Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00010

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Урт цагаан 4 дүгээр корпус, 2 давхарт байрлах, Н ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд оршин суух, Б хүнд овогт Ц.Г /РД /,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн тасган 12 дугаар гудамж, 208 тоотод оршин суух, Боржигон овогт Нацагдоржийн Энхтайван /РД:ЧИ87042174/ нарт холбогдох,

 

“Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4 дүгээр блокийн 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөг чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 1,630,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Н.Э ы “Хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээслэх давуу эрхээр хангуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , хариуцагч Ц.Г , түүний өмгөөлөгч Б.У , хариуцагч Н.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Минжмаа, бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээд “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх, түүний өмгөөлөгч А.Нарантуяа, гэрч М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн төлөөлөгч Ш.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4 дүгээр блокийн 2 дугаар давхарт байрлах 169.94 м.кв талбай бүхий 10 өрөөг Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/41 дугаар захирамжийн дагуу 17,880,140 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эзэмших эрхтэй болсон юм. Үүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газартай жил болгон гэрээ хийж түрээсийн төлбөрийг зохих журмын дагуу төлж ирсэн юм.

Манай компани өөрийн эзэмшлийн өрөө тасалгаануудын зарим хэсгийг хувь хүмүүс болон компанид түрээслүүлдэг бөгөөд Н.Э ы эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа 18 м.кв өрөөг 2010 оны 11 дүгээр сарын 10-нд Ц.Г гэдэг хүн анх албан конторын зориулалтаар түрээслэхээр 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн юм. Гэрээний хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан бөгөөд дахин гэрээ огт хийгээгүй.

Ц.Г нь өөрөө энэ байрандаа бараг байдаггүй давхар түрээсэлж Н.Э  гэдэг хүн байнга байдаг юм. Энэ нь гэрээний 3.8 дахь заалтанд Түрээсэлж байгаа өрөө тасалгааг давхар түрээслэхгүй байх мөн Түрээслүүлэгч гарах тухай мэдэгдэл өгсөн тохиолдолд заасан хугацаанд өрөө тасалгааг чөлөөлж, түрээсийн төлбөрийн тооцоог хийж хүлээлгэж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.

Ц.Г нь бусад түрээслэгчид буруу ташаа мэдээлэл өгч, компанийн нэр хүндийг унагаж, зохион байгуулалттай түрээсийн төлбөрийг түрээслэгч нараар өгүүлэхгүй байснаас компани санхүүгийн хүндрэлд орж, Нийслэлийн өмчийн газарт өр төлбөртэй болсон. Гэвч манай манай компани өр төлбөрөө барагдуулж, зохих гэрээг Нийслэлийн өмчийн газартай жил болгон хийж, эзэмших эрхээ хадгалж ирсэн.

2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ц.Г нь энэ өрөөнд өөрөө дур мэдэн орж, надад тэмдэглэлийн дэвтэр дээр “Ар буян групп” ХХК өрөөг хүлээж авлаа гэсэн гарын үсэг зурж тамга дарж өгсөн. Иймд компани түрээсийн гэрээ хийхгүй, өрөөг суллаж өг гэсэн боловч гарахгүй өөрөө ч энэ өрөөг эзэмшихгүй, Н.Э  гэдэг хүнд давхар түрээсэлж, энэ хүн түрээсийг төлж ирсэн.

Компанийн хувьд өрөөнүүдийг 2013 оноос 2016 он дуустал 400,000 төгрөгөөр буюу хямд үнээр түрээсэлж, зарим түрээслэгч нар хугацаанд төлбөрөө төлөхгүй байгаагаас алдагдалтай ажиллаж байгаа тул түрээсэлж байгаа өрөөнүүдийг суллаж, засвар хийж, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн, гадаад хэлний сургалт явуулах зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Гэтэл зарим түрээслэгчид өрөөгөө суллаж өгөхгүй компанийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа бөгөөд компанийн зүгээс удаа дараа мэдэгдэл өгч байгаа боловч хүлээж авахгүй байна.

Манай компани нь хууль ёсоор эзэмших эрхтэй учир Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан Шударга эзэмшигч гэж үзэж байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан дагуу Н.Э ыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4-р блокийн 2-р давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөнөөс албадан нүүлгэж өгнө үү. Түрээслэгч Н.Э аас 1,630,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Ц.Г , Н.Э  нарт тус компанийн ажлын байрны өрөөг суллаж өгөх нэхэмжлэлийг гаргасан байгаа бөгөөд уг нэхэмжлэл дээр нэмэгдүүлэн төлөхгүй байгаа түрээсийн төлбөрийг гаргуулж өгөхийг хүсч байна.

2017 оны 12 дугаар сараас хойш төлөхгүй байгаа тул сар бүрийн түрээсийн төлбөр 500,000 төгрөг төлж байгаагийн 2017 оны 12, 2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12  дугаар сарын нийт 6,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт урт цагааны 2-р корпусын 2004 онд 10 өрөөг эзэмших эрхтэй болсон.

Хөрөнгө оруулалтын гэрчилгээ өгсөн. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь энэ оны 3 сард жилээр нь гэрээгээ хийдэг, эдгээр компаниуд түрээсээ төлдөг. Тэдгээрээс өрөөгөө ашиглуулсны төлбөр авдаг цааш өгдөг. Ц.Г нь 2010 онд анх оръё гэж 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Ингээд Н ХХК-тай түрээсийн гэрээ хийсэн, ингээд үйл ажиллагаагаа явуулаад түрээсийн гэрээ дууссан, одоо 2012-2013 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшинэ гээд түрээсэлж байсан өрөөгөө хаяад явсан. Тэр хооронд өөр хүмүүс орсон ингээд 2016 онд хүрч ирээд би өрөөндөө орлоо гээд компаниараа тэмдэглэлийн дэвтэр дээр нь бичээд тамгаа дарчихсан. Н.Э  гэж хүн тэр өрөөнд байнга байдаг, Ц.Г байдаггүй. Өмнөх шүүх хуралдаанд Ц.Г бид хамтран ажилладаг гэж Н.Э  ярьж байсан. Хариуцагч нар өнөөдрийг хүртэл байгаа.

Ц.Г гэрээ хийдэггүй, гэрээ хийх гэхээр төлбөр мөнгө дээр тохирдоггүй, хүлээж авдаггүй учраас байрнаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Гарахгүй мөртлөө 2017 оны 12 сараас хойш мөнгөө өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн шүүх анхан шатны шүүхээр явж байхад мөнгөө өгөөгүй байгаад байна. Иймээс гэрээ байгуулаагүй учраас л нэхэмжилж байгаа. 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл байр ашигласны төлбөр 6,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээний хувьд Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Н ХХК-иас гэрээгээ аваагүй гэж Ц.Г хэлж байна. Сая мөнгөө төлчхөөд уулзахад дараа жилийнхээ 2019 оны 03 сард гэрээгээ хийгээрээ гэж тайлбарласан байдаг. Гэрээ байгуулаагүй учраас албадан гаргуулна. 6,500,000 төгрөгийн үндэслэл нь 2011 оны 10 сард дандаа 500,000 төгрөгөөр төлдөг байсан учраас энэ төлбөрөөрөө авна. Н ХХК нь 17,800,000 төгрөгөөр хөрөнгө оруулалтын гэрчилгээ авчихсан шударга эзэмшигч, байрыг нь чөлөөлж өгөхгүй байгаа учраас Ц.Г , Н.Э  хоёроос хоёулангаас нь нэхэмжилж байна” гэв.

           

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“Ц.Г миний бие тус хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. Миний бие Н ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан ч өнөөдрийн байдлаар тус түрээсийн байранд иргэн Н.Э  үйл ажиллагаа явуулж байгаа болно. Н.Э  бид хоёр хамтран ажиллах гэрээгээр хамт ажилладаг нь үнэн бөгөөд харилцсан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн төлбөр тооцоог миний бие төлж барагдуулдаг болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн байрнаас албадан гаргуулах бөгөөд миний бие тус байранд ажиллахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх үндэслэлгүй байна. Иймд миний бие тус хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна.

Н ХХК-тай байгуулсан гэрээний дагуу миний бие гэрээний үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд түрээсийн гэрээ цуцлагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Түрээслэгч тал болох Н ХХК нь түрээсийн төлбөрийг өөрийн хүсэл зоригоор удаа дараа нэмж байсан бөгөөд түрээсийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шаардлагыг хариуцагчаар татагдсан Ц.Г миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч тайлбартаа түрээсийн гэрээгүй гэдэг бөгөөд 2017 оны 12 сар хүртэл 500,000 төгрөг төлж байсны дагуу сарын 5008000 төгрөгөөр тооцож суусан хугацааны хөлс буюу хохирлоо нэхэмжилдэг хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан албан ёсны гэрээгүй Иргэний хуульд заасан шударга эзэмшигч биш бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 6,5 сая төгрөгийн хохирол нь гэм хорын хохиролтой холбоотой асуудал биш учир нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч Н.Э  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Э  миний бие нь Ц.Г той 2010 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулан тус өрөөнд хамтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Н ХХК-ийн захирал Ш.Л нь жил болгон түрээсийн гэрээ хийх ёстой боловч түрээсийн гэрээ хийхээсээ илүү дуртай үедээ янз бүрийн шалтаг шалтгаанаар түрээсийн төлбөрөө нэмж, цаг тухайд нь түрээсийн төлбөрөө авдаг байсан. Одоог хүртэл түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж, авч байгаа нь бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа үргэлжилж байгаа төдийгүй миний түрээсэлж байгаа нь өрөө нь хөдлөх эд хөрөнгө бус үл хөдлөх хөрөнгө тул түрээсийн гэрээний хугацаа Иргэний хуулийн 320.3-д заасны дагуу дуусаагүй байна.

Мөн Н ХХК нь нэхэмжлэлийн уг шаардлагыг гаргах эрхтэй этгээд мөн эсэх эргэлзээтэй байна. Учир нь Нийслэлийн өмчийн харилцааны газар /цаашид “НӨХГ” гэх/, Н ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр №010206 “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 9 сарын хугацаатай байгуулсан байдаг. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-д “... түрээсээр эзэмшиж буй нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслэх, хамтран түрээслэх бол НӨХГ-аас зөвшөөрөл авна” гэж заасны дагуу НӨХГ-аас Н ХХК-д дамжуулан түрээслэх зөвшөөрөл олгосон нь тодорхойгүй байгаа тул Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжилсэн сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр бодон нийт 3,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь ямар нэгэн бидний хооронд байгуулсан гэрээнд заагаагүй, дахин түрээсийн төлбөрийг өөрчилсөн гэх түрээсийн гэрээ байхгүй тул үнэн бодит баримтанд үндэслээгүй түрээсийн төлбөр гэж үзэж байна. Иймд хариуцагч миний зүгээс түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч тайлбартаа түрээсийн гэрээгүй гэдэг бөгөөд 2017 оны 12 сар хүртэл 500,000 төгрөг төлж байсны дагуу сарын 500,000 төгрөгөөр тооцож суусан хугацааны хөлс буюу хохирлоо нэхэмжилдэг хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан албан ёсны гэрээгүй Иргэний хуульд заасан шударга эзэмшигч биш бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 5 сая төгрөгийн хохирол нь гэм хорын хохиролтой холбоотой асуудал биш учир нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Н.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Минжмаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Албадан гаргуулах шаардлагын тухайд манай байгууллагад хандсан хариуг харахад 2012 онд гэрээгүй гэрээний 3.10-т зааснаар зөвшөөрөл аваагүй, албадан гаргах нэхэмжлэл гаргах эрхгүй, биднийг яагаад хохирол учруулаад байна вэ гэдэг вэ гэдэгт хохирол учруулаагүй 2009 оноос хойш байгуулсан гэрээ болон орлогын баримтаас харагддаг, сар болгон төлбөрөө төлдөг. Энэ хүн хохирол учруулаад байна гээд байгаа. Энийг бол үгүйсгэж байна. Тэнд 10 хүн байгаа эдгээр хүмүүст хохирол учруулах нөлөөлөх эрх байдаггүй, жилийн төлбөр 18,483,395 төгрөг төлнө. Энэ байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Биднийг төлбөр өгөхгүй гэж байгаа нь үгүйсгэгдэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд бид төлөх ёстой гэсэн гэрээ байвал хууль ёсны өмчлөгчид нь төлөх ёстой гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч Н.Э  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н ХХК болон надтай хамтран ажилладаг Ц.Г той 2011 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулсан одоо хүртэл үргэлжилж байгаа энэхүү түрээсийн гэрээ нь Н ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 11 дүгээр зүйлд Нийслэлийн өмчийн харилцааны газрын зөвшөөрөл аваагүй хийгдсэн түрээсийн тул Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчингүйд тооцож тухайн гэрээг албан ёсоор хийх этгээдтэй үргэлжлүүлэн түрээслэх зохих хууль ёсны шаардлагаа биелүүлэн ажиллаж байсан тул дараагийн хуульд заасан түрээслэх давуу эрхээр хангаж өгнө үү.” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-ын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Н ХХК нь Нийслэлийн Өмчийн “Урт цагаан үйлчилгээний төв”-д 169,94 м.кв талбай бүхий ажлын байрыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн гэрээ байгуулж эзэмшиж байсан. 2018 онд түрээсийн гэрээ байгуулаагүй, нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байгаа болно.

Н ХХК нь түрээсийн гэрээний нөхцөлд заасан зүйл заалтыг удаа дараа зөрчиж ирсэн. Тухайлбал гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөхгүй байнга хугацаа хэтрүүлж хүндрэл чирэгдэл учруулж ирсэн, мөн 3 дугаар зүйлийн 3.11-д заасан нөхцөлийг зөрчиж нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх бол нийслэлийн Өмчийн харилцааны газрын зөвшөөрөл авна гэж заасныг байнга зөрчиж ирсэн.

Энэ үндэслэлээр нийслэлийн Өмчийн харилцааны газар нь цаашид Н ХХК-тай түрээсийн гэрээг байгуулж ажиллах боломжгүй гэж үзэж байна.

Мөн Н ХХК нь Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр илүү орлого олсон этгээд гэж үзэх үндэслэлтэй байх тул нийслэлийн Өмчийн харилцааны газар нь уг компаниас нийслэлийн өмчийн байраа чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр илүү олсон орлогыг нэхэмжлэх болно.” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх болон өмгөөлөгч А.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Урт цагаан 169,94 м.кв талбайг Н ХХК нь 2017 оноос эзэмшиж байгаа, хөрөнгө оруулалт хийсэн, жил бүр түрээсийн гэрээ байгуулан ажилладаг, тухайн гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчөөс тогтоол гарсан, сүүлд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 тоот тогтоолоор түрээслэх журмыг баталсан, журмын дагуу нийслэлийн өмчийг түрээсэлдэг 30 газар байдаг. Түүний нэг нь Н ХХК байгаа. Тус компани нь 2017 дуустал түрээсийн гэрээтэй байсан. 2018 онд түрээсийн гэрээ байгуулаагүй, Н ХХК нь давхар түрээсийн асуудлыг удаа дараа гаргаж байгаа нь үнэн. 2017 он хүртэл байгуулж байсан гэрээний 3.11-т зааснаар дамжуулан түрээслэх бол Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах ёстой байдаг, дамжуулан түрээслэхийг хориглосон заалттай байдаг. Н ХХК нь дамжуулан түрээсэлсэн, үүнийг зөвшөөрдөггүй, тарифын тухайд Нийслэлийн өмчийн харилцааны газар 170 м.кв талбай бүхий ажлын байрыг 4500-8500 төгрөгөөр 1 м.кв-ыг түрээсэлдэг, цааш дамжуулан түрээсэлж 27,700 төгрөгөөр түрээсэлдэг юм байна. Н ХХК нь 3-6 дахин нэмж түрээсэлдэг юм байна. Хямд хөрөнгийг цааш илүү орлого олон түрээсэлж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-г зөрчиж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь цаашид анхаарч ажиллана, өмчийн хувьд Н ХХК хууль бус шаардлага байна гэж үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад                                                                                                                    

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ц.Г , Н.Э  нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4 дүгээр блокийн 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөг чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 1,630,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Г түрээсийн төлбөр 1,630,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Н.Э ыг оролцуулж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, Ц.Г , Н.Э  нарыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан IV корпус, 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөг чөлөөлүүлэх, хариуцагч нараас өрөөг ашигласан хугацааны төлбөр буюу хохирол 6,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

            Хариуцагч Н.Э  нь нэхэмжлэгч Н ХХК-д холбогдуулан “Хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээслэх давуу эрхээр хангуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч Н.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсанаа нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул шүүхэд гаргасан хариуцагч Н.Э ы сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ц.Г той Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн барилгын 4 дүгээр блокийн 2 дугаар давхарт байрлах 18 м.кв талбай бүхий ажлын байрыг түрээслүүлэхээр харилцан тохиролцож, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 21 дугаартай түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээнд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 270,000 төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай гэрээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 17 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Г той 1 жилийн хугацаатай Н ХХК-тай түрээсийн гэрээ хийсэн, ингээд үйл ажиллагаагаа явуулаад түрээсийн гэрээ дууссан. Хариуцагч нар өнөөдрийг хүртэл байгаа.

Ц.Г гэрээ хийдэггүй, гэрээ хийх гэхээр төлбөр мөнгө дээр тохирдоггүй, хүлээж авдаггүй учраас байрнаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

2017 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл байр ашигласны төлбөр 6,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрээ байгуулаагүй учраас албадан гаргуулна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэгч тайлбартаа түрээсийн гэрээгүй гэдэг бөгөөд 2017 оны 12 сар хүртэл 500,000 төгрөг төлж байсны дагуу сарын 500,000 төгрөгөөр тооцож суусан хугацааны хөлс буюу хохирлоо нэхэмжилдэг хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан албан ёсны гэрээгүй Иргэний хуульд заасан шударга эзэмшигч биш бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 6,5 сая төгрөгийн хохирол нь гэм хорын хохиролтой холбоотой асуудал биш учир нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.

 

Хариуцагч Н.Э  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...Албадан гаргуулах шаардлагын тухайд манай байгууллагад хандсан хариуг харахад 2012 онд гэрээгүй гэрээний 3.10-т зааснаар зөвшөөрөл аваагүй, албадан гаргах нэхэмжлэл гаргах эрхгүй, хохирол учруулаагүй 2009 оноос хойш байгуулсан гэрээ болон орлогын баримтаас харагддаг, сар болгон төлбөрөө төлдөг.

Энэ байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Биднийг төлбөр өгөхгүй гэж байгаа нь үгүйсгэгдэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд бид төлөх ёстой гэсэн гэрээ байвал хууль ёсны өмчлөгчид нь төлөх ёстой гэж үзэж байна...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн зүйлийн 318.3-т “Хуульд өөрөө заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь түрээсийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу шаардах эрх нь Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус хэсгийг түрээсэлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

 

            Дээрх гэрээний хугацааг 1 жилээр байгуулсан байх бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий ч хариуцагч Ц.Г , Н.Э  нар нь түрээсийн байранд үйл ажиллагааг одоог хүртэл явуулж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Н ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-тай 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгуулсан байх бөгөөд, уг гэрээгээр Нийслэлийн өмчийн эд хөрөнгө болох Урт цагааны 4 дүгээр корпус 2 давхарт байрлах 169,94 м.кв талбай бүхий байрыг “Ахуй үйлчилгээ, алт мөнгөний дархан”-ны зориулалтаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны дотор урьдчилж төлөх, түрээсийн төлбөрийн талбайн үнэ, түрээсийн төлбөрийн хэмжээг гэрээний хавсралтад зааснаар төлөхөөр талууд тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-гээр тогтоогдож байна. /хх-ийн 9-15 дугаар тал/

 

            Мөн нэхэмжлэгч Н ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар 31-ний өдөр “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Н ХХК нь “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-ын буюу нийслэлийн өмчийн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан IV корпус, 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөний өмчлөгч Н ХХК биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан IV корпус, 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөний өмчлөгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газар бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газар нь нэхэмжлэгч Н ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дуусгавар болсон, дахин түрээсийн гэрээ байгуулаагүй нь зохигчдын тайлбараар нотлогджээ.

 

            Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний төрөл болох түрээсийн гэрээнд эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигч нь түрээслүүлэгч байдаг учир нэхэмжлэгч Н ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан IV корпус, 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, бусдаас түрээсийн эд хөрөнгөөс албадан гаргах болон түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

            Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.11-д “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх бол нийслэлийн өмчийн харилцааны газрын зөвшөөрөл авна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ц.Г той түрээсийн гэрээ байгуулж, нийслэлийн өмчийн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэхдээ зөвшөөрөл аваагүй болох нь нэхэмжлэгч талын өөрийнх нь тайлбар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-ын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1437 дугаартай Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

                Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлсөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан нь Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлсөх гэрээний эрх зүйн зохицуулалтууд адил хамаарах юм.      

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5., 295 дугаар зүйлийн 295.1.-д зааснаар гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Н ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай түрээсийн гэрээний дагуу нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх эрхтэй боловч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасны дагуу тэдгээрийн хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн түрээсийн гэрээний хугацаа дууссан буюу эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон байх тул дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ц.Г болон Н.Э  нарыг түрээсийн эд хөрөнгөөс албадан гаргуулах шаардлага гаргах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2018 оны түрээсийн төлбөрт 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 4,600,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13,883,800 төгрөг төлсөн, энэ үндэслэлээр гэрээ байгуулагдаагүй ч гэсэн гэрээний харилцаа үргэлжилж байгаа гэж тайлбарлах боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын шүүхэд гаргасан 2018 онд түрээсийн гэрээ байгуулаагүй, нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх тайлбараар  үгүйсгэгдэж байна.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Н ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.1-д “Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон протокол үйлдэж баталгаажуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал гэрээг харилцан дүгнэж, гэрээг сунгах талаар харилцан тохиролцож протокол үйлдсэн талаар баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байх тул дээрх үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.  

 

Иймд хариуцагч Ц.Г оос 500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Э  болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4 дүгээр блокийн 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөг чөлөөлүүлэх, 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх иргэдийн төлөөлөгч М.Халиунжаргалд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч М.Халиунжаргал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , хариуцагч Ц.Г , хариуцагч Н.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Минжмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх нарын шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хуралдааныг хийлгэх гэсэн хүсэлтүүдийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Г оос 500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Э  болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Аялал жуулчлалын гудамжинд байршилтай “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн барилгын 4 дүгээр блокийн 2 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий өрөөг чөлөөлүүлэх, 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Н.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,380 төгрөг, хариуцагч Н.Э ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   И.АМАРТӨГС

 

                                    ШҮҮГЧИД                                                     Х.ДАШДЭЧМАА

 

                                                                                                            Т.ЭНХТУЯА