Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01203

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02207 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 212,918,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацралын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эн Пи петролиум ХХК нь 2014 онд Талын харгуй ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба 2018.7.30-ны өдөр оноосон нэрийг Эн Пи петролиум ХХК болгон өөрчилсөн. Гоулд Минералс ХХК-тай 2018.7.10-ны өдөр ХО2018/13 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. УБ2018/13-01 дугаартай гэрээний 3.2-т ...худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 05-ны дотор Хас банк дахь 5001167083 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө гэж заасан. Эн Пи петролиум ХХК гэрээгээр 2018.7.14-ний өдрөөс 2018.10.31-ний өдөр хүртэл нийт 703,154,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Хариуцагч нь төлбөрийг дараа сарын 5-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 50,799,756 төгрөгийг төлөөгүй. УБ2018/13-01 тоот гэрээний 3.3-т зааснаар нийт 21,488,297 төгрөгийн алданги төлөхөөр байна. Гэрээний 10.1-т зааснаар худалдан авагчийн гэрээний төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүйгээс дээрх гэрээг цуцалж, гэрээний нийт үнийн дүн 703,154,000 төгрөгийн 20% буюу 140,630,800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.Төлбөр гүйцэтгэх дараалал тогтоосон. Алданги, торгууль, үндсэн төлбөр гэсэн дарааллаар гүйцэтгэнэ гэж тохиролцсон. Тухайлбал: 2018.08.05-ны өдөр 7-р сарын төлбөр 140,400,000 төгрөгөөс 2018.08.08-ны өдөр 140,400,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 3 хоногийн алданги 1,263,600 төгрөг болон үндсэн төлбөрөөс 139,136,400 төгрөг хасагдсан үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,263,600 төгрөг үлдсэн. 2018 оны 08 сарын төлбөр болох 359,156,000 төгрөг дээр өмнөх сарын үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,263,600 төгрөг, нийт 360,419,600 төгрөгийг 2019.09.05-ны өдөр төлөх ёстойгоос 9 сарын 14-ний өдөр 100,000,000 төгрөг, 2018.9.21-ний өдөр 190,000,000 төгрөг, 2018.10.02-ны өдөр 69,156,000 төгрөг буюу нийт 359,156,000 төгрөг, хэтрүүлсэн хугацааны алдангийг хасч 19,612,242 төгрөгийн үндсэн төлбөр үлдсэн. 2018.9 сарын төлбөр болох 181,598,000 төгрөгийг 2018.10.05-ны өдөр төлж барагдуулах шаардлагатай бөгөөд өмнөх сарын үлдэгдэл болох 19,612,242 төгрөг, нийт 201,210,242 төгрөгийн үлдэгдэлтэй атал энэ сард огт төлөлт хийгдээгүй тул гэрээнд заасан журмын дагуу 18,889,063 төгрөгийн алданги тооцогдсон. 2018.10 сарын төлбөр болох 22,000,000 төгрөгийг 2018.11.05-нд төлөх ёстой. Хариуцагч нь 2018.11.06-нд 100,000,000 төгрөг, 11 сарын 20-нд 23,598,000 төгрөг, 12 сарын 05-нд 80,000,000 төгрөг төлж барагдуулсан. Хариуцагчаас нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 21,183,498 төгрөгийн алданги,гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар 20%-ийн торгууль 140,630,800 төгрөг, үндсэн төлбөрт 50,799,756 төгрөг нийт 212,918,852 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эн Пи петролиум ХХК-тай 2018.7.10-ны өдөр ХО2018/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Хамтран ажиллах хугацаандаа нийт 703,154,000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээ цуцлах талаар санал гаргаагүй. Мөн Эн Пи петролиум ХХК-ийн нягтлан бодогч Г.Болоршүр манай компанийн нягтлан бодогч Н.Мөнхтуяа нар утсаар ярин тооцоо нийлсэн бөгөөд 2018.11.15-ны өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажсан төлбөрийн үлдэгдэл 103,598,000 төгрөг байсан. Манай компани тооцоо нийлснээс хойш 2018.11.19-нд 23,598,000 төгрөг, 2018.12.04-нд 80,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн манай компани 2018.11.20-ны өдөр албан бичиг хүргүүлсэн ба Эн Пи петролиум ХХК албан бичгийн хариуг 2018.11.23-ны өдөр [email protected] хаягаар манай компанид ирүүлэхдээ үлдэгдэл 80,000,000 төгрөгийг 2018.11.30-ны дотор төлж барагдуулах талаар мэдэгдсэн. ******* ХХК-ийн 2018.11.23-ны өдрийн 2018/365 тоот албан бичгийн хариуг хүлээн авч манай компани 2018.12.04-нд 80,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02207 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Гоулд Минерал ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 72,288,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140,630,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,222,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 519,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 08 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-дэх хэсэгт заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хэргийн утга: ******* ХХК болон Гоулд Минералс ХХК-ийн хооронд 2018.07.10-ны өдөр байгуулагдсан №Х02018/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн төлбөрт 50,799,756 төгрөг, алдангид 21,488,297 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 140,630,800 төгрөг, нийт 212,918,852 төгрөг гаргуулах тухай. Иргэний хуулийн 249-р зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан. Гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө буюу хариуцагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас нэхэмжлэгч ******* ХХК нь 2018.10.02-нд шатахуун нийлүүлэлтийг зогсоосон бөгөөд энэ үйлдэл нь шууд утгаараа гэрээг цуцалсан үйлдэл байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл бол нэхэмжлэгч тал газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч төлбөрийг төлөх байсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2018.10.02-ны өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлснээ хүлээн зөвшөөрдөг. Мөн 2019.04.29-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцалсан асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. /х.х-1,2/ Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа нэхэмжлэгч гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлээгүй талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгч хариу тайлбар хүргүүлсний дараа буюу 2019.08.09-ний өдрийн гэрээ цуцлах тухай албан бичгийг иргэний хэргийн материалд өгсөн./х.х-54/ Гэрээ цуцалсан тохиолдолд үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэрээ хэзээ цуцлагдсан талаарх асуудалд дүгнэлт хийхгүйгээр, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр болон анз төлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн. 2016.09.05-ны өдрийн 3 дугаартай Монгол Улсын Дээд Шүүхийн зөвлөмжийн II Иргэний хуулийн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаарх зохицуулалтыг хэрэглэж буй шүүхийн практик хэсэгт (...хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана) гэж тайлбарлажээ. Талууд гэрээгээр нийлүүлсэн шатахуун болон төлсөн төлбөрт маргадаггүй. Гэрээний 3.3-т заасан алданги болон 3.8-д заасан төлбөр төлөх дарааллын асуудал дээр маргадаг. /х.х 16, 108/ Нэгэнт гэрээний гол нөхцөл хэрэгжих боломжгүй болсон нь гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ирүүлсэн алдангийн тооцооллын хүснэгтээс харахад гэрээ цуцлагдсан өдөр буюу 2018.10.02-ны өдрийг хүртэлх алданги 18,889,063 төгрөг байдаг. Үүнийг гэрээний 3.8-д заасан төлбөр гүйцэтгэх дарааллаар хариуцагчийн төлсөн төлбөрөөс хасч тооцсон гэж үзвэл үндсэн төлбөрийн үлдэгдэл 18,889,063 төгрөгийг хариуцагч тал төлөхөөр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2. дахь хэсэгт зааснаар нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан 212,918,852 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ газрын тосны бүтээгдэхүүн худалдсаны төлбөрийн үлдэгдэл 50,799,756 төгрөг, хугацаа хэтрүүлж төлсөн төлбөр бүрээс тооцсон алдангийн үлдэх хэсэг 21,488,297 төгрөг, нийлүүлсэн бүтээгдэхүүний нийт үнэ 703,154,000 төгрөгийн 20%-ийн торгуульд 140,630,800 төгрөг тус тус гаргуулна уу гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...2 компанийн нягтлан бодогч нарын хийсэн 2018.11.15-ны өдрийн тооцоогоор 103,598,000 төгрөгийн үлдэгдэл байсан, ...уг мөнгийг төлсөн гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн төлбөр 50,799,756 төгрөг, алданги 21,488,297 төгрөг, бүгд 72,288,053 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, торгуульд 140,630,800 төгрөг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Зохигчийн хооронд 2018.07.10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч нийт 703,154,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч мөн 703,154,000 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ.

 

Гэрээний 2.1-д гэрээг талууд 2018.07.10-ны өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл байгуулав, 3.1-т барааны үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ, худалдан авагчийн хэрэгцээг харгалзан тухай бүр тохиролцож нийлүүлэх, 3.2-т талууд сар бүрийн 15, 30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэн, тухайн сард худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 5-ны дотор шилжүүлэх буюу бэлнээр төлнө, 3.3-т худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө, 3.8-д төлбөр гүйцэтгэх дараалал...алданги, торгууль, үндсэн төлбөр гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсан гэрээний 3.1, 3.2, 3.3, 3.8-д заасан зохицуулалтаас үзвэл талууд газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах ерөнхий гэрээ байгуулсан боловч бүтээгдэхүүний хэмжээ, үнийг гэрээнд шууд тусгаагүй, харин нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг худалдан авагчийн хэрэгцээ шаардлагаар захиалгад үндэслэн тодорхойлох, бүтээгдэхүүний үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцох, улмаар тооцоог сар тутамд нийлж, худалдан авагч дараа сарын 05-ны дотор төлөх, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлж гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги шаардахаар, эдгээрээс гадна төлбөр гүйцэтгэх дарааллыг харилцан тохиролцож журамласан байна.

 

Талуудын энэхүү тохиролцооноос, сар бүрийн нийлүүлэлт нь тусдаа бие даасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзнэ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо, 2018.10.02-ны өдрөөс нийлүүлэлтээ зогсоосон нэхэмжлэгчийн үйлдэл нь шууд утгаараа Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээ цуцалсан гэж үзнэ, энэ байдлыг шүүх анхаараагүй, шүүхэд хандсан 2019.04.29-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж алданги тооцсон нь буруу... гэжээ.

 

Гэрээнд бүтээгдэхүүн нийлүүлэх ерөнхий хугацааг 2019.12.31-ний өдөр хүртэл гэж заасан боловч нэхэмжлэгч Эн Пи петролиум ХХК /худалдагч/ нь 2018.10.02-ны өдрөөс хойш нийлүүлэлтээ зогсоосон, энэ шалтгаанаа хариуцагч ******* ХХК-д /худалдан авагч/ бүтээгдэхүүний үнийг хугацаанд нь төлөөгүйтэй холбоотой гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй тул уг хугацаанаас хойш төлбөрийг шаардаж, улмаар 2019.04.29-ний өдөр шүүхэд хандсан, тухайн өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 249-р зүйлийн 249.1-д гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан нь гэрээнээс татгалзаж эсхүл цуцалж байгааг зохицуулсан бус харин хариуцагчийн /худалдан авагч/ худалдан авсан бүтээгдэхүүний үнийг сар тутамд хугацаанд нь төлөх үүргээ биелүүлж чадахгүй бодит байдал бий болсон шалтгаанаар нэхэмжлэгч /худалдагч/ нийлүүлэлтээ зогсоож байгаа буюу үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа тохиолдлын талаарх хэм хэмжээ бөгөөд цаашид худалдагч гэрээний дагуу бараагаа дахин нийлүүлж эхлэх эсхүл гэрээнээс татгалзах /цуцлах/ нь тухайн этгээдийн хүсэл зориг болно. Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болохоос өмнө 2019.04.29-ны өдрөөр гэрээг цуцалж шүүхэд хандсан, шүүх уг өдрөөр ерөнхий гэрээ цуцлагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцсэн байна. Иймээс нэхэмжлэгч сар бүрийн бие даасан худалдан авалтын төлбөрийн үлдэгдлийг гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангийн хамт шаардах эрхтэй.

 

3. Нийт 703,154,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч сар бүрийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг хугацаа хэтрүүлж төлснийг маргаагүй ба нэхэмжлэгч нь ногдох алдангийг тооцоолж, гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу алданги болон үндсэн төлбөрийг төлүүлж, төлбөрийн үлдэгдэл 50,799,756 төгрөг, алданги 21,488,297 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл шаардсан нь хууль болон гэрээнд заасантай нийцсэн байх тул эдгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

4. Гэрээний 10.1-д гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачилгаар цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээнэ гэж заасныг үндэслэж нэхэмжлэгч нь 140,630,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 232.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Тухайлбал, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох анз нь алданги, торгууль гэсэн 2 төрөлтэй ба сар тутамд нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг хариуцагч хугацаа хэтрүүлж төлсөнд нэхэмжлэгч гэрээний 3.3-т заасны дагуу алданги шаардсан атлаа гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг цуцалсан шалтгаанаар дахин торгууль шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02207 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.12-ны өдөр төлсөн 519,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД