаж ойлгох вэ гэдэг нь чухал морь нь өөрөө амьтан мөн үү. Морь амьтан гэвэл Бийн эзэмшлийнх мөн үү гэдэг нь чухал. 2018 оны 08 сарын 08-ны өдөр Б Агийн ээжээс манай дүүгийн морь гэж хэлээд хашаанд нь оруулсан тул эдгээр хүмүүсийн хооронд хадгалалтын харилцаа үүссэн тул хашаанд байгаа адууг Агийн ээж хариуцах ёстой... гэж тайлбарлан татгалзсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

 

Гагцхүү хэргийн оролцогч болон нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх хугацааны дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч П.Б нь нэхэмжлэгч Агийн ээжээс тэдний амьдарч байгаа хашаанд нь морио оруулах зөвшөөрөл авснаар нэхэмжлэгчийн амьдардаг хашаанд 2018-08-08-ны өдөр хариуцагч П.Б өөрөө, маргааш нь буюу 2018-08-09-ний өдөр түүний туслах гэх залуу морио оруулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Харин 2018-08-09-ний өдөр нэхэмжлэгчийн амьдардаг хашаанд оруулсан морь нь нэхэмжлэгч А.Агийн нүүрэн хэсэгт өшиглөсний улмаас түүний биед гэмтэл учирсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан MBG гэмтэл согогийн эмнэлэгийн комиссын шийдвэр /хх-14/, БНСУлсын Асан эмнэлэгийн төвийн төлбөрийн баримт /хх-16-29, 52-61/, БНСУлсын Асан эрүүр мэндийн төвийн өвчтөний түүх орчуулга /хх-30-51/, А иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-86-88/, компьютерт томографийн оношлогоо /хх-148/, моринд өшиглүүлсний дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байдлын фото зураг /хх-151-153/, MBG гэмтэл согогийн эмнэлэгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-154-155/, MBG гэмтэл согогийн эмнэлэгийн 000000616 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-172-197/ зэргээр тогтоогдож байна.

 

Талууд нэхэмжлэгч А.А моринд өшиглүүлсний улмаас гэмтэл авсан үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч эрүүл мэндээ эмчлүүлэхээр гарсан эмчилгээ, хагалгааны зардал, онгоцны зардалд нийтдээ 22.135.053 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч онгоцны тасалбарын баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т заасан "нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримт, 4.1.14-т заасан "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримт /хх-15/ байна.

 

Гэхдээ хариуцагч тал нэхэмжлэгч А.Аг БНСУлс руу явсан эсхүл яваагүй эмчилгээ хийлгэсэн эсэх талаар маргаагүй бөгөөд гагцхүү моринд өшиглүүлсэн хохирлыг төлж барагдуулсан байсан, дараа нь А автомашинтай явж байхдаа хоёр морь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас гэмтэл авсан, Аг өшиглөсөн морь нь хариуцагч Бийн морь биш гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 22.135.053 төгрөгний задаргааг онгоцны тасалбарт 1.227.400 төгрөг, Монгол Улсын MBG эмнэлэгт 2018-09-24-ний өдрөөс 2018-10-01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1.211.400 төгрөг, БНСУлсын Асан эрүүл мэндийн төвд үзүүлж, шинжилгээ хийлгэхэд зарцуулсан 2019-04-15-ны өдрийн 184.430 вон буюу 427.877,6 төгрөг, 2019-04-16-ны өдрийн 352.280 вон буюу 817.290 төгрөг, 2019-04-22-ны өдрийн 371.330 вон буюу 857.772 төгрөг, 2019-04-29-ний өдрийн 15.300 вон буюу 34.884 төгрөг, 2019-05-31-ний өдрийн 478.840 вон буюу 1.063.024,8 төгрөг, 2019-05-31-ний өдрийн 20.000 вон буюу 44.400 төгрөг, 2019-06-19-ний өдрийн 936.120 вон буюу 895.231,2 төгрөг, 2019-06-27-нд хагалгаанд орсон зардлыг хоёр хувааж төлсөн ба эхэлж төлсөн 4.660.000 вон буюу 10.718.000 төгрөг, 2019-06-28-ны өдөр төлсөн 2.103.380 вон буюу 4.837.774 төгрөг гэж задалж тайлбарласан ба дээрх цаг хугацаанд төлөгдсөн БНСУлсын мөнгөн тэмдэгт воныг Монгол төгрөгт хөрвүүлсэн монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа нь хэргийн 62-68-р талд авагдсан байна.

 

Гэм хор учирснаас хариуцлага хүлээх үндэслэл нь хохирогчид гэм хор учруулсан хууль бус үйлдэл, уг үйлдэл болон учирсан гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх явдал бөгөөд бусдын эрх, амь, нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээдийг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан.

 

Хариуцагч талын татгалзалын үндэслэл болох нэхэмжлэгчийн хашаанд байсан морь нь хариуцагч Бийг биш, нэхэмжлэгчийн ээжтэй харилцан тохиролцсоноор тэдний хашаанд байсан морь тул Б, нэхэмжлэгчийн ээж нарын хооронд хадгалалтын харилцаа үүсэн тул нэхэмжлэгчийн ээж хариуцах үүрэгтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д “амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг өшиглөсөн морь нь хариуцагч П.Бийг биш гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч А.Аг Монгол Улсад “MBG” гэмтэл согогын эмнэлэгт хагалгаанд орсон зардал болох 5.000.000 төгрөгийг хариуцагч Б төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018-08-17-ны өдрийн 397 дугаартай кассын орлогын ордерийн баримтаар тогтоогдож байна /хх-12/.

 

Уг төлбөрийг хариуцагчийн өмгөөлөгч Оюунгэрэл гэх хүн шилжүүлснээр Б төлсөн гэж тайлбарлаж нотлох баримтаар гаргасан депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь Цэнд-Аюушийн Отгонгэрэл гэх хүний дансны хуулга байх бөгөөд 2018-08-17-ны өдөр Гэрэлээс А э.төлбөр гэж 5.500.000 төгрөг шилжүүлсэн /хх-124-128/ баримт байна.

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч татгалзлын үндэслэлээ морь нь амьтан мөн эсэх, нэхэмжлэгчийг өшиглөсөн морь нь хариуцагчийн эзэмшлийнх мөн эсэхийг тогтоох нь чухал гэж тайлбарласан ба Монгол хэлний их тайлбар толь бичигт “амьтан” гэдгийг хөдөлж мэдэрч чадах бүх амьд юм, амьтай махбодыг ойлгохоор,

“мал” гэдгийг нүүдэлчдийн амьдралын эх сурвалж болсон өвсөн тэжээлт, гаршуулан өсгөдөг таван төрлийн хөхтөн хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ гэж,

“мал амьтан” гэдэг нь тэжээвэр болон зэрлэг амьтан гэж тайлбарласан байх бөгөөд Амьтаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг ойлгон гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.4-т "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэнийг ойлгоно гэж тус тус заажээ.

 

Тиймээс амьтан гэдэгт хөдөлж мэдэрч чадах бүх амьд юм, амьтай махбод багтах бөгөөд “морь” нь мал амьтанд хамаарах тул тухайн амьтныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, захиран зарцуулах эрхтэй этгээдийг өмчлөгч гэж, өөрийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс гэр орон, хашаа, ажлын байр зэрэгт байлган тэжээж, өсгөн үржүүлж, асран хамгаалж, улмаар зорилго, үйл ажиллагаандаа ашиглаж буй этгээдийг эзэмшигч гэж ойлгох тул тухайн амьтны үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан тохиолдолд өмчлөгч, эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин мал, амьтан өмчлөгч, эзэмшигч нь эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй тул тухайн амьтан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй байх бүхий л арга хэмжээг авсан байх шаардлагатай.

Иймд амьтаны үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Агийн эрүүл мэндэд гэм хор учирсан байх бөгөөд хариуцагч П.Б нь тухайн амьтан буюу морийг өөрийн өмчлөл, эзэмшлийнх биш гэх татгалзлаа нотлоогүй, нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр буруутай этгээдээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтуудаар 22.135.053 төгрөгний эмчилгээ, үйлчилгээ, хагалгааны зардал гарсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан ба мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулахыг үүрэг үүсэх үндэслэлд хамааруулсан ба үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний болон гэрээний бус гэж ангилагдах ба гэрээний бус үүрэг нь хуулийн дагуу үүсэх, зөрлчийн улмаас үүсэх гэж хуваагдах бөгөөд гэм учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах тул хариуцагчийн өмгөөлөгчийн хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчид бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах үүрэгтэй тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр амьтны үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Агийн эрүүл мэндэд гэм хор учирсан байх тул тухайн амьтаны, өмчлөгч буюу эзэмшигч П.Батмөнх эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагч П.Бөөс нэхэмжлэгч А.Агийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 22.135.053 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Харин хариуцагчийн өмгөөлөгчийн А нь 2018 оны 9 сарын орчим зам тээврийн осол гаргаж, хоёр тооны адуу мөргөсөний улмаас гэмтэл учирсан гэх татгалзсан тайлбар нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн 2019-12-25-ны өдрийн 14-2И/539 дугаартай албан бичигт А.А нь 2018-11-25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт Наадамчдын гудамж, ерөнхий боловсролын 118-р сургуулийн урд замд 2 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь, уг ослын улмаас хүний биед гэмтэл бэртэл учраагүй, 2 тооны адууны эзэн тодорхойгүй байснаар иргэн А.А нь өөрт учирсан эд мөтериалын хохирлоо өөрөө хариуцахаар зам тээврийн ослын материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, тухайн осол гарах үед эсрэг урсгалд орж өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн асуудал гараагүй талаар дурдсан /хх-211-212/,

илрүүлсэн хэрэг зөрчлийн бүртгэл гэх баримтын 336-д 11/25 Т.Приус-20 маркийн 23-04 УБМ улсын дугаартай автомашин Аръяа А нь яармагийн замд адуу мөргөсөн гэх зөрчил бүртгэгдсэн байна /хх-162/,

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2019-10-07-ны өдрийн 25Л2/5291 дугаартай албан бичигт ...А.Атай холбогдолтой нотлох баримт тоо бүртгэлд бүртгэлгүй байна... гэж /хх-140/ тус тус дурдсан байна.

 

Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч оролцоогүйгээр шийдвэрлэх тухай хүсэлт /хх-156-157/ ирүүлсэн байх бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэрэг маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс урьдчилан төлсөн 272.470 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 268.625 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 3844,7 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 268.625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/09882 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав /хх-76/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч  Б гэм хорын хохиролд 22.135.053 /хорин хоёр сая нэг зуун гучин таван мянга тавин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А -д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс урьдчилан төлсөн 272.470 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 268.625 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 3844,7 /гурван мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг 7 мөнгө/ төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч П.Бөөс 268.625 /хоёр зуун жаран найман мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/09882 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

                   

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                                      Д.ЯНЖИНДУЛАМ

 

                         ШҮҮГЧИД                                             Ц.ОЮУНБИЛЭГ

 

                                                                                       Ж.СЭМЖИД