Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 133/2019/00084/И |
Дугаар | 001/ХТ2021/01137 |
Огноо | 2021-09-28 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/01137
С.Мөнхжаргал, С.Бумбай нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00333 дугаар шийдвэр,
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00002 дугаар магадлалтай,
С.Мөнхжаргал, С.Бумбай нарын нэхэмжлэлтэй,
Д.Ганширмэнбаатарт холбогдох,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, Анагаах ухааны коллежийн дотуур байрны чанх ард байрлах, 85 м.кв орон сууцны зориулалттай, Ү-0518000432 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч Д.Ганширмэнбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15,000,000 төгрөг, хохиролд 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал, нэхэмжлэгч С.Бумбайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Мөнхжаргал, нэхэмжлэгч С.Бумбайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Д.Ганширмэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал, С.Бумбай нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлах, 85 м.кв орон сууцны зориулалттай байрыг 2005 онд Тэгшбүрэнгээс худалдан авч засвар хийж амьдарч байгаад бэр Нарандуламыг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Нарандулам гараад түүний ах Ганширмэнбаатарынх орсон. Үүнээс хойш 2, 3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд С.Мөнхжаргал, С.Бумбай бидний өмч болох ГАА-н Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлах, 85 м.кв орон сууцны зориулалттай байрыг Д.Ганширмэнбатарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай 85 м.кв хоёр өрөө байрыг 2005 онд Тэгшбүрэнгээс худалдаж авсан. Энэ байранд засвар хийгээд амьдарч байгаад бэр байсан Нарандуламыг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Нарандулам гарч түүний ах Д.Ганширмэнбаатарынх орсон. Үүнээс хойш 2-3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлд хажуу байрныхаа гэрчилгээг солиод өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Одоо уг байранд Д.Ганширмэнбаатарынх амьдарч байгаа болно гэжээ.
Хариуцагч Д.Ганширмэнбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Мөнхжаргал нь 2011 онд манайд тухайн байрыг зарах гэсэн юм танайх авах уу гэж 15,000,000 төгрөгөөр өгч авалцаж байсан. Тухайн үед С.Мөнхжаргал нь байрны гэрчилгээ гэж ер байхгүй дээр үеийн барилга учраас бичиг баримтгүй гэж хэлж манай гэр бүлийнхэн зээл авч тухайн байрыг худалдан авч байсан. Тухайн үед С.Мөнхжаргал, С.Бумбай нартай худ ургийн холбоотой байсан учир тэр үед тэдний үгэнд итгэн худалдаж авсан. 2011 оноос хойш манайх тухайн байрыг бусдад түрээслэж байгаад 2015 оноос би хурим хийж гэр бүлтэй болон байрандаа амьдрах болсон. Нэхэмжлэлдээ байрыг надаас суллаж өгөхийг шаардсан гэж худал хэлж гүжирдэж байна. Эдгээр хүмүүстэй худ ургийн харилцаа тасарснаас хойш тухайн байрыг бичиг баримтжуулж өг гэж шаардахад танай дүү Нарандулам хүүхдүүдээ авчирч уулзуулж бидний өгч буй тэтгэлгийг авч байх юм бол бичиг баримтыг чинь шилжүүлж өгнө гэж дарамталсан. Одоо тухайн асуудал буюу намайг болон манай гэр бүлийнхнийг С.Мөнхжаргал, С.Бумбай нар залилсан байх тул тухайн хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа болно. Өөрчилсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Ганширмэнбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Мөнхжаргал, С.Бумбай нар маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай байрыг 2012 онд бэлэн 15,000,000 төгрөгөөр худалдсан. Түүнээс хойш тус байрыг манайх засварлаж янзлан 1 өрөөг нэмж барих өргөтгөж уг байрандаа амьдарсаар өдийг хүрсэн. С.Мөнхжаргал нь надад гэрчилгээ байхгүй, гараагүй гэж зарсан, удахгүй гэрчилгээг гаргуулж өгнө гэж ярьдаг байсан. Гэтэл надад гэрчилгээг гаргаж өгөхгүй худал ярьж хууран мэхэлж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн болохыг 2019.03.04-нд шүүхэд С.Мөнхжаргал нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. 2012 оноос хойш манайхыг тус байранд амьдарч байхад С.Мөнхжаргал нь байрыг суллаж өг гэсэн шаардлага гаргаж, хөөж тууж байгаагүй. Иймд С.Мөнхжаргал нь намайг хууран мэхэлж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15,000,000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.Мөнхжаргал, С.Бумбай нараас хохиролд 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал, С.Бумбай нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Д.Ганширмэнбаатар бидний хооронд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг Ган өргөө хорооллын 21 дүгээр байрны 7 тоот байрыг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн хэлцэл хэзээ ч хийгдэж байгаагүй учир түүнээс байрны үнэ гэж 15,000,000 төгрөг авч байгаагүй. Харин Д.Ганширмэнбаатарын ах Нямжав нь надаас 8 тонны даацтай ачааны машин худалдан авсан. Тэр машины үнэ болох 10,000,000 төгрөгийг Ганширмэнбаатар, Нямжав нарын аав Доржсүрэн манай гэрт авчирж бэлнээр өгч байсан. Одоо Ганширмэнбаатар нь Доржсүрэн гуайн авчирж өгсөн Нямжавын худалдан авсан ачааны машины үнэ 10,000,000 төгрөгийг өөрийнхөө одоо амьдарч байгаа байрны үнэнд өгсөн хэмээн мэдүүлээд байна. Ганширмэнбаатарын одоо амьдарч байгаа байрыг 2005 онд Тэгшбүрэнгээс худалдан авснаас хойш өнөөг хүртэл С.Бумбай бид хоёрын өмчлөлд байгаа бидний хууль ёсны өмч. Уг байрны талаар маргаан үүсэх болсон шалтгаан нь 2012 онд Ганширмэнбаатарын аав Доржсүрэн гуай надад түүнийг гэрлүүлэх гэж байгаа, манайх саяхан Нямжавыг гэрлүүлсэн, эгч Цэвэлмаа, дүү Нарандулам нарыг бас гэрлүүллээ, ойрын 2-3 жилийн хугацаанд хүүхдүүд гэр бүл болоод Ганширмэнбаатарт байр авч өгч чадахгүй байна. Тиймээс танай саарал байранд түүнийг гэрлүүлье гэдэг санал тавьсан. Би Доржсүрэн гуайтай худ ургийн холбоотой байсан, өмнө нь ч сайн таньдаг ойр дотно харьцаатай байсан, манай хүү Төгс-Итгэлт нь Доржсүрэнгийн хүргэн болсон зэрэг шалтгаануудыг бодолцоод Доржсүрэнг гуайн хүсэлтийг зөвшөөрч Ганширмэнбаатарынх 21-р байрны 7 тоот байран хуримаа хийхийг зөвшөөрсөн. Би Ганширмэнбаатарыг боломжтой болсон үедээ манай байрыг чөлөөлж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл надаас худалдан авсан мэтээр маргаж байна. Айлын хуучин байранд хуримаа хийж байгаа хэн ч уг байраа засаж өнгө будгийг нь шинэчлээд хурим найраа хийдэг. Ганширмэнбаатар ч энэ ёсны дагуу манай байрыны дотор ханыг будаж бага зэрэг засварласан. Өргөтгөл хийсэн гэх нөгөө байрны ханийг босгохдоо уг байрны зүүн хана, гаражны урд хана хоёрыг холбож босгосон хоёр хана байгаа. Энэ өргөтгөлийг хийхэд Ганширмэнбаатараас хөрөнгө, мөнгө гараагүй, миний барилга барьж байсан материалын үлдэгдлүүд болон уурын зуухны үнсээр барьсан. Ганширмэнбаатар энэ байранд амьдрахдаа надад ямар ч түрээс төлдөггүй байсан, бидний хооронд ямар ч хэлцэл хийгдээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00333 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн, улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч Соорогийн Мөнхжаргал /ШЕ61111072/, Сампилийн Бумбай /ШЕ61042640/ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Доржсүрэнгийн Ганширмэнбаатар /ДЮ86032071/-н хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан хариуцагчийн гаргасан Н.Доржсүрэн, С.Мөнхжаргал нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн болон хохиролд нийт 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганширмэнбаатараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхжаргалд олгож шийдвэрлэжээ.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00002 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Д.Ганширмэнбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.27-ний өдрийн 215/МА2020/00002 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ...Хэргийн оролцогчийн эрхээ эдлэх боломжоор хангаагүй шүүхийн энэхүү үйлдэл нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. гэжээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2019.03.07-ны өдөр хариуцагч Д.Ганширмэнбаатарт шүүгч Ц.Үйтүмэн хариуцагчийн эрх үүргийг тайлбарлаж өгсөн тухай баримт хавтаст хэргийн 15, 17-р хуудсанд, шүүгч Д.Янжиндулам хариуцагч Д.Ганширмэнбаатарт эрх үүргийг тайлбарлаж өгсөн баримт хавтаст хэргийн материалын 60 дугаар хуудсанд байгаа. Мөн 2019.08.30, 2019.09.07-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч Д.Ганширмэнбаатарын хүсэлтүүдээр хойшлогдоод 2019.10.21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Тухайн шүүх хуралдаан дээр зохигчдод эрх үүргүүдийг нь шүүгчээс тайлбарлан өгсөн, эрх үүргээ ойлгосон уу, гэхэд ойлгосон гэж байсан энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс /хавтаст хэргийн материалын 84, 153, 215 дугаар хуудсанд/ тодорхой байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Дээрх байдлуудаас харахад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг тал бүрээс нарийн нягталж шалгалгүй, хэтэрхий нэг талыг барьсан магадлал гаргасан гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Мөнхжаргал, С.Бумбай нар Д.Ганширмэнбаатарт холбогдуулан Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, Анагаах ухааны коллежийн дотуур байрны чанх ард байрлах, 85 м.кв орон сууцны зориулалттай байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч маргахдаа хохиролд 30,000,000 төгрөг авна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч талын гомдлыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нар магадлалыг эс зөвшөөрсөн гомдолдоо ...шүүгч хариуцагчид түүний эрх үүргийг тайлбарлаж өгсөн баримтууд хэрэгт авагдсан байхаас гадна шүүх хуралдаанд ч мөн эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа тул шүүгч хариуцагчид эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...анхан шатны шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй буюу хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжоор хэргийн оролцогчийг хангах үүргээ биелүүлээгүй... гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг үндэслэл болгосон байна.
Хэргийн баримтаас үзвэл, шүүх 2019.03.07, 2019.08.08-ны өдрүүдэд хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан /хх 15-17, 59-60 / байх бөгөөд уг баримтад зурагдсан гарын үсэг нь хариуцагчийнх биш гэж зохигч маргаагүй байна.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэргийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгч талын гомдлыг хангах боломжгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
С.Мөнхжаргал, С.Бумбай нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, Анагаах ухааны коллежийн дотуур байрны чанх ард байршилтай орон сууцны зориулалттай, 85 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болохыг дээр дурдсан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд өмчлөгчийн эрхийг зөрчсөн бусдын үйлдэл нь, тухайлбал, эзэмшил нь хууль бус болох нь нотлогдсон байх ёстой юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдохоор байтал шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Улмаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн хариу тайлбар, холбогдуулан гаргасан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх,хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00333 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00002 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн С.Бумбайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нарын гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.Мөнхжаргалаас 2020.01.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД