Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01178

 

 

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03024 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дүгээр магадлалтай,

 

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Координат-Аудит ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81,680,859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, М.Мөнхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жаргалсайхан, В.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч П.Баярмаа, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, прокурор Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч Координат-Аудит ХХК нь 2019.09.12-ны өдрийн байдлаар ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл 55,784,501.85 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн. Энэ зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийн өрийг төлүүлэхээр Координат-Аудит ХХК-д улсын байцаагчийн 2019.01.08-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019.01.21-ний өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Хариуцагч компанийн захирал даатгалын шимтгэл 55,784,501.85 төгрөгийг төлж, алдангиас чөлөөлж эвлэрэх санал гаргаж байгаа боловч бидэнд алдангийг хасаж эвлэрэх эрх байхгүй. Алданги нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан ажил олгогч шимтгэлд ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул хуулиар ногдуулах алданги юм. Нэхэмжилж байгаа мөнгө манай байгууллагын мөнгө биш улсын санд төвлөрдөг тул хуульд заасан алдангийг хасаж эвлэрэх эрх бидэнд байхгүй. Иймд хариуцагч Координат-Аудит ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55,784,501.85 төгрөг, хуульд заасан алданги 25,896,357 төгрөг нийт 81,680,859 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 1998 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл аудитын үйл ажиллагааг 20 гаруй жил тасралтгүй явуулж ирсэн. Хэдийгээр бидний орлого нь зардлаа нөхөх хэмжээний биш байсан ч орон тооны 4 аудитор ажиллуулсаар байсан ба мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын цол зэргийг авсан мэргэжилтнүүдийн сарын цалинг 1,800,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн хооронд тогтоохоос нааш тэднийг ажиллуулах боломжгүй. Ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс гарт олгох мөнгийг аль болох тасалдуулахгүйг хичээсэн нь татвар, нийгмийн даатгалд төлөх өр төлбөр хуримтлагдахад хүрсэн. Тэглээ гээд ажилтнуудын цалинг бууруулан тайлагнаж, хууль зөрчин, ажилтнуудаа хохироогоогүй бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр төлбөр хуримтлагдаад сүүлийн 3 жилийн нүүрийг үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55,784,501.85 төгрөгийг хугацаа авч сар сард хувааж төлж дуусах, алдангиас чөлөөлүүлэх саналтай байна. Шүүх хурал дээр эвлэрч, алдангийг хасаж үндсэн төлбөр 55,784,501.85 төгрөгийг төлөхөөр эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

 

Прокурор Б.Нинж шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй харилцагч Координат-Аудит ХХК нь 2019.09.12-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 55,784,501.85 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүргийг ажил олгогч буюу Координат-Аудит ХХК хүлээсэн бөгөөд тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн баримтуудаар тогтоогдсон. Координат-Аудит ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55,784,501.85 төгрөгийн өр үүссэн тухайд маргаагүй тул нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 25,896,357 төгрөг нийт 81,680,859 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар Координат-Аудит ХХК-аас 81,680,859 төгрөг гаргуулж даатгуулагчдын зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03024 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Координат Аудит ХХК-наас 81,680,859 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Координат Аудит ХХК-аас 566,354 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, М.Мөнхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч нарын зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ЧДНДХ-ийг төлөөлж даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа гэх хүн гарын үсэг зуран 2019.09.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл ЧДНДХ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Н.Ариунаа нь нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2019.10.31-ний өдөр тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон бүртгэгдсэн байна. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл 2018.03.26-ны өдрөөс 2019.10.31-ний өдрийг хүртэл хугацаанд Ш.Алтанчимэг гэж хүн тус хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй байна. Мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь нэхэмжлэгч ЧДНДХ улсын бүртгэлийн гэрчилгээ буюу даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунааг бүртгэсэн гэрчилгээг шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсний дараа хэрэгт авсан байдаг. Өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэхэд хамгийн ач холбогдох бүхий баримтыг хэрэгт авахаасаа өмнө хэрэгт авагдсан байсан баримт мэт анхан шатны шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг шийдвэрлэсний дараа нотлох баримтаа авдаг бол хэргийн нотолгооны утга учир алдагдана. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

2. Хариуцагчийн зүгээс алданги 25,896,357 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байхад Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь худал юм. Талууд алдангиас хасаад үндсэн өрийг төлөх хугацаа тогтоож эвлэрэх талаар хэлэлцэн, ярилцаж байхад анхан шатны шүүхийн зүгээс угаасаа төлөх ёстой юм чинь гэж хэрэг хэлэлцэж эхлээгүй байхад хэргийн шийдлийг урьдчилан хэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх заалтанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах гэж заасныг тус тус зөрчсөн, хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагч Координат-Аудит ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 55,784,501,85 төгрөг, алданги 25,896,357 төгрөг, нийт 81,680,859 төгрөг гаргуулах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг тусгайлан зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Координат-аудит ХХК нь ажил олгогчийн болон даатгуулагчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 55,784,501.85 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон байна.

 

...Хугацаандаа төлөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан бөгөөд төлбөр 55,784,501.85 төгрөг, уг төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож 25,896,357 төгрөг, нийт 81,680,859 төгрөгийг Координат аудит ХХК-аас шаардсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

2. Хяналтын шатны шүүх хуралдааны өмнө хариуцагч Координат аудит ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55,784,501.85 төгрөгөөс 30,000,000 төгрөг төлсөн байх ба төлбөрийн үлдэх хэсгийг 2 хувааж төлөхөөр, тогтоосон хугацаанд мөнгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч алданги гаргуулах шаардлагаасаа татгалзах, төлөхгүй бол алдангийг гаргуулж авах агуулгатай эвлэрлийн гэрээг зохигч шүүхэд ирүүлжээ.

 

Ажил олгогч нь ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх үүргийг нийгмийн даатгалын харилцааг тусгайлан зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулиар ногдуулсан байна. Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх ба алдангийн хэмжээг багасгах, алдангиас чөлөөлөх эрхийг тухайн хуулиар нийгмийн даатгалын байгууллагад олгоогүй учир шүүх зохигчийн эвлэрлийг батлах нь хуульд харшлана гэж үзсэнийг дурдав.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус заажээ.

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа 2019.09.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүнийг ажилд томилсон Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019.05.30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хавсарган ирүүлсэн нь хэргийн баримтад авагдсан байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй гэж үзнэ. Мөн байгууллагыг төлөөлөх Н.Ариунаагийн эрхийн талаар тус байгууллага маргаагүй байна.

 

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03024 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Координат-Аудит ХХК-ийн /хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, М.Мөнхжаргал/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.28-ны өдөр төлсөн 566,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН