Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2019/00319/и |
Дугаар | 135/ШШ2019/00626 |
Огноо | 2019-07-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2019/00626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/00319/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******баг ..тоотод оршин суух *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *******баг *******тоотод оршин суух *******-т холбогдох,
"Машины үнэ 8,500,000 гаргуулах, *******дүгээр баг ..тоот байрны эзэмшигч С.Б- мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“*******- нь миний төрсөн ах С.Б-ын эзэмшилд байсан 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй Хюндай Сантафей маркийн *******арлын дугаартай ..УНЯ улсын дугаартай автомашиныг Оросын холбооны улсын Эрхүү хотод аваачин бусдад худалдан борлуулсан болохыг бид нараас нууж байсныг олж мэдлээ. Миний ах энэ машиныг хүнд битгий хэл бидэнд унуулдаггүй байсан бөгөөд машинаа яаснаа тодорхой хэлдэггүй байсан. Энэ машиныг авсан эх үүсвэр нь бидний аавын ахмад дайчинд олгосон орон сууцыг худалдан борлуулан хүүхдүүддээ тараан өгсөн мөнгөөр худалдан авсан байдаг. Авто машиныг өөр хүн унаж явж байгааг нь би харсан бөгөөд ахаас тухайн үед асуухад ерөөсөө үнэнийг нь хэлдэггүй байсан. Сүүлд гэрээсээ хөөгдөж ирсний дараа миний машиныг хойно зарсан юм шиг байна. Хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна гэж хэлж машинаа олж авахыг надад даалгаж захиж байсан. Тэр машиныг миний ах өөрөө ч бараг унаж байгаагүй. *******- наймаа хийх зорилгоор болон түүний охидууд унадаг байсан. Дээрх автомашиныг хил давуулан худалдахдаа хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан байх магадлалтай байна.
Миний ах С.Б- нь Б.А-тэй 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэж, 2007 оны 2 дугаар сарын 09-ний өдөр цуцлуулсан бүртгэлтэй байна. Үүнээс хойш гэрлэсэн бүртгэл хийгдээгүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж “гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ” гэж заасан. Иймээс миний ах С.Б- нь *******-тэй гэр бүл болоогүй хамтран амьдарч байсан нь тодорхой байна.
Миний ах нас барахаасаа өмнө надад итгэмжлэл хийж өгсөн бөгөөд энэхүү итгэмжлэлд дээрх тээврийн хэрэгслийг *******-ээс шаардан авах талаар эрх олгосон байдаг. Үүнээс гадна миний бие дээрх тээврийн хэрэгслийн өвлөн авахаар хүсэлт гаргасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүссэн болно.
Иймд иргэн *******-ээс *******УНЯ улсын дугаартай, *******арлын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн Хюндай Сантафей маркийн автомашины үнэ болох 8,500,000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү”гэв.
Хариуцагч *******- нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие нэхэмжлэгчийн ах С.Б-тай 2010 оны 2 сараас эхлэн нас барах хүртэл хугацаа буюу 2017 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарч ирсэн. Хамтын амьдралтай байх дээрх хугацаанд С.Б- нь ходоодны хавдар өвчнөөр өвчилж сүүлийн нэг жил гаруй хугацаанд байнгын эмчилгээ сувилгаанд байж сүүлдээ химийн эмчилгээ хийлгэх болсон. Эмчилгээнд байж байгаад ходоодны хагалгаанд орох болж нэг бүрийн үнэ нь 2,700,000 төгрөгийн үнэтэй оёдол тавих аппарат 3 ширхэг шаардлагатай болоход үүнийг би авч өгч хагалгааг нь хийлгэж байсан. Мөн өдрийн 380,000 төгрөгийн үнэтэй уургийг тасралтгүй 12 хоногийн турш хийлгэж эмчлүүлж байсан. Албан ёсны гэр бүлийн баталгаагүй ч хамтын амьдралтай байсныхаа хувьд түүний эмчилгээнд би сэтгэлээсээ хандаж эмчлээд эрүүл саруул болгоод авчих юмсан гэж зүтгэсэн ч тусыг эс олж тэр маань нас барсан. Талийгаач өвдөхөөсөө өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан ч надтай хамт байсан хамтын амьдралтай байх хугацаандаа нэг ч төгрөг амьдралдаа зарцуулж байгаагүй, цалин мөнгөө ч өгч байгаагүй, би ч авъя гэдэггүй байсан билээ.
Учир нь би насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хамт олон жил бизнес эрхэлж, дэлгүүр ажиллуулж, Солонгос улсаас удаа дараа Санта Ре маркийн машинууд Монголд оруулж ирж худалдан борлуулж байсан. Бидний энэ үйл ажиллагаанд С.Б- нь биечлэн оролцдоггүй, оролцож байгаа ч үгүй, би хүүхдүүдийн хамтаар энэ үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн. 2013 онд би оруулж ирсэн машинуудаасаа нэгийг өөрийн хэрэгцээнд унаж хэрэглэх болж С.Б-ын нэр дээр эзэмшлийн гэрчилгээг авч байсан. Өрхийн тэргүүн, эр хүн гэдэг утгаар нь машин эзэмших эрхийн гэрчилгээг түүний нэр дээр аваад 3 жил унаж ашигласан. 2016 онд Орос улсад ажил хөөцөлдөж явахад уг машин эвдэрч сэлбэг нь Оросод олдохгүй, нааш нь ачиж ирэх гэхээр машины үнэнээс илүү зардал хөрөнгө гаргах гээд байсан учир арга буюу тэнд нь зарж борлуулж ирж байсан. Энэ нөхцөл байдлыг тухайн үед надтай хамт явж байсан А, Э гэж хүмүүс сайн мэднэ. Нэхэмжлээд байгаа машин нь 2016 онд зарагдаад мөнгийг нь эм тариа эмчилгээнд хэрэглээд дууссан байхад надаас энэ машины мөнгийг нэхэмжлээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба энэ байтугай мөнгө надаас гарч эмчилгээ сувилгаа хийлгэж байсныг ах дүү, төрөл садан нь бүгд л мэдэх юм. Нас барахад нь ч гэсэн би тодорхой хэмжээний мөнгө гаргаж зарцуулсан байхад Тунгалаг жудаггүй зан гаргаж үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч *******- нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“...*******- нь миний ах /С.Б/-ын 2012 онд Худалдаа хөгжлийн банкнаас авсан цалингийн зээлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******баг *******тоотыг худалдан авсан. Тэр үед *******- нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй учраас миний ах цаашдын хамтын амьдралаа бодон цалингийн зээл авч уг байрыг өмнөх эзэмшигч болох Ц-гаас худалдан авсан байдаг. Гэвч хожим нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******баг..тоот байраар сольж энэ байрны эзэмшигчээр *******-ийг бүртгүүлсэн байсан. Тухайн үед талийгаач ахаас ямар учир шалтгааны улмаас байраа сольсон талаар асуухад ерөөсөө юм хэлдэггүй байсан нь *******-т бүрэн итгэдэг байсны илрэл гэж үздэг. *******- нь миний ахын цалингийн зээлээр авсан байрнаас нь хагалгаанд ороод удаагүй байхад нь удаа дараа хөөж, туун дарамталж, өмнө салсан нөхөртэйгөө хамт амьдарч миний ахаар тохуурхан даажигнаж байсан тохиолдол ч байдаг юм. Иймээс Сэлэнгэ аймгийн Сайхан *******баг, ..тоот байрны эзэмшигч С.Б- болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч *******- нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:
“...Миний байрны өмчлөгч нь С.Б- биш, тус байрыг худалдан авахад түүнээс нэг ч төгрөг ороогүй. С.Б-тай гэр бүл болохдоо би өөрийн орон байртай байсан. Насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хамтаар олон дэлгүүр, лангуу ажиллуулдаг, мөн БНСУ-аас машин оруулж ирж, зарж борлуулдаг, хоёр хүүхэд маань Солонгос улсад ажиллаж амьдардаг байсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сум *******дахь орон сууцыг “Хас” банкны зээлээр авч өөрийн ашиг орлогоороо зээлээ төлж байсан. С.Б-ыг ажилгүй байхад нь би ажилд оруулж, тэр 300,000 төгрөгийн цалин авдаг байсан хэдий ч би түүний цалин мөнгийг авдаггүй байсан. Тэр цалингаа өөртөө зарцуулж байсан. Харин ч би түүнд мөнгө төгрөг өгч Улаанбаатарын Амгаланд байсан байрыг нь өөрийн зардлаар засаж сайхан болгож өгч байсан. Хамтын амьдралтай байх хугацаандаа би тус дэм болж явсан уу гэхээс тэжээлгэж яваагүй юм. С.Б- бид хоёр сүүлийн хэсэг саруудад *******-аас болж муудалцаж хэсэг хугацаанд тусдаа байсан нь үнэн бөгөөд өвдөж хагалгаанд ороход нь би бүх зардлыг гаргаж эмчилгээ сувилгаа хийлгэж байсан гэдгийг мэдэх нь мэднэ. Тухайн орон сууцыг би өөрөө худалдаж авсан. С.Б-т холбогдолгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-т холбогдуулан өөрийн төрсөн ах С.Б-аас өвлөн авсан *******УНЯ улсын дугаартай Санта фе маркийн автомашины үнэ 8,500,000 төгрөгийг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******баг *******тоот байрын эзэмшигч С.Б- болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч *******- нь С.Б-тай 2010 оны 12 дугаар сард танилцаж, 2011 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний хамтран амьдарч байх хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр талийгаач С.Б-ын эзэмшлийн *******УНЯ улсын дугаартай, Hyundai Santa fe маркийн автомашин нь Алтанбулаг авто замын боомтоор гарч, бусдад худалдагдсан боловч тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа /хх-9/, тээврийн хэрэгслийн лавлагаа болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсаны гэрчилгээгээр /хх-7/ тогтоогдож байна.
Талийгаач С.Б-ын төрсөн дүү *******- нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тойргийн нотариатад “өөрийн ах С.Б-ын өмчилж байсан *******УНЯ улсын дугаартай Santa fe маркийн автомашиныг өвлөн авах тухай” хүсэлтийг гаргасан бөгөөд дээрх хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг түүнд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон байна /хх-10/.
Нэхэмжлэгч *******- нь өвлөн авсан *******УНЯ улсын дугаартай Santa fe маркийн автомашиныг хариуцагч *******- нь 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Оросын холбооны улс руу гаргаж зарсан.*******гэх үндэслэлээр түүнээс машины үнэ 8,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заажээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******-ийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан *******УНЯ улсын дугаартай Santa fe маркийн автомашиныг С.Б- нь *******-тэй хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2016 онд захиран зарцуулсан, талийгаач С.Б-ын өмчлөлд биет байдлаар байхгүй автомашиныг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийг үндэслэн дээрх өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.
Өөрөөр хэлбэл С.Б-ыг нас барахад түүний өмчлөлд дээрх *******УНЯ улсын дугаартай Santa fe маркийн автомашин байхгүй байсан тул нэхэмжлэгч *******-ийг тухайн автомашиныг өвлөн авсан, өмчлөгч нь гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Нэхэмжлэгч *******- нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******баг *******тоот байрны эзэмшигч С.Б- болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******- нь Т.Э-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Арилжааны гэрээний үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ..баг *******тоот байрны өмчлөх эрхийг олж авсан бөгөөд түүнд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай гэрчилгээг олгосон байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч *******-т С.Б-ын өмнөөс түүнийг дээрх үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчээр тогтоолгохоор шаардлага гаргах эрх түүнд хуулиар олгогдоогүй болно.
Иймээс нэхэмжлэгч *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******- нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******баг *******тоот байрны эзэмшигч С.Б- болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч тэрээр уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж уг тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч *******-аас төлөөгүй улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-т холбогдуулан гаргасан машины үнэ 8,500,000 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 17 дугаар байрны 6 тоот байрны эзэмшигч С.Б- болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА