Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1098

 

 

 

 

 

 

 2019           10            31                                             2019/ДШМ/1098                                                                   

Б.А, Г.Н- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

яллагдагч Б.А-ын өмгөөлөгч Г.Нацагдорж,

яллагдагч Г.Н-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1456 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.А-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн 201301042032 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. И овгийн Б-гийн А, Улаанбаатар хотод 1976 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хилчин хотхоны 0 дугаар байрны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: 0000000000/;

2. С овгийн Г-гийн Н, Дархан-Уул аймагт 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 0 дугаар баг, Орхон 0 дугаар гудамжны 0 дугаар байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Андууд 0 дугаар байрны 00 тоотод түр оршин суудаг,  ял шийтгэлгүй, /РД: 0000000000/;

Б.А- нь:

2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр болон мөн оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны орчим Д.Э-д “Барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 26,000,000 төгрөг залилан авсан,

2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” банкны орчим Х.С-д “Бага хүүтэй зээл бүтээж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 25,000,000 төгрөг залилан авсан,

2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АСА” циркийн орчим Б.Б-од “Барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 50,000,000 төгрөг залилан авсан,

            2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.П-ид “Барилгын тусгай зөвшөөрөл авч өгч, ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 8,500,000 төгрөг залилан авсан,

            Б.А-, Г.Н- нар бүлэглэн:

2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А-т “Бизнесийн үйл ажиллагааг нь дэмжинэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 50,800,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Г.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэв. Тус хэрэгт урьд шүүхээс удаа дараа хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тухай шүүхийн шийдвэр гарсан байхад прокуророос захирамжид заасан заалтын дагуу тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхгүй хэргийг шүүхэд ирүүлжээ.

Тодруулбал: тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 715 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 4, 5 дахь заалтууд, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дэх заалтуудыг хангах талаар ажиллагаа хийлгүй, Б.А-ыг Г.Н-той бүлэглэн үйлдсэн хэргийг нэгтгэж, хохирогч, яллагдагч нараас байцаалт авсан төдийгөөр хязгаарласан нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, Б.А-аас хохирогч нарт “барилгын ажил олж өгнө”, “бага хүүтэй зээл бүтээж өгнө”, “тусгай зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж холбогдох байгууллагад хандсан эсэх талаарх нөхцөл байдлуудыг бичиг баримтуудыг цуглуулах замаар тодруулах шаардлагатай байна. Мөн Б.А-ын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурьдсан зүйлүүдийг тодруулж, хохирлыг бодитой тогтоох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэм буруугийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зайлшгүй нотлох хуулийн шаардлагыг биелүүлээгүй тул хэргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмнө нь шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан захирамжуудын заалтыг хангаагүй гэжээ. Уг хэргийг анхан шатны шүүхээс өмнө нь 5 удаа шүүгчийн захирамжаар буцааж байсан бөгөөд тэдгээр захирамжид заагдсан боломжит ажиллагаануудыг тухай бүрт нь мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэсэн. Гэвч гадаадад гарсан гэрч байцаах, өөр нотлох баримтаар тогтоогдчихсон нөхцөл байдлуудыг тодруулах зэрэг зарим ажиллагаанд хэдий хэмжээний цаг хугацаа зарцуулагдаж байж биелэгдэх нь тодорхойгүй байхад заавал хийлгэхээр шүүхээс удаа дараа буцаасан байна. Жишээ нь: гэрч У.Хатанболд нь Монгол Улсын хилээр гадагш гарч Солонгос Улсад зорчсон нь лавлагаагаар тогтоогдсон. Энэ хүн эх орондоо хэзээ ирэх нь тодорхойгүй тул энэ шалтгаанаар хэргийг шийдвэрлэхгүй хадгалах боломжгүй юм. Б.А- нь эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд тэр бусдад “барилгын ажил олж өгөх”, “бага хүүтэй зээл өгүүлэх”, “тусгай зөвшөөрөл гаргуулж өгөх” эрх бүхий албан тушаалтан биш гэдэг нь нотлогдсон, эдгээр ажлыг хийх боломжгүй гэдэг нь анхнаасаа илт байсан, бас эдгээр ажлыг хийж бүтээгээгүй гэдэг нь хохирогч нарын удаа дараагийн мэдүүлэг, Б.А-ын өөрийнх нь мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул энэ хүн “Танил талтай, ажил бүтээнэ” гэж өөрийгөө итгүүлэн бусдыг төөрөгдүүлж хэлсэн үгийн хойноос хөөцөлдөн эрх зөвшөөрөл олгодог, зээл өгдөг албан байгууллага руу хандах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Б.А- нь бусдаас залилж авсан мөнгөө хэн нэг албан тушаалтанд амалсан ажлаа бүтээлгэхээр өгсөн бол энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт мэдээлж тусад нь шалгуулах ёстой. Б.А- гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнийхөө зарцуулалтыг дараагийн гэмт хэрэг үйлдэх замаар /бусдад авилга өгч/ зарцуулсан гэж мэдүүлээгүй байдаг. Иймээс Б.А-ын бусдаас залилж авсан мөнгөө хэрхэн зарцуулсан нь гэм буруугийн асуудалд буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Б.А- нь 2012 оны 5 дугаар сараас 2014 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэн 5 хохирогчоос 8 удаагийн үйлдлээр нийт 160,300,000 төгрөг авсан ба хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс түүний гэмт хэрэг үйлдэх явц нь үргэлжилсэн үйлдэлтэй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ нь их гэж үзээд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг гэм буруутайд тооцуулсны дараа хууль хэрэглэх нь хохирогч нарын эрх зүйн байдал дээрдүүлэх чухал нөлөөтэй гэдэг талаас нь анхаарч үзсэн болно. Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурорын зүгээс хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, мөнгөн гүйлгээний баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн хохирлын тооцоог мөрдөгчөөр гаргуулснаар хохирлын хэмжээ, хохирол төлөлтийн байдал нь ямар ч эргэлзээ, зөрүүгүй тогтоогдсон гэж үзэж байна. Иймээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарыг оролцуулж гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” байхгүй гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Яллагдагч Б.А-ын өмгөөлөгч Г.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамж биелэгдэх ёстой. Хохирлын хувьд маргадаг. Хохирогч Сарангэрэл гомдолгүй, хохирол төлөгдсөн гэж мэдүүлдэг. Энхтуяа гэх хүнээс мөнгө аваагүй. Харин “Зос Трейд” ХХК-аас мөнгө авсан гэдэг. Хохирогч нар мөнгийг ажил гүйцэтгүүлэхийн төлөө өгөөд байгаа зуучлалын төлбөр юм уу, эсхүл авилга болгож бусдад өгч байгаа мөнгө юм уу, нэ асуудлыг шалгаж тогтоогоод өгөөч” гэхээр шалгадаггүй. Би энэ мөнгийг ийм ажиллагаанд зарцуулсан гээд Б.Аринубат мэдүүлсэн. Тэр мэдүүлгийг нь шалгаж тогтоогоогүй. Шүүхээс шалгаж тогтоох шаардлагатай гэхээр шалгадаггүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэв.

Яллагдагч Г.Н-ийн өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй. Анхан шатны шүүх хэргийн бүрдэл хангагдаагүй гээд прокурорт буцаасан. Прокурор гэм бурууг тогтоож, ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ гэдэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Яллагдагч Г.Н- тус шүүх хуралдаанд: “... Хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Б.А-, Г.Н- нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж, тэдний гэм буруугийн асуудлаар шүүх дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд цугларсан байхад анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Б.А- нь хохирогч нарт амалсан амлалтаа биелүүлэх зорилгоор хэнд хандсан нь тодорхой бус байхад шүүх хаанаас баримт гаргуулах шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүйн гадна хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй байна.

Хэрэв яллагдагчийн мэдүүлснээр “Зос трейд” ХХК нь тендерт оролцоод шалгарсан, “Жайка” ОУ-ын байгууллагад зээл хүсч хандсан асуудлыг шалгах хэрэгтэй гэж үзсэн бол энэ талаар 1 дүгээр хавтаст хэргийн 201-208 хуудас, мөн 3 дугаар хавтаст хэргийн 185 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудад тодорхой хууль зүйн дүгнэлт хийх хэрэгтэй.

Хохирогч С.П, У.Хатанболд нарын мэдүүлгээс үзэхэд хэнд, ямар зорилгоор мөнгө өгсөн талаар, тэр мөнгө нь хэний өмч байсан талаар тодорхой мэдүүлсэн байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.

Эцэст нь Б.А-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх ач холбогдол багатай асуудлаар, эсхүл нэг үндэслэлээр удаа дараа /нийт 8 удаа/ прокурорт буцааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.     

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.А-, Г.Н- нарт холбогдох хэргийг шүүхээр эцэслэн хэлэлцүүлэхээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэг шүүхэд очтол Б.А-, Г.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.   

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1456 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.А-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.А-, Г.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

                         ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

 

  •