| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2019/0095/Э |
| Дугаар | 2019/ДШМ/1104 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2019/ДШМ/1104
Э.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бүрэнжаргал,
шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч А.Нацагдорж,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 7 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Мт холбогдох 1804001710104 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Эын М, 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, “Синчи Газ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 13 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй;
Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap 25 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн;
Э.М нь 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух иргэн П.Цгийн хашааны болон гэрийн хаалга онгорхой байхад нь гэрт орж, гэрээс 1.400.000 төгрөгийн үнэ бүхий Чүнчигноров хөөрөг, 200.000 төгрөгийн үнэ бүхий даалин, 80.000 төгрөгийн үнэ бүхий бөхийн малгайн чимэг, 184.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S5” загварын гар утас, 45.000 төгрөгийн үнэ бүхий “Nokia 3350” загварын гар утас, нийт 1.909.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэргийн агуулгыг “Э.М нь 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух иргэн П.Цгийн хашааны болон гэрийн хаалга онгорхой байхад нь гэрт орж, гэрээс 1.400.000 төгрөгийн үнэ бүхий Чүнчигноров хөөрөг, 200.000 төгрөгийн үнэ бүхий даалин, 80.000 төгрөгийн үнэ бүхий бөхийн малгайн чимэг, 184.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S5” загварын гар утас, 45.000 төгрөгийн үнэ бүхий “Nokia 3350” загварын гар утас, нийт 1.909.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн” гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч Э.М “...Нэг айлын хашааны хаалга болон гэр нь онгорхой байхаар нь дотогшоо ортол гэр дотор 2-3 хүн унтаж байсан. Би тэр үедээ архиндаа согтоод өөрийгөө найз Үүрээгийн гэрт ороод ирчихлээ гэж бодоод унтаж байсан хүмүүсийг сэрээх гээд дуудсан чинь сэрэхгүй болохоор нь гэрлийг нь асаасан. Тэгээд танихгүй айлд байгаагаа мэдсэн бөгөөд гэрээс гарахдаа 2 ширхэг гар утас, даалинтай хөөрөг, бөхийн малгайнаас тэмдгийг нь аваад гарсан. ...” гэж холбогдсон гэмт хэргийн үйлдлүүдээ, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Найз Үүрээгийн 99989640 дугаарын утаснаас өөрийн 89223001 дугаарын утаснаас залган “Жаргалантад айлд байна, хаалга онгорхой орхисон байгаа” гэж хэлсэн. Найзындаа орох зорилгоор л үйлдсэн. Хулгай хийх санал сэдэл байгаагүй. Тэгээд би айл андуурч ороод хулгай хийсэн. ...” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан 89223001 дугаарын утаснаас гарсан болон орсон дуудлагууд шүүсэн баримт /хх 103-104/-д 99989640 дугаартай утас руу залгасан болон дуудлага ирсэн бичилт байхгүй байх тул дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Э.Мын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайн гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” шинжтэй нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна. Прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хийсэн хууль зүйн дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэсэн хууль ёсны зарчмыг харгалзаагүйн улмаас Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв хэрэглээгүй байна. Үүнийг шүүх зөвтгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтыг зөрчихөөр байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмыг баримтална гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэлэлцүүлгээс прокурорт буцаах тухай заалтыг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Мт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Бүрэнжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж заасан байна. Мөн хулгайн гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдвэл үр дагавар, хохирол, хор уршгаас үл хамааран гэмт хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн үзэх тул хууль бус нэвтрэлтэд дүгнэлт хийж, нэвтэрсэн арга, хамгаалалт, хаалтыг эвдсэн байдал, нэвтэрсэн санаа сэдэлт, зорилгыг харгалзан, нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.М нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Үүрээгийн гэр рүү очих гээд ганцаараа явж байсан. Тэгээд ... нэг айлын гэрийн болон хашааны хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороход уг гэрт 2-3 хүн унтаж байсан. Би тэр үед архиндаа нилээн согтсон байсан учраас өөрийгөө Үүрээгийн гэрт ороод ирчихлээ гэж бодоод унтаж байсан хүмүүсийг сэрээх гээд дуудсан чинь сэрэхгүй болохоор нь гэрлийг нь асаах гээд өөрийн халаасанд байсан асаагуурын гэрлийг ашиглаж гэрлийн унтраалгыг нь олоод гэрлийг асаатал би шал танихгүй айлд ороод ирчихсэн байгаагаа мэдсэн. Тэгээд би буцаад гарах гэснээ 2 ширхэг гар утас цэнэглэж байхаар нь тэр хоёрыг нь аваад, даалинтай хөөрөг, бөхийн малгайнаас тэмдгийг аваад гарсан. ...” гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд энэ нь хохирогч П.Ц, гэрч П.Мягмархатан, О.Тэгшбаяр нарын мэдүүлгээр батлагдаж байна.
Мөн шүүгдэгч Э.М нь 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд болсон үйл баримтын талаар мэдүүлдэг ба өөрийнх нь ашиглаж байсан гэх 89223001 дугаарын гарсан, орсон дуудлагын бүртгэлд найз Үүрээгийн ашиглаж байсан гэх 99986940 дугаартай утас руу залгасан, дуудлага ирсэн бичилт байхгүй байна гэх үндэслэлээр шүүгдэгч Э.М, хохирогч П.Ц нарын мэдүүлгийг үгүйсгэх, гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь илтэд үндэслэлгүй гэж дүгнэхээр байна. Учир нь, хохирогч П.Ц нь тухай өдөр найз, нөхөд болох гэрч П.Мягмархатан, О.Тэгшбаяр, Н.Наранбаатар нартай согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хашаа, гэрийн хаалгыг онгорхой орхиж, унтаж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.Мыг хохирогч П.Цгийн гэрт хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Хохирогчийн эд зүйлийг авах санаа сэдэлт, зорилго гэрт нэвтэрсний дараа үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүх Э.Мын холбогдсон гэмт хэргийг дүгнэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайн гэмт хэргийг шинжтэй нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна” хэмээн Эрүүгийн хуульд байхгүй зүйл, хэсэг, заалтыг дурдаж, бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч А.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд судалж үзэхэд шууд санаатай, шунахайн сэдэлтэйгээр нэвтэрсэн гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй. Долоон гэрч мэдүүлэхдээ “...Хамт сууж, их хэмжээний архи ууж суусан. ...” гэдэг. Үүнээс үзэхэд тухайн айлаас гарч явахдаа үүдний хаалгыг онгорхой үлдээсэн байх боломжтой. Мөн тухайн гэрийн хаалгыг харуулсан фото зургаас үзэхэд хаалганд нь татуурга болон оньс, дэгээ байгаагүй. Тухайн орой гэрээс согтуу хүмүүс цувж гарахдаа хаалгыг онгорхой үлдээсэн байх боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Хулгайлах гэмт хэрэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авсан байдал хамаардаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Мын яллагдагчаар өгсөн “...Нэг айлын хаалга болон хашаа онгорхой байхаар нь дотогшоо ороход уг гэрт 2-3 хүн унтаж байсан. ...Би найз Үүрээгийн гэрт ороод ирчихлээ гэж бодсон. ...Гэрэл асаатал танихгүй айлд ороод ирсэн байсан. ...Би гарах гэснээ 2 гар утас цэнэглэж байхаар нь аваад, ... шкафны дээд талаас улбар шар өнгийн даалинтай хөөрөг, түүний хажууд байсан бөхийн малгайнаас тэмдгийг нь тус тус аваад гарсан. ...” /хх 66-67/, хохирогч П.Ц “...Миний бөхийн малгайны тэмдэг, шүүгээнд байсан чүнчигноров хөөрөг, “Samsung S5”, “Nokia 3350” загварын 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлс алга болсон. ...” /хх 10-11/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Э.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Э.Мын иргэн П.Цгийн хашааны болон гэрийн хаалга онгорхой байхад нь гэрт орж, гэрээс 1.400.000 төгрөгийн үнэ бүхий Чүнчигноров хөөрөг, 200.000 төгрөгийн үнэ бүхий даалин, 80.000 төгрөгийн үнэ бүхий бөхийн малгайн чимэг, 184.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S5” загварын гар утас, 45.000 төгрөгийн үнэ бүхий “Nokia 3350” загварын гар утас, нийт 1.909.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг тус тус зөрчиж, гэмт хэргийн шинжийг бүрэн гүйцэд эргэлзээгүй тогтоогоогүй гэж үзнэ.
Иймд прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ