Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 57

 

Н.Р, С.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Н.Р, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар магадлалтай, 201706000112 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Р-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Н-н Р.

2.Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мод бэлтгэлийн машин механизмын механик мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт С-ын О нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан “Бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос С.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Н.Р-ыг зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Р-аас 1,793,730 төгрөг гаргуулж хохирогч Ж.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...201706000112 дугаартай” гэснийг “...эрүүгийн” гэж, 2 дахь заалтын “хохирогч Ж.Б-д” гэснийг “...хохирогч Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газарт” гэж, 8 дахь заалтын “...улаан өнгийн бариул бүхий нэг ширхэг хөрөөг өмчлөгчид нь” гэснийг “...хар өнгийн бариул бүхий нэг ширхэг хөөрөг өмчлөгч н.К-д” гэж тус тус өөрчилж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Р-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Р гаргасан гомдолдоо “...Миний үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Учир нь би Монгол Улсын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-д заасан болон Улсын дээд шүүхийн 2008 оны 30 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдлүүд гаргаагүй юм. Харин ч Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-244 дүгээр тушаалаар батлагдсан “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам”-ын 3.1.1-д зааснаар зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр цэвэрлэгээний журмаар ахуйн хэрэгцээндээ мод авсан болно. Иймээс давж заалдах шатны шүүх магадлалдаа намайг мод бэлтгэх эрхийн бичиг авсан, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар цэвэрлэгээ хийх замаар уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно гэж зөв дүгнэсэн гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва хэлсэн саналдаа “Н.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан зөрчлийг миний үйлчлүүлэгч огт гаргаагүй гэж үзэж байна. Мөн Ойн тухай хуульд заасан аль нэг заалтыг зөрчсөн зөрчил байхгүй. Шүүгдэгчийн хувьд зохих зөвшөөрлөө авсан, хэмжээ хэтрүүлж мод бэлтгээгүй, зохих хураамжийг нь төлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Энэ үйлдэлд гэмт хэргийн шинж огт байхгүй юм. Иймд шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Р нь зохих зөвшөөрөл олгосон эрхийн бичгийн хүрээнд бус дөнгөж ургаж байгаа 1703 ширхэг залуу хус моднуудыг тайрч ойн санд онц их хэмжээний хохирол учруулсан. Гэтэл ийм хэмжээний хохирол учирсан байхад шүүгдэгчийн үйлдэлд 1,000,000 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь хөнгөдсөн байна. Мөн С.О-ыг үндэслэлгүйгээр цагаатгасан гэж үзэж байна. Учир нь С.О-ын зааж зөвлөснөөр тухайн ойн ангид ажиллаж байгаа хүмүүс зөвшөөрөл өгч ойн санд их хэмжээний хохирол учруулсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Р-ын гаргасан гомдлыг үндэслэн Н.Р, С.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Р нь 2016 оны 11 сард Булган аймгийн Хангал сумын нутаг “Улаан бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 17,423 м.куб хус модыг бэлтгэсэн  гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн энэ хэрэгт шүүгдэгч С.О-ыг Н.Р-тай бүлэглэн дээрх хус модыг бэлтгэсэн гэж прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Р-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу анхан шатны шүүх Н.Р-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэснийг Булган аймгийн Хангал сумын байгаль орчны байцаагчаас олгосон зөвшөөрөлд заасан төрлөөс өөр ой модыг зөвшөөрөөгүй аргаар бэлтгэснийг хэлэх талаар зөв тайлбарласан гэж дүгнэв. 

Харин шүүгдэгч Н.Р-ын үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хуульд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байтал давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймээс шүүгдэгч Н.Р-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасны дагуу шүүгдэгч Н.Р-ын 17,423 м.куб хус модыг бэлтгэснээс учирсан 1,793,730 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 5,381,190 төгрөгийг түүнээс гаргуулж Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Р-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2017 он гэж буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Н.Р-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй”,

“Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-аас 5,381,190 төгрөг гаргуулж Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Р-ын хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН