Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 412

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00412

 

 

 “ НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/02177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Г-д холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4-р блокын 2-р давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ганчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бямба-Оюун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Чингэлтэй дүүргийн 8-р хороо Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4-р блокын 2-р давхарт байрлах 169.94 м.кв талбай бүхий 10 өрөөг Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/41 дугаар захирамжийн дагуу 17 880 140 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эзэмших эрхтэй болсон юм. Үүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газартай жил болгон гэрээ хийж түрээсийн төлбөрийг зохих журмын дагуу төлж ирсэн юм.

Манай компани өөрийн эзэмшлийн өрөө тасалгаануудын зарим хэсгийг хувь хүмүүс болон компанид түрээслүүлдэг бөгөөд Н.Энхтайваны эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа 18 м.кв өрөөг 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Г- албан конторын зориулалтаар түрээслэхээр 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн юм. Гэрээний хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан бөгөөд дахин гэрээ огт хийгээгүй .

Миний зүгээс түрээсийн гэрээ хийхгүй өрөөгөө сулла гэдэг шаардлага тавьдаг боловч Ц.Г- хүлээж авдаггүй.

2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ц.Г- нь энэ өрөөнд өөрөө дур мэдэн орж, надад тэмдэглэлийн дэвтэр дээр “Ар буян групп” ХХК өрөөг хүлээж авлаа гэсэн гарын үсэг зурж тамга дарж өгсөн. Иймд компани түрээсийн гэрээ хийхгүй, өрөөг суллаж өг гэсэн боловч гарахгүй өөрөө ч энэ өрөөг эзэмшихгүй, Н.Энхтайван гэдэг хүнд давхар түрээсэлж , энэ хүн түрээсийг төлж ирсэн .

Иймд Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4-р блокын 2-р давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөг албадан чөлөөлж, түрээсийн төлбөр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НТ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу миний бие гэрээний үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд түрээсийн гэрээ цуцлагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Түрээслэгч тал болох “НТ” ХХК нь түрээсийн төлбөрийг өөрийн хүсэл зоригоор удаа дараа нэмж байсан бөгөөд түрээсийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Н.Энхтайваны үйл ажиллагаанд Ц.Г- хөрөнгө оруулсан. Тиймээс энэ 2 хүн олсон орлогоо хуваан авдаг ажлын хамтрагчид юм. Ц.Г- өөр хүнд түрээслээгүй харин өөрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан гэж ойлгох ёстой юм. Өрөөгөө түрээслэхээ больж байгаа тохиолдолд түрээслэгч байгууллага 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой энэ хугацаанд гараагүй бол 14 хоногийн түрээсээ өгнө гэсэн заалттай.

Миний бие “НТ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан ч өнөөдрийн байдлаар тус түрээсийн байранд иргэн Н.Энхтайван үйл ажиллагаа явуулж байгаа болно. Н.Энхтайван бид хоёр хамтран ажиллах гэрээгээр хамт ажилладаг нь үнэн бөгөөд харилцсан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн төлбөр тооцоог миний бие төлж барагдуулдаг болно.

Мөн түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй гэж манай зүгээс үздэг бөгөөд 2009 онд анх гэрээ байгуулагдсанаас хойш тооцвол 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дуусах ёстой. Түрээсийн төлбөрөө аваад байгаа хэрнээ гэнэт гарах тухай мэдэгдэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасныг баримтлан “НТ” ХХК-ийн эзэмшлийн Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн барилгын 4 дүгээр блокын 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөг Ц.Г-ын эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан түрээсийн төлбөрт 1 630 000 төгрөг гаргуулах “НТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Г- биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хэдийгээр нэхэмжлэгч тал хариуцагчийг чөлөөтэй сонгох эрхтэй ч нэхэмжлэлийн шаардлагын хувьд авч үзвэл тухайн талбайг эзэмшиж, ашиглаж, үр шимийн хүртэж, түрээсийн төлбөрийг төлж байгаа этгээд буюу жинхэнэ хариуцагч нь Н.Энхтайван юм. Аливаа хөрөнгийг албадан чөлөөлүүлэхтэй холбоотой маргааны тухайд тухайн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдэд хандан гаргах нь зүйн хэрэг.

Учир Н.Энхтайван нь 2014 оны 5 сард уг талбайг түрээсэлж эхэлсэн. Энэ хугацаанд ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулагдаагүй ч "НТ" ХХК, Н.Энхтайван хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсэж, үргэлжилж байсан зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 2014 оны 05 сараас хойш түрээсийн төлбөр төлж байсан, "НТ" ХХК-ний баталгаат шуудангаар ирүүлсэн мэдэгдэлийг хүлээн авсан дээр зурсан Н.Энхтайваны гарын үсэг, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог.

Намайг хариуцагчаар татсан тухайд "НТ" ХХК-тай 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Улмаар 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр н.Төрболд гэх хүнтэй түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Миний бие 2012-2016 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Иймд "НТ" ХХК-тай холбоотой түрээсийн харилцаанд хамааралгүй тул жинхэнэ хариуцагчийг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах хүсэлтэй байна.

“НТ" ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй этгээд мөн эсэх дээр хариуцагч тал маргасан. Учир нь Нийслэлийн өмчийн харилцааны газар, "НТ" ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 010206 тоот "Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ"-г 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 9 сарын хугацаатай байгуулсан.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-д заасны дагуу "НТ" ХХК-д дамжуулан түрээслэх зөвшөөрөл олгосон тохиолдолд "НТ" ХХК-д нэхэмжлэх эрх үүснэ. Дээрх зөвшөөрлийг гаргуулах хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2017 оны 10 сарын 30-ны өдөр гаргасан боловч "хувь түрээслэгчид өгөх боломжгүй" гэх хариуг өгсөн.            Ингээд шүүхээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хангаж шийдвэрлээгүй. "НТ" ХХК-ийг нэхэмжлэх эрхтэй эсэхийг тогтоох чухал ач холбогдол бүхий нотлох баримт хэрэг авагдаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “ НТ” ХХК нь хариуцагч Н.Энхтайванд холбогдуулан 18 м.кв талбай бүхий өрөөг чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үүрэгт 1 630 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Энхтайван эс зөвшөөрч, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр анхан шатны шүүх хүлээн авч, мөн өдөр гардуулан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. /хх 56, 57, 68 дахь тал/

 

            Хариуцагч Ч.Энхтайван 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэл олгосны үндсэн дээр Э. Ариунсанаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр болжээ / хх 76 дахь тал/

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Энхтайваныг жинхэнэ хариуцагчаар Ц.Г-оор солих хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 07-н өдөр захирамж гаргасан. Хариуцагч Н.Энхтайваны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунжаргал нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг /хх 104/ шүүхэд ирүүлсэн байхад шүүх хариуцагч Н.Энхтайваны сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

            Үүнтэй холбоотойгоор хариуцагч Н.Энхтайван сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулснаас уг мөнгөн хөрөнгө улсын орлогод үлдсэн байна.

 

Энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/02177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА