Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х- ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Ч.Ч

Хариуцагч: Н.А нарт холбогдох

21.946.559 төгрөг гаргуулах тухай болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж,

  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бүрэнбилэг нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х  ХХК-н Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А , Ч.Ч нар нь Х  Банкны Архангай салбарын Төв тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ний өдөр №1336 тоот зээлийн гэрээ байгуулан 7-5,000,000 /далан таван сая төгрөг/доллар/-ийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, ногооны зоорь , склад, өргөтгөл барих зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд итгэмжлэлээр иргэн А.Баярцэцэгийн Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238180, Г-0118003268 тоот 400 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, итгэмжлэлээр иргэн Ч.Чын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238198, Г-0118003273 тоот 400 мкв өмчлөх эрхийн газар, иргэн Н.А АЯ №0363819 тоот сувдан 7494 АРА Nissan Elgrand машиныг барьцаалуулсан. Зээлдэгч нь №1336 тоот гэрээний дугаартай төгрөгийн зээлд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 59,796,136.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 53,766,438.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7237.55 төгрөг, нийт 113,569,812.78 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /120 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, гөлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдэлийг 2018 оны 04 сарын 30 -ны өдөр, 2019 оны 01 сарын 22 -ны өдөр, 2019 оны 03 сарын 01-ны өдөр /нийт 3 удаа/ тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 08 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1019 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.163.297,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 140.399,20 төгрөг, нийт 21.946.559 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х-ны нэхэмжлэлтэй зээлийн төлбөр нийт 61.946.559 төгрөгийг Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын Мөнх-Ундраа дэлгүүрийн хашаанд оршин суух Ч.Ч, Н.А нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлэнд 15.613.863,14 төгрөгийн үлдэгдэл байхгүй бөгөөд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 113.569.812 төгрөгийг Хаан банкинд төлсөөр байтал ийм их мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А, Ч.Ч нар 2014 оны 06 сарын 27-нд нар зоорь болон агуулах өргөтгөх зориулалтаар 75.000.000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй  авсан. Зээлээ төлж явж байгаад 2018 оны 04 сараас зээлээ төлөхөө байж, зээлийн хугацаа хэтэрсэн. 2018 оны 08 сарын 30-нд үл хөдлөх хөрөнгөө зарж үндсэн зээлээс 28.852.000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 15.613.000 төгрөг , хуримтлагдсан хүүнд 3.973.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88.000 төгрөг байгаа. Үүнийг одоо болтол төлөөгүй учраас хариуцагч Н.А, Ч.Ч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 21.946.559 төгрөг гаргуулна гэсэн шаардлага бичсэн байдаг. Хариуцагч нар анх 75.000.000 төгрөгний зээл авсан байдаг. Энэ 75.000.000 төгрөгний зээлийг 113.569.812 төгрөг болгож төлсөн байгаа. Гэтэл ийм их мөнгө нэхэмжилж байгаа нь хохиролтой байна.  2018 оны 04 сарын 30-ны өдөр зээл буцаан төлөх мэдэгдлийг өгсөн. 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш нэг ч төгрөг зээлэнд хийгээгүй байхад 2019 оны 01 сарын 22-нд дахин мэдэгдэх хуудас, 2019 оны 03 сарын 01-ний өдөр ахиад мэдэгдэл өгсөн. Хариуцагч нарт мэдэгдэх хуудас өгөөд байхад зээлээ төлөхгүй байгаа нь төлбөрийн чадваргүй байдлыг илтгээд байгаа юм. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгч тал яагаад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй удаашруулаад байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь хариуцагчийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү нь нэмэгдээд банкинд ашигтай байдал үүсгэх нөхцөл харагдаж байна. Хариуцагч нар үндсэн зээлээ төлж дуусгасан. Хүү алдангийг төлөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ны Архангай салбарын хариуцагч Н.А, Ч.Ч нарт холбогдуулан гаргасан үндсэн үндсэн зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.163.297,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 140.399,20 төгрөг, нийт 21.946.559 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Н.А, Ч.Ч нарын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238198, Г-0118003273 тоот 400 мкв өмчлөх эрхийн газар, иргэн Н.А АЯ №0363819 тоот сувдан 7494 АРА Nissan Elgrand машиныг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: 

Хариуцагч Н.А, Ч.Ч нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №1336 тоот зээлийн гэрээг байгуулан 60 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, 75.000.000 төгрөгийн зээлийг авчээ. Өөрөөр хэлбэл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх талаар” харилцан тохиролцох талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан бөгөөд нэхэмжлэгч “Х-ны Архангай салбар”, хариуцагч Н.А, Ч.Ч нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн гэрээний үнийн дүн болох 75.000.000 төгрөгийг хариуцагч Н.А, Ч.Ч нарт шилжүүлж, хариуцагч нар нь уг зээлийн  төлбөрийг 60 сарын хугацаанд төлөхөөр гэрээний гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Х-ны Архангай салбар, хариуцагч Н.А, Ч.Ч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,  453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. 

Зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 06 сарын 27-ны өдөр №1336 тоот “Барьцааны гэрээ” байгуулж Н.А, Ч.Ч нарын итгэмжлэлээр иргэн А.Б-ийн Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238180, Г-0118003268 тоот 400 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, итгэмжлэлээр иргэн Ч.Чын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238198, Г-0118003273 тоот 400 мкв өмчлөх эрхийн газар, иргэн Н.А АЯ №0363819 тоот сувдан 7494 АРА Nissan Elgrand машиныг барьцаалсан байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна.  

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын байгуулсан №1336 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол  банк санаачлан гэрээг цуцлаж нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардахаар заажээ. Зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Х-ны Архангай салбар үндсэн зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.163.297,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 140.399,20 төгрөг, нийт 21.946.559 төгрөгийг хариуцагч Н.А, Ч.Ч нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шийдвэрийг биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.683 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 267.683 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Н.А, Ч.Ч нараас 21.946.559 /хорин нэгэн сая есөн зуун дөчин зургаан мянга таван зуун тавин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-ны Архангай салбарт олгосугай.

2. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч итгэмжлэлээр иргэн А.Б-н  Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238180, Г-0118003268 тоот 400 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, итгэмжлэлээр иргэн Ч.Чын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238198, Г-0118003273 тоот 400 мкв өмчлөх эрхийн газар, иргэн Н.А АЯ №0363819 тоот сувдан 7494 АРА Nissan Elgrand машиныг зэргийг дуудлага худалдаагаар худалдан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-н Архангай салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.683 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А, Ч.Ч нараас улсын тэмдэгтийн хураамж 267.683 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун наян гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х  ХХК-н Архангай салбарт олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН