Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 3024

 

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/03024

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЧГДНДХ

Хариуцагч: К.А ХХК

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81.680.859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жаргалсайхан, В.Эрдэнэбат, хариуцагч К.А ХХК-ийн захирал П.Баярмаа, прокурор Б.Нинж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЧГДНДХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус хэлтэстэй харилцагч К.А ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэл 55.784.501.85 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн. Энэ зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийн өрийг төлүүлэхээр К.А ХХК-нд улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Хариуцагч компаний захирал даатгалын шимтгэл 55.784.501.85 төгрөгийг төлж алдангиас чөлөөлж эвлэрэх санал гаргаж байгаа боловч бидэнд алдангийг хасаж эвлэрэх эрх байхгүй. Алданги нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1-д заасан ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул хуулиар ногдуулах алданги юм. Нэхэмжилж байгаа мөнгө манай байгууллагын мөнгө биш улсын санд төвлөрдөг тул хуульд заасан алдангийг хасаж эвлэрэх эрх бидэнд байхгүй. Иймд хариуцагч К.А ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.784.501.85 төгрөг, хуульд заасан алданги 25.896.357 төгрөг нийт 81.680.859 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч К.А ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал П.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 1998 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл аудитын үйл ажиллагааг 20 гаруй жил тасралтгүй явуулж ирсэн. Хэдийгээр бидний орлого нь зардлаа нөхөх хэмжээний биш байсан ч орон тооны 4 аудитор ажиллуулсаар байсан ба мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын цол зэргийг авсан мэргэжилтнүүдийн сарын цалинг 1,8-2,5 сая төгрөгөөр тогтоохоос нааш тэднийг ажиллуулах боломжгүй байв. Ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс гарт олгох мөнгийг аль болох тасалдуулахгүйг хичээж ирсэн нь татвар нийгмийн даатгалд төлөх өр төлбөр хуримтлагдахад хүрсэн. Тэглээ гээд ажилтнуудын цалинг бууруулан тайлагнаж, хууль зөрчин, ажилтнуудаа хохироогоогүй бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр төлбөр хуримтлагдаад сүүлийн 3 жилийн нүүрийг үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.784.501.85 төгрөгийг хугацаа авч сар сард хувааж төлж дуусах, алдангиас чөлөөлүүлэх саналтай байна. Шүүх хурал дээр эвлэрч болдог гэж сонссон тул алдангийг хасаж үндсэн төлбөр 55.784.501.85 төгрөгийг төлөхөөр эвлэрэх хүсэлтэй байна гэв.

Прокурор Б.Нинж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЧГДНДХтэй харилцагч К.А ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 55.784.501.85 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүргийг ажил олгогч буюу К.А ХХК хүлээсэн бөгөөд тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн баримтуудаар тогтоогдсон байна. К.А ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.784.501.85 төгрөгийн өр үүссэн тухайд маргаагүй тул нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 25.896.357 төгрөг нийт 81.680.859 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар К.А ХХК-наас 81.680.859 төгрөг гаргуулж даатгуулагчдын зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Ниймгийн даатгалын хэлтэс нь хариуцагч К.А ХХК-нд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 86.680.859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч К.А ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 55.784.501.85 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, К.А ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, К.А ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай албан шаардлага, дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч К.А ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хувь хэмээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2020 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд сар тутам график гарган төлөх тайлбар гаргаж, алдангиас чөлөөлж эвлэрэх хүсэлт гаргасан боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид хариуцлага хүлээлгэнэ, 20 дугаар зүйлийн 1.1-т ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул хуульд заасан алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Иймд хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангийг хариуцагч төлөх үндэслэлтэй байх тул К.А ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.784.501.85 төгрөг, алданги 25.896.357 төгрөг нийт 81.680.859 төгрөгийг гаргуулж, ЧГДНДХт олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч К.А ХХК-наас 81.680.859 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЧГДНДХт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч К.А ХХК-наас 566.354 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, прокурор нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА