| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2020/0019/З |
| Дугаар | 117/ШШ2021/0060 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 117/ШШ2021/0060
| 2021 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 117/ШШ2021/0060 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.С даргалж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.О, Л.Ө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Ч овогт Ч.Өын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Х газрын даргад хариуцагдах,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай Ө.Тыг дэвшүүлэн томилох тухай болон 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаартай Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг 2021 оны 10 сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө, өмгөөлөгч Ж.У, хариуцагч Г.Х, өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ө.Т /zoom/, иргэдийн төлөөлөгч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б, дэг сахиулагч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дундговь аймгийн Хө хэлтсийн даргын 2012 оны 8 сарын 30-ны өдрийн 95 тоот тушаалаар тус хэлтсийн Өлзийт сум хариуцсан мэргэжилтнээр томилогдсон билээ. Түүнээс хойш тус сумандаа тасралтгүй ажиллаж байгаад Х газрын даргын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн Б/54 тоот тушаалаар тус газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч. Гэтэл тус газрын дарга Г.Х нь халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр намайг тус газрын даргын 2020 оны 8 сарын 31-ний өдрийн Б/53 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг миний бие эс зөвшөөрч байна.
Бодит байдал дээр миний чиг үүргийн ажлын орон тоо нь хэвээрээ байгаа бөгөөд газрын дарга 2020 оны 2 сарын 20-ны өдөр ерөнхий газар руу бүтэц орон тооны саналыг хүргүүлэхдээ Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоог Халамжийн сангийн орон тоотой нэгтгэн, Халамжийн сан, сангийн олголт хариуцсан мэргэжилтэн болгон өөрчлөн баталж хүргүүлсэн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 3 сарын 3-ны өдрийн А/40 тоот албан бичгээр байгууллагын бүтэц, орон тоонд халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн болгож баталж ирүүлсэн ба миний бие Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээ 2020 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал хийж байсан.
2020 оны 7 сарын 9-ний өдөр сумдад явж ажиллах, эсвэл 3 сарын тэтгэмж аваад ажлаас чөлөөлөгдөх гэсэн мэдэгдлийг өгсөн, мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас хариу өгөөгүй...
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасанчлан миний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг бүхий ажлын байр хадгалагдаж үлдсэн байх атал тухайн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалгүй, тухайн албан тушаалд шалгаруулалт явуулалгүйгээр ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймээс Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот тушаалыг болон уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа Ө.Тыг томилсон 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Б/49 тоот тушаалыг мөн хүчингүй болгуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна, бусад шаардлага хэвээр урьд эрхэлж байсан чиг үүргийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг өөрчилж ахлах мэргэжилтний ажилд томилохыг даалгаж өгнө үү гэж өмнө өөрчилсөн. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9940817 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн 2018 оны болон 2020 оны бүтэц орон тоог батлахад хоёуланд нь 44 орон тоогоор баталсан байхад орон тоо хасагдсан гэж үзэхгүй. Мөн намайг дарамталж үнэлгээг бууруулсан, сонсох ажиллагааны хуудаст би гарын үсэг зураагүй. Өөр сул орон тоо байгаа түүнд Ө.Тыг томилох боломж байгууллагад байгаа. Тиймээс намайг ТЗ6-2 ахлах мэргэжилтнээр томилоход би шаардлага хангасан, ажиллаж чадна, дадлага туршлагатай гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 8 сарын 31-ний өдрийн Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот тушаалыг хүчингүй болгуулж, халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нарийвчилж гаргасан. Хариуцагч тухайн тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйл мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Дээрх үндэслэл нь тухайн орон тоо байхгүй болсон тохиолдолд өөр ажил, албан тушаалд шилжүүлнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан материалууд болон ажлын байрны тодорхойлолтоос харахад нэхэмжлэгч Ч.Өын өөрийнх нь ажлын байрны нэрийг нь өөрчлөөд ажлын байр, албан тушаалын тодорхойлолт нь хэвээрээ байгаа. Ч.Өын өмнө нь хийж байсан ажилд Ө.Тыг томилсон. Тиймээс нэхэмжлэгч миний ажлын байрны орон тоо хасагдаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаад энэ ажилдаа эргүүлэн томилогдохыг хүсэж байгаа. Хариуцагч сонсох ажиллагаа хийсэн гэж байна. Захиргааны ерөнхий хуулиар сонсох ажиллагаа хийгээд мэдэгдсэн байж болно. Гэхдээ тухайн орон тоо хасагдсан гэдэг нь нотлогдсон тохиолдолд өөр ажил санал болгох ёстой. Захиргааны ерөнхий хуульд төрийн байгууллагаас гаргаж байгаа захиргааны шийдвэр нь хуульд үндэслэсэн байх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон байх ёстой. Гэтэл 62.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь энэ тушаал бүхэлдээ хүчингүй болгох хангалттай үндэслэл байна.
Улсын дээд шүүхээс орон тоо хасагдсан гэдгийг тухайн ажлын байрны чиг үүрэг огт байхгүй болохыг хэлнэ гэж тайлбарласан. Гэтэл чиг үүрэг нь байгаа, ажлын байр огт байхгүй болоогүй. Сонгон шалгаруулалт явуулсан гэдэг ч сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа талаар Ч.Өд огт мэдэгдээгүй. Хариуцагчийн хэлсэн тайлбар болон гуравдагч этгээдийн хэлсэн тайлбараар энэ орон тоо одоо байгаа юм байна.
Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний 2018 оны ажлын байрны тодорхойлолт нь халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалтны тодорхойлолт мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт зэргээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг бусад албан тушаалын чиг үүрэгтэй давхацсан байна. Хуульд тухайн ажлын байр хасагдсан гэдгийг тухайн ажлын байрны чиг үүрэг байхгүй бол гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэгчээс Ө.Тыг дэвшүүлж томилсон Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг шүүх хуралдаан дээр нэмэгдүүлж гаргасныг дэмжиж байна. Нэгэнт томилуулахыг даалгасан тул энэ тушаал хамаарнагэв.
Хариуцагч Г.Х шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Дундговь аймгийн х газрын бүтэц орон тоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаар тушаалаар шинэчлэн батлагдаж, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар тогтоолоор ажлын байрны тодорхойлолт батлагдан зөвшөөрөгдсөн. Тус бүтэц, ажлын байрны тодорхойлолтоор Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн, Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байр нэгтгэгдэж Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн болж нэмэгдэн өөрчлөгдөж тус тус батлагдсан.
Хуучин албан тушаал болох Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн үндсэн ажил дээр Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг, ажил нь хоёр хуваагдан батлагдсан. Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Ч.Өыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа сүүлийн 2 жилийн үр дүнгийн гэрээний гүйцэтгэлээр Ө.Т 2018 онд 88.5 хувь, 2019 онд 77.4 хувь, С.Г 2018 онд 94.3 хувь, 2019 онд 92.3 хувь, Ч.Ө 2018 онд 76.2 хувь, 2019 онд 67.1 хувьтай үнэлэгдсэн үнэлгээ, Ө.Т, С.Г нар 2019 онд сахилгын шийтгэлгүй, Ч.Ө 2019, 2020 онд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг тус тус харгалзан үзсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл заалтуудын дагуу сонсох ажиллагааг 2 удаа зохион байгуулж, мэдэгдэх хуудсыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын дагуу албан тушаалын шатлал, зэрэг дэв, цалин хөлс буурахгүй байхаар аймгийн төвийн сум болох Сайнцагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-5/, бусад Дэлгэрцогт, Луус, Адаацаг сумдын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний /ТЗ-5/ ажлын байрыг санал болгосон боловч Ч.Ө Сайнцагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг ажил ачаалал их гэж, Дэлгэрцогт, Луус, Адаацаг сумдад ажиллах боломжгүй гэдэг хариуг тус тус мэдэгдсэн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, үйл ажиллагааны үр дүн, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага, тусгай шаардлагыг тус тус хамгийн илүү хангаж байгаа албан хаагч Ө.Тыг Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтнээр, С.Гыг Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шалгаруулж томилсон. Шалгалт бол авахгүй ээ.
Тус байгууллагын Халамжийн сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд 2 дугаар гарын үсэг зурдаг эрх бүхий албан тушаал учраас Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтыг тус тус харгалзан үзэж Ө.Т нь 2013 оноос эхлэн дээрх шаардлагын дагуу ажиллаж байгаа гэдэг үндэслэлээр, Ч.Ө нь дээрх журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг хангахгүй байгаа тул 3.1.8 дахь заалт буюу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөх боломжгүйг тус тус харгалзан үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийн санхүүжилтийн хуваарийг 10 дугаар сард суулгахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн боловч Ковид-19-тэй уялдуулан 12 сар хүртэл хойшлогдсон тул 12 дугаар сард олгоно. Ч.Өд бүтэц орон тоо хасагдаж ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл авсан өдрөөс хойших хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс гүйцэтгэх албан тушаалтны сонгон шалгаруулалт зарласан төрийн албаны шатлал, мэргэжил тохирсон ажлын байруудад шалгалт өгөхийг удаа дараа зөвлөн Сайнцагаан сумын сул орон тоог дахин санал болгон ажиллах боломжгүй гэдэг тайлбар сонссоны дараа тусгай шалгалтын захиалгыг аймгийн Төрийн албаны салбарт өгсөн. Гэвч 8 дугаар сарын 18-ны өдөр зарласан ажлын байруудад Ч.Ө нь тусгай шалгалт огт өгөөгүй нь өөрийнхөө төлөө сэтгэл зүтгэл гаргаагүй, ээлжийн амралтаа эдлээд дараа нь өвдөөд ажилдаа ирээгүй байсан. Миний бие хууль, журмын хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдөр сонсох ажиллагаа зохион байгуулж дахин Ч.Өд ажлын байраар хангах саналыг тавьж ажилласан боловч хүлээн зөвшөөрөөгүй, ажлаас чөлөөлөгдөх шийдвэрийг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсныг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг гаргасан түүнээс ямар нэгэн байдлаар дарамталсан хүчээр гарын үсэг зуруулсан зүйлгүй ер нь бол шат шатны шүүх хуралдаанд ингэж ярьж байгаа хүн гүтгэж худлаа ярьж болохгүйг төрийн албан хаагч хүн өөрөө мэдэх л ёстой. Мөн Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 8 сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаал нь хууль, дүрэм журам зөрчөөгүй гэсэн шийдвэрийг ирүүлсэн.
2018, 2020 онд батлагдсан шинэ бүтэц орон тооны шийдвэрээс өөр тогтоол байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг үндэслэн 2020 оны 6 сараас эхлэн Дундговь аймгийн Сайнцагаан суманд ямар нэг зэрэг дэв, шатлал буруулахгүйгээр ажиллах саналыг Ч.Өд тавьсан, зөвшөөрөөгүй. Иймээс Төрийн албаны зөвлөлийн шатлан дэвших журмын 2.3, 2.5-д заасны дагуу халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Ө.Тыг холбогдох шаардлагыг илүү хангасан гэж томилсон. Ө.Тыг томилсон тушаалыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрчлөх боломжгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хувьд сонгон шалгаруулалт хийсэн талаар баримтаа анхны хариу тайлбар өгөхдөө шүүхэд ирүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу ч мөн дахин шүүхэд өгсөн.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу эдгээр гурван албан хаагчдаас аль нь илүү ахлах мэргэжилтний албан тушаалд тэнцэх боломжтой талаар харьцуулсан судалсны үндсэн дээр Ө.Т нь илүү байна гэж үзсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс миний ажлын байрыг байсаар байтал ачаалалтай газар луу муу дүгнэж дарамталсаар байгаад байхгүй болгосон гэх мэт зүйл ярьдаг. 2020 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар цахимд шилжих зорилт тавьж энэ хүрээнд ажлын байрны судалгаа хийсэн. Үүний үндсэн дээр нэхэмжлэгчийн тухайн үед эрхэлж байсан ажлын байр нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан.Тиймээс 2020 оны 08 сарын 31-ний тушаалыг гаргасан нь үндэслэлтэй. Ч.Ө 2012 оноос эхлэн Дундговь аймгийн Өлзийт суманд мэргэжилтнээр ажиллаж байсан. 2018 онд Дундговь аймаг руу шилжиж ирсэн. Энэ хүнийг Сайнцагаан /аймгийн төвд/ суманд ажилла гэхэд ачаалал ихтэй, хөдөө орон нутагт ажилла гэхээр явахгүй гэдэг. Хуулийн хүрээнд энэ хүнд ажиллах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийг 62.1.3-т заасны дагуу саналыг тавьсан. Эрх зүйн байдлыг дордуулаагүй. Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн нь шинэ орон тоогоор бий болсон албан тушаал. Ч.Өын урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь 2 салсан. Дараагийн удаа нөгөө хүн дээр нэхэмжлэл гаргаад Г гуравдагч этгээдээр орж ирвэл яах вэ. Иймд шүүх маргааныг нэг мөсөн шийдэж өгөх нь зүйтэй. Ө.Тын албан тушаалын тодорхойлолтод Ч.Өын албан тушаалын тодорхойлолтын холбогдох хэсэг нэмэгдсэн. Нэхэмжлэгч тал Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулалт явуулаагүй гэж үзэж байгаа юу эсвэл төрийн албаны шалгалтын сонгон шалгаруулалтыг ярьж байгаа юу гэдэг нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна л гэж байгаа. Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шалгалт зарлаж авахгүй. 3 этгээдийг харьцуулсан дүгнэлтийг эрх хэмжээний хүрээнд эрх бүхий албан тушаалтан хэлтсийн дарга нартайгаа хамт харьцуулж гаргасан. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хөдөлмөрлөх нь хүний эрх биш үүрэг юм. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 5 шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ө.Тыг томилсон тушаалтай маргах нь хуульд нийцэхгүй, зөвшөөрөхгүй гэв.
Гуравдагч этгээд Ө.Т шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2013 оны 6 сарын 17-нд төрийн албаны шалгалт өгч тэнцэн тус байгууллагад халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 6 сарын 20-нд түр томилогдон ажиллаж байгаад 2013 оны 11 сарын 1-нд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар байнгын ажилд томилогдсон. 2016 оны 9 сард Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсүүд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж нэгдэн улмаар халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 3 сарын 3-ны өдрийн ажлын бүтэц, орон тоог өөрчлөх тушаал гарсны дагуу орон тооны цомхотгол хийж халамжийн сангийн олголт, халамжийн сангийн мэргэжилтэн нарын ажлын байрыг нэгтгэж Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн болгон өөрчилснөөр мэргэжилтэн нараас ур чадвар, туршлага зэргийг харгалзан үзэж Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 8 сарын 3-ны өдрийн Б/49 тоот тушаалаар намайг томилсон...
Халамжийн сан, сангийн олголт хариуцсан мэргэжилтний нийтлэг болон тусгай үүргийг хангахад миний эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага бүрэн хангагдсан гэж үзэж байна, мөн энэ байдлыг харгалзан үзэж томилох эрх бүхий албан тушаалтан сонгон шалгаруулалтаа хийсэн гэдэгт бүрэн итгэж байна...
Иймд Өын гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх үнэн зөв шийдвэр гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний хуучин ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргүүд одоо ч гэсэн хэвээр хадгалагдаж байгаа. Энэ орон тооны үндсэн чиг үүрэг нь нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын төсвийг оновчтой зарцуулж, тайлагнах, халамжийн сангийн үйл ажиллагааг тасралтгүй иргэдэд түргэн шуурхай хүргэж байх үүрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийнх байхыг шаардсан орон тоо байдаг, би энэ мэргэжлээрээ өмнө нь Хаан банканд 3 жил ажилласан. 2013 оноос хойш энэ албан тушаал дээр ажиллаж байгаа. Ч.Ө нэхэмжлэгчийн тухайд өөрийнх нь хуучин ажлын орон тоо нь хасагдаж ирсэнтэй холбоотой суманд ажиллах саналыг тавьсан ч саналыг яагаад хүлээн зөвшөөрөөгүйг сайн ойлгохгүй байгаа. Ч.Өын хувьд халамжийн сангийн ахлах мэргэжилтэн гэдэг орон тоонд ажиллахад учир дутагдалтай, нябогоор ажиллаагүй гэж гэж үзэж байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтдээ: Ч.Өыг 2020 оны 8 сарын 31-нд ажлаас чөлөөлсөн. Ө нь сонгон шалгаруулалт явуулаагүй, миний орон тоо хэвээр гэж үзсэн. Т, Ө, Г нараас Т сонгогдсон,Ө сахилгын шийтгэлтэй байсан тушаал дэвшүүлэх боломжгүй. Өд Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Луус суманд ажиллах ажлын санал тавихад татгалзсан, мөн ажлын байр нь 2 хуваагдан Т, Г нар ажиллаж байна. Иймд Ч.Өгалыг ажлаас чөлөөлсөн зөв гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Ө нь Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 тоот Ө.Тыг ажилд дэвшүүлэн томилох тухай тушаалыг[1] тус тус хүчингүй болгуулах, нийгмийн халамжийн сан сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг[2] Дундговь аймгийн Х газрын дарга Г.Хд холбогдуулан гаргажээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг судалж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
1. Дундговь аймгийн Х газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 тоот тушаалаар Ч.Өыг Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажилд томилж[3], 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн ... Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын орон тоо хасагдсан... гэх үндэслэлээр түүнийг уг байгууллагын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн болохыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, цалин олгосон баримтууд[4] зэрэгт тус тус заажээ.
2.Нэхэмжлэгчээс ...би ажлаас чөлөөлөгдөх хүртэл халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Бодит байдал дээр миний ажлын чиг үүрэг 2 хүнд хуваагдсан гэхдээ байгууллагын батлагдсан нийт орон тоо 44 хэвээр байна..., өмгөөлөгчөөс...Ч.Өын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр Б/53 тоот тушаалыг гаргасан нь үндэслэлгүй, орон тоо хасагдаагүй, хариуцагчаас ...Ч.Өын хийж байсан халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажил нь манай яам цахим болсонтой холбогдож бүтцийн өөрчлөлт хийгдсэн... Иймд Ч.Өын ажил Ө.Т, С.Г нарын албан тушаалын тодорхойлолтод бүх ажил нь хуваагдаж тусгагдсан... гэж тус тус тайлбарладаг.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 8 сарын 15-ны А/180 тоот тушаалын хавсралтаар[5] тус аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт батлагдсан 44 орон тоо,үүнд нийгмийн халамжийн хэлтэс-7,сум хариуцсан мэргэжилтэн 16 гэсэн бүтэц орон тоогоор ажиллаж байжээ. Харин 2020 оны 3 сарын 3-ны өдрийн А/40 тоот тушаал түүний хавсралтаар[6] тус газар 44 орон тоотой боловч нийгмийн халамжийн хэлтэст-6, халамжийн сан хариуцсан мэргэжилтэн, халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн 2-ыг нэгтгэж ТЗ-5-2 шатлалаас ТЗ-6 шатлалд халамжийн сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн гэж, сум хариуцсан мэргэжилтэнг -17 болгож өөрчилсөн болох нь шүүх хуралдааны явцад болон цугларч ирсэн баримтуудаар нотлогддог. Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн дээрх тайлбар хэргийн үйл баримттай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн нэхэмжлэгчээс миний орон тоог хасч суманд нэг орон тоог нэмэх ямар ч шаардлагагүй байсан гэж тайлбарлах бөгөөд байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудлыг тухайн байгууллагын эрх баригч нь дээд шатны байгууллагатайгаа зөвшилцөж шийдвэрлэх нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудал болно.
3.Нэхэмжлэгч Ч.Өын өмнө нь гүйцэтгэж байсан Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний 2018 оны ажлын байрны зорилго, зорилтод тусгагдсан Иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай, үр дүнтэй шуурхай хүргэх, нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд хангах, Нийгмийн халамжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан хууль, журам, дүрэм тогтоол, төрөөс баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сум хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хариуцсан сумдад нийгмийн халамжийн үйлчилгээг хуулийн дагуу чанартай үр дүнтэй, шуурхай хүргэх, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах, амжиргааг дэмжих зөвлөлийг мэргэжил арга зүй удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт тавих, тайланг улирлаар авч урамшуулал олгох, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт, тусламжийн хувийн хэргийг хянах, хууль журамд нийцдэггүй, хоёрдмол утгатай хуулийн тайлбарыг дээд газраас авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, урд саруудын өглөгүүдийг сумдаас хүлээн авч программд шивэх файл үүсгэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн 5 жилийн судалгааг гаргаж мэдээллийн сан бүрдүүлэх, тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах, мэдээллээр хангах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих гэрээг дүгнэх, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт тэтгэмжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн хувийн хэргийг хянах гэх чиг үүргийн ажлууд нь[7]
А/Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын зорилго, зорилтод: ... Нийгмийн халамжийн сангийн олголт үүсгэх, хаалт хийх, судалгаа гаргах, сангийн мэдээллийн найдвартай ажиллагааг хангах, харилцагч банкуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох тооцоо нийлэх, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн урамшууллыг улирал бүр тооцож олгох, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт, тусламжид хамрагдах иргэдийн хувийн хэргийг мэргэжилтнүүдээс хүлээн авч, баримтын бүрдэл, олгох хугацаа болон хуулийн дагуу эрх үүссэн эсэхэд баталгаажуулалт хийх, Нийгмийн халамжийн тухай багц хуулиудын дагуу тэтгэвэр тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн олголтыг тухай бүр хийх, сар бүрийн эхэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн мэдээлэл болон файлын жагсаалтад хяналт хийж, олголтын файлыг нийгмийн халамжийн програмд уншуулах, сумын мэргэжилтнүүдээс олгогдоогүй тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мэдээг мөнгөн дүн, хугацаа, хүний тоогоор гаргаж, хугацаанд нь олгуулах арга хэмжээ авах[8] ,
Б/Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын зорилго, зорилтод: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт, нэмэгдэл олгох ажлыг зохион байгуулах, мэргэшил, арга зүйгээр хангах, тайлагнах, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын судалгаа авч, мэдээллийн сан бүрдүүлэх, үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэх, хяналт тавих, амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг гүйцэтгэлийн удирдлага, мэргэшил, арга зүйгээр хангах, хамтран ажиллах, ахмад настанд хөнгөлөлт, тусламж олгох, алдар цолтон ахмад настангуудад нэмэгдэл хөнгөлөлт олгох ажлыг хариуцах, магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудтай гэрээ байгуулж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, асрамж, халамжийн үйлчилгээ, амралт, сувиллын үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт хяналт тавих, нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох санал боловсруулж удирдлагад танилцуулах[9] гэж тус тус тусгагдсан, нэхэмжлэгч Ч.Өын өмнө нь гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг нь Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод хоёр хуваагдсан байх тул нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний /ТЗ5-2/ орон тоо бүтцийн өөрчлөлтөд орж цөөрсөн байна. Мөн нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн ТЗ-6-2 зэрэглэл, халамжийн сан сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь түүний өмнө эрхэлж байсан албан тушаал биш тул томилохыг даалгах шаардлага хангагдахгүй бөгөөд уг албан тушаалд Ө.Т, С.Г Ч.Ө нарын дунд шалгаруулалт явуулжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтаар сонгон шалгаруулалтыг ямар зарчмаар яаж явуулсан нь нотлогддоггүй,нэхэмжлэгчээс шалгаруулалтыг надад мэдэгдээгүй,ахлах мэргэжилтэнд тавьсан шаардлагыг би илүү хангана, ажиллаж чадна дадлага туршлагатай, хариуцагчаас ...Ч.Ө, Ө.Т, С.Г нарын ажилласан жил, ур чадвар, ажлын гүйцэтгэл, харилцаа хандлага, ажил мэргэжлээ дээшлүүлсэн байдал, сахилгын шийтгэл хүлээсэн эсэх зэрэг үзүүлэлтийг харьцуулан судалж сонголтоо хийсэн, шинээр орж ирэх албан хаагч шиг биш тул байгууллага дотроо ингэж шалгаруулах эрхтэй гэх зэргээр тайлбарлаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа алба хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэж заасанчлан томилох эрх бүхий албан тушаалтан 3 албан тушаалтны материалаас харьцуулан судалж боловсрол, мэргэжил, мэргэшил, тусгай ба нийтлэг шаардлага, үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээ сахилгын шийтгэл зэргийг харгалзан шийдвэрлэсэн болох нь хэрэгт ирүүлсэн баримтаар[10] тогтоогдох тул хуулийн дээрх заалтад нийцнэ. Тиймээс хуульд заасан шалгаруулж авна гэдгийг төрийн албаны шалгалтын нэгэн адил ойлгохгүй буюу бичгийн шалгалт авах, биечлэн уулзах, ярилцлага хийх зэргээр хэрэгжүүлэхийг шаардахгүй.
5. Нэхэмжлэгчээс Ө.Тыг дэвшүүлэн томилсон 2020 оны 8 сарын 3-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг[11] нэмэгдүүлж, өмгөөлөгчөөс сая шүүх хуралдааны явцад энэ тушаалд маргах ёстойг мэдлээ,нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжиж байна гэх ба хариуцагчаас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нягтлангийн бүртгэл тайлан баланс гаргах ажил бол сангийн олголтын үндсэн гол ажил, энэ нь халамжийн сангийн тайлангаас өөр тайлан, хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа энэ мэтээр байнга дураараа өөрчилж байгаа нь хуульд нийцэхгүй, гуравдагч этгээд Ө.Таас миний тушаалд гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна, би хууль зөрчиж томилогдоогүй, ахлах мэргэжилтний ажил тул нягтлан бодох бүртгэлийн холбогдох санхүүгийн тайлан баланс гаргах чиг үүрэг, ур чадвар давхар ноогдсон гэж тус тус тайлбарлав.
Аймгийн , Х газрын даргын 2020 оны 8 сарын 3-ны өдрийн Б/49 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан шатлан дэвшүүлэх журам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 3 сарын 3-ны өдрийн А/40-р тушаал, Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай 472 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2020 оны 8 сарын 3-ны өдрөөс эхлэн Ө.Тыг Халамжийн сан сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилохдоо мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасанд нийцүүлэн холбогдох ажиллагааг хэрэгжүүлж, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан[12] гэж Ө.Тыг ТЗ-5-2 зэрэглэл халамжийн сан хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас ТЗ-6-2 зэрэглэлд халамжийн сан сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн, халамжийн сан сангийн олголт олгох нь санхүүгийн тайлан баланс гаргах ур чадварыг шаардах бөгөөд Ө. Т нябогоор ... ажиллах бүрэн чадвартай, сангийн яамны төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөж томилдог, авлигатай тэмцэх газарт мэдүүлэг хянагдсан, 1.2-р гарын үсгийн зөвшөөрөл авдаг гэх тайлбар[13] баримтыг[14] гаргах тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчээс 2020 оны 8 сарын 3-нд Ө.Түмэнжаргалыг дэвшүүлэн томилсон атлаа намайг 2020 оны 8 сарын 31-нд ажлаас чөлөөлсөн нь томилгооны алдаатай гэх боловч төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар түүнийг 8-р сарын 3-нд бус ээлжийн амралтыг эдлүүлсний дараа ажлаас чөлөөлсөнд[15] байгууллагыг буруутгах боломжгүй.
Иймээс 2020 онд шинээр батлагдсан бүтэц орон тооны хүрээнд халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны шаардлагыг илүү хангасан гэж Ө.Тыг томилсон Б/49 тоот тушаал, орон тоо нь цөөрсөн үндэслэлээр Ч.Өыг ажлаас чөлөөлсөн Б/53 тоот тушаал Төрийн албаны тухай хуулийн 46-р зүйлийн 46.2, 46.2.5, 46.5, 62-р зүйлийн 62.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.1, 4.2.5т заасныг тус тус зөрчөөгүй.
6. Ч.Өыг ажлаас чөлөөлөхөөс өмнө болон шүүх хуралдааны явцад ч цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүйгээр сул байгаа өөр ажил, албан тушаалд ажиллахыг санал болгосон ба 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас, Дундговь аймгийн Х газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 16[16], 8 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлд[17] Дундговь аймгийн төвийн Сайнцагаан, Луус, Адаацаг, Дэлгэрцогт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг Ч.Өд санал болгоход боломжгүй гэж татгалздаг.
7.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс ... Мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулаагүй гэх боловч энэ талаарх 2020 оны 7-р сарын 16-ны өдрийн баримт[18] хэрэгт авагдсан, үүнд нэхэмжлэгч гарын үсгээ зурсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Иймээс дээрх үндэслэлүүдээр аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны Б/49, Б/53 тоот тушаал хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8.Иргэдийн төлөөлөгч О.У Ч.Өыг ажлаас чөлөөлсөн нь зөв гэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Өын Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 тоот Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 тоот Ө.Тыг дэвшүүлэн томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Халамжийн сан сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9940817 /есөн сая есөн зуун дөчин мянга найман зуун арван долоо/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114-р зүйлийн 114.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С
ШҮҮГЧ Ч.О
ШҮҮГЧ Л.Ө
[1] 1-р хх 6, 93 хуудас
[2] 1-р хх 1-2, 139-140, 152, 153, 240-241, 3-р хх 4 хуудас шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн
[3] 1-р хх 8-р хуудас
[4] 1-р хх 177, 200-201 хуудас
[5] 2-р хх 150 хуудас, арын нүүрэнд хавсралт нь
[6] 1-р хх 22-24, 143-145 хуудас
[7] 1-р хх 194-199 хуудас
[8] 1-р хх 25-29 хуудас
[9] 1-р хх 123-126 хуудас
[10] 1-р хх 30-34 хуудас
[11] 3-р хх 4 хуудас , шүүх хуралдаанд шаардлага нэмэгдүүлсэнг тэмдэглэлээс үзэх.
[12] 1-р хх 30-34 хуудас
[13] 1-р хх 16-19 хуудас
[14] 1-р хх 20-131 хуудас
[15] 3-р хх 1 хуудас
[16] 1-р хх 111-112 хуудас
[17] 1-р хх 115 хуудас
[18] 1-р хх 108 хуудас