Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01098

 

  

 

Өлзийт төв ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02597 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

 

Өлзийт төв ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Илса ХХК-д холбогдох,

 

Түрээсийн үлдэгдэл төлбөр, алданги, 2019 оны ус дулаан, цахилгааны төлбөр, эд хөрөнгийг дутагдуулсан, эвдэж, гэмтээснийг хохирол, Нийслэл хотын албан татвар, олох байсан орлого зэрэгт нийт 26,064,980 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Засвар үйлчилгээний зардал, ус, дулааны төлбөрт илүү төлсөн төлбөр, барьцааны мөнгө зэрэгт нийт 14,329,361 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Даш-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, Дамдинбазарын гудамж 64/1 хаягт байрлах Өлзийт төвийн 1 давхрын объектод хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаад өөр төрлийн бизнес хийх болсон тул уг ресторанаа үйлчилгээгээрээ олж авсан нэр хүндийг дордуулалгүй удаан хугацаагаар бусдад түрээслүүлэхээр Ремакс үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын газар хандсан. Үл хөдлөх зуучлалын газраар дамжуулж Илса ХХК-тай холбогдсон. Манай талаас анх түрээсийн гэрээний төлбөрийг 10,000,000 төгрөг гэж байсан ч Илса ХХК-ийн захирлын жилийн хугацаатай түрээслэх тул төлбөрийг буруулаач гэсэн саналын дагуу түрээсийн гэрээний төлбөрийг 8,800,000 төгрөг болгож, 2018.10.31-ний өдөр талууд 2018/11/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, объектыг актаар хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч Илса ХХК нь 2019.01.16-ны өдрийн албан бичгээр дулаан, цахилгааны төлбөр өндөр гарсан, мөн түрээсийн төлбөр өндөр гэх шалтгаанаар бидэнтэй байгуулсан түрээсийн гэрээ цуцлах санал тавьж, 2019.02.20-ны өдрөөр дуусгавар болгох болсноо мэдэгдэж, түрээсийн объектыг буцаан актаар хүлээлгэн өгөлгүй орхин явсан.

Түрээслэгч тал түрээсийн байрыг түрээслэх хугацаандаа бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д Түрээслэгч тал нь 2018.11.01-ны өдрөөс эхлэн түрээсийн гэрээг дуусгавар болгох хүртэл түрээсийн нийт 420 м.кв талбайтай рестораны түрээс сард 8,800,000 төгрөгийг сар тутамд төлнө гэж заасныг зөрчиж 02 сарын түрээсийн төлбөрөөс 20 хоногийн түрээсийн төлбөр 5,714,280 төгрөгийг төлөөгүй бөгөөд түрээсийн гэрээний 8.3-д заасны дагуу 02 сарын 01-нээс 06 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 0,5 хувийн алданги 3,714,230 /үлдэгдэл төлбөр 5,714,280 төгрөгийн 0,5 хувь нь 28,571 төгрөгийг 130 хоног/ төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийн 50 хувиар тооцон 2,857,140 төгрөг, нийт 8,572,020 төгрөг нэхэмжилсэн. Мөн Гэрээний 4.5-д түрээсийн төлбөрт цахилгаан, ус дулаан холбоо /300681/, хог хаягдлын зардлууд багтаагүй бөгөөд түрээслэгч тал цахилгаан, усны төлбөрийг баталгаат тоолуураар, дулаан хог хаягдлын зардлыг түрээслэгч талын өгсөн нэхэмжлэлийн дагуу сар бүр хариуцан төлнө гэж заасныг зөрчиж 01, 02 сарын ус дулаан 1,975,749 төгрөг /нэхэмжлэлд хавсаргасан баримтаас 15 хувь хасаж тооцсон/, 02 сарын цэвэр ус 51,400 төгрөг, 01, 02 сарын цахилгаан 847,413 төгрөг/ нэхэмжлэлд хавсаргасан баримтаас 10 хувь хасаж тооцсон/, 01, 02 сарын тогны төлбөр 160, 000 төгрөг тус тус төлөөгүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д Түрээсийн рестораныг гэрээнд заасан зориулалтын дагуу чанар байдлыг алдагдуулахгүйгээр гамтай эзэмшиж, тоног төхөөрөмж, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцаж ашиглана гэснийг зөрчиж актаар хүлээлгэн өгсөн эд хогшлоос 133,300 төгрөгийн эд хогшлыг дутаасан. Үүнд: цай, кофены аяга, хоолны таваг, цайны сав, хутга, хундаганууд, хачирны сав зэрэг зүйлс орсон. Хариуцагч тал дээрх үнийн дүн бүхий эд зүйл дутаасан гэдгээ зөвшөөрч, хүлээлцсэн актад гарын үсэг зурсан нь хэргийн материалд авагдсан. Шилжүүлэн авсан архи, пиво болон бусад барааны 3,106,274 төгрөгийг төлөөгүй /нэхэмжлэлд хавсаргасан баримтаас буцааж өгсөн 177,902 төгрөгийн барааг хассан дүн/. Мөн эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж 400,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн 2019.01.02-ны өдрийн Гэрээний нэмэлтэд сар болгоны 10-ны дотор рестораны НӨАТ, НХАТ-ыг төлж барагдуулсан байна. Хугацаандаа татваруудыг төлөөгүйгээс оногдуулсан алдангийг Илса ХХК бүрэн хариуцах болно гэж заасныг зөрчиж 01, 02 сарын Нийслэлийн Хотын Албан Татвар 152,024 төлөөгүй байна.

Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний холбогдох заалтуудыг Түрээслэгч тал зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол нийт 15,398,180 төгрөг байна. Дээрх өр төлбөрийг яаралтай төлж барагдуулахыг түрээслэгч талд шаардлага хүргүүлсэн бөгөөд түрээслэгч талын захирал болох Б.Илчбадрах нь бидэнд ирүүлсэн албан тоотдоо дээрх өр төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг өгсөн боловч өнөөдрийг хүртэл дорвитой үр дүнд хүрээгүй болно. Түүнчлэн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-д Гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох шаардлага талуудын аль нэгнээс гарвал 2 сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Энэ санал түрээслэгчийн зүгээс гарвал түрээслэгч түрээсийн талбайг бусдад түрээслэх хүртэлх хугацааны төлбөрийг төлнө, 6 дугаар зүйлийн 6.1.11-д Гэрээ дуусгавар болсон болон цуцлагдсан тохиолдолд байрыг тогтоосон хугацаанд суллан, түрээсийн рестораныг анх хүлээн авсан хэвийн байдалд хүлээлгэн өгөх, түрээсийн төлбөр, бусад өр авлагыг бүрэн барагдуулж актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус заасан боловч түрээслэгч тал нь 2019.01.16-ны өдрийн албан бичгээр бидэнтэй байгуулсан түрээсийн гэрээг 2019.02.20-ны өдрөөр дуусгавар болгох болсноо мэдэгдсэн. Түрээслэгч талын энэхүү буруутай үйл ажиллагаанаас үүдэн манай компани дараачийн түрээслэгчийг олох өдөр буюу 2019.04.01-ны өдрийг хүртэлх хугацаанд сул зогсолт хийсэн болно. Иймд 2019.02.20-оос 2019.04.01-ний өдрийг хүртэлх 40 хоногийн түрээсийн төлбөр 10,666,800 /НӨАТ ороогүй/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй. Мөн манай байгууллага хичээнгүйлэн ажиллаж олж авсан нэр хүнд болон үйлчилгээний чанарын түвшинг унагахгүй үргэлжлүүлэн ажиллаж чадах чадварлаг хамт олон гэж үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар зөвлөсний дагуу хариуцагчтай түрээсийн гэрээг байгуулсан боловч хамтран ажилласан 3 хүрэхгүй сарын хугацаанд хоолны чанарыг дордуулсан, үйлчилгээ муудсан гэх үйлчлүүлэгчийн гомдол ирэх нь ихсэж холбогдох урсгал зардлуудыг төлөлгүй удаасан, түрээсийн төлбөрийг төлөлгүй, түрээсийн байрыг дур мэдэн орхин явсан нь манай байгууллагыг цаашдын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулаад байна. Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч Илса ХХК-иас Түрээсийн гэрээний 11.2-д заасны дагуу дараагийн түрээслэгч орсон өдөр хүртэлх түрээсийн төлбөр 10,666,800 төгрөг, мөн объектыг түрээслэж байх хугацааны төлөх ёстой төлбөр 15,398,180 төгрөг нийт 26,064,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Илчбадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 10,666,800 төгрөг дараагийн түрээслэгч орсон өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, 15,398,180 төгрөг хохирол, алданги гэж нэхэмжилж байгаа юм байна. Өлзийт төв ХХК нь 2 давхар объекттой, 1,365.38 м.кв талбайтай компани юм. Хариуцагч Илса ХХК нь 1,365.38 м.кв-аас 420 м.кв-ыг рестораны зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулсан байна. Түрээслүүлэгч түрээсийн гэрээний 5.1.3, 5.1.6-д заасныг тус тус зөрчсөн. Тухайн үед ресторанд үйлчлүүлэгч хоол идэх нь битгий хэл, ажилчид гадуур хувцастай ажилладаг, хүйтэн байсан. Энэ байдлыг түрээслэгч тал түрээслүүлэгч талд удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн. Гэтэл Өлзийт төв ХХК-иас арга хэмжээ аваагүй. Иймд Илса ХХК-д рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Ажилчид өвдсөн, үйлчлүүлэгч хүйтэн болохоор орж ирэхээ больсон. Өвлийн 3 сард рестораныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн рестораны эрэгтэй нойлоос бохирын эвгүй үнэр гарч, үйлчлүүлэгч нарыг хоол идэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн. Илса ХХК-иас Өлзийт төв ХХК-д бохирын хоолой засч өгөөч гэж амаар, бичгээр мэдэгдэж байсан ч засаагүй. Түрээслүүлэгч тал түрээсийн гэрээний 4.5-д заасан үүргийг биелүүлээгүй учраас түрээслэгч тал гэрээний 6.5-д зааснаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Яагаад гэвэл хариуцагчийн түрээсэлсэн 420 м.кв-ын дулаан, ус цахилгааны тоолуурыг тусд нь тавьж өгөөгүй. 2 давхар объектод гарсан хэрэглээний бүх зардлыг 420 м.кв талбай түрээсэлсэн Илса ХХК төлсөн.

Тухайлбал, 2018.11, 12 сарын дулааны төлбөрт 2,165,498 төгрөг, 11, 12 сарын цахилгааны зардал 1,619,790 төгрөг тус тус төлсөн. Хариуцагчийг 4 сарын хугацаанд ажиллахад тоолуур тавигдаагүй. Талуудын байгуулсан гэрээний 6.1.3-д зааснаар рестораныг 22-23 цаг хүртэл ажиллуулж, кароакег 04:00 хүртэл ажиллуулахын тулд Илса ХХК-иас гэрэлтдэг хаяг, төмөр самбар, караокены сүүлийн 4 жилийн дуу, диско лазер гэрэл тавьсан. Мөн шөнийн цагаар кароаке ажиллуулахад Мэргэжлийн хяналтаас тусгай зөвшөөрөл шаардсан. Өлзийт төв ХХК-иас тусгай зөвшөөрөл шилжүүлэхгүй гэснээр гэрээний 6.1.4-д зааснаар 04:00 минут хүртэл кароаке ажиллуулах боломжгүй болсон. Рестораны түрээсийн төлбөр, хэрэглээний зардал асар өндөр байхад түрээслүүлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс Илса ХХК-ийг түрээсийн төлбөр төлөхөд хүндрэл учирсан. Тухайн үед Илса ХХК-иас Өлзийт төв ХХК-д энэ нөхцөл байдлыг амаар болон бичгээр удаа, дараа мэдэгдэж байсан. Өлзийт төв ХХК-иас ресторан, караоке ажиллуулахад тус тусдаа тусгай зөвшөөрөлтэй байдаг. Дахин мөнгө төлж, караокены тусгай зөвшөөрөл авч өгөх боломжгүй гэсэн учраас Илса ХХК гэрээнд заасны дагуу ажиллах боломжгүй болсон. Өлзийт төв ХХК-иас Илса ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл шилжүүлнэ гэж хэлж байсан ч бодит байдал дээр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг. Иймээс Өлзийт төв ХХК-иас Илса ХХК-ийг санхүүгийн бүх баримтаа манай компанид өгч, компаниар биш, хувь хүнээр ажилла гэсэн шаардлага тавьсан. Үүнээс талуудын байгуулсан гэрээ зөрчигдөхөд хүрсэн. Илса ХХК-иас Өлзийт төв ХХК-д түрээсийн төлбөр бууруулах талаар удаа дараа амаар болон бичгээр хүсэлт тавьж байсан ч, хүлээж аваагүй. 2019.02.20-ны өдөр Өлзийт төв ХХК-иас Илса ХХК-д ажлаа зогсоо, дараагийн түрээслэгч бэлэн болсон гээд эд хөрөнгөө тоолж, хүлээж авсан.

Илса ХХК-иас 2019.02.20-ны өдөр гарах бэлтгэлгүй байсан учраас их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн савлаж, гарсан. Гэтэл нэхэмжлэгч талын дараагийн түрээслэгч орох хүртэл хугацааны түрээсийн төлбөр 10,666,800 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Илса ХХК-иас барьцаанд Өлзийт төв ХХК-д 8,000,000 төгрөг өгсөн. Өлзийт төв ХХК-иас барьцааны мөнгө буцааж өгөөгүй. Илса ХХК-иас гарахдаа 14 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч тал 14 хоногийн түрээсийн төлбөрийг барьцааны мөнгөнөөс тооцож авахгүйгээр гаргасан. Тэгсэн мөртлөө нэхэмжлэгч тал алданги нэхэмжилсэн. Үүргийн гүйцэтгэл хангахын тулд барьцааны мөнгө авдаг. Нэхэмжлэгч талд барьцааны мөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломж байхад авахгүйгээр 2,857,140 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.Түрээслүүлэгч тал гэрээний 5.1.3, 5.1.5, 5.1.6-д заасныг тус тус зөрчсөн учраас гэрээ цуцлах үндэслэл болсон. Иймд барьцааны мөнгө буцааж олгохгүй гэсэн гэрээний заалт хамаарахгүй байна. Илса ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаас 14 хоногийн түрээсийн төлбөр 3,733,000 төгрөг, тогны төлбөр 120,000 төгрөг, 1, 2 сарын дулаан, ус, цахилгааны төлбөрт 1,441,880 төгрөг, шилжүүлсэн барааны НӨАТ хасаад үлдэх төлбөр 2,795,647 төгрөг, дутаасан эд хогшлын төлбөр 133,300 төгрөг, нийт 8,223,610 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Илса ХХК караоке ажиллуулахын тулд 2,000,000 төгрөг зарцуулсан, 4 жилийн хугацааны шинэ дуунууд 740,000 төгрөгөөр суулгуулсан. 250,000 төгрөгөөр гаднах самбар, диско лазер гэрэл 180,000 төгрөг нийт 3,160,000 төгрөгийн эд зүйлийг түрээслүүлэгч тал барьцаанд авлаа гэж үлдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа 17,357,764 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Илчбадрах шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага барьцааны мөнгө 8,000,000 төгрөг, нэхэмжлэгч талын барьцаанд авч үлдсэн эд зүйлийн төлбөр 3,160,000 төгрөг, 2018.11, 12 сард илүү төлсөн ус, дулаан мөнгө 1,441,880 төгрөг, цахилгааны мөнгө 647,916 төгрөг, нэг сарын түрээсийн НӨАТ 800,000 төгрөг, барааны НӨАТ 279,565 төгрөг, нийт 14,329,361 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн. Илса ХХК нь Өлзийт төв ХХК-ийн 1 давхрын 420 м.кв талбайг ресторан, пабын зориулалтаар ашиглахаар сарын 8,800,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Илса ХХК түрээсийн талбайд хоол үйлчилгээний үйл ажиллагаа явуулсан ч ус, дулаан, цахилгааны төлбөр байнга нэмэгдсэн, тусдаа тоолуургүй. Мөн ресторанд үйл ажиллагаа явуулахад хэвийн дулаантай байгаагүй буюу үйлчилгээ явуулахад хэвийн нөхцөл хангагдаагүй. Энэ талаар нэхэмжлэгч талд байнга мэдэгдэж байсан. Гэтэл Өлзийт төв ХХК-иас бидний санал, гомдлыг шийдээгүй. Мөн түрээслүүлэгч тал манай компанид тусгай зөвшөөрөл авч өгч чадаагүй учраас караоке ажиллуулахад хүндрэлтэй байдал үүсч, шалгалт орж ирж байсан. 2019.02.02-ны өдөр түрээслүүлэгч түрээслэгчийг яаралтай үйл ажиллагаагаа зогсоо гэж эд хөрөнгөө тоолж авсан. Өлзийт төв ХХК түрээсийн гэрээний 5.1.3, 5.1.5, 5.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй нь гэрээ цуцлах үндэслэл болсон учраас Өлзийт төв ХХК-аас нийт 14,329,361 төгрөгийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.5, 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтанд түрээсийн объект болох Өлзийт төвийн 1 давхарт байрлах 420 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг зөвхөн рестораны зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцсон байгаа. Хариуцагчид Илса ХХК-д караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулах, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй. Харин манай рестораны нэг хэсэг нь караокены төхөөрөмжтэй 1 өрөө заал бөгөөд энэхүү өрөөнд аливаа баяр ёслол, арга хэмжээ явуулахад караоке нь нэмэлт давуу тал болдог. Анхнаасаа караокены чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулах зорилготой байгаагүй ба нэг өрөөнд зориулж караокены зөвшөөрөл авах боломжгүй юм. Энэ талаар түрээслэгч талд мэдэгдэж байсан. Мөн Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11-д Түрээсийн талбайд түрээслэгч өөрийн хүсэлтээр нэмэлт, өөрчлөлт, засвар тохижилт хийсэн бол холбогдох зардлыг түрээслэгч дангаар хариуцан төлнө, 6 дугаар зүйлийн 6.2.4-д Түрээсийн талбайд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход талбайн хуучин байдлыг дордуулахгүйгээр, түүнийгээ салгаж авах эрхтэй гэж тус тус заасан. Дээрх гэрээний заалтуудаас үзэхэд хариуцагч талын хийсэн ажил болох гэрэлтдэг үсгэн хаяг, караокед 2016-2018 оны 10 сар хүртэлх шинэ дуунууд суулгасан, гадна хананд төмөр самбар суурилуулсан, диско лазер гэрэл тавиулахад гарсан зардлуудыг хариуцагч өөрийн сайн дураар, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор хийгдсэн ажил гэж үзэж байгаа төдийгүй нэмэлт хийсэн ажлуудыг талбайн хуучин байдлыг дордуулалгүйгээр буцаан авах эрх нь нээлттэй байгаа. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид нэмэлт хийгдсэн тоног төхөөрөмжид мөнгө төлөх үндэслэл байхгүй байна.

Хариуцагч талын 2018.11,12 саруудын дулааны илүү төлсөн 1,441,880 төгрөг, цахилгааны 647,916 төгрөг, 1 сарын НӨАТ 800,000 төгрөг, барааны НӨАТ 279,565 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Илса ХХК-иас Өлзийт төв ХХК-д дулаан, ус, цахилгааны төлбөрт илүү ямар ч мөнгө төлөөгүй. 2 давхар объектын нэг өрөөнд Өлзийт төв ХХК-ийн нягтлан, менежер гэх 2 хүн байдаг. Гэрээний явцад талуудын хооронд цахилгаан, дулаан, усны төлбөрт маргаан гарсан учраас нийт ус, дулааны төлбөрөөс 15 хувь, цахилгааны төлбөрөөс 10 хувийг Өлзийт төв ХХК тус тус хариуцахаар тохирсон. Илса ХХК хассан үнийн дүн төлж байсан. НӨАТ 800,000 төгрөгөөс манайд төлөх 388,517 төгрөгийг хасаж үлдэгдэл 411,483 төгрөгийг хариуцагчид төлөхөд татгалзах зүйлгүй. Барааны НӨАТ гэж 279,565 төгрөг шаарджээ. Анх манайхаас шилжүүлэн авсан 3,106,274 төгрөгийн барааны үнэ НӨАТ бодогдоогүй бөгөөд анхны үнээр шилжүүлэн өгсөн байдаг. Иймд барааны НӨАТ төлөх үндэслэлгүй байна. Өлзийт төв ХХК нь Илса ХХК-д кароаке ажиллуулах тусгай зөвшөөрөл авч өгнө гэсэн үүрэг хүлээгээгүй. Мөн талууд гарах бүх зардлыг тооцон үзэж, түрээсийн төлбөр 8,800,000 төгрөг байхаар тохирсныг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Холбогдох төлбөр тооцоо дууссаны дараа барьцааны 8,000,000 төгрөг өгөх ёстой байсан. Түрээслэгч тал түрээсийн гэрээний 1.1-д зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй байх тул барьцааны 8,000,000 төгрөгийг хариуцагч талд өгөх боломжгүй байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02597 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.2.1, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Илса ХХК-аас 13,061,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-д, нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-аас 10,501,279 төгрөгийг гаргуулан хариуцагч Илса ХХК-д олгож, нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,003,115 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч Илса ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,828,082 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,275 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,597 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Илса ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 223,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-д, нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 182,970 төгрөгийг гаргуулж хариуцагч Илса ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын 13,061,865 гэснийг 13,213,889 гэж өөрчлөн, 2 дахь заалтын 223,260 гэснийг 224,019 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 03 дугаар магадлалын зарим хэсгийг нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

1. 2019.02.20-2019.04.01-ний өдрийг хүртэлх 40 хоногийн түрээсийн төлбөр 10,666,800 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгтээ ....хариуцагч нь гэрээний 5.1.6-д заасан байрны халаалт, усан хангамж, агааржуулалт, цахилгаан, дулаан хангалт болон бусад ажиллахад шаардлагатай хэвийн нөхцлийг бүрдүүлэх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдлийг 2019.01.16, 02.18-ны өдөр хүргүүлснээр гэрээ цуцлагдсан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний 5.1.6-д заасан үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй... гэжээ.

Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасны дагуу түрээсийн байрыг үйлчилгээ явуулж, ашиглахад шаардлагатай хэвийн байдлаар хүлээлгэн өгсөн байдаг. Мөн хариуцагчаас дулаан хангалт, сантехниктэй холбоотой гомдлыг тухай бүрт нь очиж шийдвэрлэдэг байсан нь хэргийн материалд авагдсан хариуцагчийн албан тоот, инженерийн тооцоолол зэргээр тодорхой нотлогдоно. Гэвч пгүүх бүрэлдэхүүн гаргахдаа хэргийн материалд байх баримтуудыг бүрэн шинжлэн судлалгүйгээр дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна.

2. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт ашиглалтын зардлын тухай дүгнэхдээ ....түрээслэгчийн үйл ажиллагаа явуулж байгаа 420 м.кв талбайд цахилгаан, ус, дулааны тусгай тоолуур тавигдаагүй байна. Зохигчид ус дулааны төлбөрийг 15 хувиар, цахилгааны төлбөрийг 10 хувиар бууруулан төлөхөөр тохиролцсон гэрээгүй, хэргийн 54-р тал дахь баримт нэхэмжлэгчийн тайлбарыг хангалттай нотлохгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч тал Ус, дулааны төлбөрөөс 15 хувийг хасаж, цахилгааны төлбөрөөс 10 хувийг хасаж тооцсон дүнгээр хариуцагчаас Ус, дулаан, цахилгааны төлбөрийг нэхэмжилсэн ба хариуцагч уг төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн байдаг. Энэ нь хэргийн материалд авагдсан 2018.11, 12 дугаар сар, 2019.01, 02 дугаар саруудын ус, дулаан, цахилгааны төлбөр төлсөн баримтууд болон Илса ХХК-ийн төлбөр төлсөн баримтуудаар тодорхой нотлогддог. Мөн хэргийн материалын 54-р талд авагдсан Илса ХХК-ийн албан тоотонд Ус, дулааны төлбөрөөс 15 хувийг хасаж, цахилгааны төлбөрөөс 10 хувийг хасаж тооцохоор хүлээн зөвшөөрсөн баримт нь хариуцагчийн өөрийн гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримт болохыг шүүх анхааран үзээгүй нь уг магадлал хуулийн хүчин төгөлдөр гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн анх хариуцагч түрээсийн объекттой танилцахдаа орлого, зарлагын баримтууд цахилгаан, ус дулааны шийдтэй танилцаж харилцан зөвшилцсөний үндсэн дээр 1 сарын түрээсийн төлбөрийг 10 саяаас буулган 8 сая төгрөг байхаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.8-д Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй. Өөрөөр хэлбэл хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдолыг мэдсэн хэдий ч хүлээн авсан, Ус, дулааны төлбөрөөс 15 хувийг хасаж, цахилгааны төлбөрөөс 10 хувийг хасаж тооцсон дүнг хүлээн зөвшөөрсөн нь тухайн доголдол түүний ашиглалтад саад болохгүй гэдгээ илэрхийлсэн гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгчийн хувьд 2019.02.20-ны өдөр хариуцагч түрээсийн байрыг чөлөөнө гэсэн тул бараа бүтээгдэхүүнээ болон түрээсийн байрыг эзэнгүй орхих боломжгүй байсан тул өмнө гаргасан эд хөрөнгийн жагсаалтаа шалгаж авсан байдаг. Харин Түрээсийн гэрээг албан ёсоор хүлээн аваагүй. Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.11-д Гэрээ дуусгавар болсон болон цуцлагдсан тохиололд байрыг тогтоосон хугацаанд суллан, түрээсийн рестораныг хүлээн авсан анх хүлээн авсан хэвийн байдалд хүлээлгэн өгөх, түрээсийн төлбөр, бусад өр авлагыг бүрэн барагдуулж актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй, 11 дүгээр зүйлийн 11.2-д Гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох шаардлага талуудын аль нэгнээс гарвал 2 сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Энэ санал түрээслэгчийн зүгээс гарвал Түрээслэгч түрээсийн талбайг бусдад түрээслэх хүртэлх хугацааны төлбөрийг төлнө гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түрээсийн талбайг хүлээлгэж өгөөгүй, гарсан хохирлыг барагдуулаагүй, дур мэдэн түрээсийн талбайг сулласнаас шалтгаалан дараагийн түрээслэгчийг олж чадалгүй хугацаа алдаж, 40 хонгийн түрээсийн төлбөрийн хохирол гарсан. Түрээслүүлэгчийн хувьд Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар өндөр хөлс төлөн итгэл найдвартай хэмээн Илса ХХК-ийг зөвлөсөн тул Түрээсийн гэрээг түрээсийн төлбөрөө буулган байгуулж байхад хохиролд оруулж байгааг нгүүх анхаарч үзээгүй хэтэрхий нэг талыг барьж, зөвхөн бараа материал хүлээн авсан баримтанд тулгуурлан Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хүлээн авсан хэмээн өнгөцхөн дүгнэж хэргийн бодит байдалд нийцүүлэн шудрага дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж заасныг шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ үү.

4. Хариуцагч Илса ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт хариуцагч гэрээг 5.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан, нэхэмжлэгч үүнийг баримтаар үгүйсгээгүй тул барьцаа 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага үндэслэлтэй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Өлзийт төв ХХК-ийн нийт ашиглалтын зардлыг төлж байсан баримтуудыг хавсарган ирүүлснийг ашиглалтын талбайн хэмжээтэй харьцуулан дүгнэх боломжтой байх тул 2018.11-12 сард илүү төлсөн ус дулааны төлбөр 1,441,880 төгрөг, цахилгааны төлбөр 647,916 төгрөгийг гаргуулах шийдвэр нотлох баримтанд үндэслэгдсэн гэж үзэв гэжээ

Гэвч Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа зөвхөн дулааны илүү төлсөн 1,441,880 төгрөг, цахилгааны 11, 12 сарын илүү төлсөн 647,916 төгрөг нэхэмжилсэн боловч уг мөнгөн дүнг хэрхэн юуг үндэслэн гаргасан гэдэг нь тодорхой бус байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг ашиглалтын талбайн хэмжээтэй харьцуулан дүгнэсэн гэх боловч хэрхэн харьцуулсан талаар тооцоо байхгүй дүгнэлт гаргасан нь магадлал шударга гарсан гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4.-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, Шүүхээр ямар асуудал шийдвэрлүүлэх гэж байгаагаа буюу болсон үйл баримтын талаар тодорхой товч ойлгомжтой бичиж нотлох баримтынхаа эх хувийг хавсаргана эх хувийг өгөх боломжгүй бол канондож наториатаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд нэхэмжлэлтэйгээ хамт өгнө гэж заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн зөвхөн тайлбарыг үндэслэн дулааны илүү төлсөн 1,441,880 төгрөг, цахилгааны 11,12 сарын илүү төлсөн 647,916 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Мөн хариуцагч нь түрээсийн хугацаандаа Өлзийт төв ХХК-ийн нийт ашиглалтын зардлыг төлж байсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудтай зөрчилдөж байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран үзээсэй гэж хүсч байна. Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Түрээслэгч түрээсийн гэрээг байгуулахдаа түрээслэгчийн иргэний үнэмлэх болон холбогдох баримтыг бүрдүүлж талбайн түрээсийн 1 сарын төлбөртэй тэнцэх мөнгөн барьцаа болон сарын түрээсийн төлбөрийг төлнө. Гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнд зааснаас өөр нөхцөлд цуцлах тохиолдолд барьцаа мөнгө буцаан олгогдохгүй гэж харилцан тохиролцсон.

Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг энэхүү шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн тул барьцаа 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэнд гомдолтой байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Өлзийт төв ХХК нь Илса ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр, алданги, 2019 оны ус дулаан, цахилгааны төлбөр, эд хөрөнгийг дутагдуулсан, эвдэж, гэмтээснийг хохирол, Нийслэл хотын албан татвар, олох байсан орлого зэрэгт нийт 26,064,980 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, засвар үйлчилгээний зардал, ус, дулааны төлбөрт илүү төлсөн төлбөр, барьцааны мөнгө зэрэгт нийт 14,329,361 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагчаас 13,061,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 10,501,279 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгуулахаар, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 13,213,889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Зохигч 2018.10.31-ний өдөр 2018/11/01 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Өлзийт төв ХХК Баянгол дүүргийн 18-р хороо, Дамдинбазарын гудамж-64/1, Өлзийт төв-ийн 1 давхрын үйлчилгээний зориулалттай 420 м.кв талбай бүхий иж бүрэн рестораныг зориулалтаар нь түрээслэхээр, түрээслэгч Илса ХХК нь нэг сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгө төлж, түрээсийн төлбөрт сард 8,800,000 төгрөгийг тухайн сарын 05-ны өдөрт багтаан төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг 12 сарын хугацаатай байгуулжээ.

 

Талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. дэх зохицуулалтад нийцсэн байна.

 

Хэрэгт цугларсан баримтаар талууд түрээсийн гэрээ байгуулснаар түрээслэгч рестораны талбайг эд хөрөнгийн хамт хүлээн авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан 2019.01.16, 2019.02.18-ны өдрүүдэд түрээслүүлэгч талд мэдэгдэл өгснөөр 2019.02.20-ны өдөр гэрээг дуусгавар болгож, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

 

2.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь 2019.02.20-ны өдрөөр түрээсийн гэрээг дуусгавар болгохоо мэдэгдэж, гэрээний үүргээ зөрчиж объектыг хүлээлгэж өгөлгүй орхиж явснаас дараах хохирол учирлаа. Үүнд: 02 дугаар сарын 20 хоногийн түрээсийн төлбөр 5,714,280 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 2,857,140 төгрөг, 2019 оны 1,2 дугаар сарын дулаан, цахилгаан, цэвэр ус, хогны мөнгө 3,034,562 төгрөг, дутаасан эд хогшлын үнэ 133,300 төгрөг, шилжүүлэн авсан архи, пиво болон бусад барааны үнэ 3,106,274 төгрөг, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсны хохирол 400,000 төгрөг, 1, 2 дугаар сарын Нийслэлийн хотын албан татвар 152,024 төгрөг, нийт 15,398,180 төгрөг байна. Мөн гэрээний 11.2.-т заасан хугацаанд гэрээ цуцлах талаар мэдэгдээгүйгээс дараагийн түрээслэгчийг олох өдөр хүртэл буюу 2019.04.01 хүртэл сул зогсолт хийсэн, энэ хугацаанд олох байсан орлогод 10,666,800 төгрөгийг нэхэмжилж байна. ...нийт 26,064,980 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...түрээслүүлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангаагүйгээс гэрээ цуцалсан. ...хүйтний улирал эхлэхэд тухайн объект нь халаалт маш муу, хүнд халуун хоолоор үйлчлэхэд тохь тух муутай, ажилчид хүртэл өвлийн гутал, хувцастайгаа ажиллах болсон. Энэ талаар түрээслүүлэгчид мэдэгдэхэд энэнээс илүү халаах боломжгүй, тень асааж тогоор халаадаг гэж хэлсэн ба сар бүр байнга өсөж гардаг дулааны мөнгөн дээр тогны мөнгө нэмж төлж ажиллахад хүндрэлтэй байсан тул нэгэнт эхэлсэн хүйтний улирлыг дуусгаад, урьд нь амаар хэлж байсан боловч 2019.02.16-ны өдөр бичгээр мэдэгдэж, 2019.02.20-ны өдөр объектыг эд хөрөнгө, хэрэглэж байсан зүйлийн хамтаар хүлээлгэн өгч, актаар тооцоо нийлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Улмаар Өлзий төв ХХК-ийн 2 давхар объектын ус, цахилгаан, дулаан нь нэгдсэн нэг тоолууртай байсан бөгөөд түрээслээд 3 сар гаруй хугацаа өнгөрөхөд тусдаа тоолуур тавиагүйгээс дээрх барилгын нийт зардлыг бүрэн төлж байсан тул дулаан, цахилгаанд илүү төлсөн зардал, ресторанд хийлгэсэн гэрэлтдэг хаяг, төмөр самбар, диско лазер гэрэл, караокед шинэ дуу суулгасны зардал зэрэг нийт 14,329,361 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, ...барьцааны мөнгийг буцаан олгох үндэслэлгүй, түрээслэгч өөрийн хүсэлтээр засвар, тохижилт хийсэн бол холбогдох зардлыг өөрөө хариуцахаар гэрээгээр тохирсон, ...цахилгаан дулааны төлбөрийг илүү төлснөө баримтаар нотлоогүй... гэх үндэслэл заажээ.

 

3.   Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.1., 232.3.-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус зохицуулсан.

 

Зохигчийн хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 8.3.-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 20 хоногийн түрээсийн төлбөрийг алдангийн хамт гаргуулсан нь дээр дурдсан хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн бусад шаардлагын үндэслэл зарим нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй боловч хариуцагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр 2019 оны 01, 02 сарын ус дулаан, цахилгаан, цэвэр ус, тог, хогны төлбөр, дутагдуулсан эд хөрөнгийн үнэд нийт 4,490,807 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

 

Харин анхан шатны шүүх Нийслэл хотын албан татварт 152,024 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг дутуу тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцжээ.

 

Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Хариуцагч нь 2019.01.16-ны өдөр түрээслүүлэгчид мэдэгдэл хүргүүлж, түрээслэсэн байр, талбай зориулалтын дагуу буюу тус рестораны зориулалтаар иргэдэд үйлчлэх, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжгүй, хүйтэн, тав тухгүй, ариун цэврийн өрөө шаардлага хангахгүй, ус алддаг, бохир үнэртдэг, удаа дараа шаардлага гаргасан боловч үйл ажиллагаа нь жигдрээгүй, дулаан, цахилгаан, усны асуудлыг шийдэж чадахгүй байгаа зэргээс үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй талаар албан ёсоор мэдэгдэж байсан болох нь баримтаар нотлогдсон үндэслэлээр хариуцагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй талаарх дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, үндэслэл бүхий болжээ.

 

Түрээслүүлэгч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр түрээслэгч гэрээнээс татгалзсан тул түрээслүүлэгчийн олох байсан орлогоо хохиролд нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

4.   Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж, 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлнэ.

 

Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс барьцааны төлбөр, 2018 онд ус, дулаан, цахилгааны үнэд илүү төлсөн төлбөр, нэг сарын түрээсийн төлбөрийн НӨАТ-ыг нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тус тус хариуцуулж, нэхэмжлэгчээс нийт 10,501,279 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

5.   Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулсан атлаа хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчлөлгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн нэрийг С.Булганхишиг гэж ташаа бичсэнийг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02597 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...13,061,865 гэснийг ...13,213,889 гэж, ...13,003,115 гэснийг ...12,851,091 гэж өөрчлөн, 2 дахь заалтын 223,260 гэснийг 224,019 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигээс 2020.01.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД