Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00940

 

 Д.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01261 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1411 дүгээр магадлалтай,

Д.Баттулгын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.07-ны өдрийн 2111 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2016.01.13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Д.Баттулгаас 98,361,514 төгрөгийг гаргуулж Капитрон банканд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Д.Баттулгын өмч болох Сүхбаатар дүүрэг, IX хороо, нуурын VII гудамж, 68 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2203004165 дугаартай 337 м.кв газар, Ү-2203017196 дугаартай 338 м.кв талбайтай хувийн сууцыг 2016.10.06-ны өдрийн 153/10/06 дугаар бүхий битүүмжилсэн акт дээр үндэслэж 2020.01.22-ны өдөр 225/16 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч шинжээч томилон 245,067,800 төгрөгөөр үнэлсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчиж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тал болох Д.Баттулга надаас үнийн санал аваагүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон 2020.02.21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын гаргасан хариу тайлбарт: Төлбөр төлөгч Д.Баттулгад холбогдох гүйцэтгэх хуудсыг 2016.06.20-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэрт төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч Д.Баттулга нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, IX хороо, нуурын VII гудамж, 68 тоот хаягт байршилтай, 338 м.кв талбайтай хувийн сууц, Г-2203004165 дугаарт бүртгэлтэй 337 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2016.10.06-ны өдрийн 153/10/06 дугаар бүхий битүүмжилсэн актаар битүүмжилж, 2020.01.22-ны өдөр 225/16 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020.01.31-ний өдрийн 4/3223, 2020.02.07-ны өдрийн 4/4315 тоот албан мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр Д.Баттулгыг дуудахад утсаа аваагүй. Мөн оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүргийн IX хороо, нуурын 7-68 тоот хаягаар очиход эзэнгүй байсан тул уг хаягаар баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Капитрон банкнаас барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул тус газраас хөндлөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 245,067,800 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш олон жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01261 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Баттулгын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн IX хороо, нуурын VII гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, 337 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнийг 245,067,800 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1411 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.07-ны өдрийн 2111 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2016.01.13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Д.Баттулгаас 98,361,514 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Д.Баттулгын 337 м.кв газар, 338 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн хураан авч, шинжээч томилон 245,067,800 төгрөгөөр үнэлсэн. Ингэж үнэлэхдээ шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчиж Д.Баттулгаас үнийн санал аваагүй учир үнэлгээг хүчингүй болгоно уу. гэсэн гомдол бүхий нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх үнийн санал авах тухай мэдэгдлийг Д.Баттулга гардаж авсан боловч ... мэдэгдэлд хариу өгөөгүй байна гэсэн дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Д.Баттулгад үнийн санал өгөх тухай мэдэгдлийг бодитойгоор гардуулж өгсөн болох нь нотлогдоогүй байхад гардуулж өгсөн байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн энэ хэргийг өмнө нь анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч ... хэрэг давж заалдах шатнаас хүчингүй болж анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхэд хэргийг хүлээн авч 2 дахь удаагаа шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд нийцээгүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Баттулга нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны хоёр шийдвэрээр Д.Баттулгаас нийт 97,557,825 төгрөг гаргуулан Капитал банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203004165 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, IX хороо, Нуурын VII гудамж, 68 тоот, 337 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017196 дугаарт бүртгэлтэй, 338 м.кв талбайтай, хувийн сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн, төлбөр төлөгдөөгүй тул хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг төлбөр төлөгч Д.Баттулгад мэдэгдэж, шүүхийн шийдвэрт дурдсан түүний өмчлөлийн  газар болон хувийн сууцыг битүүмжлэн, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар саналаа өгөх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Д.Баттулга үнийн санал ирүүлээгүй байх тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан журмын дагуу ажиллагаа явуулсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Иймээс ...Д.Баттулгад үнийн санал өгөх тухай мэдэгдлийг бодитойгоор гардуулж өгсөн болох нь нотлогдоогүй байхад гардуулж өгсөн байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Д.Баттулга төлбөрийг төлөөгүй, албадан дуудлага худалдаанаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар саналаа ирүүлээгүй тул хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор 2020.02.17-ны өдрийн тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шинжээч нь төлбөрт хураагдсан газар болон хувийн сууцыг 245,067,800 төгрөгөөр үнэлж, энэ тухай төлбөр төлөгчийн хаягаар мэдэгдлээр хүргүүлснийг дүү н.Мөнхзул хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шинжээчийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3.8-д заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах зохицуулалтад нийцсэн гэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 д заасан Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. гэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...өмнө нь анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч ... хэрэг давж заалдах шатнаас хүчингүй болж анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхэд хэргийг хүлээн авч 2 дахь удаагаа шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01261 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1411 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД