Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00147

 

   “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын /цаашид ОНӨААТҮГ гэх/ нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймагт оршин суух, М.Н-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч У.С, хариуцагч М.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б нар  оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумд байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 39 сарын түрээсний төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг нийт 5681000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: "Х" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр иргэн М.Н-тэй харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрын хамт нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-т "түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банк дахь дансанд шилжүүлэх"-ээр заасан ба 4.5-д "төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0.5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх"-өөр үүрэг хүлээж гэрээг байгуулсан. Гэтэл түрээслэгч М.Н нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. М.Н нь нийт 4550000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 он 5 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түүнээс гадна 2017 оны 6, 7 ,8 дугаар саруудын төлбөр болох 390000 төгрөгийг мөн төлөөгүй..Түрээслэгч М.Н-д түрээсийн гэрээний 5.1-т заасныг үндэслэн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул түрээсийн гэрээг хүчингүй болгож өөр хүнтэй гэрээ байгуулсан боловч М.Н нь бидний ажилд саад учруулж нийтийн халуун усны барилга, суурилагдсан тоног төхөөрөмж, газрыг сайн дураар хүлээлгэж өгөхгүй байгаа тул М.Н-ийг уг байрнаас албадан нүүлгэж, төлөгдөөгүй байгаа 39 сарын түрээсийн төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг, нийт 5681000 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “ Би тус газартай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж халуун усыг түрээсээр авч ажиллуулсан нь үнэн. Гэрээ ёсоор сард 130.000 төгрөг төлөх ёстой боловч энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан. Би халуун усыг ажиллуулахдаа хэрэглээний халуун усыг "СУАТ" ХХК-иас, цахилгааныг аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газраас тус тус авч үнийг бэлнээр төлж байсан.Эдгээрт маш их хэмжээний зардал гарч, ямар ч ашиггүй ажиллаж ирсэн. Мөн 7 хүнийг ажилтай болгож 1 хүнд сард 240000 төгрөгийн цалин хөлс олгож байсан. Хэрэглээний нүүрсийг өөрөө зах дээрээс бэлэн мөнгөөр авч зарцуулж байсан. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөгийн хөлс авдаг. Энэ нь маш бага хөлс бөгөөд орлогоороо зарлагаа огт нөхдөггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг нэг ч төгрөг төлөөгүй гэж бичсэн нь огт үндэслэлгүй зүйл. Би эхний жилдээ боломжоороо түрээсийн төлбөр төлж байсан. Тухайлбал 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цахилгааны шугамд холбуулахад 150000 төгрөг бэлэн төлж түрээсийн төлбөрөөс хасахаар "Х" ОНӨААТҮГ-ын дарга А.Ж-тэй тохиролцож байсан. Нийт 670000 төгрөг түрээсэнд төлсөн. Мөн "Х" ОНӨААТҮГ-ын өгсөн чиглэлийн дагуу Өлгий сумын Хот тохижуулах албатай 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж тус албаны ажилчин 7 хүнийг долоо хоногт 1, сард 4 удаа усанд оруулж 1000 төгрөгөөр буюу хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж ирсэн. Тус газар нь надтай зөвхөн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.Дараа нь гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй. Би халуун усны газрыг хүлээж авснаас одоо хүртэл эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байна.  Бид халуун ус ашиггүй ажиллаж байсан учир Өлгий сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, "Х" ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн. Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир би халуун усны газрыг "Х" ОНӨААТҮГ-т хүлээлгэж өгөхгүй. Халуун усны газраас албадан нүүлгэх үндэсгүй гэж үзэж байна. Мөн миний бие Өлгий сумын Засаг даргын зөвшөөрсний дагуу тус халуун усны газарт өргөтгөл хийсэн. Тухайлбал Өлгий сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар захирамжаар 74 м2 газрыг 30 жилийн хугацаатай эзэмшиж газар эзэмших гэрчилгээ авсан. Энэ шийдвэрийн дагуу халуун усны хажууд 60 м.кв талбайтай хонгил, ажилчдын өрөө, 2 хүний душь, ванн, амрах өрөө, ариун цэврийн өрөө бүхий халуун усны өргөтгөл барьж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Энэ өргөтгөлийн зураг төслийг Өлгий сумын ерөнхий архитектор Х.С-аар хийлгэсэн. Өргөтгөлийг өөрсдийн хөрөнгөөр барьж 35 сая төгрөг зарцуулсан. Тийм учраас би халуун усны газрыг "Х" ОНӨААТҮГ-т зүгээр өгөхгүй. Нэхэмжлэгчийн дурдсан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлтийг би огт мэдэхгүй. Аудитын албаны хүмүүс надтай ирж уулзаж энэ талаар тодруулж байгаагүй. Дүгнэлтийг надад танилцуулж байгаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдсэн. Иймд "Х" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Н-ээс түрээсийн төлбөр, алдангийн хамт нийт 1670000 /сая зургаан зуун далан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Х орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3341000 /гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан хариуцагч М.Н-ийг Өлгий сумд байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Х орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: ““Х” ОНӨААТҮГазар нь иргэн М.Н-тэй түрээсийн гэрээ хийж халуун усны байр, тоног төхөөрөмжийн хамт түрээсэлсэн болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж тодорхой зааж өгсөн боловч гэрээний хугацааг зөвхөн нэг жилээр хийгдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна. Яагаад гэвэл түрээслэгч М.Н нь халуун усны үйл ажиллагааг өнөөг хүртэл хэвийн явуулж байгаа байдал мөн хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хурлын протоколд түрээсийн төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулахаар болж түрээслүүлэгч болон түрээслэгч нарын харилцан тохиролцсоноор протоколд сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан баримт зэргээс харахад түрээсийн гэрээг нэг жилээр хийж дараагийн жилээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. 

М.Н-ийг халуун усны байраас албадан нүүлгэх талаар түрээслэгчийн эрх нь зөрчигдөөгүй гэж үзсэн хэдий ч “Х” ОНӨААТҮГазар нь тухайн түрээсээс олсон санхүүжилтээс бусад албан хаагч нарыг цалинжуулах байсан боловч түрээсийн төлбөр төлөгдөөгүйн улмаас цалин хөлс тавьж чадахгүй байдалд хүрч манай байгууллага нь их хэмжээний өр авалгад орсон. Энэ байдлыг харахад түрээслэгчийн эрх нь зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй. Энэ талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан боловч нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Иймд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн түрээсийн төлбөр болох 3341000 төгрөгийг хангуулж, мөн гэрээний үүргээ зөрчсөн байдлыг харгалзан үзэж албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.Салдатбек болон хариуцагч М.Н нар “Түрээслэгч М.Н нь түрээсийн төлбөр болох 4940000 төгрөгөөс өмнө төлсөн 670000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4270000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж дуусгахаар тохиролцов. Түрээслэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С нь алданги 741000 төгрөг, түрээслэгч М.Н-ийг “” халуун усны газраас албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар тохиролцов.” гэж харилцан тохиролцож, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй. 

Хуульд зааснаар “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106000 төгрөгийг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68406 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв. 

Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүй, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба энэ магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар мөн хуулийн 106.2, 106.3 дахь заалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах бөгөөд мөн зүйлийн 106.2 дахь хэсэгт “эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах” эрхийг, 106.3 дахь хэсэгт “өмчлөгчийн болон эзэмшигчийн шаардах эрхийг хэрэгжүүлснээс хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах” талаар зохицуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С болон хариуцагч М.Н нарын сайн дурын үндсэн дээр, шүүхийн өмнө байгуулсан “Түрээслэгч М.Н нь 4940000 төгрөгөөс өмнө төлсөн 670000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4270000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж дуусгана.” гэсэн эвлэрлийн гэрээг, нэхэмжлэгч нь “алданги 741000 төгрөг гаргуулах, хариуцагч М.Н-ийг нийтийн халуун усны барилгаас албадан нүүлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176200 (106000+70200) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68406 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.-т зааснаар энэ магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ