Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0084

 

 

 

 

 

 

 

 

 

              А.Гын нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч А.Г

Нэхэмжлэгч: А.Г

Хариуцагч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг дарга,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 871 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2021/0134/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргад  тус тус холбогдуулан “Барилга хот байгуулалтын яамнаас  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж, тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 871 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Хот байгуулалтын тухай хуулийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Гын, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Барилга хот байгуулалтын яамнаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан, тендерийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.Гаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлж дүгнэсэн, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Учир нь шүүхийн удаа дараагийн шинжээч томилсон захирамж тогтоолын дагуу нэхэмжлэгч миний өмчлөлийн газар руу үерийн усны далд шугам нь орсон бодит үйл баримт шинжээчийн дүгнэлтүүдээр болон бусад баримтуудаар тогтоогдож байгаа талаар шүүхийн шийдвэрт огт дүгнэлт хийгээгүй байх ба мөн түүнчлэн уг үерийн усны далд байгууламж нь өргөөшөө 2 метр, өндөр нь 1.5 метрын хэмжээтэй, дээрээ бетонон тагтай, түүнийг далдалсан 20 см ч хүрэхгүй зузаантай шороогоор булсан зэрэг үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална", 3-т "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно", Арван зургадугаар зүйл. "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно", 3.1.1-т "газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ургамал бүхий орон зайн давхаргыг", 27 дугаар зүйлийн 27.1-т "Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй", 27.1.1-т "бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах", 38 дугаар зүйлийн 38.1-т "Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно" гэж тус тус заажээ.

3.2. Гэтэл одоо бодит байдал дээрээ нэхэмжлэгч миний бие нь өөрийн өмчлөлийн газрынхаа хил хязгаар дотор хаа дуртай газраа нойлоо барих эрхтэй байтал чадахгүй болж, газрынхаа хил заагаар хашаагаа барих гэтэл боломжгүй болж, нэг бол газрынхаа хил заагаас дотогш, нэг бол газрынхаа хил заагаас гадагш нь гаргаж барих шаардлагатай болсон байгаа ба учир нь дээр дурдсанчлан бетон тагтай үерийн далд байгууламжийн чанх дээр нь нэхэмжлэгчийн газрын хил зааг байгаа тул 20 см хүрэхгүй шороонд хашаа босгох боломжгүй тул шугамын гадна талд хашаагаа босгосон, үүнээсээ болж газраа илүү хашаалсан гэж шүүх дээр бусдад чичлүүлэхэд хүрээд байгаа юм.

Түүнчлэн уг шугамыг газар доогуур нүхэлж, өрөмдөж байж байрлуулаагүй. нэхэмжлэгч буюу газрын өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүч түрэн газрыг ухаж сэндийчиж байж, шугамыг цементээр цутгаж хийсэн тул дээрх Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан нэхэмжлэгч миний өмчлөх эрхийг маш ноцтойгоор зөрчсөн болох нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж чадаагүй, дээрх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

3.3. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.4-т тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 79.5-т заасан нөхцөл байдал үүсээгүй гэж буруу дүгнэсэн байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т "Төлөвлөгөөг батлах захиргааны актад энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан захиргааны актын зохицуулалт нэгэн адил үйлчилнэ", 79 дүгээр зүйлийн 79.1-т "Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна", 79.3-т "Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй". 79.4-т "Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно" гэж тус тус зааснаас үзэхэд уг захиргааны хэргийн маргаантай холбоотой асуудлаар анх төлөвлөгөөг гаргаж баталсан этгээд нь Нийслэлийн Засаг дарга байх ба уг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх үерийн усны далд байгууламжийн ажлыг хэрэгжүүлэгч нь хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болох нь тодорхой харагдахын зэрэгцээ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч миний зүгээс анх төлөвлөгөөг баталсан үйл баримтыг буруу гэж маргаагүй гэдгээ анхан шатны шүүхэд удаа дараа, тодорхой илэрхийлсэн бөгөөд харин уг төлөвлөлтийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй этгээд нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцдаа миний эрхийг зөрчсөн тул хохирол гаргуулахаар шаардаж байгаа нь дээрх хуулиудад нийцсэн байна.

3.4. Өөрөөр хэлбэл манай газраар үерийн усны далд шугам нь дайрч байгаа зураг төсөл нь батлагдчихсан байсаар байтал хохирч болзошгүй иргэнийг хохироохгүйгээр ажлыг гүйцэтгэх арга хэмжээ авалгүйгээр, ямар нэгэн яриа хэлэлцээр хийлгүйгээр, хариуцагч Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамны зүгээс ямар ч тооцоо судалгаагүйгээр, хохирсон тохиолдолд хохирлыг хэн хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг урьдчилан шийдвэрлэлгүйгээр шууд тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, мөн ажлыг гүйцэтгүүлсэн нь төлөвлөлтийг хэрэгжүүлэгч этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас надад хохирол учирсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

3.5. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-т "Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх. хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй" гэж заасан нөхцөл байдал үүсээгүй талаар буруу дүгнэсэн байх ба давхцалтай гэдгийг харж мэдэж болох ч уг давхцалын улмаас тухайн газрын үнэ буурах, өмчлөх эрхээ чөлөөтэй, саадгүй хэрэгжүүлэх боломжгүй болох зэрэг сөрөг үр дагаврыг урьдчилсан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон гэж үзнэ.

3.6. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т "Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно", 36.4-т "Газар өмчлөх эрхийг нь зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний дотор олох байсан орлогыг нь оролцуулан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлнө" гэж заасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т "Хохирол болон нөхөн олговрын тухайд хууль зүйн ялгаатай ойлголт бөгөөд газраа хуульд заасан журмын дагуу улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээг үндэслэн харилцан тохиролцох замаар эргүүлэн өгч, тогтоосон үнэлгээг үндэслэн өөр байршилд газар авах эсхүл нөхөн олговрыг мөнгөн дүнгээр тооцож авах агуулгатай бол хохирол гэдэгт нэхэмжлэгчид учирсан тооцож болохуйц, харагдахуйц, бодитой хохирлыг ойлгохоос бус ирээдүйд олох байсан ашиг орлого, хувийн болон бизнесийн нэр төрд учирсан хохирол, сэтгэл санааны хохирол зэрэг тооцох боломжгүй, шууд бус хохирлыг хамааруулж үзэхгүй" гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хуульд маш тодорхой, салаа утгагүйгээр заасан зохицуулалтыг ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.7. Учир нь дээр дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, шударгаар үл хөдлөх хөрөнгө олж авч өмчлөх эрхийг хуульчилж, зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх, боломжгүй бол нөхөн олговор, хохирол, тэр дундаа олох байсан орлогыг оролцуулан бүрэн нөхөн төлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч миний хувьд үүний дагуу нөхөн олговор бус хохирлоо шаардаж байгаагаа маш тодорхой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хуульд тодорхой заасан сэтгэл санааны хохирол болон олох байсан орлогыг тооцох боломжгүй мэтээр дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж, мөн л хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Эцэст нь хэлэхэд уг захиргааны хэргийн хариуцагч нарын зүгээс миний нэхэмжилж байгаа хохирлын асуудлаар огт маргадаггүй, гагцхүү төрийн байгууллагууд харилцан бие бие рүүгээ хариуцлагыг чихсэн тайлбарыг гаргадаг бөгөөд уг маргаантай асуудалд холбоотой байж болох бүх төрийн байгууллагууд нь хариуцагчаар татагдан оролцож байгаа билээ.

3.8. Нөгөө талаасаа хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч миний газар өмчлөх эрх зөрчигдсөн буюу миний зөвшөөрөлгүйгээр, надтай зөвшилцөлгүйгээр хэн ч гар хүрч болохгүй, хуулиар хориотой газар маань хөндөгдсөн, газар руу маань оруулан үерийн усны далд шугам тавигдсан, түүний улмаас өмчлөх эрхээ чөлөөтэй, саадгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна. Мөн хохирлыг бүрэн төлж барагдуулах ёстой гэдэг маш олон хуулийн зохицуулалтууд нь хүчин төгөлдөр хэрэгжсээр байтал хэн ч харсан бай, ямар ч хуулийн мэдлэггүй хүн харсан өмчид нь халдсан бол шүүхэд хандаж хохирлоо шаардах юм байна, хариуцах этгээд нь тодорхой, хохирлын хэмжээ нь тодорхой, бас баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг 2020 оны 12 сараас хойш одоог хүртэл бүтэн 4 жил шийдвэрлэхгүй цааргалсаар, эцэст нь нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаад үнэхээр гомдолтой бас шударга шүүх байдаг гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.05-ны өдрийн 128/ШШ2024/0871 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргад  тус тус холбогдуулан “Барилга хот байгуулалтын яамнаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан, тендерийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч А.Г нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-*** тоот хаягт байрлах 426 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлөх эрхийн Г-220300**** тоот гэрчилгээний дагуу өмчилж, уг хашааны баруун урд хэсэгт 53,5 м.кв талбай бүхий нэг давхар, тоосгон орон сууц барьж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан, тус газрын хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нараас энэ талаар маргаагүй.

3.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төлөвлөлттэй маргаагүй, манай жорлон байсан газраар бетонон шуудуу тавьсан учир жорлонгоо барих газаргүй болж, шуудуу ухсан шороогоо зайлуулахгүй орхисны улмаас хашаа маань тэгш бус болсон, цаашид дүүрсэн үерийн усны шуудууг цэвэрлэх гэж дахин манай газрыг ухаж сэндийчих зэргээр аюулгүй, амар тайван амьдрахад хүндрэл учрах зэргээр хохирч байна, мөн явган болон машинтай явдаг орц гарцын хэсэгт дайруулаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгоод шугам тавьсан бөгөөд үүн дээр шугамын хамгаалалтын зурвас таарч байгаа, ...тус шугам нь нэхэмжлэгчийн өмчлөлийн нийт газрын 10 хувь дээр бүрэн давхцаж байгаа бөгөөд хамгаалалтын зурвас газар ороод нийт 181 м.кв газар дээрээ өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй болж хохирсон, мөн тус үндэслэлээр газрын үнэлгээ буурч байгаа” гэж тайлбарлан маргасан.

3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 11 дүгээр зүйлийн “Барилга, хот байгуулалтын сайд”-ын багцын  11.1.93-т “Үерийн далан /Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо/ 2019 онд эхэлж 2020 онд дуусгах, төсөвт өртөг 6,0 тэрбум, санхүүжих дүн-2,0 тэрбум гэж төсөвлөсөн байх бөгөөд Барилга хот байгуулалтын яамнаас зарласан БХБЯ/А-19/XI.1.103 дугаартай “Үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад “Ш г” ХХК шалгарч “Үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/”-ын барилга угсралтын ажлыг  гүйцэтгэжээ.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно”, гэж, мөн зүйлийн 73.1.6-д “зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолборыг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, буулгах” гэж, 74.1-д “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна.”, 79.3-т “Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.4-т “Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно.”, 79.5-т “Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.6-д “Энэ хуулийн 79.5-д заасан сөрөг нөлөөг арилгах болон багасгах боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол энэ зүйлд хамаарахгүй” гэж,

Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 7.1.1-7.1.8, 7.1.12-т зааснаас үзвэл  төрийн захиргааны төв байгууллага болох Барилга, хот байгуулалтын яам нь хот байгуулалтын талаар зураг төсөл боловсруулах, эдгээр ажлуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байхаар, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газарт орсон барилгыг нурааж зайлуулах, зам талбай, инженерийн шугам сүлжээ, мод зүлэг, тохижилтыг нөхөн сэргээх зардлыг захиалагч этгээд бүрэн хариуцна” гэж тус тус заажээ.

3.5. Маргаан бүхий үерийн далангийн барилга байгууламж нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааны газрын 42.14 м.кв газартай давхцалтай болох нь тухайн газарт хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 1/2318 дугаар албан бичгийн хавсралт кадастрын зураглал зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас уг давхцалыг эс зөвшөөрч маргаагүй.

3.6. Түүнчлэн, уг үерийн далангийн сувгийн ажлын зураг төслийг “М м т” ХХК хариуцан гүйцэтгэсэн байх бөгөөд тус компаниас 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “...трасс 1, 6, 7, 8 дагууд 8 айлын хашаа, нэг тоосгон байшин, 1 бохирын худаг дайрч байна, тус ажлыг төсөвт тусгаагүй бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тухай бүрд асуудлыг шийдвэрлэхээр хариу өгсөн” гэх 69/19 тоот албан бичгийг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн, мөн Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2/959 тоот “...Барилгын ажлыг гүйцэтгэх явцад үерийн хамгаалалтын суваг 1-ийн трасс айлын хашаагаар дайрсан, цэвэр бохир усны шугамтай огтлолцсон, үерийн хамгаалалтын суваг-8-ийн трасс 2 айлын хашаагаар дайрсан, 1 ширхэг барилга трасст орсон, цахилгааны агаарын шугам, шон давхацсан, явган замын гэрэлтүүлгийн ажлууд хийгдсэн тул сувгийн трассын дагуух газар чөлөөлөлтийн ажлыг хийж, хамтран ажиллахыг хүсье” гэх албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж байсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгч нь үерийн усны далд барилга байгууламжтай холбоотой ямар нэгэн нөхөх олговор, нөхөн төлбөр аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

3.7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно"гээд,  3.1.1-т "газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ургамал бүхий орон зайн давхаргыг", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй", 27.1.1-т "бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах", 38 дугаар зүйлийн 38.1-т "Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно" гэж,

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-ын 2.1-д “Нөхөх олговрын хэлбэр, хэмжээг тогтооход Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-д тус тус заасан зарчмыг баримтлахаас гадна газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, амьжиргаа, аж ахуйн үйл ажиллагааны нөхцөлийг өмнө байснаас дордуулахгүй байх зарчмыг баримтална” гэж тус тус заажээ.

3.8. Дээрх хууль болон журмын зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн маргаж буй Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулсан Үерийн далангийн барилга байгууламж нь Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар бүлэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны төлөвлөлтөд хамаарч байх бөгөөд уг төлөвлөлтийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага болох Барилга, хот байгуулалтын яам нь нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах, улмаар нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд энэ талаар сонсох ажиллагаа явуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах, тухайн эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн саналыг хянан үзсэний үндсэн дээр төлөвлөгөөг батлах үүрэгтэй атал тус үүргээ хэрэгжүүлээгүй буюу “Үерийн далангийн ажил хийх” талаар тухайн далан барих трасст өртөгдөж болзошгүй иргэн А.Гад мэдэгдэж сонсох ажиллагаа хийгээгүй, урьдчилан мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, түүний хашааг зөвшөөрөлгүйгээр буулгаж,  хашааны дотор талаар буюу нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлийн газарт суваг ухаж бетонон таг байрлуулсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тухайд сөрөг нөлөөллийг бууруулах, боломжгүй бол төлөвлөлтийг өөрчлөх талаар санал гаргах, эсхүл нөхөн төлбөр авах хүсэлтээ гаргах эрхтэй байхаар хуульчилсан байхад түүнд энэ боломжийг олгоогүй, нөгөө талаар тухайн төлөвлөлтийг хариуцсан захиргааны байгууллага болох Барилга хот байгуулалтын яам нь сөрөг нөлөөллийг тооцоолж трасст өртсөн иргэнд учирч болзошгүй хохирол, нөхөн сэргээх зардлыг төсөвт тусгах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, “М м т” ХХК нь зохих журмын дагуу хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч захиргааны байгууллагаас нөхөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай яам зөвхөн тендер шалгаруулалт явуулсан, бусад үйл ажиллагаанд оролцоогүй, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь иргэн А.Гын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнд хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгээгүй тул хохирол төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах...” гэж зааснаас үзэхэд хохирол нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт нь 1/ захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байх, 2/ хүн, хуулийн этгээдэд хохирол учирсан байхыг шаардах бөгөөд энэхүү 2 нөхцөлийн хооронд “шалтгаан холбоо”-той байх нөхцөлийг хангаж буй тохиолдолд уг зохицуулалтыг хэрэглэхээр байх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага нь нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд энэ талаар сонсох ажиллагаа явуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах, тухайн эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн саналыг хянан үзсэний үндсэн дээр төлөвлөгөөг батлах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь хууль ёсны дагуу үүссэн газар өмчлөх эрхээ чөлөөтэй, саадгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдож байх тул уг зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болсон гэж үзэхээр байна.

            4.1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т "усны барилга байгууламж" гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг" ойлгоно гэж тодорхойлсны дагуу уг үерийн ус зайлуулах далд шугам нь усны барилга байгууламжид хамаарч байх тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасын дэглэм, засвар үйлчилгээний журам"-ын Хоёр дахь заалтын 2-т "Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 м, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын тэнхлэгээс 5 м зайд байхаар тогтооно" гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын тооцоог эрх бүхий байгууллагаар хийлгэж, тус компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээгээр өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхойлж маргасныг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас хохирлын хэмжээтэй маргаагүй тул “...145,260,733 гэж үнэлэгдсэн үнэлгээнээс 181.9 метр квадрат хэмжээтэй өмчлөх газар дээрээ өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй болсон нь нийт газрын 42.5% буюу 145 саяасаа 61 сая төгрөгийн хохирол учирсан” гэж өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхойлон маргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

            4.2. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь маргаан бүхий уг асуудлаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гарган маргасан, 2021 онд хийлгэсэн хөрөнгийн үнэлгээгээр өөрт учирсан хохирлын хэмжээг тооцоолон  маргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хохирлын хэмжээг бодит байдалд нийцсэн бөгөөд үндэслэлтэй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Гад олгохыг хариуцагч Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэв.

5. Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 871 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4, 79.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Гын, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Барилга хот байгуулалтын яамнаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан, тендерийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Гад олгохыг хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам /Барилга, хот байгуулалтын яам/-нд даалгаж, нэхэмжлэгч А.Гын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН