Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ДШМ/1103

 

Г.Б, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга,

шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Г.Солонго,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1493 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 56 дугаартай прокурорын эсэргүүцлээр Г.Б, Ц.Б нарт холбогдох 1802005790310 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Гын Б, 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” 246 дугаар байрны 910 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. З овгийн Цийн Б, 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-17 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Г.Б нь Ц.Бтэй бүлэглэн 2018 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-17 тоот болон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны 24Б байрны 910 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэгт,

            Ц.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-17 тоот болон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны 24Б байрны 910 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Г.Б, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б, Ц.Б нарыг бүлэглэн 2018 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-17 тоот болон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны 24Б байрны 910 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, шүүгдэгч бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, өвс гэх нэршилтэй “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис” ургамлыг ямар хугацаанд, хэрхэн бүлэглэж, тариалж, ургуулсан эсэхийг бодитой тогтоогоогүй атлаа яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй болжээ. Түүнчлэн, тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 593 дугаартай шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Б, Ц.Б нарт холбогдох 1802005790310 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Б, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг захирамжид дурдсан боловч мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл, хэсгийг хэрхэн зөрчсөн, ямар оролцогчийг эрхийг хязгаарласан болох түүнчлэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан талаар огт дурдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэсэн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

            Мөн тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 593 дугаартай захирамжийн заалт биелэгдээгүй гэснийг мөн хүлээн авах үндэслэлгүй. Шүүгчийн захирамжид “камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан бөгөөд дээрх бичлэгийг сиди-д бэхжүүлж, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаагүй, тухайн хураагдсан ургамлыг хэн, хэрхэн тарьж ургуулсныг тодорхой үйл баримтаар нэг мөр тогтоох” гэж заасан ажиллагааг бүрэн явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог мөрдөн шалгах ажиллагаагаар боломжтой хэлбэрээр бүрэн тогтоосон. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Г.Б, Ц.Б нар нь 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд Ц.Бийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-17 тоотод хамт амьдарч байсан бөгөөд тухайн тариалж ургуулсан гэх ургамал нь тухайн цаг хугацаанд Ц.Бийн гэрт байсан. Улмаар, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой 22 цагийн орчим Г.Бын гэрт тухайн ургамлыг Г.Б, Ц.Б нар нь найз Тэмүүжингийн хамт зөөж оруулж байгаа бичлэг хэрэгт авагдсан байдаг. Дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Ц.Б, Г.Б нар нь бүлэглэн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан буюу гэмт хэрэг хамтран үйлдсэн үйлдэл оролцоо тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тус хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Б, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлох талаар шаардлагатай бүхий л ажиллагааг бүрэн явуулсан. Шүүх хуралдааны явцад мансууруулах ургамлыг тариалж, ургуулсан үйл баримтын талаар шүүгдэгч нар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг тодорхой нотлох баримт гаргаж өгөөгүй. Зөвхөн өөрсдийн мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг тариалж, ургуулсан гэм бурууг зөвшөөрөхгүй талаар тодорхой нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүйгээр маргасан мэдүүлэгт үндэслэн, шүүгдэгчдийн “гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Шүүх шүүгдэгчдийн “гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй” гэж дүгнэсэн тохиолдолд тэднийг цагаатгах эрхтэй байтал хэргийг прокурорт буцаасан нь илт үндэслэл муутай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх”, “гэм буруугүйд тооцох” зарчмыг ноцтой зөрчиж байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1493 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэжээ.

            Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь “Би тариагүй” гэж гэм буруу дээрээ маргадаг ба тухайн сэтгэцэт нөлөөт бодисыг хэн тарьсан талаарх хангалттай нотлох баримт байдаггүй. Гэхдээ хэн аль нь тухайн сэтгэцэт нөлөөт бодисыг гэртээ тарьж, ургуулж байсан. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, шүүгдэгч бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар прокурор, өмгөөлөгч болон бусад оролцогч нараас хүсэлт гарган шийдвэрлүүлж, тодорхой бус асуудлуудын талаар хохирогч, гэрч, шинжээч нараас тодруулах байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд прокурор Б.Бүжинлхамын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1493 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Г.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ