Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

 Б.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

            Шүүгдэгч Б.Э

           Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж,          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын гомдлоор Б.Эд холбогдох эрүүгийн 1922000380071 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар  хянан хэлэлцэв.

 

      Монгол Улсын иргэн, 1992 оны төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан гэх /РД:З/ Тахилгат овогт Б. Э.

 

Яллагдагч Б.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Нын бэлчээрт байсан бог малаас 8 тооны ямаа хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас Б.Эы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэх явцад түүнд эсэргүүцэл бичих хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэхээр хяналтын прокурор Т.Төмөртулгаас Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт  гаргажээ.  

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 189 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурор Т.Төмөртулгаас ирүүлсэн “эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын прокурор Т.Төмөртулга шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд эсэргүүцэл бичих хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Прокурорын хүсэлтийг

1. Шүүгдэгчид холбогдох хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасан шүүгч Г.Мөнхбат бус тус шүүхийн адил эрх хэмжээтэй шүүгч С.Сэржмядаг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

2. Б.Э нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/шцт/76 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Эы Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн ялыг хорих ялаар сольж, Б.Э нь уг ялаа эдэлж байгаа тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Гэтэл шүүх нь шүүгдэгч Б.Эы үйлдсэн “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Нын бэлчээрт байсан бог малнаас 8 тооны ямаа хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх эрүүгийн 1922000380071 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хянан хэлэлцээд эрүүгийн 1928000470053 тоот хэрэгт нэгтгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Эы үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зөрчсөн байсан бөгөөд шүүгчийн захирамжийг Өмнөговь аймаг дахь прокурорын газар руу явуулснаар хугацаа хэтэрсэн байсан. Эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэхээр  Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 176 дугаартай шүүгчийн захирамжаар “эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэх хүсэлт”-ийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Иймд Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцэл бичих хугацааг сэргээж  өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Б.Эд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжинд прокуророос эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг прокурорын гомдлоор хянаж үзлээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Б.Эд холбогдох 1922000380071 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн Б.Э, М.Бямбасүх нарт холбогдох 1928000470053 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр  хэргийг прокурорт буцаасан байна.

           Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9 цаг 50 минутанд шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурорт шүүхээс гардуулж өгсөн бөгөөд захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг захирамжийн 3 дугаар заалтанд дурдсан байна.

           Хяналтын прокуророос “Эсэргүүцэл бичих хугацаа сэргээлгэх” хүсэлтийг    анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 50 минутанд ирүүлжээ. Хугацаа сэргээлгэх хүсэлтэд хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ “Өмнөговь аймгийн прокурорын газарт захирамжийг явуулсан боловч очоогүй байснаас дахин хүргүүлснээр хугацааг хэтрүүлсэн” гэснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь байгууллагууд хоорондоо бичиг баримтыг шуудан, факс, утас зэрэг харилцаа холбооны техник хэрэгсэл ашиглан богино хугацаанд солилцох боломжтой. Нөгөө талаар шүүгчийн захирамжийг шүүх хуралдаанд томилогдон оролцсон  Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт шүүхээс хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдож байна. Иймд прокурорын “Эсэргүүцэл бичих хугацаа сэргээлгэх тухай хүсэлт”-ийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Прокурорын хүсэлтийг хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан шүүгч бус тус шүүхийн адил эрх хэмжээтэй шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 7, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын  гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 189 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.  
  2. Магадлалд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болно.

 

 

 

 

 

 

 

                  

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ