Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1118

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогч Т.Уламбаяр, Д.Энхтуяа,

хохирогч Ц.Сарангэрэлийн өмгөөлөгч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б-д холбогдох эрүүгийн 201525010741 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Валдир овгийн Н.Б-, 1990 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1058 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Н.Б- нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Түвшинсайханаас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Жем Интернэйшнл” ХХК-ийн хашаанаас нийт 2481 ширхэг барилгын тулаас төмрийг авч, 44.658.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Б.Золбаатараас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13-598 тоот хашаанаас нийт 530 ширхэг барилгын тулаас төмрийг авч, 10.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Баяндөхөмийн 25-8 тоотод байрлах “Анарсан” ХХК-ийн аж ахуйн хашаанаас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн, 300 ширхэг труба төмөр, 1571 ширхэг шинэ цайран барилын тулаас төмөр, 1028 ширхэг хуучин хар барилгын тулаас төмрийг авч, иргэн Ц.Сарангэрэлд 74.519.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвд иргэн Т.Уламбаярт “Өргөгч крантай ачааны автомашин захиж авч өгнө” гэж итгүүлэн, хууран мэхэлж биет 23.000.000 төгрөгийг авсан,

            2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Золбаярт түүний “Subaru Forester” загварын автомашиныг өөрийн унаж явсан “Тайкун” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй “Toyota Mark II” загварын автомашинаар солино хэмээн хууран авч, 3.284.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 26 дугаар байрны 8 давхарт иргэн Г.Хүрэлбаатараас түүний “IPhone 6” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хууран авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил Стар” хотхоны 58 дугаар байранд иргэн А.Уртнасангаас түүний “IPhone 6” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хууран авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Скүэр” төвийн урд иргэн Б.Золбоотоос түүний “IPhone 6s” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хууран авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан зэргээр нийт 8 удаагийн залилах үйлдлээр бусдад 152.079.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Их Бүрд” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Д.Уламбатын өрөөнөөс “Acer i3” загварын зөөврийн компьютерийг хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 5 дугаар сарын 11-ний өглөө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Могжоохон” төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Хекс Арена” цахим тоглоомын газраас компьютерийн эд анги, дагалдах хэрэгсэл, тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, иргэн С.Мөнх-Эрдэнэд 2.990.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийн хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-32 тоотод оршин суух иргэн Ё.Хүрэлцоожийн эзэмшлийн гэрээс 15 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг эмэгтэй хүний 999 сорьцтой алтан бөгж, 21 кратын эрэгтэй цул дөрвөлжин нарийн сүлжээстэй алтан гинж, монетон гинж, кулан, ээмэг, бөгж, энергийн ногоон бугуйвч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 8.620.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Агь” зочид буудлаас зөөврийн компьютер, үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, иргэн Д.Энхтуяад 4.829.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Сэлбэ” зочид буудлын 405 тоот өрөөнөөс иргэн Д.Батбаярын гар утас, түрийвч, банкны карт, монетон кулон, бичиг баримт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 1.887.400 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны доод давхарт байрлах “Файм Арена” цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Батсайханы бэлэн 2000 ам.доллар, 600.000 төгрөг, “Samsung Note” загварын гар утас, бичиг баримт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 5.565.700 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг интернэт тоглоомын газраас 10 ширхэг компьютерийг хулгайлан авч, иргэн Б.Цэрэнчимэдэд 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан зэргээр нийт 7 удаагийн хулгайлах үйлдлээр бусдад 30.292.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.               

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-с 182.503.100 төгрөг гаргуулж, хохирогч Б.Түвшинсайханд 38.658.000 төгрөг, Б.Золбаатарт 10.600.000 төгрөг, Ц.Сарангэрэлд 74.519.000 төгрөг, Т.Уламбаярт 23.000.000 төгрөг, Г.Хүрэлбаатарт 750.000 төгрөг, А.Уртнасанд 1.500.000 төгрөг, Э.Золбаярт 3.284.000 төгрөг, , Г.Батбаярт 1.887.400 төгрөг, Д.Энхтуяад 4.829.000 төгрөг, С.Мөнх-Эрдэнэд 2.990.000 төгрөг, Ё.Хүрэлцоожид 8.620.000 төгрөг, Б.Батсайханд 5.565.700 төгрөг, Н.Цэрэнчимэдэд 5.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Чингүнд 800.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.Сарангэрэлийн нэхэмжлэлээс 13.481.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Б-н цагдан хоригдсон 793 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар ирүүлсэн “СиДи” 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө хохирогч Ё.Хүрэлцоожийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Гэвч Ё.Хүрэлцоожийг нас барсан гэсэн. Иймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, талийгаачийн оронд өөр хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагатай.

2. “Анарсан” ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан 3,5  метр урттай 429 ширхэг, 5 метр урттай 762 ширхэг хар тулаас төмөр, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан 3,5 метр урттай 92 ширхэг тулаас төмөр, 6 метр урттай 300 ширхэг труба зэргийг Д.Золжаргалтай хамт явж авалцаад худалдан борлуулсан. Тухайн өдөр тулаас төмөр ачиж байхад авсан гэрэл зургууд дээр Д.Золжаргал нь саарал өнгийн саравчтай малгайтай байгаа. Энэ өдөр би өөр ажилтай байсан тул ачилт дуусахад тулаас төмрүүдийг Д.Золжаргалд өөрийн 66-04 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт үлдээгээд явсан. Д.Золжаргал маргааш нь миний автомашиныг авчирч өгөхдөө тухайн тулаас төмөр, трубануудыг Улиастай болон Амгаланд байдаг төмөр авах цэгт худалдаж борлуулсан гэж байсан. Иймд 3,5 метр болон 5 метр урттай хар тулаас төмрүүдийг өөрийн хохирлоос хасуулмаар байна.

3. Хохирогч Б.Батсайханы нэхэмжилсэн 2000 ам.доллар, 600.000 төгрөг, “Samsung” загварын гар утас гэх мэт зүйлс байгаагүй. Харин 1300 ам.доллар, 350.000 төгрөг л байсан. Энэ хохирлын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ анхнаасаа хэлсэн боловч авч хэлэлцээгүй.

Иймд эдгээрийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хохирогч Ё.Хүрэлцоож нас барсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5, 9.5 дугаар зүйлүүдэд зааснаар хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг тогтоох, нас барсны гэрчилгээг хэрэгт хавсаргах ажиллагаа хийгдээгүй. Энэ хүний хохирол төлбөрийг хэнд олгох эсэх нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгч тодорхой хэмжээгээр хохирол төлбөрөө төлөөд хянан магадланд орох тохиолдолд энэ хохирогчтой холбоотой асуудал яригдана.

2. Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Н.Б-г өөрийн найз болох Д.Золжаргалтай нийлж “Анарсан” ХХК-иас барилгын тулаас төмөр авсныг тогтоосон гэсэн атлаа түүнийг яллагдагчаар татаж шалгаагүй. Д.Золжаргалын тулаас төмөр ачиж байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зураг хэрэгт байдаг.

3. Хохирогч Б.Батсайхан 2000 ам.доллар, 600.000 төгрөг, “Samsung” загварын гар утсаа алдсан гэх боловч шүүгдэгч 1300 ам.доллар, 350.000 төгрөг л байсан гэдэг. Иймээс уг хохирлын тооцоог зөвтгүүлэх шаардлагатай.

Иймд эдгээр үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай. ...” гэв.

Хохирогч Ц.Сарангэрэлийн өмгөөлөгч О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасны үндсэн дээр шүүгдэгч Н.Б-н гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч Н.Б- нь Д.Золжаргал гэгчийг энэ хэрэгт хамтран оролцсон гэж ярьдаг боловч түүнийг зааж өгч чадаагүй. Д.Золжаргал гэгчийн үйлдэл оролцоо мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Түүнчлэн Д.Золжаргал гэгчийн гэрэл зураг хэргийн материалд ч байдаггүй. Энэ бүхнээс үзэхэд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлбөр төлөхөөс зайлсхийсэн бас нэг үйлдлийнх нь үргэлжлэл гэж харагдахаар байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.Б- нь миний үнэт эдлэл, хэрэглэлүүдийг хулгайлсан. Би өөрт учирсан нийт хохирлоо 6.777.000 төгрөг гэж тооцсон. Гэтэл энэ дүн яагаад 4.829.000 төгрөг болж багассаныг гайхаж байна. Миний алдагдсан эд зүйлээс олдсон, эсхүл үлдсэн зүйл байгаа болов уу гэж найдаж байна. ...” гэв.

Хохирогч Т.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маш их гомдолтой байна. Амьдрал маань унаад одоо болтол сэргэж амжаагүй байна. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогч Ё.Хүрэлцоожийг нас барсан гэж ярьдаг боловч хэрэгт энэ талаар холбогдох баримт байдаггүй. Иймээс тэдгээрийн яриад байгаа асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сарангэрэлээс “Н.Б- нь “Анарсан” ХХК-ийн барилгын тулаас төмрүүдийг бүгдийг нь өөрөө жолооч нартайгаа ирээд ачиж авч явсан” гэж тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан гэрэл зурган дээрх цаашаа хараад зогсож буй хүнийг Д.Золжаргал гэж ярьдаг. Прокурорын яллах дүгнэлтэд Н.Б-г Д.Золжаргалтай хамтран тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон гэж огт бичээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалтын үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.Б- нь дангаараа 8 удаагийн үйлдлээр, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, өөрийн танил болон зарын дагуу холбогдсон хүмүүстэй уулзаж “...барилгын тулаас төмөр түрээсэлнэ, Япон Улсаас автомашин захиж ирүүлнэ, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанаас автомашин чөлөөлж худалдана, “IPhone-6” загварын гар утас худалдаж авна...” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух аргаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Түвшинсайхан, Б.Золбаатар, Ц.Сарангэрэл, Т.Уламбаяр, Э.Золбаяр, Г.Хүрэлбаатар, А.Уртнасан, Б.Золбоот нараас барилгын тулаас төмөр, автомашин, гар утас, биет мөнгө зэрэг нийт 159.111.000 төгрөгийн эд хөрөнгийг гэрээ байгуулах, аман хэлцэл хийх замаар шилжүүлэн авсан,

мөн дангаараа 7 удаагийн үйлдлээр, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэг болон Орхон аймгийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга, түр амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу байшин, зочид буудлын өрөө, интернэт тогломын газар зэрэгт нэвтэрч үйлдсэний улмаас иргэн Д.Уламбат, С.Мөнх-Эрдэнэ, Ё.Хүрэлцоож, Д.Энхтуяа, Д.Батбаяр, Б.Батсайхан, Н.Цэрэнчимэд нарт нийт 30.292.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

            1. Хохирогч Б.Түвшинсайхан /3хх 49-50/, Б.Золбаатар /2хх 24-25, 5хх 16/, Ц.Сарангэрэл /1хх 9-10, 4хх 9/, Т.Уламбаяр /1хх 235, 4хх 8, 5хх 17-18/, Э.Золбаяр /6хх 18/, Г.Хүрэлбаатар /3хх 152/, А.Уртнасан /3хх 149/, Б.Золбоот /3хх 146-148/ нар нь Н.Б-д мөнгө, эд хөрөнгөө өгөх болсон шалтгаан, өгсөн эд хөрөнгийнхөө шинж байдал, мөнгөнийхөө тоо хэмжээний талаар тус бүр тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

            - тулаас төмрийг хүлээлгэн өгсөн, ачсан талаар мэдүүлсэн гэрч Т.Тэмүүгэн /3хх 51/, Т.Отгонцагаан /3хх 52/, С.Даваасүрэн /3хх 53/,  Б.Жаргалсайхан /1хх 26/, Г.Гомбодаш /1хх 27/, Б.Энхцэцэг /1хх 11, 5хх 43-44/, В.Чимэдрэгзэн /1хх 12/, Ө.Одгэрэл /5хх 45-46/, Д.Сайханбаяр /5хх 47-48/, Д.Цэнд-Аюуш /5хх 41-42/, Т.Уламбаяр /1хх 15-16/ нарын мэдүүлгүүд,

- гэмт хэргийн улмаас олсон зарим эд хөрөнгийг Н.Б-с худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч Б.Бат-Ирээдүй /6хх 18/, иргэний нэхэмжлэгч Б.Чингүн /3хх 100/, Д.Бямбажав /3хх 102/ нарын мэдүүлгүүд,

- яллагдагч Н.Б-н үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаарх /2хх 1-2, 89-91, 3хх 74-75, 108, 136-137, 155, 4хх 26-27, 116-117, 7хх 15-16/ мэдүүлгүүд,

- тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ /1хх 24-27, 2хх 21, 3хх 36/, зээлийн гэрээ /1хх 59/, автомашин худалдах худалдан авах гэрээ /6хх 23/, эд хөрөнгийн үнэлгээ /2хх 23, 3хх 161, 5хх 142, 145, 171, 174, 177, 180/, зарлагын баримтууд /1хх 28-31/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 65-86/, гэрэл зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /3хх 144-145, 146-147/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 100-101, 6хх 21/, банкны лавлагаа /1хх 103, 106-116/, гар утасны ярианы лавлагаа /3хх 175-176/, Б.Чингүнээс гар утсыг хураан авч, хохирогч Б.Золбоотод хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх 94, 235/ зэргээр давхар нотлогджээ.

2. Хохирогч Д.Уламбат /1хх 234-236/, С.Мөнх-Эрдэнэ /4хх 84/, Ё.Хүрэлцоож /6хх 47-49/, Д.Энхтуяа /2хх 118, 4хх 10-12/, Д.Батбаяр /2хх 101/, Б.Батсайхан /2хх 176-177/, Н.Цэрэнчимэд /2хх 222-224, 4хх 7/ нар нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар, алдагдсан эд хөрөнгийн онцлог, шинж байдал, үнэ өртгийн талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нь:

- гэмт хэрэг гарсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.Нарантөгс /1хх 237-238/, Х.Марал-Эрдэнэ /6хх 57/, Б.Гэрэлцэцэг /6хх 58/, Г.Энхбат /6хх 50-51/, гэмт хэргийн улмаас олсон зарим эд хөрөнгийг Н.Б-с худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч Г.Төгөлдөр /4хх 88/ нарын мэдүүлгүүд,

- яллагдагч Н.Б-н үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаарх /1хх 246-247, 2хх 1-2, 3хх 10-11, 4хх 115, 6хх 234-235, 7хх 15-16/ мэдүүлгүүд,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 231-233, 2хх 105-109, 218-219, 202, 6хх 38-44/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /2хх 155, 5хх 139, 148-151, 155, 159, 164, 6хх 68-70/, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 174/, хэргийн газраас олдсон гарын хээ Н.Б-нх болохыг тогтоосон криминалистикийн шинжээчийн 01/701, 01/792 дугаартай дүгнэлтүүд /2хх 180/, Монгол банкнаас зарласан валют ханшийн лавлагаа /4хх 171-172/, Г.Төгөлдөрөөс комьютерийн эд ангийг хураан авч хохирогч С.Мөнх-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх 89/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нар давж заалдсан гомдолдоо: “... “Анарсан” ХХК-иас барилгын тулаас төмрүүд авсан үйлдэлд Д.Золжаргал хамтран оролцсон тул түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, хохирол төлбөрийг хамтран хариуцуулах, хохирогч Б.Батсайханд учирсан хохирлын тооцоог зөвтгөх, хохирогч Ё.Хүрэлцоож нас барсантай холбогдуулан хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг томилох шаардлагатай...” хэмээн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэл зааж маргажээ.

Хэргийн материалыг судлахад, /4 жилийн хугацаанд явагдсан/ мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүгдэгч Н.Б-н үйлдсэн дээрх залилах, хулгайлах гэмт хэргүүдэд өөр бусад этгээдүүд аливаа хэлбэрээр хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайлбал, шүүгдэгч Н.Б- мөрдөн байцаалтын явцад анх сэжигтнээр өгсөн удаа дараагийн мэдүүлгүүддээ барилгын тулаас төмөр залилан авсан үйлдэлд дангаар оролцсон хэмээн мэдүүлж байсан бөгөөд сүүлд өөр өмгөөлөгч авсныхаа дараа өөрийн найз Д.Золжаргал гэх хүнийг хамтран оролцсон талаар мэдүүлсэн. Гэвч тэрээр өөрийн найз Д.Золжаргал гэгчийг зааж өгч чадаагүйгээс гадна, энэхүү мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, болсон үйл явдлыг талаар өгсөн нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр няцаагддаг. Нөгөөтэйгүүр Д.Золжаргал гэгчийг олж тогтоох зорилгоор зохих ажиллагааг явуулахад уг этгээд нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын хилээр гарсан, Монгол Улсын хилээр буцаж орж ирээгүй, тухайн улсдаа оршин сууж байгаа талаарх лавлагаа, гэрчийн мэдүүлэг /7хх 17-22/ авагдсан болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б- нь бусдад учруулсан хохирлыг дангаар хариуцан арилгавал зохих этгээд бөгөөд өөр бусдыг дээрх хэрэгт хамтран хариуцагчаар татах үндэслэл тогтоогдсонгүй.

 Хохирогч Б.Батсайханы хувьд өөрийн алдагдсан эд хөрөнгийн шинж, тоо хэмжээ, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон байх ба шүүгдэгч Н.Б-н зүгээс мөрдөн байцаалтын үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад, алдагдсан эд хөрөнгийн тоо хэмжээ, үнэлгээг эс зөвшөөрч, гомдол санал гаргаж байгаагүй байна. 

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ё.Хүрэлцоож нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 00/011327 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ /7хх 246/-ээр тогтоогдож байна. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр төлбөр хүлээн авбал зохих этгээдийг солих боломжтой тул заавал шүүхээс хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг тогтоох шаардлагагүй юм.  

Иймээс шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн тус тус хэрэгсэхгүй болголоо.

Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад, Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орсон өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

Шүүгдэгч Н.Б-н гэмт үйлдлүүд 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийн залилан мэхлэж авах гэмт хэргийг онц их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх гэмт хэргүүдийн шинжийг агуулсан байна. Эдгээр нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх гэмт хэргүүдийн шинжтэй тохирч, оногдуулах хорих ялын төрөл, хэмжээ нь багасчээ.

Гэмт хэргүүдийн үйл баримт, давтамж зэргээс дүгнэвэл, шүүгдэгч Н.Б- хувийн байдлын хувьд өмнө нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа буюу 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд, 8 удаагийн үйлдлээр бусдын 159.111.100 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан.

Ингэхдээ өөрийгөө “...“Эв Эе” ХХК-ийн төлөөлөгч, тендерийн дагуу барилга бариулж байгаа, автомашины ченж хийдэг, хөлөө хугалсан...” мэтээр бусдад ойлгуулж, “...барилгын тулаас төмөр түрээслүүлээч, удахгүй санхүүжилт орж ирнэ, Япон Улсаас автомашин захиж ирүүлнэ, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанаас автомашин чөлөөлж худалдана, “IPhone-6” загварын гар утас худалдаж авна...” гэх зэргээр бодитойгоор хэрэгжих үндэслэлгүй зүйлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь өөртөө авсан байна.

 Түүнчлэн дээрх хугацаанд 7 удаагийн үйлдлээр хүн байнга, түр амьдрах, үйл ажиллагаа явуулахад зориулагдсан орон байранд хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө,  үнэт эдлэл, компьютер, гар утас, тоног хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас нь хөдөлгөн хууль бусаар өөрийн болгон авснаас бусдад 30.292.100 төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөө цааш худалдан борлуулах, хувийнхаа хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл залилах, хулгайлах гэмт хэргүүдийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар нэгэн төрлийн арга барилаар үйлдэж, хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж байжээ.

Дээрх байдлуудыг үндэслэн, шүүгдэгч Н.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-н гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтуудад заасан хэмжээний дотор хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, уг ялууд дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч Н.Б-н хариуцвал зохих төлбөрийн хэмжээнээс хохирогч нарт төлөгдсөн төлбөр, буцаан олгогдсон зарим эд хөрөнгийн дүнг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан, техник, тооцооллын шинжтэй дараах алдаанууд гаргасан байна.

Тухайлбал, шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгүүдэд хохирогч Д.Батбаярын нэрийг “Г.Батбаяр” гэж, хохирогч Э.Золбаярт олговол зохих 3.584.000 төгрөгийн дүнг “3.284.000 төгрөг” гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасны зэрэгцээ, хохирогч “Анарсан” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Сарангэрэлийн “...Б- надад нэг удаа 500.000 төгрөгийг өгсөн...” /7хх 117/ гэх, тухайн байгууллагын нягтлан бодогч гэрч Б.Энхцэцэгийн “...Б- эхлээд 500.000 төгрөг дансанд хийгээд, 326.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь захиралд 500.000 төгрөг өгсөн байсан...” /1хх 11/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Н.Б- нь хохирогч Ц.Сарангэрэлээс 74.519.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг залилж авснаас 1.326.000 төгрөгийг түрээсийн төлбөрт буцаан өгсөн, мөн хохирогч Б.Золбоотоос “...би гар утсаа хүлээн авсан боловч дэлгэц нь хагархай байсан тул дэлгэцийг 350.000 төгрөгөөр засуулсан. Уг засварын мөнгөө нэхэмжилнэ...” гээд холбогдох баримтыг гаргаж өгсөн /4хх 148, 151-152/ байхад эдгээр хохирлын асуудалд дүгнэлт хийж, шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Эдгээрийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад, “хохирогч Б.Золбоотод 350.000 төгрөг олгосугай.” гэсэн хэсгийг нэмж оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч Н.Б-с 182.503.100 төгрөг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Н.Б-с 181.827.100 төгрөг гаргуулж...” гэж,

- “...хохирогч Ц.Сарангэрэлд 74.519.000 төгрөг...” гэснийг “...хохирогч Ц.Сарангэрэлд 73.193.000 төгрөг...” гэж,  

- “...хохирогч Э.Золбаярт 3.284.000 төгрөг...” гэснийг “...хохирогч Э.Золбаярт 3.584.000 төгрөг...” гэж,

- “...хохирогч Г.Батбаярт...” гэснийг “...хохирогч Д.Батбаярт...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Л.ДАРЬСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                              ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН