Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/01370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр Г. Б-аас 135,264,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ард кредит” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд 31,255,900 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 байрны 34 тоотод байрлах, 63,06 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 145,915,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна.

Улаанбаатар хотын А зэрэглэлд орших 60 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэ нь 190,000,000 төгрөгний үнэтэй байхад манай 63,06 м.кв талбайтай,  цэвэр ашиглалтын талбайтай хотын төвд байрлах супер засвартай, гаднаа хамгаалалттай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 145,915,000 төгрөгний үнэ нь бодитой бус юм.

Миний үзэж байгаагаар дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ доод тал нь 190,000,000 төгрөг байхаар байна.

Иймд дараах гомдлын шаардлага гаргаж байна.

Г.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 байрны 34 тоотод байрлах, 63,06 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 145,915,000 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хөрөнгө үнэлгээний “Баян модот” ХХК-иас 2019 оны 03 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр Г-Б-аас 135.264.675 төгрөгийг гаргуулж “Ард кредит ББСБ” ХХК-д банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 12 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Г.Б-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны 34 тоот 63,06 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 83 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилоход 145.915.000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны 34 тоот хаягт очиход охин Б.Баярбилэг байсан тул 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 4/6916 тоот албан бичгийг дамжуулж өгөх үүрэгтэйгээр гардуулан өгч гарын үсэг зуруулсан.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албада- дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн  мэдэгдэл, 4/15 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн оршин суух хаягаар очиход охин Б.Баярбилэгт байсан бөгөөд дамжуулж өгөх үүрэгтэйгээр гардуулан өгч гарын үсэг зуруулсан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогттоосон үнэлгээ 145.915.000 төгрөгийн 70 хувиар тооцон 102.140.500 анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 04 сарын 12-ны өдөр оруулахад явцад Сүхбаатар дүүргий Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 181/Ш32019/04135 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6-р байрны 34 тоотод байрлах, 63.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн хараат бус үнэлгээчнээр хийгдсэн ажиллагаа тул эд хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээх үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээг Иргэний хуульд заасан журмын дагуу тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хөндлөнгийн хараат бус үнэлгээчин “Баян модот” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн.

“Баян модот” ХХК үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу тухайн эд хөрөнгийн чанар, байршил, эдэлгээ, зориулалт, гадаа талбай, ижил төрлийн байршилд байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ зэргийг харгалзан үзэж үнэлгээг тогтоосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.Баяраа нэхэмжлэлийн үндэслэлдээ “... Миний үзэж байгаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ доод тал нь 190,000,000 төгрөг байхаар байна...” буюу хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэх ямар үндэслэл байгаа талаар дурдаагүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна.

Иймд гомдлын шаардлагыг хүчингүй болгож, “Баян модот” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Тус шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр Г.Б-аас 134,435,000 төгрөгийг гаргуулж “Ард кредит ББСБ” ХХК-д  олгохоор шийдвэрлэжээ.

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэр, шүүгчийн 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 181/ШЗ2018/08817 дугаар захирамж, 750 дугаартай гүйцэтгэх хуудас , 2016 оны 9 сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 19280035 дугаар тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж,  шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 3/01 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2018 оны 12  сарын 31-ний өдрийн 19280035/154 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 19280035 дугаар тогтоолоор битүүмжилсэн, энэ тухай төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 83 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Баян модот” ХХК-ийг томилжээ.

            “Баян модот” ХХК нь барьцаа хөрөнгийг 2019 оны 03 сарын 18-ны өдөр 145,914,664.08 төгрөгөөр үнэлж, үнэлгээний талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2019 оны 03  сарын 19-ний өдрийн 4/6916  тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдэж энэ тухай баримтжуулсан байх ба зохигч энэ талаар маргаагүй болно.

            Нэхэмжлэгч барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо тус шүүхэд 2019 оны 03 сарын 25-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.

            Нэхэмжлэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлэхдээ шинжээчээр томилогдсон “Баян модот” ХХК зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан боловч, энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангасан, үндэслэл бүхий  нотлох баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

            Иймд “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 1561.1., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР