Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01095

 

  

 

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02900 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

 

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

О.Наран, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээ-ний үүрэгт 4,219,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтөрийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010.03.17-ны өдөр 01 тоот гэрээ байгуулагдаж, Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Үүний дараагаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкинд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авч, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Монгол шуудан банктай Ж.Бат-Эрдэнэ, О.Наран нар нь 2008.06.20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ, фидуцийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Барьцааны гэрээгээр 5 ханатай гэр, 5 ширхэг хивс, фидуцийн гэрээгээр Хьюндай Грейс маркийн автомашиныг барьцаалсан байдаг. Зээлдэгч нар үндсэн зээлд 50,000 төгрөг төлж, бусад зээлээ төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, гэрээний хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл санаатайгаар зайлсхийж, банкийг илт хохироож байна. Ж.Бат-Эрдэнэ, О.Наран нар нь 2019.09.05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,450,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 1,714,778.53 төгрөг, авлагын үлдэгдэл 54,710 төгрөг, нийт үлдэгдэл 4,219,488.53 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлдэгч нараас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч О.Наран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хадгаламж банкнаас 2008 оны 6 сард зээл авсан. Зээлийг авахдаа Ж.Бат-Эрдэнэ 41-43 дугаартай микро барьцаалж байсан. 2008 онд миний бие төрөөд хүүхдээ асарч байсан, Бат-Эрдэнэ зээл төлнө гэж авч байсан. Зээлийн хуулийн хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Наран зээл авахаар хөөцөлдөж байсныг би зөвшөөрөөгүй. Ингээд 2008 онд банкнаас зээл авсныг мэдсэн. Сүүлд банкны ажилтан над дээр ирээд зээлийн гэрээнд гарын үсэг зур гэхээр нь зураагүй. 2018 оны 6 сард Монгол банкнаас намайг зээлтэй байна гэхээр нь банкны ажилтантай очиж уулзсан. Би зээл авах гэхээр өмнө нь зээлтэй байна гэдэг. О.Нарантай энэ талаар ярихаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, надад хамаагүй, би төлөхгүй гэдэг. Би аваагүй учраас төлөхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02900 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар О.Наран, Ж.Бат-Эрдэнэ нараас 4,219,488 /дөрвөн сая хоёр зуун арван есөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөг гаргуулахыг хүссэн Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 2142 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан тогтоогдохгүй байна гэдэг нь үндэслэлгүй тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцэх ёстой. Өөрөөр хэлбэл Банкны эрх хүлээн авагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан тухай шүүхэд мэдүүлсэн. Үүнийг хариуцагч Ж.Бат-Эрдэнэ, О.Наран нар хүлээн зөвшөөрдөг. Гэтэл зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг бүрэн хянан шийдвэрлээгүй:

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийг бодитой шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэх утга бүхий гомдлыг гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх гомдолтой холбогдуулан дүгнэлт өгөөгүй. Энэхүү үйлдэл нь ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар ...шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

3. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухайд:

Хадгаламж банк нь хэвийн үйл ажиллагаатай байх үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдлээс сэргийлэх зорилгоор Монгол банкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр Төрд хохирол, зардал учирсан. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр Төрд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүн дээр нэмж Хадгаламж банкнаас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530.6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь Төрд учирсан хохирлын дүнд нэмэгдэх юм. Нөгөө талаар Хадгаламж банкнаас зээл авч, зээлийг эргэн төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа этгээд нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө болон төрөөс гарсан зардлаар хөлжих, Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах ажиллагааг дуусгасны дараа зээлийг эргэн төлөхгүй үлдэх нь шударга бус явдал юм.

Түүнчлэн хариуцагч Ж.Бат-Эрдэнэ, О.Наран нарт зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, утсаар ярьж, биечлэн уулзаж, зээлийн өр төлбөрийг төлөх боломжит хугацааг тогтоон өгч байсан ба тухай бүрт зээлдэгч нар зээлийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх дүгнэлт өгсөн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас хариуцагч О.Наран, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 4,219,488 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010.03.17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагчийг томилсон.

 

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3. дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч нарт олгосон чанаргүй зээл хамаарч байсан байна. Иймд зээлийг төлүүлэхээр Хадгаламж банк дах банкны эрх хүлээн авагч зээлдэгч нараас зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Ж.Бат-Эрдэнэ, О.Наран нар нь 2006.06.20-ны өдөр Монгол шуудан банктай Зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, Барьцааны гэрээгээр таван ханатай иж бүрэн гэр, 5 ширхэг хивс барьцаалж, Фидуцийн гэрээгээр Хюндай грейс маркийн микробусыг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

 

Зээлдэгч нар зээлийн төлбөрөөс 50,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр хийгээгүй үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 2,450,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 1,714,778.53 төгрөг, авлагын үлдэгдэл 54,710 төгрөг, нийт 4,219,488.53 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч О.Наран ...зээлийг Ж.Бат-Эрдэнэ төлнө гэж амлаад төлөөгүй, ...тухайн зээлийн хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж, хариуцагч Ж.Бат-эрдэнэ ...зээлийг би аваагүй, ...гэрээнүүдэд би гарын үсэг зураагүй... гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ: ...төрд хохирол, зардал учирсан, ...хариуцагч нарт зээлийг төлөх талаар удаа дараа шаардлага тавьж, утсаар ярьж, биечлэн уулзаж, өр төлбөрийг төлөх боломжит хугацаа тогтоож байсан, ...зээлдэгч нь зээлээ төлөхийг зөвшөөрч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлтэй... хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрийг нэхэмжилж, хариуцагч төлбөр төлөхийг зөвшөөрч байсан болохыг, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хоорондох гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий байна.

 

Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02900 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтөрийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД