Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1093

 

 

 

 

 

 

  2019          10            31                                             2019/ДШМ/1093    

 

Н.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

хохирогч Б.Нарансайхан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Нарансайханы гаргасан давж заалдах гомдлоор Н.Мд холбогдох 1903003290224 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овгийн Н-н М, 1980 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин, механизмын операторч мэргэжилтэй, “...... тоотод оршин суудаг гэх, /РД:...../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3550 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 13 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 жил 1 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Н.М нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны зүүн талын замд Т P- загварынулсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ /2.8 промиль/ жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс Б.Нарансайханы жолоодож явсан “Daihatsu Mira” загварын, 76-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч 8 настай О.Эрхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 12 настай О.Энххүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Daihatsu Mira” загварын 76-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.045.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И овогт Н-н Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Н.Мд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, шүүгдэгч Н.М шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн аваарын дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, хэрэгт хураагдаж ирсэн Н.Мн хоёр ширхэг жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад тус тус шилжүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Мд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Нарансайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Хилчин” хотхоны зүүн хойд талд хоёр охиныхоо хамт урдаасаа хойшоо чиглэлд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр “Daihatsu Mira” загварын автомашинтай явж байгаад араасаа мөргүүлсний улмаас бага охин О.Эрхжаргалын /8 настай/ зүүн гар хугарч, тархи нь хавантсан, том охин О.Энххүслэн /12 настай/ ослоос доргилт авсны улмаас нуруу, цээжээр нь хөндүүрлэж хэсэг хугацаанд хөдөлгөөн хоригдож, хэвтрийн байдалтай байсан. Би өөрөө ослын дараа хоёр охиндоо санаа зовж, эмч, сувилагч бараадаж, шинжилгээ хийлгэж, зураг авахуулж явахдаа өөрийгөө ч анзаараагүй, дараа нь 2 хөл холбоос эдийн гэмтэл авснаас алхаж гишгэхэд зовиурлан, хавагнаж тодорхой хугацаанд хөдөлгөөн хоригдож, доголж явсан. 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 14 цагт болох шүүх хурлыг бидэнд прокурор урьдчилан мэдэгдсэн боловч оролцож чадаагүйдээ та бүхнээс уучлалт гуйж байна. Энэ шүүх хурлаас, ирээдүйд энэ ослоос шалтгаалан бидний эрүүл мэндэд хохирол учрах, өвчин эмгэг үүсч илэрвэл тухайн үед гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн юм. Бид хоёр охиноо шаардлагатай гэсэн үзлэг оношлогоонд боломжийнхоо хэрээр хамруулсан боловч ирээдүйд бидний эрүүл мэндэд энэ ослоос шалтгаалаад ямар өвчин эмгэг илэрч гарч ирэхийг мэдэхгүй байна. Бид Н.Мд хүндрэл учруулах байдлаар асуудлыг шийдэхийг хүсээгүй. Тухайн хүний амьдрал, үр хүүхдийг нь бодож бидний шийдвэрээс болж тэдний амьдралд сэв суух, хар бараан зүйл гаргахгүй байхыг бодож, асуудалд тайван байдлаар хандахыг хичээсэн. Иймээс ч эвдэрсэн машины төлбөр 8.500.000 төгрөг болон эмчилгээ, оношилгоо хийлгэх явцад гарсан баримтаар нотлогдох 700.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэн авсан. Гэхдээ ирээдүйд үүсэх асуудлын талаар байр сууриа Н.Мд хэлж ойлгуулан нотариатаар гомдолгүй гэсэн баримт үйлдүүлэхдээ энэ тухай тусгайлан оруулж өгсөн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт бидний энэ хүсэлтийг огт дурдаагүй байна.

Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан хүсэлтийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.М нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны зүүн талын замд Т P- загварынулсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ /цусан дахь спиртийн агууламж 2.8 промиль/ жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс Б.Нарансайханы жолоодож явсан “Daihatsu Mira” загварын, 76-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 8 настай О.Эрхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 12 настай О.Энххүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Daihatsu Mira” загварын 76-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.045.000 төгрөгийн хохирол тус тус учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Нарансайханы “...зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 30 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэнэт тас гэх чимээ гарч араас машин ирж мөргөх шиг болсон. ...араас мөргөсөн машин нилээн хол зайтай замын зүүн талын гэрэлтүүлгийн шон мөргөсөн, хар өнгийн “Toyota Pruis 20” загварын улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл зогсож байсан. ...” /1хх 27-29/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгоны “...ойролцоогоор 10-15 минутын дараа манай том охин О.Энххүслэн залгаж “ааваа бид нар гэрийн хажууд аваарт орчихлоо” гэж хэлсэн. ...ослын газарт очиход манай эхнэрийн машины араас хар өнгийн Т P- загварынулсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, эхнэрийн унаж явсан машин замын баруун гар талд боржуур даваад баруун урагшаа харсан байдалтай, харин нөгөө машин нь урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байгаад замын зүүн талын гэрэлтүүлгийн шон мөргөж зогссон байсан. ...” /1хх 34-36/,

гэрч Н.Мөнхзулын “...Намайг очиход ах маань хэвтрийн байдалтай, юм ярьж чадахгүй, ам нь зуурсан, хэвлийн хэсэгт хагалгаанд орох гээд  байж байсан. ...” /1хх 39/,

иргэний хариуцагч С.Магнайбаярын “...Мд машин барих зөвшөөрөл өгсөн. ...Би боломж бололцоогоороо бусдад учруулсан хохирлыг төлнө. ...” /1хх 120-121/,

гэрч Н.Мөнгөн-Эрдэнийн “...гэрэлтүүлгийн шонг манай байгууллага хариуцдаг. ...Үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 221/,

Н.Мн яллагдагчаар өгсөн “...Бид хоёр архи, пиво уунгаа хөзөр тоглож байгаад 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн үед унтсан. ...сэрээд ганцаараа харих гээд машинаа халаагаад сууж байгаад дуудлагын жолооч дуудна гэж байсан, ...тэрнээс хойш юу ч санахгүй байна. ...” /1хх 111-113/ гэх мэдүүлгүүд,

“...О.Энххүслэнгийн биед баруун өвдөг, гуя, нуруу, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 4057 дугаартай дүгнэлт /1хх 51/,

 “...О.Эрхжаргалын биед зүүн шуу ясны далд хугарал, баруун бугалга, баруун тохойнд цус хуралт, зулайн ар хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 4058 дугаартай дүгнэлт /1хх 53/,

 “...Шинжилгээнд ирүүлсэн “III/29 М 39/эр” гэж хаягласан цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2140 дугаартай дүгнэлт /1хх 46-47/,

“...Т P- загварынулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н-н М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.14-т заасан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон...” 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 183 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 61-63/,

автомашины техникийн үнэлгээ /1хх 141-142/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Мг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Жолооч Н.Мгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин, Б.Нарансайханы жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, О.Эрхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Энххүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Daihatsu Mira” загварын тээврийн хэрэгсэлд 5.045.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Мг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх шинжийг орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Мн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн санал хүсэлт, хохирол төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор /тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн/ ял шийтгэл  оногдуулсан байгаа хэдий ч энэ төрлийн гэмт хэргийн гаралт, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршиг зэрэгт анхаарч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялын бодлогын хувьд анхааран авч үзэх нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэхийг анхан шатны шүүх анхаарвал зохино.

 

Хохирогч Б.Нарансайхан “...цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч Н.М нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Нарансайхан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгон нарт 8.500.000 төгрөг шилжүүлсэн /1хх-182/ байх бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Нарансайхан нь “...эмчилгээний зардал 700.000 төгрөгийг төлж барагдууллаа, гомдол саналгүй, Н.Мд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж, ...цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн хүсэлтээ илэрхийлж, нотариатаар баталгаажуулж /2хх 16/ шүүхэд хүргүүлсэн байтал анхан шатны шүүх хохирогчийн дээрх хүсэлтийг шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулсан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Иймд хохирогч Б.Нарансайханы “...цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.Нарансайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгон нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...И овогт Н-н Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...И овогт Н-н Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                     ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН