Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/01130

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 18 өдөр         Дугаар 101/ШШ2019/01130             Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө/57, 0000 байрлах БЗД-н ТХ нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр 0, 0 тоотод байрлах “В” ХХК,

 

Хариуцагч: Ч дүүрэг,  дүгээр хороо, С гудамж, Г центр, 0 тоотод байрлах, “Ө” ХХН нарт холбогдох,

 

Татварын өр 44.373.734,9 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БЗД ТХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...тус хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй “В” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 40.804.777,9 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 3.568.417,0 төгрөг нийт 44.373.194,9 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд нь барагдуулалгүй он дамжуулан татварын өр үүсгэсэн байна. Татварын алба нь хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөрийг барагдуулах үүднээс Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу татварын өр төлбөр барагдуулахыг шаардсан мэдэгдэх хуудсыг гардуулж, мөн хуулийн 63 дугаар зүйлийг үндэслэн Төрийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хас банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг тус тус хаах арга хэмжээг авсан, 64 дүгээр зүйлийг үндэслэн эд хөрөнгийн лавлагааг авсан боловч бүртгэлтэй эд хөрөнгө гараагүй тул татварын өр төлбөр барагдаагүй. Иймд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтын дагуу “дээрх ажиллагаа болон шүүхэд нэхэмжпэх ажиллагааг давхардуулан явуулж болно", 70 дугаар зүйлийн 70.1-д “хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй болсон бол шүүхэд нэхэмжпэл гаргах” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. “Э” ХХН-ийг хамтран хариуцагчаар оролцуулж өгнө үү… гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч “В” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр нь 40.804.779,9 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр нь 3.568.417 нийт 44.373.194,9 төгрөгийн тавтарын өр төлбөрийг хуулинд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас 44.373.194,9 төгрөгийг “В” ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн компани нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч Монгол улсаас гараад эргэж огт холбогдоогүй. Тэгэхээр 2017 оноос хойш тухайн компанийн гүйцэтгэх захирал гэх С компанийн үйл ажиллагааг төлөөлөх эрхгүй болсон. Улсын бүртгэлд тэгж бүртгэгдсэн ч гэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой асуудлаар хувь нийлүүлэгчтэй е-майл утсаар ярьсан боловч хариу өгөхгүй байгаа. Холбогдох байгууллагад С нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсонтой холбоотой гомдлыг гаргаад явж байгаа. Тиймээс өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргах, тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой мэтгэлцэх боломжгүй. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БЗД ТХ, хариуцагч “В” ХХК-д холбогдуулан татварын өр 44.373.194 төгрөг 09 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлт гаргаж, Ө ХХН-ийг хамтран хариуцагчаар оролцуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Ө ХХН-ийн төлөөлөгч М.М-д “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт дээр 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг 00 минутанд болох шүүх хуралдааны товыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдэж, өөрийн биеэр танилцаж гарын үсгээ зурж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хамтран хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Татварын Ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “ татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж зааснаар “В” ХХК, БЗД ТХт татвар төлөгч болох нь Татвар төлөгчийн карт, Хуулийн этгээдийн лавлагаа, “Мэдэгдэх хуудас”-ыг хүлээн авсан тэмдэглэлүүд, Татварын өрийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Татварын хэлтэс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх”, Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас татварын өр төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч “В” ХХК-ийн төлөөлөгч Г.С тухайн компанийг төлөөлөх эрхгүй, уг компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, 2017 оноос хойш компани үйл ажиллагаа явуулаагүй, үүсгэн байгуулагчид нь Монгол улсаас гарч явсан гэж тайлбарлажээ.

 

“В” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Г.С-ыг гүйцэтгэх захирлаар 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7.-д зааснаар Г.С нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд байна.

 

Иймд Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “ татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн заалтыг зөрчиж, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй, нэхэмжлэгч тайлангуудыг үндэслэн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байх тул хуулиар хүлээсэн үүргийнхэн дагуу хариуцагч “В” ХХК-иас татварын өр 44.373.194 төгрөг 09 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 44.373.194,09 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 379.815,97 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “В” ХХК-иас татварын өр 44.373.194 төгрөг 09 мөнгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Т-ын хэлтэст олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 379.815 төгрөг 97 мөнгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО