Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 184/2020/00086/И |
Дугаар | 001/ХТ2021/01012 |
Огноо | 2021-09-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01012
Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00987 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1122 дугаар магадлалтай,
Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-ын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Гангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Гангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Гангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бадди баавгай цэцэрлэг НҮТББ нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.25-ны өдрийн 1916 дугаар шийдвэрээр Капитрон банкинд 386,307,526 төгрөгийн зээлийн төлбөртэй. Үүнээс төлбөрийн үлдэгдэл 163,207,526 төгрөг үлдээд байгаа болно. Гэтэл НШШГГазар нь барьцааны хөрөнгийг хураан авч шинжээч томилохдоо төлбөр төлөгч, өмчлөгч иргэдэд мэдэгдээгүй Сэлэнгэ эстимейт ХХК, Виннер вэй ХХК гэх 2 үнэлгээний компани томилж, уг 2 компани 7 үл хөдлөх хөрөнгийг илт зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байна. Үүнээс 5 үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөөд суллаж авсан. Одоо БГД-ийн 7-р хороо Баа 2-р гудамж, 14 тоот барилгын 7 давхрыг 197,730,000 төгрөг, СХД-ийн 20-р хороо 10г байрны 5а тоот орон сууцыг 123,125,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байрны үнэлгээний талаар маргаантай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа юм. Миний бие дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, гомдолтой байгаа талаар НШШГГ-ын ажилтан Б.Мөнхцэндэд илэрхийлж байсан. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д ...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул 2019.10.02-ны өдөр НШШГГ-ын хаягийн дагуу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэнд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, энэ үнээсээ 30 хувь бууруулан анхны дуудлага худалдааг 2019.11.12-ны өдрийн 12/30 тоот тогтоолоор 2019.11.29-ний өдөр олон нийтийн хэвлэлд зарлаж дуудлага худалдаанд оруулсан тул ...2019.11.21-нд НШШГГ-ын дарга, хурандаа Р.Энхтайванд хандан гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй буюу хангахаас татгалзсан хариу өгсөн. Манай байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 223,100,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл болох 163,207,526 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр энэхүү эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь илт хууль бус, хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шинжээчийн үнэлгээнд гомдолтой байна. Мөн тэр үнээсээ 50 хувь дахин бууруулан худалдаалахаар 2019.12.10-ны өдрийн 13/14, 13/13, 13/12 тоот тогтоолууд гарсан тул үүнд маш их гомдолтой байна. Иймд дээрх хоёр эд хөрөнгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.25-ны өдрийн 1916 дугаар захирамжаар хариуцагч Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-аас нийтдээ 386,307,000 төгрөгийг Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг сайн дураар биелүүлэхээр шүүхийн шийдвэрээр талууд эвлэрсэн байдаг. Захирамжид дурдсан 7 үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж талууд эвлэрэхээр тохирч шүүгчээс эвлэрлийг баталгаажуулж захирамж гаргасан байдаг. Тус гүйцэтгэх баримт шүүхийн шийдвэрээр 2019.03.05-ны өдөр төлбөр авагч Капитрон банкны хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн... 2019.03.05-ны өдрөөс Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-д шийвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж төлбөрийг төлж барагдуулах тухай удаа дараа мэдэгдсэн. Төлбөрөөс хэсэгчилж төлөөд хэсэгчилж төлсөн үнийн дүнд дүйцүүлээд барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг төлбөр авагчтай тохиролцсоны үндсэн дээр төлбөр авагчаас чөлөөлүүлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас битүүмжлэлийг чөлөөлүүлээд явсан. Нэхэмжлэгч 5 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаанаас татгалзаж байна. 2 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор өөрийнх нь өгсөн үнийн саналыг харгалзалгүй, дундажлаагүй талаар дурдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас барьцааны эд зүйлийг битүүмжилж хураагаад хөрөнгийн үнийг тогтоох процесс байнга явагдаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан байгаа. Хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-д зааснаар үнэлгээг талууд өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан байгаа. Ингээд шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны явцад өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан байдаг. Үнийн санал авахад төлбөр төлөгч 107.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 321,780,000 төгрөг, 78.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 234,600,000 төгрөгөөр худалдах үнийн санал гаргсан. Өмчлөгч Ганчимэг бас адилхан 78.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 234,600,000 төгрөгөөр худалдах үнийн санал гаргасан. Энэ үнийн саналтай Капитрон банк танилцаад зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлсэн үнийн санал байна, ийм учраас энэ үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах, худалдан борлуулах боломжгүй, иймд шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019.09.07-ны өдөр гаргаснаар нэгдүгээрт төлбөр авагчийн хүсэлт, хоёрдугаарт талууд харилцан тохиролцож хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон байдаг. Хөндлөнгийн шинжээч үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгийн байршил, ашиглалтын хугацаа, тухайн хөрөнгийн эдийн засгийн эрэлт хэрэгцээ шаардлага зэргийг үндэслээд тухайн зах зээлийн үнэлгээг тогтоосон. 107.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 197,730,000 төгрөгөөр, 78.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 110,025,400 төгрөгөөр үнэлсэн тайланг ирүүлсэн байдаг. Шинжээчийн тайланг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авмагцаа хуульд заасан хугацаанд буюу хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор төлбөр төлөгчид танилцуулсан. Төлбөр төлөгч танилцаад үүн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан зохицуулалт буюу төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээтэй танилцаад хөрөнгийн үнэлгээн дээр гомдол гаргаагүй тохиолдолд өөрийн хөрөнгөө үнэлэгдсэн үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд худалдан борлуулах эрхтэй гэсэн энэ хуулийн агуулгыг танилцуулж, шинжээчийн тайланг танилцуулсан. Төлбөр төлөгч танилцаад бичгээр хүсэлт гаргасан. Шинжээчийн тогтоосон үнэлгээгээр 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах сонирхолтой байна. Шинжээчийн үнэлгээн дээр гомдол санал байхгүй учраас тогтоосон үнээр 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргаж байна гээд энэ хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байдаг. Төлбөр төлөгчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг үндэслээд 1 сарын хугацаанд төлбөр төлөгч өөрөө үнэлэгдсэн үнээс багагүй үнээр буюу үнэлэгдсэн үнээр худалдан борлуулаагүй. Худалдан борлуулаагүй учраас дараагийн арга хэмжээ буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан процессийн арга хэмжээ болох албадан дуудлага худалдаа явуулсан. Албадан дуудлага худалдаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ...үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон албадан дуудлага худалдаа зарлана гэсэн байгаа. Түүнээс биш шууд 70 хувь бууруулж зарсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр 70 хувь бууруулж худалдсан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Шийдвэр гүйцэтгэгч санаачилгаараа хууль бус ажиллагаа хийгээд байгаа асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төлбөр төлөгч Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-аас төлбөр гаргуулах тухай 2018.07.25-ны өдрийн 1916 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж байдаг. Тохирсон хугацаандаа төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан, гэвч тухайн төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа. Нэхэмжлэгч үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлсэн үнэлгээ буюу шийдвэр гүйцэтгэгч Мөнхцэнд нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн асуудал яригдсан. Үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч биш мэргэжлийн байгууллага тогтоох ёстой. 2 тал харилцан тохиролцоогүй учраас мэргэжлийн байгууллага үнэлгээ гаргаж дуудлага худалдаанд оруулсан. 2 хөрөнгө дуудлага худалдаанд ороод зарагдсан. Тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00987 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1122 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаарсарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Гангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 184/ШШ2020/00987 дугаар шийдвэр нь өмчлөгч-ийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч тус шүүх нь 2020.05.22-ны өдрийн 1122 дугаар магдалал гаргахдаа: Иргэний хуулийн Барьцааны эрх-ийн талаарх зохицуулалтыг үл хэрэгсэн, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн зохих заалтуудыг хэрэглэхгүйгээр зөвхөн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байна гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн утгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул энэ гомдлыг хяналтын журмаар гаргав.
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч, төлбөр төлөгч болон өмчлөгч гэсэн нэр томъёонуудыг буруугаар тайлбарлаж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гуйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3-д энэ хуулийн 157.1.3-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдсанаас олсон мөнгийг барьцааны хугацаа дуустал хадгалах гэж барьцаалагчид үүрэг ногдуулж, нөгөө талдаа 157.5.4-т барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах гэж барьцаалуулагчийн эрхийг өргөтгөж, бусдын өмч хөрөнгөнд хэн дуртай нэгэн нь давуу байдлаа ашиглаж хамаагүй халдаж болохгүйг харуулсан заалтуудыг дүгнэлт хийхдээ хэрэглэсэнгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно..., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт ...үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь өмчлөгч-ийн эрхийн талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрхэн анхаарч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж вэ гэдгийг огт харгалзан үзээгүйгээрээ шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 184/ШШ2020/00987 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.02-ны өдрийн 1122 дугаар магдлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Бадди баавгай цэцэрлэг НҮТББ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.7.25-ны өдрийн 184/ШЗ2018/01916 дугаар захирамжаар Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-аас зээлийн төлбөрт 386,307,526 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгож, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж хариуцагчаас 2019.3.05-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцааны 7 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөрөөс хэсэгчлэн төлж, хариуцагч төлсөн үнийн дүнд дүйцүүлэн төлбөр авагчтай тохиролцон зарим эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэлээс чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 5 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд гаргасан гомдлоосоо татгалзаж, Баянгол дүүргийн 7-р хороо, Баа 2-р гудамж, 14 тоот барилгын 7 давхрын 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 10г байрны 5а тоотын 78,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн маргаж буй дээрх П.Гангэрэлийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205062612 дугаарт бүртгэлтэй, 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, П.Ганчимэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201047324 дугаарт бүртгэлтэй, 78,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч нь 2019.6.18-ны өдөр битүүмжилж, 2019.8.23-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан байх ба төлбөр авагч, төлбөр төлөгч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...шүүх ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь өмчлөгч-ийн эрхийн талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрхэн анхаарч, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалсныг огт харгалзан үзээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэх хяналтын гомдол үндэслэлгүй.
Шинжээч Виннер Вэй ХХК 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 197,730,000 төгрөгөөр, шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь 78,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 110,025,445 төгрөгөөр тус тус үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан ...тодорхойлно гэж заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, хариуцагч шинжээчдийн гаргасан үнэлгээг 2019.9.26-ны өдрийн 4/20642 тоот мэдэгдлээр Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-д, 4/20644 тоот мэдэгдлээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч П.Гангэрэлд, 4/20646 тоот мэдэгдлээр өмчлөгч П.Ганчимэгт тус тус мэдэгдэж, улмаар албадан дуудлага худалдааны санал болгох үнийн талаарх мэдэгдлийг мөн төлбөр төлөгч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт тухай бүрт мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тухайн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00987 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ